Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/01806

 

 

 

 

 

     2021           08           04                                     184/ШШ2021/01806

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Э.Е нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Б холбогдох

 

“” гэрээний үүргийн биелэлтэд  3,400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  өмгөөлөгч /үд:2150/,  хариуцагчийн   итгэмжлэгдсэн  төлөөлөгч  ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал  нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон  шүүх хуралдаанд  түүний  өмгөөлөгч тайлбарлахдаа:   

 Хариуцагч  нь   хүлээн  зөвшөөрөхгүй байгаа  шалтгаан нь    гэрээний  зүйл заалттай танилцаагүй  байна.  Нэхэмжлэгч Э.Е нь хариуцагч Б.Боос 2018 оны 05 сарын 09-нд  “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулан 1,0  нэг сая төгрөгөөр худалдан авсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 5 дугаар зүйлд эрх шилжүүлэгч нь эрх шилжихээс өмнөх бий болсон бүх өр төлбөрийг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасан. Хариуцагч   нь   Харилцаа   холбооны   зохицуулах  хорооны  2009 оны 09  сарын  28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2009 оны  9  сараас  2012 оны 9  сар  хүртэл  хугацаанд  тусгай  зөвшөөрөл   эзэмшигч  байсан. Энэ  хооронд 3,400,000 төгрөгийн авлага үүсэж, үүнийг төлөөгүй тул 2019 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянагдаж, хяналтын шатны шүүхийн тогтоолоор 3,400,000 төгрөгийг “” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед өр төлбөргүй компани шилжүүллээ гэж ойлгуулсан ба ямар ч өр төлбөргүй байсан.  Эрх  шилжүүлж  авсаны дараа   үйл ажиллагаа явуулж байхад 2009 оноос 2012 онд үүссэн өр төлбөр гарч ирсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний дагуу хийсэн компанийн эрх шилжүүлэх гэрээний  5 дугаарт  зааснаар 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө үүссэн  өр төлбөр 3,400,000 төгрөгийг  Б.Б хариуцах ёстой  гэв.

 

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.Е нь Б.Боос “” ХХК-ийн өрийг шаардаад байна. Тус компани  нь 3 хувьцаа эзэмшигчтэй  ба Э.Е тус компанийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг. 2018 оны 05 сарын 09-нд  эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул маргах зүйл байхгүй. Нэхэмжилж байгаа 3,400,000 төгрөг нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн. Түүнээс биш эрх шилжүүлэх гэрээнээс өмнө буюу 2018 оны 05  сарын 09-ний өдрөөс өмнө үүссэн өр төлбөр биш. Мөн татварын өр биш юм. Энэ нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зардал юм. Хяналтын шатны  шүүхийн 2020 оны 07сарын 02-ны өдрийн 328 дугаар тогтоолоор 3,400,000 төгрөгийг “” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Э.Е нь иргэнийхээ хувьд шаардах эрх байхгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлд компани хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлнө гэж заасан. Мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1- д компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 3 дугаар зүйлийн 3.1.1 д  зааснаар  бүртгэх аргыг хэлнэ.

Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ “ТҮВ” ХХК-ийг төлөх талаар шийдвэр гарсан. Тус төлбөрийг ямар хууль зүйн үндэслэлээр Э.Е нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний үүрэг байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч худалдах, худалдан авах гэрээ, түүний дагуу эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж байна. Тус гэрээгээр компанийг худалдсан. Бизнесийн эрх зүйгээс харж байхад компанийг 1 төгрөгөөр ч худалддаг. Учир нь компанийн эрх, үүргийг хамтад нь худалдаж авч байна гэсэн санаа юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. Тус хуулийн этгээд нь одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хуулийн этгээд өөрийнхөө хөрөнгөөр өр төлбөрийг хариуцна. Компанийн тухай хуульд компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани эдгээр эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан. Компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн агуулгаар компанийн хөрөнгө бол хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс тусдаа байна. Хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчлэх нь тодорхой. Бид ямар нэгэн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эрхийг шилжүүлсэн. Гэрээний 5 дугаар зүйлээр үүрэгжүүлсэн гэж  ярьж байна. Гэрээний 4 дүгээр зүйлд эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоогүй талаараа албан ёсоор нотлох үүрэгтэй гэж заасан.

Бид нар тус үүргээ биелүүлж энэ талаараа нотолсон. Харин гэрээний 5 дугаар зүйлд эрх шилжүүлэгч нь эрх шилжихээс өмнө бий болсон бүх өр төлбөрийг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасан. Эрх шилжүүлэх үед ямар нэгэн өр төлбөр байгаагүй. Байгаагүй талаар 2 тал маргахгүй байна. Яагаад гэвэл Харилцаа холбооны зохицуулах газраас 2019 онд нэхэмжлэл гаргаад, 2020 онд эцсийн шийдвэр гарсан бөгөөд нэхэмжилж буй зүйл нь татвар биш, бизнесийн үйл ажиллагаатай холбогдсон зардал гэж дээд шүүхээс дүгнэсэн. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зардал бол тухайн бизнесийн орлоготой шууд хамааралтай бөгөөд компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцах ёстой. Түүнээс биш зөвхөн эрх шилжүүлэх гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу тухайн үед үүсээгүй компанийн үйл ажиллагаатай холбоотой өр төлбөрийг хариуцах боломжгүй юм. Мөн тус компанийг 05  сарын 09-ний өдөр худалдаж аваад, 06  сарын 27-ны өдөр Э.Е, нар 30, 30, 40 хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр компанийг эзэмшиж байгаа. Иргэн Э.Е нь “ТҮВ” ХХК-д шүүхээр тогтоосон үүрэг буюу бусдад төлөх бизнесийн зардлыг нэхэмжлэх эрх байхгүй гэж үзэж байна. Эрх шилжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг төлөх үүрэг байхгүй. Компанийн тухай хуульд ... компанийн гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн бол компанид өөрийн хөрөнгөөр компанийн өмнөөс өр төлбөр барагдуулах нөхөх хариуцлага хүлээнэ.  Иймд  тус  компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцах ёстой тул  нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар  хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Э.Е нь  хариуцагч   Б.Бд   холбогдуулан       “Компанийн   эрх шилжүүлэх “  гэрээний  5 дугаарт   заасны  дагуу   гэрээний  үүргийн биелэлт 3 400 000  төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн  үндэслэлээ:  2018 оны 05 сарын 09 нд “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”- ний дагуу “ТҮВ ХХК-ний  100 хувийн хувьцааг  1,000.000  / нэг  сая / төгрөгөөр  Б.Боос худалдан  авсан бөгөөд  мөн  өдөр   “Компанийн   эрх шилжүүлэх “   гэрээг  тус тус   байгуулсан байна.

 2009-2012 оны  хооронд   хариуцагч  нь  компанийн  хувьцаа  эзэмшигч  байсан тул  Харилцаа холбооны  зохицуулах  хороонд  төлөх  ёстой  байсан  бүх нийтийн үйлчилгээний үүргийн  санд төвлөрүүлэх  хөрөнгө  3 400 000 төгрөгийг     хариуцах үндэслэлтэй  гэжээ. / хх-9,10/ дугаар тал.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нэхэмжлэлийн  шаардлагыг  эс зөвшөөрч татгалзсан  үндэслэлээ:  ...   Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зардал бол тухайн бизнесийн орлоготой шууд хамааралтай бөгөөд компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцах ёстой.  ...  зөвхөн эрх шилжүүлэх гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу тухайн үед үүсээгүй, компанийн үйл ажиллагаатай холбоотой өр төлбөрийг хариуцах боломжгүй   гэж  маргаж байна.

  

Хэрэгт цугларсан   нотлох  баримтууд болон   зохигчдын  тайлбаруудаас  үзвэл  дараах  байдал тогтоогдож  байна.

 Хариуцагч Б.Б  нь  2009.08.28-нд “ ТҮВ” ХХК  байгуулж байсан ба  хуулийн  этгээдийн  үйл ажиллагаа  явуулж  байхдаа Улаанбаатар-Лондон хотуудын хооронд  шуудангийн   илгээмжийн үйлчилгээг  эрхлэх   зөвшөөрлийг  “Харилцаа холбооны зохицуулах хорооны”   2009.09.28-ны  өдрийн 38 дугаар тогтоолын дагуу эрх  авч  2012 оны 09 сар хүртэл дуусах хугацаатай  ажиллаж  байсан бөгөөд 2013.03.01-нд  уг тусгай  зөвшөөрлийг  хүчингүй  болгосон байна. / хх 78,88-89, 90  дугаар тал /

 

Нэхэмжлэгч Э.Е  нь  тус  компаний 100 хувийн  хувьцааг 2018.05.09 нд 1,0 / нэг сая / төгрөгөөр  худалдаж,  “Хувьцаа худалдах гэрээ”,  “Компаны эрх шилжүүлэх”  гэх нэртэй гэрээг  талууд  тус тус иргэнийхээ хувьд  байгуулсан  үйл явдал болсон  болох нь хэрэгт авагдсан  бичгийн  нотлох  баримтуудаар  болон  зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.  /хх 9,10 дугаар тал/

 

Хэрэгт ирүүлсэн “Мэдээллийн  технологи, шуудан  харилцаа  холбооны   газар”-аас   /тусгай  зөвшөөрөл  эзэмшигчдээс  хөрөнгө төвлөрүүлэх тухай /  2015 оны 03 сарын 17 ны өдрийн 7/225  дугаар  албан  тоот, түүний  арын хавсралтад     2009-2014 онд  Авлагатай  байгууллагын жагсаалт гэх хэсэгт  “ТҮВ” ХХК бичигдсэн зэрэг бичгийн баримтаас  үзэхэд:  Хариуцагч Б.Б  нь    2009-2012 онд    хуулийн этгээдийн  иргэний  эрх зүйн чадвартай  байсан үед дээрх  өр авлага үүссэн болох нь  тогтоогдож     байна. /хх-79  дугаар  тал /

 

Талуудын хооронд  байгуулсан  “Эрх шилжүүлэх гэрээний”   4 дүгээрт  “...эрхийг шилжүүлэхдээ  татвар, гааль,нийгмийн даатгал,банк... шүүхийн шийдвэр, ... иргэнтэй   хийх  төлбөр тооцоогүй   талаараа  албан ёсоор нотлох үүрэгтэй” гэж,

           гэрээний   5 дугаарт  “ эрх шилжүүлэгч  нь  эрх шилжихээс  өмнө  бий  болсон  бүх өр төлбөрийг  бүрэн хариуцаж  барагдуулна” гэж    тохиролцсон  байх ба  хариуцагч нь   Эрх шилжүүлэх гэрээний  4-т  заасан  дагуу үүргээ биелүүлсэн. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг төлөх үүрэг байхгүй гэж   тус тус  маргажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний  талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй  байгуулах,түүний агуулгыг өөрсдөө  тодорхойлох эрхтэй”  гэжээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн  Иргэний хуулийн    42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д  заасны дагуу гэрээг бичгээр байгуулж  харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул    дээрх гэрээ  хүчин төгөлдөр байна.

 

  Түүнчлэн Иргэний хуулийн  189 дүгээр зүйлийн 189.5-д “энэ хуулиар зохицуулаагүй,шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж,хэлбэрийг илэрхийлсэн  өвөрмөц  агуулга  бүхий гэрээг  нэрлэгдээгүй гэрээ  гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд ... үүргийн тухай  нийтлэг үндэслэл хамаарна гэжээ.

Иргэний хуулийн   186 дугаар зүйлийн  186.1-д “Хууль буюу гэрээгээр  үүрэг  гүйцэтгэгч  нь  ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл  тодорхой үйлдэл хийхээс  татгалзах үүргийг  үүрэг  гүйцэтгүүлэгчийн  өмнө  хүлээх  бөгөөд  үүрэг  гүйцэтгүүлэгч  нь  түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй  гэж зааснаар   хариуцагчийг гэрээгээр  хүлээсэн   үүргээ   биелүүлэхийг  нэхэмжлэгч нь  шаардах  эрхтэй  байна. 

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь  нэхэмжилж байгаа 3,400,000 төгрөгийг   эрх  шилжүүлэх гэрээнээс өмнө буюу 2018 оны 05  сарын 09-ний өдрөөс өмнө үүссэн өр төлбөр биш,  бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зардал гэж    тайлбарлаж   байгаа  ба   Б.Быг 2009-2012  онд хуулийн  этгээдийн эрхтэй  байх үедээ   өр үүсээгүй   гэж маргаж байгаа боловч өөрийн  тайлбараа   бусад  бичгийн  нотлох     баримтаар  нотолж  няцааж  чадаагүй  байна.     

Хариуцагчаас  ирүүлсэн 80-87 дугаар талд авагдсан баримтууд  нь хэрэгт  хамааралгүй ач холбогдолгүй тул үнэлээгүй  болно.

 Иймд хариуцагч    Б.Боос  “Компанийн   эрх шилжүүлэх “  гэрээний    үүргийн биелэлтэд  3 400 000  төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Э.Ет олгох үндэслэлтэй   байна гэж шүүх  үзлээ.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 186 дугаар  зүйлийн 186.1-д заасныг баримтлан  хариуцагч  Б.Боос  “Компаний Эрх шилжүүлэх гэрээний” үүргийн биелэлтэд  3,400 000  /   Гурван сая  дөрвөн   зуун  мянган  /   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ет олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  69 350 төгрөгийг  улсын оролгод  хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 69 350  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ет   олгосугай.  

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУНЦЭЦЭГ