Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02560

 

 

 

 

 

 

 

  2021           08           30

                 101/ШШ2021/02560

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Б холбогдох

 

Биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл нийлүүлсний улмаас учирсан хохирол болох 1,995,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.А би фейсбүүкийн зарын дагуу Х.Б гэх хүнтэй холбогдож, түүний худалдахаар зар тавьсан “Приус-30” маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, ******* УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн оройн 18 цагийн үед үзэж худалдан авахаар тохиролцож, улмаар мөн өдөр 19 цаг 40 минутын орчим худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед тээврийн хэрэгслийн үнэ болох 10,000,000 төгрөгөөр тохирч, үүнээс торгууль, татвар, оношилгооны мөнгө 300,000 төгрөгийг хасуулаад, үлдсэн 9,700,000 төгрөгийг худалдагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлэн өгсөн. Маргааш өдөр нь ажилгүй байсан тул машинаа асаагаагүй байрны гадаа зогсоолд тавьсан байсан. Харин 4 дүгээр сарын 04-ний өдөр авто угаалгын газар очиж гадна талын угаалга хийлгэх үед машины гадна талын дийлэнх хэсэгт будаг замаска хийгдсэн болох нь илэрсэн. Улмаар засварын хүмүүст үзүүлэхэд онхолдсон машин байна гэдэг хариулт өгсөн байлаа, мөн дотор талын салонд гал гарч, машины урьд 2 суудал ар талаасаа шатаад, таазны зарим хэсэг түлэгдсэн байсан болох нь илэрсэн. Тэр өдөр өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгалан орчим явж байхад машины мотор халаад явахгүй болохоор нь ойролцоо засварын газар очоод компьютер оношилгоо хийлгэхэд "бензин моторын цахилгаан помп шатсан байна” гэсэн онош тавьсан. Тэгээд тэр даруй Х.Бтэй холбогдож "...энэ машин урьд нь онхолдсон машин байна, дотор нь гал алдагдсан юм байна, мөн помп нь муудсан юм байна шдээ, тухайн үед чи тэр болгоныг яагаад надад хэлээгүй юм бэ, яагаад нуусан бэ, би машиныг буцаамаар байна, яах уу...” гэж учирлахад тэрээр юу ч дуугаралгүй байж байгаад “... хүнээс авахдаа шатсан байсан...тэгвэл та шүүхэд өгөхгүй юу" гэж хариу өгөөд утсаа тасалсан. Тэгээд орой нь дахин олон удаа залгасан боловч ерөөсөө утсаа авахгүй байсан ба утас руу нь мессеж бичсэн боловч ямар ч хариу өгөөгүй юм. Тээврийн хэрэгсэл худалдагч Х.Б нь биет байдлын доголдолтой машин худалдаж, тухайн үед бодит байдлыг зориуд нуун дарагдуулсан явдал нь худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр заалтын 4.1-д заасан "Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй", мөн 4.3-т заасан "Худалдагч тал худалдаж байгаа тээврийн хэрэгслийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдол, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй" гэж заасныг тус тус зөрчиж хохироож байна. Мөн байнгын оршин суугаа хаягаа буруу бичүүлсэн, утас руу нь залгахад авахгүй байсан зэргээс залилангийн шинжтэй үйлдэл болов уу гэж үзэж байна. Дээрх биет байдлын доголдлыг тухайн үед харуй бүрий болж байсан, машины гадна тал үлэмж тоос, шороотой байсан, мөн уг машин гараж дотор гэрэл гэгээ муутай байсан болохоор би тухайн үед мэдэх боломжгүй байсан. Харин гаражнаас гарч ирэх үед гадаа харанхуй болж байсан. Улмаар машинд “...будаг замаск байна уу” гэж асуухад “арын гупер л будагтай" хэмээн хариулсан. Бас ... машинд хийж барих юм юу байна" гэхэд хариулт өгөөгүй. Нотариатад очоод гэрээ хийх үеэр “...Ах нь ингээд машиныг чинь авч байна надаа машины талаар захиж хэлэх зүйл байна уу, засах ёстой зүйлүүд нь байвал анхааруулаад ч юм уу хэлээрэй" гэхэд хариулаагүй. Дуудлагаар “*******" ХХК-иар үнэлгээ хийлгэхэд "уг машины салон хагарсан ч зай завсар гарсан, Зүүн урд хаалга будаг хагарч халцарсан, урд буфер цуурч халцарсан. Мөн машины баруун хойд крыло, баруун хойд хаалга зүүн хойд крыло, багажны хаалга будаг халцарч будаг замаск хагарсан. Урд 2 суудлын бүрээс урагдаж шатсан. Үндсэн моторын цахилгаан помп шатсан байдалтай байлаа” гэж тодорхойлоод мөн нийт агрегат деталын хохирол 1,395,000 төгрөг болон бензин моторын цахилгаан помп 600,000 төгрөгөөр үнэлж, нийт 1,995,000 төгрөг гарсан.

Иймд иргэн Х.Бэс биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл нийлүүлсний улмаас учирсан хохирол болох 1,995,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б миний бие нэхэмжлэгч Т.Аийн биет байдлын
доголдолтой тээврийн хэрэгсэл нийлүүлсний улмаас учирсан гэх 1,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн Монгол улсад 2019 онд орж ирж улсын дугаар авсан явж байсан Приус 30 машин 2021 оны 4 дүгээр сарын 01-ний тухайн өдөр 13.5-15.0 сая төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байсан. Нэхэмжпэгч Т.А 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр авахаар ирж үзэж харсан ба дотор гадна, урд копут сөхөж бүгдийгнэгд нэгэнгүй сайтар анхааралтай үзэж харсан болно. Энэ үед машин тоос шороогүй цэвэрхэн байсан ба гадаа гудамжинд хангалттай гэгээтэй нар жаргаагүй үе байсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хаппи таун хотхоноос 3, 4-р хороололд байрлах нотариат орох хүртэл нилээн түгжирч ирээд нотариатаас гарч ирэх үед ч гадаа гэгээтэй байсан. Тэр үед тус машиныг миний зүгээс 12,000,000 төгрөгт зарах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч Т.Аийн саналаар 10,000,000 төгрөгт
зарахаар харилцан тохиролцсон. Х.Б миний бие 2019 онд анх хүнээс худалдаж авахад энэ машин ямар байсан тэр хэвээрээ байгаа гэдгийг хэлээд яаралгүй сайн үзэж харахыг сануулсан, өөрийн зүгээс хойд гүперт жаахан засвар хийсэн, машины батарей жаахан муудаж байгаа ер нь хүсвэл солих хэрэг гарч магадгүй гэдгийг мөн хэлсэн болно. Бензин моторын цахилгаан помп шатсан гэх асуудал нь гэрээ хийсэн өдрөөс 4 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 05-ны өдөр болсон үйл явдал байна. Энэ хугацаанд нэхэмжпэгч өөрөө машинаа ямар нөхцөлд яаж ямар байдлаар ашиглаж байгаад машинаа эвдсэнийг мэдэхгүй шүү дээ. Нэхэмжпэгч нь худалдан авахын өмнө тус машинаа өөрөө биечилж жолоодож шалгаж Хаппи таун хотхоноос доошоо уруудаад төв замаараа Жуковоор дээшээ өгсөөд буцаад Хаппи таун хотхонд ирсэн, тэндээсээ 3, 4 дүгээр хороололд байрлах нотариат орох хүртэл Х.Б миний бие жолоодож хажуугийн суудалд нэхэмжлэгч өөрөө хамт сууж явсан. Энэ үед моторын цахилгаан помп шатсан гэх ямар ч асуудал байгаагүй хэвийн ажиллагаатай байсан. Хэрвээ шатсан байсан бол машин явахгүй байх ба нэхэмжлэгч худалдаж авахгүй байх байсан болов уу. Хэд хоногийн дараа моторын цахилгаан помп шатах тухай миний хувьд бол урьдчилан мэдэх ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгч гэрээний 4.1 дэх заалт зөрчиж бодит байдлыг нуун дарагдуулсан гэх, гэрээний 4.3 заалт мөн зөрчсөн гэх, оршин суугаа хаягаа буруу бичүүлж залилангийн шинжтэй үйлдэл гэж дурдсан байна, нэхэмжлэгч өөрөө машины бүх зүйлийг нүдээрээ харж гараараа барьж үзсэний үндсэн дээр зөвшөөрч худалдан авсан байж, мөн миний бие өөрийн мэдэх батарейны тухай хэлсэн байхад, хаана ч орсон иргэний үнэмлэх дээр байгаа хаяг гээд бичээд байдаг нь миний буруу биш байх иймд миний бие ямар нэг байдлаар залилсан зүйл байхгүй гэдгээ илэрхийлж байна. Энэхүү гэрээг байгуулахад 2 тал тэгш эрхийн үндсэн дээр бусад хүчин зүйл дарамт шахалтанд авталгүйгээр 2 талын хүсэл зоригт /тухайн машины бодит байдал болон тохиролцсон үнэ ханш г.м/ бүрэн нийцсэн гэж үзээд нотариатчын ажлын байранд Д.Бямба түүний дэргэд гарын үсгээр баталгаажуулсан.

Иймд Х.Б миний бие нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Х.Бд холбогдуулан биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл нийлүүлсний улмаас учирсан хохирол 1,995,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нь миний бие нотариат орох хүртэл машинаа жолоодож явсан ба хажуугийн суудалд нэхэмжлэгч өөрөө хамт сууж явсан, энэ үед моторын цахилгаан помп шатсан гэх ямар ч асуудал байгаагүй хэвийн ажиллагаатай байсан, хэрвээ шатсан байсан бол машин явахгүй байх ба нэхэмжлэгч худалдаж авахгүй байх байсан, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Х.Б, Т.А нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, ******* арлын дугаартай, ******* УНЭ улсын дугаартай, тоёота приус маркийн хар өнгийн автомашиныг Х.Б нь 9,700,000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг Т.А нь Х.Бийн дансанд шилжүүлж, машиныг хүлээн авсан, тухайн цаг хугацаанд хэн хэн нь автомашиныг оношилгоонд оруулаагүй болох нь зохигчдын тайлбар, тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ” зэргээр тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

            Ийнхүү гэрээ байгуулагдсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь машинаа авто угаалгын газарт очиж гадна угаалга хийлгэхэд машины гадна талын дийлэнх хэсэгт будаг замаск хийгдсэн нь илэрсэн гэж тайлбарлаж байх ба улмаар 4 дүгээр сарын 05-ны өдөр “*******” ХХК-иар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг гаргуулсан байна.

 

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.А нь шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, энэхүү хуулийн хугацаанд эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлагыг гаргасан байна.

 

            “*******” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-г нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүднээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь энэхүү хохирол үнэлгээний тайлантай холбоотойгоор тодорхой хүсэлт гаргаагүй болно.

 

            Дээрх тайлангаар “салон, хаалга /зүүн урд, зүүн хойд/, буфер урд, орой, крыло /баруун хойд, зүүн урд/, хаалга /баруун хойд/, суудал /зүүн урд, баруун урд/, багажны хаалга, цахилгаан помп” зэргийг эвдэрсэн гэж тодорхойлж, ажлын хөлс зэргийг тооцон нийт 1,995,000 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гарснаас хойш хариуцагчаас худалдан авсан автомашиныг зассан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр өөрөөс гарсан бодит зардал бус хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 1,995,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

 

            Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан бөгөөд “цахилгаан помп”-оос бусад эвдэрсэн эд ангиудыг нэхэмжлэгч нь автомашиныг хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

            “*******” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар “цахилгаан помп”-ын эвдрэлийн зэргийг “их” гэж тодорхойлон солих шаардлагатай, ийнхүү солиход 600,000 төгрөгийн үнэлгээтэй гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад цахилгаан помпыг 550,000 төгрөгөөр сольсон гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Мөн автомашиныг UB-4 авто засварын газарт нэхэмжлэгч нь оношлогоонд оруулахад моторын цахилгаан помп шатсан болох нь “*******” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дугаартай “Тодорхойлолт”, оношлогооны хуудас зэргээр тогтоогдож байна.

 

            Хариуцагч нь цахилгаан помп шатсан тохиолдолд машин хөдлөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна.       

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.Бэс эд хөрөнгийн доголдолтой холбоотой хохиролд 550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Бэс 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Аэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,445,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бэс нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 17,150 /арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Аэд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ