Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч Т.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайнт овогт Түмэнжаргалын Жавхланд холбогдох эрүүгийн 2421001350147 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 8-33 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Хэрлэн сумын 11 дүгээр баг Хоймор хотхоны 3-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сайнт овогт Түмэнжаргалын Жавхлан /РД:ЖЭ86030732/

 

Шүүгдэгч Сайнт овогт Түмэнжаргалын Жавхлан нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг "Хоймор" хотхоны гадаа машин дотор эхнэр Ж.Ганцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж "...хоёр нүдний дээд зовхи, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд цус хуралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Жавхлан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн өглөө би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд бага охины хамт гэрийнхээ гадаа очиж нөхөр Жавхланг дуудаж гаргаж ирээд олон хоног архи ууж гадуур явлаа хүүхдүүдээ ч харахгүй хань болохгүй гээд уурласан юм. Энэ байдлаас болж Жавхлан нь миний машинд сууж шууд л миний араас толгойн ар талаас цохиж, хоолойг минь боож багалзуурдаад эхэлсэн учир би машины хаалга онгойлгож буусан юм. Энэ үед Жавхлан машинаас бууж ирээд намайг буцаж машиндаа суу гэсэн тул би түүний үгэнд оролгүй буцаж суухгүй гэж хэлээд газар суусан чинь Жавхлан нь уурандаа миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж алгадсан. Энэ байдлаас болж миний 2 нүд орчимд цус хурсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/

            Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181 тоот дүгнэлтэд: “...Ж.Ганцэцэгийн биед хоёр нүдний дээд зовхи, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Т.Жавхлангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн ... тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Сайнт овогт Түмэнжаргалын Жавхлан нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг "Хоймор" хотхоны гадаа машин дотор эхнэр Ж.Ганцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж "...хоёр нүдний дээд зовхи, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд цус хуралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Т.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхын үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч Т.Жавхланд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Жавхланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Жавхлангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, харин сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байна

Хохирогч Ж.Ганцэцэгийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон ба шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Жавхлангаас сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Жавхлан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЭ86030732 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайнт овогт Түмэнжаргалын Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жавхланг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жавхлан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Жавхлангаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32-57 тоотод оршин суух, хохирогч Ж.Ганцэцэг /ЖК86051405/-д олгосугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Жавхлан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЭ86030732 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Жавхланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ