Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 109/ШШ2021/0029

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2021/0029

    

     Хэргийн оролцогч нар эвлэрч, нэхэмжлэгч

  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өмгөөлөгч М.Б, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан, иргэн Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Архангай аймгийн Засаг даргад нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өмгөөлөгч М.Б нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б овогтой Г.Б миний бие Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хариуцагдах “Г.Б намайг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, намайг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохыг хариуцагчид даалгуулах тухай” болон ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

Ойн тухай хуулиар Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилох эрх нь Архангай аймгийн Засаг даргад байгаа бөгөөд хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний нэхэмжлэлийн шаардлагаас "Г.Б намайг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилох” шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэгч Г.Б миний бие нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Г.Б намайг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахыг хүссэн шаардлагуудаасаа татгалзаж бид эвлэрэн хэлэлцэж байна.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М миний бие аймгийн Засаг дарга болон Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай зөвшилцсөний дагуу нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас “ Г.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилуулахыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г.Б-гийн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахыг хүссэн шаардлагуудаасаа татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч бид эвлэрч байх тул бидний эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүхэд иргэн Г.Б-гээс Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Г.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, намайг Ойн нэгжийн даргаар томилохыг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлэн Архангай аймгийн Засаг даргын хамтран хариуцагчаар тодорхойлсон байна.

            3.Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01/720 дугаар албан бичгээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Ц.М-д хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилжээ. /х.х-н 204/

4.Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/62 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангийг 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөр дуусгавар болгон татан буулгаж, мөн өдрийн А/63 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд Ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад Ойн ангиудыг байгуулж, Ойн нэгжийн дарга 1, мэргэжилтэн 1, ойжуулагч 1 орон тоотой байхаа тогтоосон байна. /х.х-н 172-175/

5.Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоо, дүрэм, ажил үүргийн чиглэлийг баталж, Ойн нэгжийн даргатай байхаар тогтоожээ. Улмаар 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар А.Амарбаясгаланг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн асуудал хариуцсан нэгжийн даргаар томилсон байна. /х.х-н 159-171, 176/

6.Ийнхүү Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, дүрэм, ажлын чиг үүргийн чиглэл шинэчлэн батлагдаж бүтцийн өөрчлөлт хийгдсэн, мөн аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Ойн нэгжийн дарга томилогдсонтой холбогдуулан Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б-г ажлаас чөлөөлжээ./х.х-н 14/

Улмаар нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд маргаан үүсгэсэн байна.

7.Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өмгөөлөгч М.Б нар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

8.Тодруулбал, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь "Г.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилох шийдвэр гаргахаар”, нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Г.Б намайг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

9.Уг хэрэгт Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн асуудал хариуцсан нэгжийн даргаар томилогдсон А.А-г гуравдагч этгээдээр татсан бөгөөд гуравдагч этгээд А.А нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй талаар тайлбар гаргаж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ. /х.х-н 228, 234/

10.Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. дахь хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.2.8.-д “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоо батлан, тэдгээрийн даргыг байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, 17.3. дахь хэсэг Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.3.8.-д “өөрийн газарт ойн нэгж буюу ойн асуудал эрхэлсэн албан тушаалтан ажиллуулах, ойн ангийн даргыг томилох, чөлөөлөх тухай саналаа тухайн шатны Засаг даргад мэдүүлэх” гэж заасан.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ... хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

12.Иймд нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай эвлэрлийн гэрээнд заасан “Г.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилох шийдвэр гаргах” нөхцөлөөр эвлэрч, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

13.Түүнчлэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн  7.1.5., 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсгийн 62.1.1., Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. дахь хэсгийн 17.2.8. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай “Г.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилох шийдвэр гаргах” нөхцөлөөр эвлэрч, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Г.Б намайг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Г.Б-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                        

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА