| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/05033/И |
| Дугаар | 101/ШШ2021/01084 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/01084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.З холбогдох,
4,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Улсболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Улсболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Знь Н.А*******ын хамт хувь лизинг хийж, 2018 оны 10 дугаар сарын 25-нд Nissan presage маркийн машиныг маань ирж авч явсан юм. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул шүүхээс хаягийг тодорхойлуулж авсан ба 2019 оны 5 дугаар сарын 25-нд гэрт нь өөрийн биеэр очиж уулзсан. Д.Знь одоо эхнэр жирэмсэн 10 сараас өгч эхлээд дуусгана гэж амлалт өгч, би ч зөвшөөрөөд тохирсон боловч өгөөгүй, утсаа ч авахгүй сүүлдээ холбогдохоо больсон. Ингээд би 2019 оны 12 дугаар сарын 11-нд шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2020/01588 тоот захирамж гарсан. Д.Знь төлбөрийг төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн байна.
Nissan presage маркийн автомашины эзэмшигч нь С.Э******* ба тэрээр уг машиныг П.Тд худалдсан боловч нэрээ шилжүүлээгүй, тэдний хооронд бичгийн гэрээ байхгүй, амаар харилцан тохирсон. С.Э******* нь Д.Зт автомашиныг бусдад шилжүүлэх эрхийг олгосон итгэмжлэлийг өгсөн байдаг.
Иймд машины үндсэн үнэ 2,000,000 төгрөг, 2018 оны 10, 11, 12 дугаар сарын алданги 200,000 төгрөг, 2019 оны алданги 1,200,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарыг хүртэлх алданги 900,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөгийг хариуцагч Д.Заас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэргэлэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Знь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, У******* ******* хэсэг ******* тоот хаягт оршин суудаг. 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч П.Тгийн хүүгээс хувь лизингээр ниссан тенна, ниссан пресаж машинуудыг Эрдэнэт хотоос очиж авсан. Тухайн үед ниссан тенна нь Есөншижир гэх авто ломбардад байсан тул хураан авсан. 2019 оны 02, 3 дугаар сарын үед ниссан присаж машиныг мөнгө төлж чадаагүйн улмаас буцаан өгсөн ба машиныг Хан-Уул дүүргийн Дэлгэр хорооллын машины зогсоолд тавьж үлдээсэн. Тэр байр нэхэмжлэгчийн хамаатны хүний байр гэсэн ба хүн байхгүй учир машиныг зогсоолд тавьж түлхүүрийг нь дугуйн доор нь үлдээ гэж хэлснээр нь үлдээсэн. Маргааш нь нэхэмжлэгчийн талаас машиныг алдсан гэж хэлсэн. Түүнээс хойш олон удаа намайг сүрдүүлсэн. 2019 оноос хойш гэрт маань 3 удаа ирж эхнэр хүүхдийг маань дарамталсан. 2020 оны 9 дүгээр сард мөн л манай гэрт ирж, 3 хоног байсан. Нэхэмжлэгчийг явсанаас хойш би машиныг хайж, уг машиныг олоход 2020 оны 8 дугаар сард татвар үзлэгт нь оруулаад торгуулийг нь төлөөд нэхэмжлэгч өөрөө зарсан байсан. Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,300,000 төгрөгийг төлөх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Д.Зт холбогдуулан машины үндсэн үнэ 2,000,000 төгрөг, 2018 оны 10, 11, 12 дугаар сарын алданги 200,000 төгрөг, 2019 оны алданги 1,200,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарыг хүртэлх алданги 900,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нийт 4,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Хариуцагч нь машиныг П.Тгийн хүүгээс хувь лизингээр авсан боловч 2019 оны 2, 3 дугаар сарын үед нэхэмжлэгчид буцаан өгсөн, уг машиныг эзэмшигч нь бусдад зарсан байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
П.Т нь Nissan presage маркийн ******* ОРО улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашиныг Д.Зт худалдсаны үнэ болон түүний алдангийг нэхэмжилж байх бөгөөд уг автомашин нь нэхэмжлэгч П.Тгийн эзэмшилд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан баримтад “2018 оны 10 дугаар сарын 25-нд Nissan presage машиныг Д.Знайз н.А*******ын хамтаар хувь лизинг хийж, 2018 оны 12 дугаар сард бүрэн төлж дуусана гэсэн тохиролцоотойгоор авч явсан нь үнэн болно” гэж, 6 дугаар талд авагдсан баримтад “2019 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Д.Знь Nissan presage машины 2 сая төгрөгөө бүрэн бүтнээр нь өгч дуусгана. Хэрвээ энэ хугацаанд төлөхгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох болно” гэж баримтуудад Д.Знь гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч П.Т гарын үсэг зураагүй, энэхүү баримтуудаас үзэхэд Д.Знь П.Тгийн өмнө ямар нэгэн эрх, үүрэг хүлээсэн гэж үзэхээргүй, тэдний хооронд үүргийн харилцаа үүсээгүй байна.
Дээрх 2 баримтад заасан цаг хугацаанд Nissan presage маркийн ******* ОРО улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашины эзэмшигч нь С.Э******* байсан байх ба тэрээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн машиныг эзэмшиж байсан, улмаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төвд очиж, машиныг иргэн С.Ү*******д шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь автомашины эзэмшигч С.Э*******аас П.Т нь автомашиныг худалдан авч, мөнгийг нь төлсөн гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй буюу тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, үүний дагуу П.Т нь Д.Заас автомашины үнийг шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин автомашины эзэмшигч С.Э******* нь Д.Зт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийг бусдад худалдах эрхийг олгосон итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байх боловч уг итгэмжлэлд Д.Згарын үсэг зураагүйгээс гадна энэхүү итгэмжлэлийн дагуу Д.Зямар нэгэн үйлдэл хийж, автомашиныг бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн 2019 оны 2, 3 дугаар сарын үед маргаан бүхий автомашиныг Д.Знь Дэлгэр хотхоны автомашины зогсоолд аваачиж тавьсаны дараа машин хулгайд алдагдсан гэх боловч үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй ба энэхүү цаг хугацаанаас хойш автомашины эзэмшигч С.Э******* нь автомашиныг бусдад шилжүүлсэн болох нь дээр дурдсанчилсан тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27з3-4/167 дугаартай албан бичгээр “Тус тасагт П.Тгийн гомдолтой хэрэг бүртгэлтийн 210600080 дугаартай Д.Зт холбогдох хэрэг шалгагдаж байна” гэх агуулга бүхий албан бичиг ирсэн ба энэ нь маргаан бүхий автомашиныг хулгайд алдсантай холбоотой биш, тэдний хооронд үүссэн өөр асуудалтай холбоотой гэж зохигчид тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх боловч П.Т болон Д.Знарын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, Д.Знь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь автомашин худалдсаны үнэ болон түүний алдангийг шаардсан ба энэ нь тэдний хооронд дээр дурдсан үндэслэлүүдээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Зт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч П.Тгийн “4,300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ