Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/167

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Д.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Дэмбэрэлийн Одхүүд холбогдох эрүүгийн 2421000000097 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 18 дугаар байранд оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2 сарын хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Одхүүд оногдуулсан 5 жил, 2 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж бүгд 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил, 3 сарын хорих ялаар,

-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Урианхан овогт Дэмбэрэлийн Одхүү /РД:ЖЗ90021314/.

 

Шүүгдэгч Д.Одхүү нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг 24 дүгээр байрны зүүн талд хохирогч Ж.Анхболдын нүүрэн тус газарт архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун чих, баруун хацар, баруун сарвуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Мөн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг 24 дүгээр байрны зүүн талд хохирогч Ж.Анхболдын эзэмшлийн “Toyota Prius”-30 маркийн 86-33 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талын зүүн дээд мөр, зүүн талын хаалгыг тус тус шилээр цохиж гэмтээж 486,000 /дөрвөн зуун наян зургаан мянган төгрөг/-ийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Одхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Анхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...би 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн гэртээ бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн үедээ танил дүү Ган-Эрдэнийг дуудахад удалгүй манай гэрт ирсэн. Тэгээд би дүү Ган-Эрдэнээр өөрийн машинаа бариулаад бид хоёр Хэрлэн сумын 11 дүгээр баг “Хивс” хороололд танил дүү Саранболдын гэрт очиход Саранболд найз Одхүүгийн хамт байсан. ...Саранболд архи дарс уугаагүйгээрээ би машин баръя гээд миний машиныг барих үед Ган-Эрдэнэ болон Одхүү хоёр миний машины ар талд суугаад Саранболдын гэрээс хөдөлсөн. ...Улмаар 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн урд талын зогсоол дээр ирээд зогсож машинаа тавиад буух гэхэд Одхүү машинаас эхэлж буугаад ууж байсан сөжүү архины шилийг миний машины дээвэр хэсэг рүү цохиж хагалаад үгийн зөрүүгүй сөжү архины хагарсан шилээр миний нүүр болон толгой руу “ална” гэж хэлээд цохиход миний нүүр болон толгойноос маш их цус гарч би толгойгоо барих үед хамт явсан Ган-Эрдэнэ болон Саранболд хоёр Одхүүг надаас салгаж үлдээгээд Ган-Эрдэнэ машин бариад бид хоёр шууд эмнэлгийн хүлээн авах тасаг руу очиж үзүүлсэн. ...Би Одхүүтэй маргалдсан юм байхгүй. Гэнэт л машинаас буухдаа ууж байсан сөжүү архины шилийг миний машин дээр цохиж хагалаад хагарсан шилээр миний чих болон нүүр лүү 3-4 удаа цохиж зүссэн. ...Би чих болон нүүрэндээ нийт 14 оёдол тавиулсан. ... Д.Одхүү нь миний машины жолоочийн эсрэг талын хоёр хаалганы голын баганы дээд талын дээвэр хэсэг, мөн арын хаалганы бариулны хажуу хэсэгт гэмтэл учруулсан... Би эмчилгээнд зориулж Улаанбаатар хотоос таньдаг хүндээ шарх сорвины 2 ширхэг тос 115.000 төгрөг болсон. Тосны баримт байхгүй. Д.Одхүү нь надад эмчилгээ болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоос мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. ...Би гомдолтой байна. би үнэлгээ болон эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 11-12, 13 тал/,

Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ...бид хоёр Хэрлэн сумын 6 дугаар баг 24-дүгээр байрны гаднаас хөдлөөд 10 дугаар баг “Хивс” хороолол орж Саранболдын гэрт очсон. Гэрт нь ороход Саранболд ах танил Одхүү ах нар сууж байсан. ... Ж.Анхболд ах машиндаа байсан 3 шил сөжүү архийг авч ороод Одхүү ахтай хуваагаад уусан. Тэр үед Саранболд ах хоол унд хийж бид нар идчихээд гарахаар болоход тэр хоёр урагшаа танай машинаар дөхнө гээд машинд сууж Саранболд ах машин бариад би Одхүү ахын хамт машины арын суудал дээр суусан. Тэгээд хөдлөөд Ж.Анхболд ахын гэрийн ар талын талын зогсоол дээр ирээд зогсох үед Одхүү ах түрүүлж машинаас буугаад барьж байсан сөжүүний шилийг машины арын хаалга руу цохиж хагалаад Ж.Анхболд ахыг машинаас буухад үгийн зөрүүгүй шилээр нүүр болон толгой руу нь цохисон. Тэр үед Саранболд ах бид хоёр салгаад би Ж.Анхболд ахыг аваад шууд эмнэлэг орж үзүүлсэн. Саранболд ах Одхүү ахыг аваад зүүн тийшээ салаад явсан. ...Одхүү ах Анхболдыг ямар учраас шилээр цохисныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэнэт л үгийн зөрүүгүй барьж байсан сөжүүний шилээр нүүрийг нь зүссэн. Анхболд нь Одхүү ахыг цохиж зодсон зүйл байхгүй. ...Анхболд ах Одхүү ах нарын согтолт гайгүй байсан...” гэжээ /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Н.Саранболд мөрдөн шалган шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэртээ ганцаараа байж байхад үдийн хойно танил найз Одхүү орж ирсэн. Бид 2 юм яриад сууж байгаад удалгүй гаднаас Ж.Анхболд, Ган-Эрдэнэ хоёр хэдэн лааз пиво, 2 шил сөжү архитай орж ирсэн. ...Одхүү болон Анхболд 2 маргалдаж хэрэлдээд байсан. Тэгээд зогсоол дээр ирээд зогсох үед Одхүү, Анхболд 2 машинаас буугаад зодолдсон. Тэгэхээр нь би машинаас буугаад Одхүү, Анхболд хоёрыг салгаж Одхүүг аваад зам гаргаж СМҮ хороолол руу оруулаад явуулсан. ...Намайг машинаас буугаад очиход хоорондоо барьцалдчихсан байсан. Яг юугаар цохиж гэмтэл учруулсныг би хараагүй...” гэжээ /хх-ийн 23-25-р хуудас/,

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №121 дугаартай дүгнэлтэд “...Ж.Анхболдын биед баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун чих, баруун хацар, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Яаралтай тусламжийн хуулас /хх-ийн 29 тал/

- “BENDO” хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-40 тал/

- Д.Одхүүгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Урианхан овогт Дэмбэрэлийн Одхүү нь согтуурсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд хохирогч Ж.Анхболдын нүүрэн тус газарт архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун чих, баруун хацар, баруун сарвуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Мөн тухайн цаг хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг 24 дүгээр байрны зүүн талд хохирогч Ж.Анхболдын эзэмшлийн “Toyota Prius”-30 маркийн 86-33 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талын зүүн дээд мөр, зүүн талын хаалгыг тус тус шилээр цохиж гэмтээж 486,000 /дөрвөн зуун наян зургаан мянган төгрөг/-ийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Анхболд, гэрч Г.Ган-Эрдэнэ, Н.Саранболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, Дорнод аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 121 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч Д.Одхүүд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Одхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Одхүүгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одхүүг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Анхболдын эрүүл мэндэд болон эд хөрөнгөд хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй” харин өөрт учирсан хохирлуудыг гаргуулах хүсэлтэй байна гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одхүүгээс эд хөрөнгөд учирсан хохиролд 486,000 төгрөгийг Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Цагаан нуур гэх газарт оршин суух, хохирогч Ж.Анхболд /ЖЗ85070631/-д олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Ж.Анхболд нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Э.Анхболдын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон ба шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Одхүүгээс сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Одхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЗ90021314 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхан овогт Дэмбэрэлийн Одхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одхүүг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одхүүг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Одхүүд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Одхүүгээс эд хөрөнгөд учирсан хохирол 486,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Цагаан нуур гэх газарт оршин суух, хохирогч Ж.Анхболд /ЖЗ85070631/-д олгосугай. 

 

7. Хохирогч Ж.Анхболд нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Одхүү  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЗ90021314 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Одхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ы

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ