Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/389

 

 

 

    2024        05          13                                   2024/ШЦТ/389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

            өсвөр насны шүүгдэгч З.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Саруулбуян,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311022150321 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт З.С

Монгол Улсын иргэн, 2007 оны 07 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар :

Өсвөр насны шүүгдэгч З.С нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Гэм буруугийн талаар :

Өсвөр насны шүүгдэгч З.С  нь 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдөр ........ тоотын гадна хохирогч Н.Нгийн биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар гараараа цохиж  эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, духанд зулгаралт, дух, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, хохирогч Н.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч М.Э мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 13491 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Өсвөр насны шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа  гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах , хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй  болно .

            Энэ хэргийн улмаас хохирогч Н.Нд учирсан хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй гэж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв .

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч З.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, насанд хүрээгүй, эмэгтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цаашид нийгэмд биеэ зөв зохистой авч явах чадвартай, ирээдүйд зөв хүн болж төлөвшин хүмүүжих боломжийг олгон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар :

Өсвөр насны шүүгдэгч З.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй , хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

          1. Өсвөр насны шүүгдэгч С овогт З.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Сг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч З.Сд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

          4. Өсвөр насны шүүгдэгч З.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай .

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан , эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах , улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол   гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Өсвөр насны шүүгдэгч З.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй .

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ