Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1965

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01446 дугаар шийдвэртэй, Н.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох, Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, өндөр насны тэтгэвэрээс илүү суутгагдсан 1 000 000 төгрөгийг буцаан олгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярмаа, Д.Оюунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг 2016 онд шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр хариуцагч байгууллагаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулж, өндөр насны тэтгэвэрээс илүү төлж суутгуулсан 7 242 322 төгрөг гаргуулж авсан. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2017 оны 12 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох гомдлыг гаргаж илүү сууттуулсан төлбөрийг буцаан авсан. Гэтэл 191 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч тухайн үнийн дүнгээр 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол үйлдэж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр насны тэтгэвэрийн 50 хувийг суутгаж эхэлсэн. Энэ нь хууль бус гэсэн гомдлыг дээд шатны байгууллагад гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэсэн хариуг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн байдаг. 1996 онд миний бие Дарьганга ББХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд ХОТШ банкинд 16 800 000 төгрөг илүү төлснийг Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаас тогтоож илүү төлсөн төлбөрийг буцаан авах шийдвэр гаргасан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Банкны өр барагдуулах албаны албан хаагч нь Түлш эрчим хүчний банкинд өгөх төлбөрийг ХОТШ банкнаас авах төлбөрөөс суутгаад энэ төлбөрийг дуусгавар болгоё гэж хэлээд зөрүү төлбөрийг аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон. Банкны өр барагдуулах алба нь татан буугдсаны дараа Банк, хадлгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 17 893 700 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гээд өмнө нь тухайн байгууллагаас илүү төлсөн төлбөрийг буцаан авсан үнийн дүнгээр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль бус. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санхүүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаасан байхад юуг үндэслэж 7 210 744 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцооллыг гаргасан талаарх баримтыг гаргуулах гэсэн боловч гаргаж өгөөгүй, зөвхөн 7 210 744 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хариу өгсөн. Тухайн төлбөрийг төлж дуусгавар болсон байхад үлдэгдэл төлбөртэй гэсэн нь хэн нэгний ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс болж миний өндөр насны тэтгэвэр, Засгийн газраас ахмад настанд өгдөг 50 000 төгрөгийн суутгалыг харилцах банкинд мэдэгдэл хүргүүлэн авч байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, илүү суутгасан 2018 оны 1 сард 225 000 төгрөг, 2 сард 225 000 төгрөг, 3 сард 250 000 төгрөг, 4 сард 250 000 төгрөг, өндөр настанд олгодог 50 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Дарьганга” ХХК-ийн захирал Н.Огоос 12 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 50 000 төгрөг, нийт 12 050 000 төгрөгийг гаргуулж Эрдэм банкинд, Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр 17 893 700 төгрөгийг гаргуулж Түлш эрчим банкинд олгохоор тус тус шийдвэрлэсэн байдаг. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01370 дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн 1995 оны 33 дугаар шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, илүү суутгасан 7 342 322 төгрөгийг төлбөр төлөгчид буцаан олгосон.

Харин Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр 17 893 700 төгрөгийг гаргуулж Түлш эрчим банкинд олгохоор шийдвэрлэсэн ба Банкны өр барагдуулах албанаас 2009 онд хүлээн авсан санхүүгийн үлдэгдлээр 7 210 744 төгрөг байсан бөгөөд төлбөрөөс 950 432 төгрөг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн суутгалаар төлөгдсөн. Одоо 6 497 920 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөгч Н.О нь төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй тул хуульд заасны дагуу ажиллагаа явагдаж байгаа. Иймд Н.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, илүү суутгасан өндөр насны тэтгэвэр 1 000 000 төгрөгийг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банкны өр барагдуулах ажлын албанаас 2009 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт шүүхийн шийдвэртэй, төлбөр төлөгдөөгүй гүйцэтгэх хуудас, материал буюу ХОТШ банкны зээлийн товчоо, мөн банкны 2007 оны шүүхийн шийдвэртэй зээлдэгчдийн жагсаалтыг тус тус үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон. Ийнхүү хүлээлгэн өгсөн баримтад ХОТШ банк гэсэн нэртэйгээр бичигдсэн төлбөрийн жагсаалтад төлбөр төлөгч Н.Огоос шүүхийн шийдвэр дагуу гаргуулахаар тогтоосон 17 893 700 төгрөгийг гаргуулах ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн байна гэжээ.

Шүүхэд цугларсан нотлох баримтад татан буугдсан Банкны өр барагдуулах албанаас 2009 онд нэр бүхий банкны авлагыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт шилжүүлсэн баримтад Түлш эрчим банкны авлагын баримтыг шилжүүлэн өгөөгүй байхад түүнийг хариуцагч гүйцэтгэсэн, эрх олгогдсон, төлбөр авагч татан буугдсан, эрх залгамжлал шилжээгүй зэрэг нөхцөл байдалд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасан төлбөр төлөгч татан буугдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохоор заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн.

Мөн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг бүрэн төлсөн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй гэсэн нь мөн хариуцагч байгууллагад хамааралтай болно. Хариуцагч татан буугдсан Түлш эрчим банкны шийдвэр гүйцэтгэх материалыг хүлээн авах, эрх олгогдсон, төлбөр авагчийн эрх залгамжлал хэнд шилжсэн, төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон нотлох баримтыг мөн шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдуулан Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, өндөр насны тэтгэвэрээс илүү суутгасан 1 000 000 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоол /хх35/-оор Н.Огоос 12 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 50 000 төгрөг, нийт 12 050 000 төгрөгийг гаргуулж Эрдэм банкинд олгохоор шийдвэрлэж, уг тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01370 дугаар шийдвэр /хх6-14/-ээр дуусгавар болгож, илүү суутгасан 7 342 322 төгрөгийг төлбөр төлөгчид буцаан олгосон ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэр /хх40/-ээр Дарьганга ХХК-ийн захирал Н.Огоос 17 893 700 төгрөгийг Түлш эрчим банкинд олгохоор шийдвэрлэж, 99626000607 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх39/ бичигдсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хамаарах хувийн хэрэгт талуудыг байлцуулан үзлэг /хх62-63/ хийж, Банкны өр барагдуулах албанаас Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт хүлээлгэн өгсөн зээлийн товчоо /хх65/, ХОТШ банкны зээлийн товчоо /хх66/, ХОТШ 2007 шүүхийн шийдвэртэй зээлдэгчдийн жагсаалт /хх67-72/, Банкны өр барагдуулах газраас ШШГЕГ-ын харъяа ХЗХТБА-д санхүүгийн баримт хүлээлгэн өгсөн жагсаалт 2009 он /хх73-76/ гэх баримтуудыг бэхжүүлэн авч, хувийг хэрэгт хавсаргах ажиллагааг явуулсан байна. Үүнд ХОТШ банкны шүүхийн шийдвэртэй зээлдэгчдийн жагсаалт гэх баримтын 176 дугаарт “...Н.О, 1996 оны 12 дугаар сарын 31-ний үлдэгдэл 7 210 744 төгрөг, 2009 оны 1 дүгээр сарын 01-ний үлдэгдэл 7 210 744 төгрөг, НШ-ийн  96.05.20-ны 99 тоот ш-ээр 17 893 700 төг” гэж тэмдэглэгджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.О нь Нийслэлийн шүүхийн 99 дүгээр шийдвэрийн дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэлтэй нь тогтоогдож байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдэх учиртай.

 

Иймд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 1/12, 1/47 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх41,42/-оор Голомт банк,  Арилжааны бусад банкуудад төлбөр төлөгч Н.Огийн харилцах болон хадгаламжийн дансны гүйлгээг төлбөрийн шаардлага болох 7 210 744 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, мөнгөн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, тэдгээрээс тус тусын хариу авах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу явуулсан байна.

 

Мөн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 199626000607/01 тогтоол /хх52/-оор Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр авагч Н.Огийн орлогоос 50 хувийн суутгал хийхийг даалгасан, үүний дагуу нэхэмжлэгчийн 2018 оны 2,3,4,5 сарын өндөр насны тэтгэвэрээс нийт 950 432 төгрөгийг суутгаж /хх33/ түүний төлбөрт тооцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.2-т заасан “төлбөр төлөгчийн тогтмол цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх” гэсэнтэй нийцсэн болно.

 

Нэхэмжлэгчийн хувьд “Банкны өр барагдуулах албаны албан хаагч Түлш эрчим банкинд төлөх төлбөрийг ХОТШ банкнаас авах төлбөрөөс суутгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон” гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх баримтыг  цуглуулах, гаргах зэргээр өөрийн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Н.О нь Нийслэлийн шүүхийн 1996 оны 99 дүгээр шийдвэрээр төлөх төлбөрийг бүрэн төлсөн гэх нөхцөл байдал хэргийн үйл баримт болон талуудын гаргасан нотлох баримтаар тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасантай холбон дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “төлбөр авагч Түлш эрчим банкны өр авлагын баримт Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт шилжээгүй” гэх үндэслэл заасан боловч тухайн хуулийн этгээд эрх залгамжлагчгүйгээр татан буугдсан буюу төлбөр авагчийн эрх шилжүүлэн авах этгээд байхгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч үүнийг өөрөө нотлоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасан зохицуулалт хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 98 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА