Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/01094

 

 

 

 

 

 

 

                                  2021           04            06  

     101/ШШ2021/01094

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.А холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 518,880,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний 4-т “төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон төлөх болно” гэх заалтыг хүчин төгөлдөр бус /гэрээний хэсэг/ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.А,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.Ч

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: З.О

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т.Атэй зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож мөн өдрөөр барьцааны гэрээ байгуулсан ба З.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байр, 9 тоот хаягт байрлах, 51.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Т.А, Н.Чнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоот хаягт байрлах, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан болно. Ингээд зээлдүүлэгч Д.Б би зээл болон барьцааны гэрээг үндэслэн 200,000,000 төгрөгийг зээлдэгч Т.Ат хүлээлгэн өгсөн. Гэвч зээлдэгч Т.А нь зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй учир хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар тус тус зээлийн гэрээг Т.Аийн хүсэлтээр сунгаж, тухай бүрт нь гэрээний сунгалтыг бичгээр үйлдэж байсан. Д.Б нь Т.Аийг зээлээ төлөхийг удаа дараа, байнга шаардаж үргэлж хойноос нь хөөцөлдөж ирсэн бөгөөд Т.А үргэлж ямар нэгэн шалтгаан хэлж “...удахгүй өгөх гэж байна, та түр хүлээгээч, Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хад гэх газар 10 га газар нүүрсний гаалийн хяналтын бүс байгуулахаар хөрөнгө оруулалт хийсэн, одоо удахгүй таны мөнгийг хүүтэй нь төлнө...” гэх зэргээр шалтаг зовлон тоочсоор өнөөдрийг хүртэл намайг хуурч мэхэлсээр ирлээ. Би хойноос нь хөөцөлдөөд Т.А олдохгүй алга болсон бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр түүнийг олж авч түүнтэй зээлийн гэрээгээ дүгнэн тооцоо нийлж “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, нотариатаар батлуулсан бөгөөд гэрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 188,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 157,920,000 төгрөг, нийт 345,920,000 төгрөгийг зээлдэгч Т.А 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд зээлдүүлэгч миний бие зээлдэгч Т.Аээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгчийн зүгээс төлбөр барагдуулах талаар бодитой, тодорхой алхам огт хийгээгүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэрээнүүдийг үндэслэн бид “Нотариатын мэдэгдэх хуудас” үйлдсэн бөгөөд энэхүү мэдэгдэх хуудсаар Т.А нь 345,920,000 төгрөгийг мэдэгдэх хуудас үйлдэгдсэнээс хойш 180 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч Т.А мөн л төлөхөөс зайлсхийсээр байна. Уг нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх баталгаажуулахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь Т.Атэй аль болох эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахаар санал болгосон боловч тэрээр “...би эвлэрүүлэн зуучлалд очихгүй” гэсэн хариуг надад утсаар мэдэгдсэн тул арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд зээлдэгч Т.Атэй 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, түүний хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүд, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З.О, Т.А болон Н.Чнартай байгуулсан барьцааны гэрээний дагуу зээлдэгч Т.Аээс үндсэн зээл 188,000,000 төгрөг, зээлийн хүүнд 157,920,000 төгрөг, “Төлбөр барагдуулах гэрээний” 4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоногт алданги тооцож /345,920,000x0,5%=1 729 600 төгрөг хоногт, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр тооцоход дунджаар 835 хоног ба 835x1,729,600 төгрөг=1,452,566,000 төгрөг байхаар байна/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасанд нийцүүлэн алдангид 172,960,000 төгрөг, нийт 518,880,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2 барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шуүхэд хянан шийдвэрлэгдэж буй Д.Бгийн нэхэмжлэлтэй, Т.Ат холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулжээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохоор хуульд заасан байна. Зээлийн гэрээний хугацааны хоёр дахь сунгалтаар гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон байдаг. Гэтэл Д.Б нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Т.А нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 518,880,000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн үндсэн төлбөрт 188,000,000 төгрөг, хүүд 157,920,000 төгрөг, алдангид 172,960,000 төгрөг, нийт 518,880,000 төгрөг гаргуулахаар тодорхойлжээ. Талууд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. Зээлдэгчийн хувьд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн төлбөрт 50,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10,500,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 36,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлд 18,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 12,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаас тодорхой харагдаж байна. Гэтэл үндсэн зээлийн төлбөрт төлсөн дээрх 68,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй байна. Үүнийг хасаж тооцвол үндсэн зээлийн төлбөрт 132,000,000 төгрөг байхаар байна. Мөн зээлийн гэрээний алдангид 172,960,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Алдангийн үнийн дүн нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөртэй эн тэнцэхүйц хэмжээний байгаа нь зээлдэгчийн эрх ашигт хүндээр тусаж байна. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан байна. Ингэхдээ зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэргийг харгалзан үзэх тухай Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зөвлөмжид дурджээ. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байсан шалтгаан нь 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд 10 га газарт нүүрсний гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулахаар нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ашиглалтад өгөхөөр Гаалийн ерөнхий газарт хандсан боловч гаалийн хяналтын бүсээр тогтоохгүй олон жил саатуулсан тул Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Улмаар шүүхээс нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсний үндсэн дээр Иргэний хэргийн шүүхэд 1 тэрбум төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэх гэсэн боловч Гаалийн ерөнхий газрын мэргэжилтэн нь төлбөр төлөх санхүүгийн чадваргүйн улмаас нэхэмжлэлээ гаргаж чадахгүй удааширсан байдалтай байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр Т.Ат 200,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар дээрх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэн тооцоо нийлэх агуулгаар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. Тус гэрээ нь бие даасан үүргийг шинээр үүсгэж байгаа бус зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн тооцоо нийлэх актын шинжтэй баримт юм. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д нийцэхгүй байна. Төлбөр барагдуулах гэрээгээр үндсэн зээл 188,000,000 төгрөг түүний хүүд 157,920,000 төгрөг, нийт 345,920,000 төгрөгийн үлдэгдлийг тохирсон хугацаанд төлөхөөр талууд тохиролцсон байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байхад түүнээс гадуур дахин шинээр үүрэг үүсгэсэн шинжтэй байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ”-ний зохицуулалтад нийцэхгүй байна. Мөн гэрээний 4 дэх заалтаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Учир нь төлбөр барагдуулах гэрээгээр үндсэн зээл болон хүүгийн нийлбэрээс дахин 0.5 %-ийн алданги тооцсон нь Иргэний хуульд заасан дээрх хуулийн зохицуулалтад үл нийцсэн, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой заалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан бөгөөд хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцлийг зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт хүмүүсийн амьдралд уламжилж тогтсон хэм хэмжээнээс гажууд, хүний эрхийг хязгаарласан, дордуулсан нөхцөлийг ойлгодог. Хуулийн тус зохицуулалт нь эдийн засгийн чадавхи, боломжоор сул талыг эдийн засгийн чадавхаар илүү давамгай талаас хамгаалахад чиглэгддэг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлдүүлснээрээ Төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтаар өөрт илүү ашигтай, зээлдэгчид хохиролтой нөхцөлийг тусгасан гэж үзэхээр байна.

Иймд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний 4-т төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон төлөх болно” гэж тусгасан заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус зэрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус /гэрээний хэсэг/ болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 4-т заасан алданги тооцох тухай заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус зөрчсөн тул хүчин төгөлдөр бус /гэрээний хэсэг/ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Тэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр нөхдөлийг гэрээнд тусгасан гэж тайлбарлажээ. Харин нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуулийг өөрт ашигтай байдлаар буруу тайлбарлаж гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхгүй гэсэнтэй санал нийлэхгүй байхаас гадна шударга бус байгаад гайхаж байна. Талуудын хооронд хийгдсэн анхны болоод хариуцагч гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсний улмаас хугацаа сунгаж хийсэн гэрээнүүд бүгд хуулийн дагуу хийгдсэнээс гадна Иргэний хуульд заасан зээлийн гэрээний нөхцөлийг хангасан, талуудын чөлөөт байдал алдагдаагүй, харилцан ашигтай байхаар тэр дундаа бизнэсээ өргөжүүлэх гэсэн хариуцагч Т.Аийн зорилгыг дэмжиж харилцан тохиролцож хийсэн гэрээ гэж тодорхойлж байна. Гэтэл нэхэмжлэгчийн тодорхой хэмжээнд зовж байж цуглуулсан мөнгийг өнөөдөр болтол үндсэн төлбөрийг нь ч төлөөгүй байж маргалдаж гэрээгээр тохирсон хүү, алдангиа төлөхгүйгээр хугацаа хожиж хохироож байгаа нь шударга биш хүн чанаргүй байгааг харуулж байна. Хариуцагч Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан заалтыг зөрчсөн гэжээ. Энэ хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Бид тооцоо нийлэх болон гэрээг сунгахдаа шаардлага нэмж гаргаж байгаагүйгээс гадна 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг үргэлжлүүлж хугацаа сунгадаг, төлбөрийг барагдуулах боломжоор хангаж төлбөр төлөгчийн хүссэнээр график гаргаж хугацаа сунгаж байсан нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нээс харагдана. Үүнд: 1 дэх хэсэгт 2013 оны гэрээг дурдаад, гэрээний 2 дахь хэсэгтээ төлбөр төлөгч төлөөгүй үндсэн зээл болон хүүг төлөх графикаар барагдуулахаар тохиролцов. Үүнд: 2015 оны 8 дугаар сарын 04-нөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны хүү болох 157,920,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр үндсэн зээлийн төлбөр болох 188,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон. Энэ нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл cap бүр хүүтэйгээр сунгасан, мөн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийсэн гэрээндээ 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгаж харилцан тохирч төлөөгүй хүү, үндсэн зээлээ тусгасан гэрээгээр баталгаажуулсан байгаа болно. Мөн энэ гэрээний 4 дэх хэсэгт алданги заасан нь үүргийн гүйцэтгэл хангуулах арга бөгөөд хуулиар хориглоогүй, бичгээр тохирчээ. Гэрээнд тохиролцсон нөхцлийг талууд аль ч гэрээндээ эхнээсээ тохиролцож тусгаж ирсэн ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсанаар шинээр үүрэг үүсгэсэн нэг ч заалт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.О шүүхэд гаргасан тайлбартаа:

            Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Д.Бгийн нэхэмжпэлтэй, Т.Ат холбогдох иргэний хэрэгт З.О миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 518,880,000 төгрөгийг шаардаж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгө нь З.О миний өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 байр, 133 тоотод байрлах, 48м2, 4 өрөө орон сууц болно. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Атэй 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед хариуцагч Т.А /нөхөр/ нь надад 200,000,000 төгрөгийн зайлшгүй хэрэг гараад байна. Хүнээс мөнгө зээлэх гэхээр хугацаандаа эргэн төлөх баталгаа гаргаж өгөх юм бол зээлдүүлнэ гэсэн, чи надад зээл авахад баталгаа гаргаад өгчих гээд над дээр ирээд гуйсан. Би тухайн үед нөхөрт маань мөнгөний хэрэгцээ шаардлага бий болсон, удахгүй зээлсэн мөнгөө төлчих байх гэж ойлгон Т.Ат зээл авахад нь туслах зорилгоор зөвхөн баталгаа болгож 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Тэрнээс биш өнөөдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд өөрийн өмчлөлийн /хуваарьт хөрөнгө/ амьдардаг орон сууцаа алдах хэмжээнд хүрнэ гэж тухайн үед огт төсөөлөөгүй, мэдээгүй, анхнаасаа тэгж бодож гэрээ байгуулаагүй байсан. Анхнаасаа нөхрийнхөө гуйлтаар зээлийг нь бүтээхэд туслая гэж бодоод барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Тус байр нь миний нэр дээр боловч үнэн хэрэгтээ тус байранд миний эцэг, эх болон охин дүү, бид бүгд бүр анх баригдсан 2004 оноос л тэнд амьдардаг байсан, тэдний өмчлөлийн орон сууц болно. Одоогоор тухайн орон сууцанд миний төрсөн эх /82 настай, өндөр настан/ болон өрх толгойлсон дүү охин маань 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа бөгөөд тэд маань үүнээс өөр очих газар, амьдрах орон сууц байхгүй болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Чшүүхэд гаргасан тайлбартаа:

            Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Д.Бгийн нэхэмжлэлтэй, Т.Ат холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 518,880,000 төгрөгийг шаардаж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй гуравдагч этгээд /бие даасан шаардлага гаргаагүй/ Н.Чминий бие танилцаад хариу тайлбар гаргаж байна.

            Нэхэмжлэгчийн шаардаж буй барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах гээд байгаа орон сууц нь Т.А /миний төрсөн дүү/ мөн Н.Чбид хоёрын дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоотод оршин суух 48м2, 4 өрөө орон сууц болно. Т.А нь дунд эгч Т.Атэй анх ирж уулзахдаа надад мөнгөний хэрэг гараад хүнээс мөнгө зээлэхээр болчихлоо. Гэхдээ мөнгө зээлсэний баталгаа гаргаж өгөх шаардлагатай болчихлоо, та надад зүгээр л байраа баталгаанд нь тавиад өгөөч, тэглээ гээд таньд ямар нэгэн үр дагавар үүсэхгүй, би зээлээ удахгүй төлчихнө гээд дунд эгчээсээ туслалцаа гуйсан. Т.А төрсөн эгчийн хувьд дүүдээ туслах хэрэгтэй байна гээд энэ талаар надтай ярилцаад, ямар нэгэн үр дагавар үүсэхгүй гэсэн, зээл авахад нь ганц удаа туслаад байраа түр зээлийн баталгаанд нь тавья, тэгээд ч бидний хувьд байраа хэн нэгэнд шилжүүлэхгүй, байрандаа хэвийн амьдрах юм чинь гээд, та том эгчийн хувьд туслаач гээд намайг ятгасан. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Д.Б болон Т.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний баталгаа болгож, тус өдөр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээг байгуулж, гарын үсэг зурахдаа өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар огт төсөөлөөгүй, зөвхөн дүүдээ зээл авахад нь туслах зорилгоор байраа баталгаа болгон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэж би ойлгосон. Өөр ямар нэгэн байдлаар байраа зээлийн төлбөрт өгнө гэж бодож хүсэл зоригоо илэрхийлээгүй, тэгж ч бодоогүй. Дүү Т.А анх хэлэхдээ та хоёр зүгээр л бичгээр баталгаа гаргаад өгөхөд л болно гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр ийм байдал үүссэн байгаад миний зүгээс маш их эмзэглэж хүлээж авч байна. Хэрэв өнөөдрийн нэхэмжлэгчийн шаардаж буй барьцааны хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөнөөс зээлдэгчийн зээлийн төлбөрийг барагдуулах үр дагавар үүснэ гэдгийг хэрвээ би мэдсэн бол тухайн гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Би хүүтэйгээ, Т.А өөрийн 2 хүүхдийн хамтаар, бас дүүгийн 2 охин бид ам бүл долуулаа амьдардаг бөгөөд манай гэр бүл, үр хүүхдүүд тус байранд 2006 оноос хойш 14 жил гаруй хугацаанд амьдарч байгаа бөгөөд бидний зүгээс энэ байрнаас өөр амьдрах газар байхгүй, очьё гэсэн ч очих газар байхгүй болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А шүүхэд гаргасан тайлбартаа:

            Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Д.Бгийн нэхэмжпэлтэй, Т.Ат холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 518,880,000 төгрөгийг шаардаж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй гуравдагч этгээд /бие даасан шаардлага гаргаагүй/ Т.А миний бие танилцаад хариу тайлбар гаргаж байна.

            Нэхэмжлэгчийн шаардаж буй барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах гээд байгаа орон сууц нь Т.А миний мөн манай эгч Н.Чбид хоёрын дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоотод байрлах, 48м2, 4 өрөө орон сууц болно. Т.А /төрсөн дүү/ нь надтай анх ирж уулзахдаа надад мөнгөний хэрэг гараад хүнээс мөнгө зээлэхээр болчихлоо. Гэхдээ мөнгө зээлсэний баталгаа гаргаж өгөх шаардлагатай болчихлоо, та надад зүгээр л байраа баталгаанд нь тавиад өгөөч, тэглээ гээд танд ямар нэгэн үр дагавар үүсэхгүй, би зээлээ удахгүй төлчихнө гээд надаас туслалцаа гуйсан. Би төрсөн эгчийн хувьд дүүдээ туслах санаатай эгч Н.Чимэдмаатай энэ талаар ярилцаад, ямар нэгэн үр дагавар үүсэхгүй юм чинь зээл авахад нь ганц удаа туслаад байраа түр зээлийн баталгаанд нь тавья, тэгээд ч байраа хэн нэгэнд шилжүүлэхгүй, байрандаа хэвийн амьдрах юм чинь гээд том эгчээ ятгасан. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Д.Б болон Т.А нарын хооронд байгуулсан зээлийн гсээний баталгаа болгож, тус өдөр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээг байгуулж, гарын үсэг зурахдаа өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар огт төсөөлөөгүй, зөвхөн зээл авахад нь туслах зорилгоор байраа баталгаа болгон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Дүү Т.А анх хэлэхдээ та хоёр зүгээр л бичгээр баталгаа гаргаад өгөхөд л болно гэхээр нь миний зүгээс том эгч Н.Чимэдмааг ятгаж байгаад гарын үсгийг нь зуруулсан болно. Хэрэв өнөөдрийн нэхэмжлэгчийн шаардаж барьцааны хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөнөөс зээлдэгчийн зээлийн төлбөрийг барагдуулах үр дагавар үүснэ гэдгийг хэрвээ мэдсэн бол эгч бид хоёрын зүгээс энэхүү гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Тус орон сууцанд би 2 хүүхдийн хамтаар, эгч Н.Чхүүтэйгээ, бас дүүгийн 2 охинтой нийлээд ам бүл долуулаа амьдардаг бөгөөд манай гэр бүлд энэ байрнаас өөр амьдрах газар байхгүй, очьё гэсэн ч очих газар байхгүй болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 188,000,000 төгрөг, хүү 157,920,000 төгрөг, алданги 172,960,000 төгрөг, нийт 518,880,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, алдангийн хэмжээ хэт их байх тул хуульд зааснаар багасгах нь зүйтэй зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

            Хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Д.Бд холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний 4-т “төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон төлөх болно” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус /гэрээний хэсэг/ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нь гэрээнд тохиролцсон нөхцлийг талууд аль ч гэрээндээ эхнээсээ тохиролцож тусгаж ирсэн ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсанаар шинээр үүрэг үүсгэсэн нэг ч заалт байхгүй, хууль зөрчөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Д.Б, Т.А нар 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын хүү 3 хувь байхаар, зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор харилцан тохиролцсон, Д.Б нь Т.Ат зээлийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

 

            Дээрх зээлийн гэрээний хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, мөн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаатайгаар тус тус сунгасан болох нь “Гэрээ сунгах”, “Зээлийн гэрээг сунгасан гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан “Зээлийн гэрээг сунгасан гэрээ”-ний 2 дугаар талыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлэхдээ дутуу ирүүлсэн боловч уг гэрээний агуулга, гэрээ сунгагдсаны хувьд хариуцагч тал маргаангүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

 

            Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сунгагдсан боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй буюу хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохирч 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан, ингэхдээ 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцсон ба үүнээс үзвэл зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сунгагдсан, үүнээс хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргийг удаа дараа хариуцагчаас шаардсан, түүнчлэн нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлсэн боловч шүүх баталгаажуулахаас татгалзсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан ба нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүрэг болон төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

            Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн гэрээ болон гэрээний сунгалтууд, төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжилсэн байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтын дагуу алдангийг тооцох үндэслэлгүй, учир нь зээлийн гэрээний дагуу талууд алдангийн талаар тохирсон тул зээлийн гэрээний дагуу алдангийг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

            Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр /хх-11 тал/ болон 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр /хх-118 тал/ тус тус “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэн байх бөгөөд энэхүү баримтаас үзэхэд үндсэн зээлд 18,000,000 төгрөг төлсөн гэсэн бичилт хийгдсэн боловч бичиглэлийн алдаа гаргасан, хариуцагч Т.А нь үндсэн зээлээс 12,000,000 төгрөгийг төлж, 188,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй буюу үүнийг талууд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр баталгаажуулсан, хариуцагч энэ талаар маргаагүй болно.

           

            Дээрх акт болон Д.Бгийн Голомт банкин дахь 1170003476 тоот данснаас үзэхэд Т.А нь хүүгийн төлбөрт 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10,500,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 36,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 18,000,000 төгрөг, нийт 64,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бд төлсөн болох нь тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон гэрээний сунгалт, төлбөр барагдуулах гэрээний дагуу 1 сарын хүү 6,000,000 төгрөг, 1 өдрийн хүү 200,000 төгрөг байх ба 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 47 сар 21 хоногийн хугацааны хүүг тооцвол 286,200,000 төгрөг гарч байна.

 

            Төлбөр барагдуулах гэрээнд заасан 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 27 сар 26 хоногийн хугацааны хүүг тооцоход 167,200,000 төгрөг гарч байх боловч талууд энэ хугацааны хүүг 157,920,000 төгрөгөөр тооцсоны дагуу нэхэмжлэгч нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч тал нь 18,000 ам.долларын үнэ бүхий 8 ширхэг бөгжийг зээлийн төлбөрт тооцон төлсөн, энэ нь төгрөгт шилжүүлэхэд 36,000,000 төгрөг болсон бөгөөд уг үнийн дүнг үндсэн зээлээс хасуулна гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал бөгж авсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлөгдсөн 30,000,000 /12,000,000+18,000,000/ төгрөг нь уг үнэт эдлэлийн мөнгө буюу зээлийн төлбөрт тооцсон гэж тайлбарлаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь дээрх тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрч З.Урантуулаас мэдүүлэг авсан ба тэрээр “... 2015 онд байх гэж бодож байна, Т.Аийн хэлснээр Д.Бд ээмэг, бөгж холилдсон үнэт эдлэлийг аваачиж өгсөн, миний санаж байгаагаар 18,000-19,000 ам.долларын хооронд байгаа, мөнгөний асуудалтайг мэдэж байсан ...” гэх мэдүүлэгийг өгсөн боловч гэрчийн хувьд зарим зүйлийг тодорхой бус мэдүүлсэн, мөн энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ уг гэрчийн мэдүүлэгт заасан 2015 оноос хойшхи цаг хугацаанд буюу 2017 онд зохигчид нь тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн байна.

 

            Үүнээс үзвэл хариуцагчийн өгсөн үнэт эдлэлийг нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт тооцсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-т алдангийн талаар тохирсон, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 188,000,000 төгрөг, хүү 157,920,000 төгрөг, нийт 345,920,000 төгрөгийн 50 хувь болох 172,960,000 төгрөгийг алдангид тооцсон нь үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийн хэмжээ их байх тул багасгуулах хүсэлтийг гаргаж байна.

 

            Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч шүүхэд уг гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, 6 жил 5 сар 1 хоногийн хугацаа өнгөрсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө талууд нэмэлт хугацаа тогтоож, харилцан тохиролцох байдлаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон боловч хариуцагч Т.А тодорхой үр дүн гаргаагүй, энэ хугацаанд үндсэн зээлийн 6 хувийг нэхэмжлэгчид төлсөн зэргээр гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэрээний хариуцлага буюу алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн байх тул дээрх хуульд нийцүүлэн алдангийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр З.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байрны 9 тоот, 51,84 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, Т.А, Н.Чнарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаанд тавьж, гуравдагч этгээд З.О болон Т.А, Н.Чнартай нэхэмжлэгч Д.Б нь  “Барьцааны гэрээ” байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

            Энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасны дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Гуравдагч этгээд З.О болон Т.А, Н.Чнар нь барьцааны гэрээ байгуулсаны үр дагаврыг ойлгоогүй, ойлгосон бол гарын үсэг зурахгүй байсан зэргээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 4-т “Төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон төлөх болно” гэсэн заалтын хувьд нэгэнт талууд өмнө нь байгуулсан зээлийн гэрээндээ алдангийн талаар харилцан тохирсон байтал дахин тохиролцож буй нь хуульд нийцэхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний энэхүү заалтыг хэсэгчилэн хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй ба мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар уг хэлцлийн үлдэх хэсэг хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа бөгөөд үндсэн нэхэмжлэлийн алдангитай холбоотой шаардлагыг зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь заалтын дагуу тооцсон, энэ нь Иргэний хуульд нийцнэ. 

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.О, Т.А, Н.Чнар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснээс хойш товлогдсон шүүх хуралдаануудыг өөрсдийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа гаргаж байсан, тэдний шүүхэд өгсөн хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэхэд шуудангийн буцаалт ирсэн, холбоо барих утсуудаа авдаггүй, хэрвээ тэдний хаяг өөрчлөгдсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хаягаа шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд хэргийн материалтай танилцуулсанаас хойш нэмж нотлох баримт ирээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Аээс зээлийн гэрээний үүрэгт 518,880,000 /таван зуун арван найман сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.А нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох гуравдагч этгээд З.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байрны 9 тоот, 51,84 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, гуравдагч этгээд Т.А, Н.Чнарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Б, Т.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,822,550 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,022,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Аээс улсын тэмдэгтийн хураамж 2,822,550 /хоёр сая найман зуун хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 1,022,750 /нэг сая хорин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Т.Ат олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т тус тус зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/10016 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн 2-5 дахь заалтаар авсан арга хэмжээ нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ