Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2022/0038/З |
Дугаар | 109/ШШ2021/0028 |
Огноо | 2021-07-08 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 109/ШШ2021/0028
109/ШШ2021/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ж.Жгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.Ж-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.В, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Ж миний бие Архангай аймгийн Жаргалант сумын А багт амьдран суудаг, тэтгэвэрт гарах хугацаа болж сумын Нийгмийн даатгалын байцаагчид 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр сумын нийгмийн даатгалын байцаагч утсаар залгаж “материалыг аймагт хянаад Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан баримт лавлагааг олж ир гэсэн, хэрэв нотлох баримт олдохгүй бол ажилласан жил дутаж байгаа тул 1.760.000 төгрөг төлж байгаад тэтгэвэртээ ор гэсэн” гэж ярьсан. Тэтгэвэр ямар шалтгаан нөхцөлөөр тогтоож болохгүй байгаа талаар албан тоот бичиг хийж өгөхийг хүссэн боловч албан бичиг өгөх боломжгүй гэсэн хариу амаар өгсөн. Миний бие 2018 онд Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 129/ШШ2018/00351 дүгээр шийдвэрээр ажилласан жилийг тогтоосон.
Иймд иргэн Ж.Ж-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ж нь 1961 онд төрсөн, одоо 60 настай, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 1989 оноос 1993 он хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажилласан баримт байхгүй, 1991 оноос 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзаад байна. Ж.Ж нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 129/ШШ2018/00351 дүгээр шийдвэрээр 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажилласан болохоо тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр гэж заасан байна. Хэрэгт авагдсан иргэний хэргийн материалд Ж.Ж-гийн хөдөлмөрийн дэвтэр авагдсан, уг дэвтэрт ажилд орсон гарсан тушаалд байгаа. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... иргэн Ж.Ж-гийн тэтгэврийн хувийн хэргийн материалыг шалгахад 1989-1993 онд Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажилласан гэх шүүхийн шийдвэр байсан. Иймд ажилласан жилийг сайтар нягталж шалгаж тооцоход тухайн иргэний нийт ажилласан хугацаа хуулийн заалт болзол нөхцөлийг хангахгүй байна гэж үзсэн. Нийтдээ 20 жил түүнээс 15 жил малчин даатгуулагч эрэгтэй 55 нас хүрсэн бол малчны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. 1989-1993 оны ажилласан хугацааг тооцохдоо 1989-1991 он дуустал өмч хувьчлал явагдаагүй гэж үзэн шимтгэл төлөгдсөн гэж үзээд 1992-1993 онд тус сумын Ахуй үйлчилгээний салбар шимтгэл төлсөн эсэх лавлагааг манай хэлтэс гаргаж өгөх гэтэл шимтгэл төлөөгүй, манай архивын сан хөмрөгт баримт материал байхгүй байсан болохоор нийт ажилласан хугацаанаас нь хасагдаж тооцохоор ажилласан жил нь хангагдахгүй тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэхгүй байна. Шүүх тухайн хүний ажилласан хугацааг л тооцох болохоос шимтгэл төлсөн эсэх нь зөвхөн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар нотлогдоно. Манай хэлтэс нь 1989-1993 оны нотлох баримт шаардаагүй 1992-1993 оны шимтгэл төлсөн баримт хэлтсийн архивт байхгүй ажилласан хугацаа хангагдахгүй байгаа тул малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд хамрагдаж дутуу жилээ нөхөн тооцуулж хамрагдах боломжтой гэж зөвлөгөө өгсөн. Хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоохдоо 1990 оноос өмнөх ажилласан хугацааг тухайн бичиг баримтууд дээр бичигдсэн бичвэрийн алдаа бичилтийг нягтлан шалгаж ажилласан хугацааг тооцдог. 1991 оноос хойшхи хугацааг дээрхи бичиг баримтууд болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг нотолж байж тэтгэврийг тогтоодог. Тухайн иргэний ажиллаж байсан байгууллага шимтгэл төлөөгүй бол 1991 оноос хойшхи хугацаа ажилласан жилд орж тооцогддоггүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хариуцагч байгууллагын зүгээс иргэн Ж.Ж-гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэртэй маргаагүй, 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолооч байна. Гагцхүү ингэж ажиллахдаа 1991-1993 онд иргэн Ж.Ж-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна. Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцож өндөр насны тэтгэвэр тогтоодог байгууллага, гэтэл 1991-1993 онд шимтгэл төлж ажиллаж байсан нь нотлогдохгүй, ямар ч баримт гарч ирэхгүй байна. Иймээс иргэн Ж.Ж-гийн нийт ажилласан жилээс нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа нь дутаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ж.Ж-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.Ж-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх бүрдүүлбэр хангуулан 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч Б овогт Ж-ын Ж нь 1961 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 60 нас 2 сартай, эрэгтэй Архангай аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, А гэх газарт оршин суудаг байна.[1]
Нэхэмжлэгч Ж.Ж-гийн тухайд, 1991-2000 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 2 жил, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 129/ШШ2018/00351 дүгээр шийдвэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1982 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт жолоочоор, 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлгийн түргэний жолоочоор /12 жил, 5 сар/ ажилласан байдлыг тогтоожээ. Мөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 08/156 дугаар албан бичигт “Ж.Ж нь Архангай аймгаас НАХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 389 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0166 дугаар ангид цэргийн алба хаагаад мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 491 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 20-ны өдрөөс цэргээс халагджээ” гэх лавлагаагаар цэргийн алба хаасан /3 жил/, Нийгмийн даатгалын шимтгэл 1995 /давхардсан/, 1996, 1997, 1998, 1999 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд байна.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нэхэмжлэгч Ж.Ж-гийн ажилласан нийт хугацаа, нөхцөлийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Улмаар нэхэмжлэгч Ж.Ж нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №3620177068 дугаартай тэтгэврийн хувийн хэрэг нээлгэж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хянуулахад “1989-1991 он дуустал өмч хувьчлал явагдаагүй гэж үзэн шимтгэл төлөгдсөн гэж үзээд 1992-1993 онд тус сумын Ахуй үйлчилгээний салбар шимтгэл төлсөн эсэхийг шалгахад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, холбогдох баримт байхгүй байна” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тэтгэвэр тогтоолтын хуудасны ар хэсэгт тэмдэглэгээ хийж, тэтгэврийн хувийн хэргийн материалыг буцаажээ.[2] Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн Ж.Жгийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзаж, холбогдох материалыг буцаахдаа бичгээр шийдвэр гаргаагүй байна.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй үндэслэлээ “ ... хувийн хэргийн материалыг шалгахад 1989-1993 онд Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажилласан гэх шүүхийн шийдвэр байсан. 1989-1993 оны ажилласан хугацааг тооцохдоо 1989-1991 он дуустал өмч хувьчлал явагдаагүй гэж үзэн шимтгэл төлөгдсөн гэж үзээд 1992-1993 онд тус сумын Ахуй үйлчилгээний салбар шимтгэл төлсөн эсэх лавлагааг манай хэлтэс гаргаж өгөх гэтэл шимтгэл төлөөгүй, манай архивын сан хөмрөгт баримт материал байхгүй байсан болохоор нийт ажилласан хугацаанаас нь хасагдаж тооцохоор ажилласан жил нь хангагдахгүй тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэхгүй байна. Шүүх тухайн хүний ажилласан хугацааг л тооцох болохоос шимтгэл төлсөн эсэх нь зөвхөн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар нотлогдоно ...” гэж тайлбарлажээ.[3]
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... Ж.Ж нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 29-ний өдрийн 129/ШШ2018/00351 дүгээр шийдвэрээр 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажилласан болохоо тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр гэж заасан байна. Хэрэгт авагдсан иргэний хэргийн материалд Ж.Ж-гийн хөдөлмөрийн дэвтэр авагдсан, уг дэвтэрт ажилд орсон гарсан тушаалд байгаа. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэлтэй ...” гэж маргажээ.
Хоёр. Иргэн Ж.Ж-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлэхүй нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “ ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан билээ.
Иргэн Ж.Ж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, тэтгэвэр тогтоохоос татгалзсан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйд холбогдуулан шүүхэд маргаан үүсгэсэн.
Иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл, шаардлагын тухайд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж зааснаар зохицуулагдаж байна.
“Нийгмийн даатгалын байгууллага” нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхлэх явуулах үүрэг бүхий хуулийн этгээд байна. Харин “даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг ойлгохоор тодорхойлсон.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан этгээдийг даатгуулагч гэх бөгөөд уг этгээд нь “20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй” байх нөхцөлийг шаарджээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно.”, 2. дахь хэсэгт “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.”, 5 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно.” гэж;
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.4.-т “Иргэний 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацааг тооцохдоо уг иргэний ажиллаж байсан байгууллага нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах бусад сангаас 13.5 хувиар тооцож тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гаргасан лавлагааг хавсаргана.” гэж тус тус заасан байна.
Иргэн Ж.Ж-гийн тухайд, 1995, 1996, 1997, 1998, 1999 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа нь 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гарсан байна.[4] Харин 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаар лавлаагаа /баримт/ гараагүй болох нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 364 дүгээр тодорхойлолт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд, иргэн Ж.Ж-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, нотлох баримт гараагүйгээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх хуульд заасан хугацаанд /жил/ хүрээгүйн улмаас уг иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын байгууллага нь иргэний нийт ажилласан жил бус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох бөгөөд хуулиар тогтоосон 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй буюу төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байгаа нөхцөлд иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоох хууль зүйн боломжгүй ажээ.
Иймд дээрх үндэслэлээр иргэн Ж.Ж-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажилласан болохоо шүүхээр тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр гэж заасан. Хэрэгт авагдсан иргэний хэргийн материалд Ж.Ж-гийн хөдөлмөрийн дэвтэр авагдсан, уг дэвтэрт түүний ажилд орсон гарсан тушаалд байгаа. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоох боломжтой ....” гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч Ж.Ж нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 129/ШШ2018/00351 дүгээр шийдвэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгожээ.
Хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэдэг нь иргэн нь ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэн тодорхой хугацаагаар хөдөлмөрлөж байсан буюу тодорхой албан тушаалд ажиллаж байсан, ажиллаж байсан хугацаа, ажиллаж байсан нөхцөл байдлыг шүүхээр тогтоолгож буй ажиллагаа юм.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 129/ШШ2018/00351 дүгээр шийдвэр нь иргэн Ж.Ж-гийн 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын Ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажиллаж байсан болохыг л тогтоосон шүүхийн шийдвэр бөгөөд дээрх хугацаанд иргэн Ж.Ж нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, уг асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаагүй байна.
Нөгөөтээгүүр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 1/-д “нийгмийн даатгалын дэвтэр”, 2/-т “даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр”, 3/-т “даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт” гэж заасан бөгөөд хуулийн дээрх шаардлага нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бөгөөд дээрх баримтыг бүрдүүлсэн л бол тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, тухайн иргэний ажилласан байдал нь хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтоор нотлогдох боловч эдгээр баримт нь иргэнийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Эцэст нь дүгнэхэд, иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангасан байх, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан болох нь нотлогдож байх учиртай. Иргэн Ж.Ж-гийн тухайд 1992-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, нотлох баримт гараагүй тул Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байх бөгөөд уг татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй, иргэний ажилласан жил тогтоосон шийдвэр нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх асуудалд шууд хамааралгүй байх тул нэхэмжлэгч Ж.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., 8 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн Ж.Ж-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.Ж-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА