| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч И.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Ичинноровын Болдбаатарт холбогдох эрүүгийн 2321004220149 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар баг, “Голын тохой” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Ичинноровын Болдбаатар /РД:ЖИ67050413/.
Шүүгдэгч И.Болдбаатар нь 2021 оны 06 дугаар сард Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг, “Тасархай манхан” гэх газраас хохирогч В.Мөнхтайваны малын өвөлжөө барихаар хураасан труба, штангель, арматураар хийсэн хашааны төмөр зэргийг “Kia Bongo”-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,264,184 /Хоёр сая хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн төгрөг/-ийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Болдбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч В.Мөнхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны хавар хэдэн сард гэдгийг тодорхой санахгүй байна. Халхгол сумын 1 дүгээр багт байх “Тасархай манхан” гэх газарт байх өөрийн эзэмшлийн малын өвөлжөөний хашаа хийхээр бэлтгэжс байсан хашааг хулгайд алдсан юм. ...Тэр үед манай өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр баруун зүгт 1 километр орчим газар тус сумын иргэн Болдбаатар нь хашаа барьсан байсан ба очиж үзэх үед миний хашаа барихаар бэлтгэж байсан хулгайд алдагдсан гэх хашааг эвдэлж янзлаад малын хашаа барьчихсан байсан. ...Тухайн малын хашааг манай төрсөн дүү Бат-Оргил хийсэн ба хийхдээ төмрүүдийг дөрвөлжилж зүсээд дундуур штангель /нарийн төмөр/ шургуулж нүхлээд хийж байсан учир би хараад таньсан... Халхгол сумын 1 дүгээр баг “Тасархай манхан” гэх газарт аваачиж өвөлжөөгөө барих гэж байхад сумын захиргаа морь уралддаг газартай ойрхон тул өвөлжөө барихыг хориглосон учраас өвөлжөө барих зөвшөөрөл хүлээж тухайн хашааг хээр талд хурааж орхисон ба хурааж орхих үед ойролцоо айлууд байгаагүй ба төмөр орхисон. ...Алдагдсан эд зүйлийг хамгаалсан хашаа, хаалт зэрэг зүйл байгаагүй бөгөөд 40 тн-ын цэнхэр өнгийн контейнер хажууд нь байсан. Тэр контейнерыг хараад нутгийн иргэд минийх гэж мэднэ. ...Би 2021 оны 05 сард Халхгол усны 1 дүгээр баг “Тасархай манхан” гэх газарт өвөлжөө хийх гээд буулгасан байсан төмөрнүүдийг /үнэлгээн дээр тодорхой байгаа/ 06 сарын 10-д гаргаад очиход байхгүй хулгайд алдсан байсан. ...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад учирсан хохирлын үнийн дүнд мал оролцуулан тооцож өгсөн. Би хулгайд эд зүйлээ алдсанаас болж сэтгэл санаанд ямар нэг хор уршиг учраагүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 25, 27-28, 30, 32 тал/,
Гэрч В.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сард төрсөн ах болох Мөнхтайван нь намайг Халхгол сумын 1 дүгээр баг, 21-6 тоотод байх гэртээ байж байхад ирээд “Хал буудайн цацал” гэх бригад дээр хашаа хийх төмөр бэлдчихсэн байгаа тэр төмрөөр малын хашаа хийгээд өгчих гэж хэлсэн. ...Би тухайн трубануудыг 2 метрээр нь тасдаж дунд дөрвөлжин хэлбэрийн таван нүх гаргаж штангель /нарийн төмөр/-ийг голоор нь оруулж малын хашааны наралгаа хийсэн. Мөн малын саравч хийх гэж үлдэгдэл трубаг 2 метр 50 сантиметрын урттай тайрч суулгасан. ...Би тухайн хашаануудыг хамт зөөсөн учраас “Тасархай манхан” гэх газарт хашаануудыг орхисон гэдгийг мэдэж байна...” гэжээ. /хх-ийн 34 тал/,
Гэрч С.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...В.Мөнхтайваны 40 тоннын цэнхэр өнгийн контейнер “Тасархай манхан”-д байсан ба хажууд нь цагаан хоолой, арматур зэрэг төмөрнүүд 2021 онд ямар нэг манаачгүй жил орчим байсан ба тухайн эд зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлж харж байх талаар надад захиж байсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 44-46 тал/,
Гэрч Г.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр И.Болдбаатар нь 2021 оны 06 сарын эхээр өвөлжөөн дээрээ труба төмрөөр хашаа барьсан байсан. Тухайн труба төмөрнүүдийг хаанаас авсан талаар би асуугаагүй. Хүнээс л авсан байх гэж бодож байсан. ...Нөхөр маань Мөнхтайван гэх хүний төмөр хашаа авсан талаар өмнө нь хэлж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 52 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 тал/
- Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21 тал/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 тал/
- И.Болдбаатарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37, 71 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Бүргэд овогт Ичинноровын Болдбаатар нь 2021 оны 06 дугаар сард Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг, “Тасархай манхан” гэх газраас хохирогч В.Мөнхтайваны малын өвөлжөө барихаар хураасан труба, штангель, арматураар хийсэн хашааны төмөр зэргийг Kia Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2264,184 /хоёр сая хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч В.Мөнхтайван, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч И.Болдбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Шүүгдэгч И.Болдбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч И.Болдбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан байх тул шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарыг 1 /нэг/ жил Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, И.Болдбаатарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.Болдбаатарт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Болдбаатарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч В.Мөнхтайванд 2,264,184 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч В.Мөнхтайванд мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлыг И.Болдбаатараас гаргуулж авсан гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Bongo”-3 маркийн 28-87 ДОР улсын дугаартай 10,751,625 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч И.Болдбаатарын эзэмшлийн “Bongo”-3 маркийн 28-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч И.Болдбаатарын ЖИ67050413 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргээлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Ичинноровын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарыг 1 /нэг/ жил Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, И.Болдбаатарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч И.Болдбаатар нь Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны Зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Bongo”-3 маркийн 28-87 ДОР улсын дугаартай 10,751,625 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч И.Болдбаатарын эзэмшлийн “Bongo”-3 маркийн 28-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч И.Болдбаатарын ЖИ67050413 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ