Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч Х.Бибиш

Насанд хүрээгүй хохирогч Г.Үүрийнгэгээ, түүний өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч А.Баасантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаач овогт Алтанхуягийн Баасантулгад холбогдох эрүүгийн 2421000000098 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд  аймгийн Цэцэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, Дорнод аймгийн Булган суманд барилгын туслах ажилтай, ам бүл 3, эгч, эмээ нарын хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо Наран хорооллын 27-11 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цагаач овогт Алтанхуягийн Баасантулга /РД:ПМ98080716/

 

Шүүгдэгч А.Баасантулга нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хэрлэн номин" худалдааны төвийн түрээсийн тасагт гар утасны худалдаа эрхэлдэг хохирогч Б.Одсайханы лангуун дотор байсан Самсунг А05с загварын гар утас, хохирогч Б.Баатархүүгийн Самсунг загварын AKG гэх бичиглэлтэй гар утасны чихэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 699,000 /зургаан зуун ерэн есөн мянган төгрөг/-ийн хохирол учруулсан, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дэнжийн 5-14 тоотод 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Үүрийнгэгээтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 3-р нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дэнжийн 5-14 тоотод 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Х.Бибиштэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, эрүү, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч А.Баасантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

            Хохирогч Б.Одсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн номин” худалдааны төвийн дотор гар утасны лангуу ажиллуулдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдөр өөрийн ажлын байран дээр худалдан авагчид нарт гар утсаа зарж борлуулах гээд гар утсаа шалгаж үзтэл Самсунг А05с загварын 3 ширхэг гар утас лангуун дотор байхаас нэг ширхэг гар утас нь байхгүй болсон байсан. Ингээд гар утсаа ойр орчимд хайсан боловч байхгүй байсан. Тэгээд би Хэрлэн Номин худалдааны төвийн харуулд хандаж хяналтын камерын бичлэг үзтэл 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 27-28 минутын хооронд манай лангуун дээрээс ногоон өнгийн дээлтэй хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй лангууны зүүн хэсэгт зогсож байгаад лангууны дээгүүр гараа оруулж гар утсыг авчихаад гарч байгаа харагдсан. ...Алдагдсан гар утас нь Самсунг А05с загварын цагаан өнгөтэй, хайрцагтай шинэ утас байсан ... Самсунг А05с загварын гар утсыг 680,000 төгрөгөөр хайрцаг савтай нь шинээр зарж байгаа. ...Хайрцаг сав байхгүй болохоор хүмүүс хуучин утас гээд анх зарж байгаа үнээр нь зарагдахгүй үнэлгээ нь буурч зарагдана. Утасныхаа зөрүү мөнгийг авмаар байна. Одоо хайрцаг нь байхгүй зарах гэхээр үнэлгээ нь буураад 500,000 төгрөгөөр лангуун дээр тавигдана. Утасны зөрүү гэж 180,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Миний хувьд сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна...” гэжээ. /хх-ийн 18-19, 21 тал/,

Хохирогч Б.Баатархүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн номин” худалдаан төв дотор гар утас болон дагалдах хэрэгсэл зарж борлуулдаг лангуу ажиллуулдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад манай лангууны баруун талд байрлалтай гар утас зарж борлуулдаг лангууны худалдагч эгч надад хэлэхдээ “манай лангуунаас гар утас хулгайд алдагдсан байна. танай лангуунаас эд зүйл алдагдсан байж болзошгүй шүү шалгаарай” гэж хэлэхээр нь эд зүйлээ нэг бүрчлэн шалгаж үзтэл хар өнгийн Самсунг загварын AKG гэх бичиглэлтэй гар утасны чихэвч байхгүй болсон байсан. Тухайн өдрийн маргааш цагдаа ирж хар өнгийн чихэвчийг олсон гэдэг талаар надад хэлсэн юм. ...Би алдагдсан чихэвчээ авсан тул надад гомдол санал байхгүй... Миний хувьд сэтгэл санааны хохирол, өр төлбөр нэхэмжлэхгүй. ...Би хулгайд алдсан эд зүйлээ авчихсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ.  

 

Хохирогч Х.Бибиш шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 5 дугаар баг Дэнжийн 05-14 тоотод охин Г.Үүрийнгэгээ болон зээ охин, хүү нарын хамтаар амьдардаг. 2024 оны 02 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байхад манай охин Үүрийнгэгээгийн найз залуу гээд нэг эрэгтэй манай гэрт ирсэн. ...Тэгсэн харин өнөөдөр 16 цагийн үед гэртээ байж байсан чинь Доржоо гэх залуу нь манай зээ хүү, охиныг загнаад гадуурхаад байсан. Тэгэхээр нь Доржоо гэх залууд хандаж “чи битгий хүүхэд загнаад бай, манай охин чамтай амьдрахгүй, чи наад цагдаа дээрх асуудлаа хурдан шийдүүлээд гэр рүүгээ яв” гэж хэлээд гэрээс гараад тугалаа хөхүүлж байгаад буцаад гэртээ ороод ирсэн чинь Доржоо гэж өөрийгөө танилцуулсан залуу нь миний охин болох Үүрийнгэгээгийн дээр нь гарчихсан толгой руу нь цохиод гэдэс рүү нь өшиглөөд гутлаараа толгой дээрээс нь гишгэчихсэн байж байсан. Тэгэхээр нь би сандраад “чи чинь яаж байна, яагаад миний охиныг зодоод байгаа юм бэ” гэсэн чинь уурандаа шууд намайг угзарч унагаад миний зүүн шанаа хэсэгт өшиглөөд миний шанаа тэр чигтээ хөхөрч хавдсан. Тэгээд миний зүүн гарын сарвуу хэсэгт мөн адил өшиглөхөөр нь би гэрээс гарч зугтаад хөрш айлынхаа залууг дуудаж салгаад цагдаа дуудсан. Миний охин Үүрийнгэгээг аймар зодсон байна, одоо миний охины нүүр ам нь тэр чигтээ хөхөрч хавдсан, 3-р хавирга хугарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна ... Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Анх манайд ирэхдээ өөрийгөө Доржоо гэж танилцуулсан. Гэхдээ Доржоо гэдэг нь худлаа нэр юм шиг байна. Сая ирээд зургийг нь харсан чинь нэрийг нь Баасантулга гэдэг юм байна. Би гомдолтой байна, хохирол төлбөрөө нэхэмжилнэ...” гэв. /хх-ийн 79-80 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Үүрийнгэгээ шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сард фейсбүүкээр Доржоо гэх залуу надтай танилцаад миний дугаарыг аваад бид хоёр хоорондоо харьцаж харилцдаг болсон ...Дорнодод ирээд надтай уулзаад Дорнод аймагт таньж мэдэх, ах дүү хамаатан садан юу ч байхгүй гээд байсан болохоор манай гэрт хамт байсан. Тэгсэн чинь Доржоо манайд байх хугацаанд намайг эмнэлэгт байх хооронд Хэрлэн Номингоос утас хулгайлсан байсан. ...Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гэр болох Хэрлэн сум 5 дугаар баг, Дэнжийн 05-14 тоотод манай ээж Бибиш, Доржоо, болон манай хүүхэд Бүжингоо /2н.эм/ бид дөрөв байж байхад Доржоо намайг Багануур дүүрэг рүү гэр лүүгээ хамт авч явна гээд байсан. Тэгсэн чинь манай ээж Бибиш “би чамд охиноо өгч явуулахгүй, чи зүгээр цагдаа дээрх асуудлаа шийдээд бушуухан яв” гэж хэлээд гадагшаа тугалаа хөхүүлэхээр гарахад Доржоо нь гэнэт уурлаад миний нүүр, шанаа хэсэгт өшиглөсөн. Тэгээд бас нуруу хэсэгт олон удаа өшиглөж, дээрээс дэвсэж зодсон. Тэгээд харин гаднаас ээж орж ирээд болиулах гэсэн чинь Доржоо нь ээжийг барьж аваад нүүр шанаа хэсэгт гараараа цохиод манай ээжийг бас зодсон. Надад гомдол санал байхгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй...” гэв. /хх-ийн 84-86 тал/,

 

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Бибишийн биед дух, эрүү, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2024.03.04-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 89-90 тхл/,

 

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Үүрийнгэгээгийн биед бүсэлхий нурууны 3-р нугалмын сэртэнгийн хугарал, баруун чихний дэлбээ, зүүн нүд, баруун зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, сарвуу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2024.03.07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар бүсэлхий нурууны 3-р нугалмын сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар тогтоогдсон баруун чихний дэлбээ, зүүн нүд, баруун зүүн чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, сарвуу, шилбэний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 97-98 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 31-34, 40-43 тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн тал/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 91 тал/

- А.Баасантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 119 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Цагаач овогт Алтанхуягийн Баасантулга нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хэрлэн номин" худалдааны төвийн түрээсийн тасагт гар утасны худалдаа эрхэлдэг хохирогч Б.Одсайханы лангуунаас Самсунг А05с загварын гар утас, хохирогч Б.Баатархүүгийн Самсунг загварын AKG гэх бичиглэлтэй гар утасны чихэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 699,000 /зургаан зуун ерэн есөн мянган төгрөг/-ийн хохирол учруулсан,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дэнжийн 5-14 тоотод 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Үүрийнгэгээтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 3-р нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,

мөн өдөр хохирогч Х.Бибиштэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, эрүү, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Баасантулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд, Дорнод аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 149, 150 тоот дүгнэлдүүд, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч А.Баасантулгад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Баасантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Баасантулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 3 дахь хэсэг заасныг тус тус журамлан, шүүгдэгч А.Баасантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялаар тус тус сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Одсайхан, Б.Баатархүү нарын эд хөрөнгөд хохирол, хохирогч Г.Үүрийнгэгээгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Бибишийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч Б.Одсайхан, Б.Баатархүү нарт мэдэгдэхэд хохирогч Б.Баатархүү нь “шүүгдэгчээс өөрт учирсан хохирлыг гаргуулж авсан тул шүүх хуралдаанд ороцохгүй, түүнд гаргах гомдол санал, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч А.Баасантулгыг хохирогч Б.Баатархүүд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч Б.Одсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдэх “шүүгдэгчээс эд хөрөнгөд учирсан хохирлын зөрүү болох 180,000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн, мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Бибиш нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжилнэ гэж тус тус тайлбар гаргаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Баасантулгаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нийт 6,773,400 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын зөрүү болох 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 3,293,400 /гурван сая хоёр зуун ерэн гурав мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 38-58 тоотод оршин суух, хохирогч Б.Одсайхан /ЖЮ81031909/-д, 3300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дэнжийн 5-14 тоотод оршин суух, Х.Бибиш /ЖБ71010561/-д тус тус олгох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.Үүрийнгэгээ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Баасантулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ПМ98080716 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаач овогт Алтанхуягийн Баасантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасантулгыг 6 сарын хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 3 дахь хэсэг заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Баасантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялаар тус тус сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасантулгад оногдуулсан 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Баасантулгаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нийт 6,773,400 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын зөрүү болох 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 3,293,400 /гурван сая хоёр зуун ерэн гурав мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 38-58 тоотод оршин суух, хохирогч Б.Одсайхан /ЖЮ81031909/-д,

3300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дэнжийн 5-14 тоотод оршин суух, Х.Бибиш /ЖБ71010561/-д тус тус олгосугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Баасантулга нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Баатархүү нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ПМ98080716 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Насанд хүрээгүй хохирогч Г.Үүрийнгэгээ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баасантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ