| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
2024 06 05 2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Б.Хашхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрднүүд овогт Баттулгын Хашхүүд холбогдох эрүүгийн 2421000120155 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 39-р хороо хангайн 39 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-8 тоотод түр оршин суух, ял шийтгэл: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Зээрднүүд овогт Баттулгын Хашхүү /РД:ЖЯ93032017/
Шүүгдэгч Зээрднүүд овогт Баттулгын Хашхүү нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой 20 цаг, 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, "Билэг" төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч Г.Наранбаяр, Д.Тамир нарын шаардлагыг эсэргүүцэж, улмаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Тамирыг өшиглөх, нүүр хэсэгт нь түлхэх, хэл амаар доромжлох зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Хашхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Зээрднүүд овогт Баттулгын Хашхүү нь согтуурсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой 20 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, "Билэг" төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч Г.Наранбаяр, Д.Тамир нарын шаардлагыг эсэргүүцэж, улмаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Тамирыг өшиглөх, нүүр хэсэгт нь түлхэх, хэл амаар доромжлох зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Хашхүү шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Тамирын “...Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагаас 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 30 минут хүртэл Хэрлэн сумын 6 дугаар багт хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Наранбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрийн 10 станцаар “Хэрлэн сумын 6 дугаар баг “Билэг” буудалд согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна” гэсэн дуудлага мэдээллийг 20 цаг 25 минутын орчим өгсөн. ...Тухайн хүнийг буудлаас авч гарах гэхэд намайг түлхэж заамдаж авахад нь та гараад ир гэхэд гарахгүй байсан. Мөн буудлын гадаа гарсны дараа газарт унаад хөлөөрөө өшиглөөд байсан. Та цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээрэй гэхэд биелүүлэхгүй, үгүй чадахгүй гээд эсэргүүцээд байсан. Би бол тухайн хүнд танд бичиг баримт байна уу, регистрийн дугаарыг нь асуусан. Машинд суучих гэхэд машинд суугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
Гэрч Г.Наранбаярын “...Хашхүү гэх хүн нь би ямар ч зөрчил гаргаагүй, гээд бахираад байж байсан. Тэгсэн буудлаас нэг эгч гарч ирээд энэ хүн намайг хэл амаар доромжилсон, өчнөөн хүн л үйлчлүүлдэг. Гэхдээ энэ залуу шиг хүн үзсэнгүй гээд давчдаж бачуурсан байдалтай байсан. ...Тамир “та байж бай” гэхэд Хашхүү гэх хүн Д.Тамирыг шууд түлхээд заамдаж, нүүр лүү нь самардсан. ...Д.Тамир нь Хашхүү гэх хүнийг босгох гээд ойртсон боловч ойртуулахгүй хөлөөрөө Д.Тамирыг өшиглөөд хөлөөрөө жийгээд байсан. Тэгэхээр нь тухайн хүнийг Тамирын хамт дарж байгаад гавласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
Гэрч П.Бадамцэцэгийн “...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Билэг төвд үйлчлэгч, диспичер, бармен зэрэг ажлыг хийдэг. ...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим нэг нэлээн согтуу залуу /сүүлд нэрийг нь мэддэг болсон Хашхүү гэдэг залуу гэсэн гэв/ манай пабад нэг лаазтай пиво барьж орж ирээд ширээн дээр чинь сууж болох уу гэхээр нь суулгасан. ...Ингээд ширээн дээр сууж гар утсаараа хүнтэй ярьж байгаад нэг харсан чинь ширээ дэрлээд унтсан байхаар нь уг залуу руу очиж “энд унтаж болохгүй миний дүү босоо харь” гэхэд “би захиалга өгнө, танайд юм ууна” гэхээр нь “миний дүү нэлээн согтуу байна, харьж амраа” гэсэн боловч “би үйлчилгээ авах гэж ирсэн, танайх хаах болоогүй биз дээ, би пиво ууна” гэж ширээ цохиж босож ирэхээр нь “чи одоо яв” гэсэн боловч үг тоохгүй намайг “янхан гичий авгай минь” гэх зэргээр доромжилж эхэлсэн. ..Ингээд цагдаа нар надаас тайлбар авч байхад дундуур орж ирээд намайг хэл амаар доромжлоод байх үед цагдаагийн нэг алба хаагч нь “чи чимээгүй бай, би энэ хүнтэй юм ярьж байна” гэхэд тэр залуу “чи яахаараа миний дууг хорьдог юм бэ, би ямар зөрчил гаргасан юм” гэх зэргээр цагдаагийн ажилтан нар руу дайрахаар нь цагдаагийн нэг ажилтан нь “та гомдолтой гэвэл энэ хүнийг аваад явлаа, эрүүлжүүлэх юм байна” гэхээр нь аваад яваа гэж хэлсэн. ...Гарах үедээ тэр залуу явахгүй гэж эсэргүүцэл үзүүлж гарах хаалгыг зуурч авах зэрэг үйлдлүүд үзүүлж хэсэг болж байгаад цагдаагийн ажилтан нар аваад гарсан. Намайг харж байхад хоёр цагдаатай зууралдаад хэсэг болсон бөгөөд аргаа ядаад газарт унагаагаад гавлаад машиндаа хийж байх шиг байсан. Тэр залуу гаран гартлаа хоёр цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилж биед нь халдаж зууралдсан. Цагдаагийн ажилтан сүүлд орж ирээд “эгчээ энэ хавьд гинж унаагүй юу, энэ залуу гинжээ унагаасан гэнээ” гэхээр нь “яг хаана унагаа вээ” гэхэд “гадаа шаардлага эсэргүүцээд байхаар нь гавлахад унасан юм шиг байна, би унах үед нь газраас авч өгөөд гарт нь бариулсан боловч байхгүй гээд байна гэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-22 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.Хашхүү нь цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Хашхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдөж, хууль сахиулагчийн биед халдсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд цагдаагийн албан хаагч Д.Тамир нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Хашхүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Хашхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Хашхүүг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Хашхүү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Баттулгын Хашхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хашхүүг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хашхүү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Хашхүү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хашхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ