Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/01242

 

    

 

 

 

 

 

                                2021        04          30  

   101/ШШ2021/01242

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БЗДЗДТГ холбогдох

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Оийг хэсгийн ахлагчийн албан тушаалтай ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О нь 2018 оны 5 дугаар сараас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 13 дугаар хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа БЗДЗДТГт амаар илэрхийлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргаж манай хорооны 13 дугаар хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэдгийг “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт “Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно” гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм.

Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай” гэж заасан байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд Засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь Засаг даргын тамгын газарт цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6-д заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно.

Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд: Хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40 цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗДЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгийн газрын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалын Д.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Оийг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч БЗДЗДТГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.О хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байна. БЗДЗДТГ буюу хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор тогтоосон байдаг. БЗДЗДТГ нь дээрх 30/24 тоот тогтоол түүний хавсралт “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-аар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрх айлын тоонд тулгуурлан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 2.1-д заасны дагуу “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д зааснаар гурван тал /Иргэн, хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газар/ харилцан тохиролцож, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Дээрх “Хөлсөөр ажиллах гэрээ” нь хугацаатай бөгөөд “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 2.3-д зааснаар нэг жилийн хугацаатай байгуулж, 6.6-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сард “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г дүүргийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байсан. “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулах үед иргэн Д.О нь гэрээтэй холбоотой ямар нэгэн санал, татгалзал, гэрээний нэр, төрлийг өөрчлөх санал гаргаж байгаагүй, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Төр, төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний ажлын алба, албан тушаалтанд хууль, тогтоомж, журам, дээд шатны байгууллагын шийдвэр, Захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхийг хязгаарласан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоол, “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-д зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд БЗДЗДТГ нь хэсгийн ахлагч нартай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* тоот тушаал гаргаж хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 1 дүгээрт “Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан гэж хэсгийн ахлагчийн ажил нь байнгын ажлын байр, хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хуулийн зохицуулалтаар зохицуулагдах харилцаа биш гэж маргаж байна. Хэсгийн ахлагч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооноос ямар нэгэн байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нд тусгасан зүйл байхгүй болно. Ажлын байрны тодорхойлолтоор эрхлэх ажлын горим тогтоогоогүй, хэсгийн ахлагчийн ажлыг хийхдээ ашиглах тусгайлсан хөдөлмөрийн багаж хэрэгсэл ямар нэгэн эд хөрөнгө хүлээлцэх актаар олгоогүй. Ажил олгогч гэж үзээд байгаа БЗДЗДТГ, түүний төлөөлөгчийн удирдлага гэж үзээд байгаа хорооны Засаг дарга нар нь хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг тогтоогоогүй урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон байна. Хэсгийн ахлагчтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нд ажлын өдрийг сард хэд байх талаар заагаагүй, нэг өдөрт хэдэн цаг ажиллах талаар заагаагүй байна. Хэсгийн ахлагч нь өгөгдсөн ажлыг өөрийн зохион байгуулалтаар өөрийн боломжид тааруулж хийж байсан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ямар ч ажил үйлчилгээ байж болохоор заасан байна. Дээрх нөхцөл байдал нотлох баримтуудаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш гэдэг нь нотлогдож байна. Байнгын ажлын байр биш тул Хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 2 дугаарт “Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, үүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан, Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу алингаа авдаг ажилтан байна” гэж маргаж байна. Төр, төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, ажлын байрны жагсаалтыг дүүргийн Засаг дарга баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр биш тул бүтэц, ажлын байрны орон тоонд байхгүй. Тухайн дүүрэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэнийг хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаарч ажиллуулдаг. Хэрэв тухайн хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх айлуудын тоо цөөрч эсвэл тухайн хороонд өрх айл оршин суухаа больсон тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/82 тоот, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/236 тоот “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамжаар тус тус Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрыг тогтоосон байдаг. Дээрх захирамжуудад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчдын жагсаалтыг гаргасан байдаг энэ жагсаалтад хэсгийн ахлагчийн албан тушаал байхгүй. Хэсгийн ахлагчийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д “Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тоот “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой гэтэл хэсгийн ахлагчийн урамшууллыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор хөдөлмөрийн доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д.Отай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйл 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгч талын маргаж байгаа хөдөлмөрийн харилцаатай төсөөтэй харилцаа боловч зарим нэг нарийн ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан дөрвөн шаардлагыг хангасан байхыг шаарддаг хэрэв 21.1-д заасан дөрвөн шаардлагаас аль нэг нь байхгүй бол хөдөлмөрийн гэрээ гэж үздэггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг гэсэн байдаг. Хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч БЗДЗДТГт холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Оийг хэсгийн ахлагчийн албан тушаалтай ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд уг шаардлагын “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулан, бусад шаардлагаа дэмжиж байна гэсэн болно.

 

Хариуцагч нь хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5-д заасныг үндэслэн тус дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан хавсралтад дурдагдсан хэсгийн ахлагч нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалын хавсралтын 277 дугаарт 21 дүгээр хорооны 13 дугаар хэсгийн ахлагч Д.Оийг чөлөөлсөн байна.

 

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж 21 дүгээр хорооны Засаг дарга нь Д.Отай харилцан тохиролцож, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгохоор “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулжээ.

 

Дээрх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын 2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоох”-оор заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1 дүгээр хэсгийн 5-д зааснаар хэсгийн ахлагч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл сар бүр төлүүлэх эрхтэй байхаар тохирсон байх ба 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны урамшууллыг хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Д.От олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлсөн болох нь зохигчдын тайлбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар хэсгийн ахлагч нь дүүрэг, хорооноос өгсөн тодорхой ажлуудыг гүйцэтгэх, Засаг даргын Тамгын газар нь урамшуулал олгохоор харилцан тохиролцсон нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээгээр ажиллагч нь гэрээнд заасан ажлыг өөрийн боломжоор гүйцэтгэх, талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахдаа энэ асуудлыг Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг удирдлага болгодог бөгөөд энэ шинжээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай юм.

 

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/82 дугаартай “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамж болон захирамжийн хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/236 дугаартай “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамж болон захирамжийн хавсралтаас үзэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо дотор “хорооны хэсгийн ахлагч” гэсэн байнгын ажлын байр байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгч Д.От тушаал гарсан даруйд танилцуулсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд харин Д.О нь ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын 2021 оны 01 дүгээр сарын ажлын тайлан”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, дээрх тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгчид танилцуулаагүйгээс ажиллагч Д.О нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

Тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэрээг ажиллуулагч тал гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Д.Отай байгуулсан гэрээг цуцалснаас тэрээр ажил, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны урамшуулал нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Д.О нь сард 630,000 төгрөгийн урамшуулал авч ажилладаг байсан болох нь “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2021 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын урамшуулал авах ёстой гэж үзэн нийт 2,520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү урамшууллыг хариуцагч нь нэхэмжлэгчид олгохдоо холбогдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг холбогдох хууль, журмын дагуу тооцох нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу Д.Оийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 13 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг БЗДЗДТГт даалгаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2,520,000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгож, Д.Оийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 55,270 /тавин таван мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ