| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/01255/И |
| Дугаар | 101/ШШ2021/01391 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/01391
| 2021 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2021/01391 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- байрлах, Х Х З Х ТБАГУТҮГазар - н нэхэмжлэлтэй,
хариуцагч- тоотод бүртгэлтэй, “У” ХХК- д холбогдох,
тусгай зөвшөөрлийн төлбөрт 1.062.021,68 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Х З Х нь У ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2017-09-28-ны өдөр 3 жилийн хугацаатай Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засвар, цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж, угсралт, суурилуулалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг У ХХК-тай байгуулсан.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар У ХХК нь 11800169 дугаартай цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж, угсралт, суурилуулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан 472.009,61 төгрөг төлөөгүй, 12100322 дугаартай гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан 590.012,04 төгрөг, нийт 1.062.021,68 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойш хугацаанд харилцаа холбооны зохицуулах хорооноос У ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан бөгөөд 2019-06-13-ны өдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тиймээс 2020 оны 1-р сард утсаар холбогдоход төлбөр төлөх үндэслэлгүй гэх хариуг өгсөн тул тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай зөвшөөрөл авсан, гэрээ байгуулсан талаар маргаан байхгүй. Тусгай зөвшөөрөл авснаар эхний нэг жилийн төлбөрт 1.800.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа огт явуулаагүй тул Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэж ойлгож явсан. Тиймээс нэг жилийн хугацаанд манайх үйл ажиллагаа эрхлээгүй тул хуулийн дагуу зөвшөөрөл цуцлагдах байсан тул төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Х З Х нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан 2017-09-28-нд олгогдсон 11800169, 12100322 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрт 1.062.021,68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/.
Нэхэмжлэгч байгуулагыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-02-03-ны өдрийн 01/174 дугаар итгэмжлэлээр Д.Н-т хоёр жилийн хугацаатай /хх-5/,
хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-04-01-ний өдрийн 21/04 дугаар итгэмжлэлээр Д.Б-д хоёр жилийн хугацаатай /хх-32/ тус тус олгосон байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2017-09-28-ны өдөр хариуцагч “У” ХХК-нд Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх, Үүнд нь гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулт, засвар, цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг 2017-09-28-ны өдрөөс 2020-09-28-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байхаар заажээ /хх-7/.
Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 11800169, 12100322 дугаар бүхий гэрээг талууд 2017-09-28-ны өдөр байгуулсан /хх-8-12/ байх бөгөөд гэрээний 6.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө зохицуулах хорооны дансанд төлөхөөр тохирсон гэрээний үүргээ хариуцагч “У” ХХК биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.
Харин хариуцагч дээрх 2 тусгай зөвшөөрлийн 2017-2018 оны төлбөрт нийт 1.800.000 төгрөг төлсөн талаар тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй боловч хариуцагч 2018 оноос үйл ажиллагаа эрхлээгүй тул хуулийн дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах байсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан “У” ХХК-нд олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019-06-13-ны өдрийн 23 дугаар тогтоолд нэхэмжлэгч байгууллага хуулбар үнэн тэмдэг дарсан /хх-43-50/ байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай зөвшөөрөл хүчингүй болсон цаг хугацаа, үйл баримтын талаар маргаагүй.
Тиймээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг гэрээний үүрэг зөрчигдсөн эсхүл гэрээ дуусгавар болсон үеэс эхлэн шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 2021-03-04-ний өдрийн нэхэмжлэх хуудсаар төлбөрийг шаардсанд хариуцагчаас 2021-01-19-ний өдрийн 21/02 албан бичгээр мэдэгдэл хүргүүлснээр /хх-36/ нэхэмжлэгч байгууллага 2021-03-22-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна /хх-3/.
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэхээр, ийнхүү тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээг нэхэмжлэгч байгуулахаар байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний үүргийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байх тул хариуцагч нь гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг авсан байх тул уг зөвшөөрлийг эзэмшсэнтэй холбогдох зохицуулах үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 6-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаар, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан 2014 оны 13-р тогтоолын гуравдугаар хавсралтад зааснаар гадна холбооны кабель шугамын угсралтын зөвшөөрлийн нэг жилийн төлбөрт 1.000.000 төгрөг, цамхаг, түүн дээрхи холбооны тоног төхөөрөмж угсралтын зөвшөөрлийн нэг жилийн төлбөрт 800.000 төгрөгийг тус тус төлөхөөр байна /хх-24-25/.
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т зааснаар зохицуулалтын хөлсний хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэхээр байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд, тогтоосон газар, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Түүнчлэн Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан бөгөөд хариуцагч нь 11800169, 12100322 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлээгүй гэх байдлаа нотлоогүй тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т зааснаар зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй, энэхүү үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдоогүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021-04-05-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан /хх-33/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Учир нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар ...хариуцагч татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргийг, нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 11800169 зөвшөөрлийн төлбөрт 472.009,64 төгрөг, 12100322 зөвшөөрлийн төлбөрт 590.012,04 төгрөгийг шаардаж, энэхүү хугацааны төлбөрийн дүнг хоногоор тооцож гаргасан талаар тайлбарласан бөгөөд шүүхээс тооцсон хоногийн тооцоолоор дээрх төлбөрийн дүн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 30.038 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч “У” ХХК - иас 11800169 зөвшөөрлийн төлбөрт 472.009,64 төгрөг, 12100322 зөвшөөрлийн төлбөрт 590.012,04 төгрөг, нийт 1.062.021,68 /нэг сая жаран хоёр мянга хорин нэгэн төгрөг 68 мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Х З Х ТБАГУТҮГазар РД-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 30.038 /гучин мянга гучин найман/ төгрөгийг хариуцагч “У” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ