Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1966

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “С” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 080 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч “С” ХХК нь “Ш” ХХК-д холбогдуулан 17 301 750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “С” ХХК-ийн захирал н.Анартай тохиролцон тус компанийн 650 м.кв талбайтай нүдний эмнэлгийн байрыг 1 м.кв нь 90 000 төгрөг, тавилга 10 830 000 төгрөг, угаалгын өрөөг 5 500 000 төгрөг, бүгд нийлээд 69 880 000 төгрөгөөр засаж тохижуулахаар болж, ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгэсэн. Урд өмнө тухайн компанийн олон ажлыг хийж гүйцэтгэж байсан учир “С” эмнэлгийн дотор заслын ажлыг эхлүүлэх үедээ харилцан амаар тохироод ажлын явцад гэрээний төслийг боловсруулж талууд гарын үсэг зурах ёстой байсан. Гэтэл захирал н.Анар янз бүрийн шалтаг гаргаж ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зураагүй. Хэдийгээр тус компани гэрээгээ баталгаажуулаагүй боловч хугацаандаа ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл мөнгөө авч чадахгүй хохирч байна. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх хугацаанд урьдчилгаа 38 800 000 төгрөг авсан бөгөөд одоо 31 080 000 төгрөгийг аваагүй, олон удаа уулзаж ажлын хөлсөө шаардсан ч өнөө маргааш гэж хойшлуулсаар сүүлдээ төлбөрийг өгөхгүй гэж маргаж байна. “С” компанийн захиалсан ажлыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн, ажлыг хүлээлгэж өгсний дараа нээлтээ хийж, хүний хөл хөдөлгөөн ихтэй, үйлчлүүлэгч олонтой ажиллаж байсан. Харин манай компани хөлсөө авч чадахгүй байгаагаас ажилчдын нийгмийн болон ар гэрийн асуудал хүндэрч банк, ломбардны өрөнд орж хохирч байна. Иймд “С” ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 31 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх 2016 оны 8 дугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-30 тоот 4 давхар барилгын 3 ба 4 дүгээр давхрын 650 м.кв талбай бүхий ажлын байрыг эмнэлгийн зориулалтаар түрээслэх гэрээг Монгол контракт ХХК-тай хийсэн. Гэрээний хавсралт 1.1-д заасан нөхцлийн дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш засвар хийх хугацааг 50 хоног байхаар тохиролцож, дурдсан хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй, зөвхөн байрны нийт цахилгаан, усны ашиглалтын зардлын 25 хувийг түрээслэгч тал төлөхөөр тохиролцсон. Дурдсан хугацаанд засварын ажлыг хийж дуусгах зорилгоор хангалттай хүний нөөц, ажлын туршлага бүхий хэд хэдэн барилга заслын компаниудтай холбогдож, улмаар Умард Солонгосын барилга заслын ажилчидтай, нэр бүхий компанитай хамтарч ажиллахаар болоод байсан. 2016 оны 8 дугаар сарын 18-нд “Ш” ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурийг Шангрила худалдааны төвийн 2 давхарт дотоод заслын ажил хийж байх үед нь шилэн самбар хийлгэх талаар ярилцахаар уулзах явцад тэрээр манай ажил дуусч байгаа. Та нар гадаад хүнээр хийлгээд яах юм. Манайх олон хүнтэй сайн бригадтай. Танай бүх заслыг, цахилгаан, сантехниктэй нь хамт чанарын өндөр түвшинд, хугацаанд нь зах зээлийн үнээс хямд хийж өгье гэсний дагуу хамтарч ажиллах болсон. Манай тавьсан гол нөхцөл бол 2016 оны 9 дүгээр сарын 30-нд бүх ажил дууссан байхаар харилцан тохиролцсон. Дотоод засал, цахилгаан, сантехник, интерьерийн ажлын төлөвлөлт, материалын зардлыг тооцсон төслийг ТИС-ийн Барилга, архитектурын компаниар өмнө хийлгэсэн бөгөөд “Ш” ХХК-ийн захирал уг төслийн ажлын эхийг үзэж танилцаад төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжтой гэж зөвшөөрсөн. Нэхэмжлэлд дурдсан угаалгын өрөөг тусад нь тохижуулж, нэмэлт хөлс тооцох тухай яриа хэлцэл огт байгаагүй, бидний зүгээс нийт ажлын хөлсийг м.кв тутамд 70 000 төгрөгөөр тооцох санал хэлсэн. Д.Дэлгэрсуурь цахилгаан болон сантехникийн ажлын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаас хэт өндөр хэлж байсныг  бурхан болооч нөхөр маань эрс татгалзаж, уг ажлыг өөрийн 2 найзын хамт хийж гүйцэтгэх болсон тул нийт ажлын хөлснөөс хассан. Мөн ажил эхлэх үед хугацаа хожих үүднээс хуучин байсан ханыг нураах, гарсан хогийг зайлуулах, тээвэрлэх ажлыг бид өөрсдөө хийж гүйцэтгэсэн. “Ш” ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурь болон түүний заслын бригад эхлээд 10 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажлаа эхлүүлсэн боловч 4 дэх хоногоос эхлэн өдөрт 3-4 хүн ирж, засварын ажлын гүйцэтгэл эрс удааширсан, цаг ашиглалт хөдөлмөрийн сахилга батгүй байгааг удаа дараа сануулж, хатуу шаардлага тавьж, нэг бус удаа гэрээ цуцлахыг мэдэгдэж байсан. н.Бадмаа ахлагчтай дотоод заслын бригад 3 хүнтэй ирсэн, цөөхөн хүнтэй байгааг лавлахад Д.Дэлгэрсуурь бидэнд заслын ажлын хөлсөнд 5 000 000 төгрөг өгнө гэсэн тул тохирсон хүн хүч гэж тайлбар өгсөн. Миний зүгээс ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхийг хүсч н.Бадмаад 1 000 000 төгрөг бэлнээр нэмэлт урамшуулал болгон өгсөн тул бригад нь 5-6 хүнтэй болон ажилласан. Ажил эхлэхээс өмнө болон ажлын явцад иргэн Д.Дэлгэрсуурь урьдчилгаа мөнгийг авч байсан ч хүмүүс нь архи уусан шалтгаанаар ажилдаа ирдэггүй. Дээрх олон хүчин зүйлийн нөлөөгөөр заслын ажил хугацаандаа амжихгүй 2 сар илүү сунжирч 12 сарын эхээр дуусч эмнэлэг байрандаа нүүж орсон. Энэ хугацаанд манай компани Монгол контракт ХХК-д 2 сарын түрээс, цахилгааны төлбөр төлж, санхүүгийн хувьд ихээхэн хохирол хүлээсэн. Уг хохирлыг компани түрээслүүлэгч талтай удаа дараа хийсэн зөвшилцлийн дүнд 6 сарын турш нөхөн барагдуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл эмнэлгийн санхүүгийн байдал тогтворжоогүй байна. Мөн манай гэр бүлийн хүн удаан хугацаагаар хүндээр өвчилж байгаад 2017 оны 5 дугаар сард гэнэт зүрх нь зогсож таалал төгссөн. Энэ шалтгааны улмаас “Ш” ХХК засварын ажлаа хугацаанд нь дуусгаагүйн хохирлыг хуулийн хүрээнд нэхэмжлэх сэтгэл санаа болон цаг хугацааны боломж надад байгаагүй. Манай компани нийт ажлын хөлсөнд 43,700,000 төгрөгийг “Ш” ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурьт бэлнээр болон дансаар төлсөн, үүнээс заслын бригадын Бадмаад 1,900,000 төгрөг, тавилга хийсэн Баргилтад 3 500 000 төгрөг тус тус бэлнээр төлсөн. Эмнэлгийн засварын ажлын төлбөр төлсөн болон өглөг авлагын талаарх нотолгоо баримтууд манай компанийн санхүүгийн дотоод ба гадаад тайланд тодорхой тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ш” ХХК нь тохиролцсон ажлаа хүлээлгэн өгөх хугацаанаас хожимдуулж гүйцэтгэвэл зохих үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч, түрээсийн төлбөр төлсөнтэй холбогдон гарсан шууд зардал, бусад төлбөр зэргийг гаргуулахаар нэхэмжилж байна. Манай компани үйл ажиллагаа явуулах байрны 3, 4-р  давхрын талбайн зарим хэсгийн дотор засал чимэглэлийн ажлыг 1 м.кв-ыг 70 000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцсон. “Ш” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр энэхүү засвар үйлчилгээг гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл тогтоосон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Иймд сөрөг нэхэмжлэлээр хамтран ажилласны хугацааг хожимдуулсны улмаас учирсан шууд хохирол 17 301 750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг амаар тохирсон, түрээстэй холбоотой асуудлыг манайх хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-иас 22 987 334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8 092 666 төгрөгийн шаардлагыг, хариуцагч “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч “Ш” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 17 301 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 500 төгрөгийн 313 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “С” ХХК-иас 272 886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 460 төгрөгийн 244 458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “С” ХХК-д олгож, шинжээчийн зардалд 312 000 төгрөгийг нэхэмжлэгч “Ш” ХХК-иас, 888 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт үндэслэх хэсэгт хариуцагч дотор заслын ахлагч н.Бадмаад төлсөн 1 900 000 төгрөгийг манай компанид төлсөн төлбөрт оруулан тооцсон нь үндэслэлгүй. Учир нь амаар тохирсон гэрээгээр төлөх ёстой төлбөрийг захиалагч ажилчдад олгож байгаа нь гэрээний үүргийг зөрчиж байгаа бөгөөд манай компанид төлөх төлбөрөөс суутган тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  “С” ХХК үндйсэн үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших “Монгол даатгал” ХХК-ийн 3, 4 дүгээр давхарт хэсэгчилсэн засал чимэглэлийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Шилэн фасад” ХХК-д хандсан, улмаар шаардлагатай засал чимэглэлийн ажил гүйцэтгэх нөхцөл, хугацаа, ажлын хөлсний хэмжээ, төлбөрийн нөхцөл зэргийг харилцан тохиролцож, хуульд заасан гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт гүйцэтгэх ажлын хөлсийг 1 м.кв тутамд 70 000 төгрөг байх, ажлыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч захиалгат ажлыг гүйцэтгэж эхэлсний дараа ажил гүйцэтгэх гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулахаас татгалзсан ч манай компани нэгэнт засал чимэглэлийн ажлыг эхлүүлсэн тул харилцан тохиролцсон нөхцлийн дагуу ажлын хөлсийг гүйцэтгэгчээс шаардлага гаргасан цаг тухай бүрд нь хэсэгчлэн олгож байсан болно. Ажлын явц, гүйцэтгэл, хөлсний талаар бүхэлд нь авч үзвэл “Шилэн фасад” ХХК-ийн нийт гүйцэтгэвэл зохих тохиролцсон ажлын хөлс 45 500 000 төгрөг, “С” ХХК-ийн төлсөн хөлс 43 700 000 төгрөг болсон ба “Шилэн фасад” ХХК зарим төрлийн ажиллагааг гүйцэтгэлгүй орхигдуулсан төдийгүй ажил гүйцэтгэх хугацааг 70 гаруй хоногоор хэтрүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан талуудын хооронд маргаан үүсч, шүүхэд хандсан учраас нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс шалтгаалан хариуцагчид шууд болон шууд бусаар их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж 17 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс хариуцагч талын өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаа авах хууль ёсны үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авахаас илт хууль бус шалтгаанаар буюу өмгөөлөгчид олгогдсон эмнэлгийн байгууллагын магадлагааг, бодит байдалтай уялдуулан нягтлан шалгаагүй атлаа ЭМНХ-ын сайдын тушаалд нийцээгүй байна гэдэг нүдэн баримжаагаар хүчин төгөлдөр бус гэж тооцож, шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх гэснийг ноцтой зөрчсөн, ямар ч үндэслэлээр зөтгөх боломжгүй алдааг гаргасан.

Тус компани талуудын хооронд хуульд заасан хэлбэрийн дагуу гэрээ байгуулагдаагүй, хариуцагчаас төлбөр тооцоог хэсэгчлэн харилцан тохиролцож гүйцэтгэж байсан, тохиролцсон хөлсний зөвхөн 1 800 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байсан, нэхэмжлэгч тохиролцсон ажлын зарим хэсгийг гүйцэтгээгүй орхигдуулсан, ажил гүйцэтгэх хугацааг удаан хугацаагаар хэтрүүлсэн, ажлын гүйцэтгэлийг удаашруулснаас шалтгаалж хариуцагч их хэмжээний бодит хохирол хүлээхэд хүргэсэн зэрэг зайлшгүй анхаарч хянан шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлууд бий болсныг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаарлдагын хувьд хууль зүйн хангалттай үндэслэлгүй, нэхэмжлэгч талын урьдчилан боловсруулж, итгүүлэн төөрөгдүүлэх замаар хийсэн хэлцэлд үндэслэсэн, нэг талаас гаргасан тооцооны дүн нь зохих ёсоор хөдөлгөөнгүйгээр нотлогдоогүй болохыг хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ тусган хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргахыг шүүхэд хандан хүсэлт болгож байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч талын эрх ашгийг илтэд хамгаалсан дүгнэлт хийж, баримтгүй тайлбар сэлтэд нотлогдож байгаа мэтээр үнэлэлт дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийн гаргасан тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тухай үнэлэлт дүгнэлт хийж, илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзнэ. Энэхүү дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсгийн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай холбогдсон нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримт бичгүүдэд анхан шатны шүүхээс хийсэн үнэлэлт дүгнэлтийг харьцуулан уншихад хангалттай ойлгогдоно.

Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар зохих үнэлэлт дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд бий болсон нөхцөл байдал, төлбөр тооцооны баримт зэргийг хольж хутган төлбөрийн бодит хэмжээг хэрхэн тогтоосон талаарх нөхцөл бадйлыг хянан шалгаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хууль зүйн хангалттай үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 080 000 төгрөг гаргуулах, хариуцагч гэрээт ажлыг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний улмаас учирсан хохиролд 17 301 750 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

 

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хариуцагч нь эмнэлэгийн зориулалтаар ашиглах 650 м.кв талбай бүхий ажлын байрны дотоод засал, тавилга хийлгэх талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч гэрээт ажлын хөлсийг 1 м.кв талбайг 90 000 төгрөг, угаалгын өрөөний тохижилт 5 500 000 төгрөг, тавилга хийх үнэ 10 830 000 төгрөг, нийт 69 880 000 төгрөгөөр тохирч, 38 800 000 төгрөг төлөгдсөн гэж тайлбарласныг хариуцагч няцааж 1 м.кв талбайг 70 000 төгрөг, нийт 45 500 000 төгрөгийн ажил хийлгэхээр тохирч 43 700 000 төгрөгийг төлсөн гэж ажлын хөлсний хэмжээ, түүнээс төлөгдсөн төлбөрийн талаар зөрүүтэй тайлбар хийж маргасан байна.

 

Талууд гүйцэтгэх ажлын хөлсний талаар тохиролцсон баримтгүйг дүгнээд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтыг үндэслэх, хэрэв жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлсийг тооцох гэсний дагуу шинжээч томилж хэргийг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрдөх жишиг үнэ, түүнтэй холбоотой баримтыг гаргаагүй бөгөөд өөрсдөө нотлох баримтыг бүрдүүлэх, боломжгүй бол шүүхийн журмаар гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч хүсэлт гаргаснаар шүүх “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ыг шинжээчээр томилж, түүний  дүгнэлтэд талууд маргаагүй тул ажил гүйцэтгэгч талын хийсэн заслын ажил 56 133 804 төгрөг, тавилгын ажил 9 153 530 төгрөг, нийт 65 287 334 төгрөгийн үнэ хөлстэй ажлыг хийж гүйцэтгэсэн гэснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /1хх180-181/

 

Хэргийн баримтаар хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч талд гүйцэтгэсэн ажлын хөлс 13 100 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдох боловч “Ш” ХХК-ийн хүлээн авсан гэх нийт 38 800 000 төгрөг, туслан гүйцэтгэгчид төлсөн 3 500 000 төгрөгийг тооцож үлдэгдэл 22 987 334 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагчийн дотоод заслын ахлагч н.Бадмаад шилжүүлсэн гэх 1 900 000 төгрөгийг шүүх дээрх 38 800 000 төгрөгт оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргах боловч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан санхүүгийн баримт /хх137/-аар тогтоогдсон төлбөрийг шүүх төлөх үнийн дүнгээс хасч тооцсон нь үндэслэлтэй.

 

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч талыг үүргээ зөрчсний улмаас 17 301 750 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шаардлагаа нотлох баримтыг гаргаагүй, шүүхэд ирүүлсэн “сиди” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хяннан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хэлбэр бүхий баримт биш бөгөөд түүнд үзлэг хийж судлах байдлаар бэхжүүлэх талаар хүсэлт гаргаагүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй.

 

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулалгүй, мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаа авах хууль ёсны хүсэлтийг хангаагүй гэх хариуцагч талын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын тухайд “шүүх хуралдаанд хойшлуулах” тухай хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт /1хх96, 107, 223, 247/-ийг шүүх хүлээн авч, нийт 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж /1хх103, 112, 227, 247/-аар тогтоогдож байна. Иймд шүүх хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, боломжит хугацаанд шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байхад өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн, хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй, хариуцагч “С” ХХК нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч аливаа шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тохиолдолд өөр этгээдээс хууль зүйн туслалцаа авах боломжтой бөгөөд шүүх хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч өвчний шалтгаантай гэх эмнэлэгийн магадлагааг ирүүлсэн байх боловч энэ нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлэгийн магадлагаа гаргах нийтлэг журамд заасан шаардлага хангаагүй буюу тухайн эмнэлэгийн ерөнхий эмч баталгаажуулаагүйг шүүх эргэлзээтэй баримт гэж зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 45 350 төгрөг, хариуцагчийн 272 900 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА