Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/409

 

 

 

 

 

 

   2024         05          20                                  2024/ШЦТ/409

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч А.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганболд,

нарийн бичгийн даргаар Ж.Ариунзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2411001010181 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогтой А.А  

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3.

Урьд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай энгийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” худалдааны төвийн 2 давхарт 21/4 тоот лангуунаас хохирогч Э.Шгийн эзэмшлийн “Самсунг Эс 10 5 жи плас /Samsung S10 5G plus/” загварын гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "....” худалдааны төвийн 2 давхрын 25-4 тоот лангуунаас хохирогч Ш.Аын эзэмшлийн “Самсунг А34” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 799.960 төгрөгийн хохирол учруулсан,

 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 даг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түгээмэл” төвийн 1 давхрын 3 тоот лангуунаас хохирогч У.Мийн эзэмшлийн “Самсунг А90” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 45 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн баруун талд байршилтай “Алт мөнгөний төв” гэх нэршилтэй газар хохирогч А.Хын лангуун дээр зарж байсан ээмэгнүүд үзэж байгаад 702,000 төгрөгийн үнэ бүхий 916 сорьцтой хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлан авч хохирогчид 702,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....”  худалдааны төвийн 2 давхарт 21/4 тоот лангуунаас хохирогч Э.Шгийн эзэмшлийн “Самсунг Эс 10 5 жи плас /Samsung S10 5G plus/” загварын гар утасыг хулгайлан авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15:30 минутын үед намайг лангуун дээрээ сууж байтал гаднаас 40 орчим насны эмэгтэй хүн орж ирээд манай лангуун дээрээ. “...Самсунг загварын ямар ямар утас байна вэ...” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд лангуун дотроос зөндөө утас гаргаж ирж үзүүлсэн. Тэр эмэгтэй утаснуудыг нэлээн үзэж байгаад авахаа болиод гараад явчихсан. Тухайн үед би үзүүлсэн утаснуудаа буцааж аваад лангуу доороо хийсэн юм. Тэгээд маргааш нь лангууны утаснуудаа янзалж байгаад “Самсунг Эс 10 5 жи” гэдэг загварын утсыг хүнд үзүүлэх гээд лангуунаасаа хайсан чинь алга болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Уг гар утсыг А.А надад өгсөн юм. Тухайн үед А гадуур явж байгаад ирэхдээ уг гар утсыг авч ирсэн. Тэгээд надад “...чи энэ утсыг барих уу..." гэхээр нь би "... тэгье" гэж зөвшөөрөөд уг гар утсыг аваад өөрийн дугаараа хийж ашигласан юм. Тэгээд тэр утсыг хэсэг хугацаанд би өөрөө барьж байгаад, 2023 оны 12 сарын сүүлээр 3,4 дүгээр хороололд ломбардад 230.000 тавьчихсан. Ямар нэртэй ломбардад тавьснаа санахгүй байна, хот сайн мэдэхгүй болохоор ломбардаа олохгүй байх..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1229 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,

- Скайтел ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 23/16872 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас/,

- Дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-29 дүгээр тал/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "....” худалдааны төвийн 2 давхрын 25-4 тоот лангуунаас хохирогч Ш.Аын эзэмшлийн “Самсунг А34” загварын гар утсыг хулгайлан авч 799.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “....” худалдааны төвийн 2 давхарт 25-4 тоот лангуу ажиллуулаад сууж байсан чинь гаднаас манай байнгын үйлчлүүлэгч ээжтэйгээ хамт орж ирээд ээждээ болон хүүхдэдээ нийт 2 ширхэг гар утас худалдаж авсан юм. Тэгээд тэр худалдаж авсан утсан дээр нь би юм суулгаж өгөөд байж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд 600-700 мянган төгрөгийн хооронд ямар утас байна гэж хэлэхээр нь би 3-4 ширхэг утас лангуун дээрээ гаргаад тухайн эмэгтэйд үзүүлсэн. Тэгээд үзэж байгаад нөгөө эмэгтэй өөр утас үзэж байгаад ирье гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би тэр хэдийг явсны дараа лангуугаа эмхлээд сууж байсан чинь 1 ширхэг гар утас дутсан. Тухайн эмэгтэй нь бор шаргал өнгийн урт куртиктэй, нүүрэндээ цагаан өнгийн масктай, үсээ дээшээ шуугаад боочихсон, том давхраатай нүдтэй эмэгтэй байсан ба би тухайн эмэгтэйг гарсны дараа хяналтын камер шүүсэн чинь цагаан өнгийн “приус 41” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын суудалд суугаад яваад өгсөн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,

- “Скайтел” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 24/413 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 76 дугаар тал/,

- "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 91-94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч А.А нь  2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 даг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түгээмэл” төвийн 1 давхрын 3 тоот лангуунаас хохирогч У.Мийн эзэмшлийн “Самсунг А90” загварын гар утсыг хулгайлан авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч У.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13:45 минутын үед эмэгтэй, 40 гаруй орчим насны, бор шаргал өнгийн куртиктэй, малгайгаа гартаа барьсан, хар өмд, хар гуталтай эмэгтэй орж ирээд манай лангуунаас утас сонирхоод байхаар нь ямар утас байгаа талаар нь асуухад эгч нь 500-600 мянган төгрөгийн утас сонирхож байна, өндөр хүчин чадалтай утас байна уу гэхээр нь би “Самсунг А90” загварын цагаан өнгийн 128 гб багтаамжтай утсаа үзүүлсэн. Мөн “Ай фоне экс, экс ар” гэх нэртэй утаснуудыг тухайн эмэгтэйд үзүүлсэн. ... тэгээд нөгөө эмэгтэй чинь "за за эгч нь утас сайн мэдэхгүй байна энэ хавиар үзэж байгаад буцаад ирье” гээд хурдан гараад явсан. Тэгээд би 2 цагийн дараа өөр хүнд утас үзүүлэх гээд нөгөө эмэгтэйд үзүүлж байсан “Самсунг А90” загварын утсаа хайтал лангуунаас тухайн утас байхгүй болсон байсан. ... камер шүүхэд хамгийн анх “Самсунг А90” загварын гар утсыг үзүүлсэн нөгөө эмэгтэй гартаа барьж явсан хар малгайныхаа дотор талд хавчуулаад гараад явж байгаа бичлэг байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 109 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 130-133 дугаар тал/,

- Хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 135-137 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч А.А нь  2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 45 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн баруун талд байх “Алт мөнгөний төв” гэх газарт хохирогч А.Хын лангуун дээр зарж байсан ээмэгнүүд үзэж байгаад 702,000 төгрөгийн үнэ бүхий 916 сорьцтой хос алтан ээмгийг амандаа хийж гарч яван хулгайлан авч хохирогчид 702,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “М” худалдааны төвийн баруун талд байх “Алт мөнгөний төв” гэх газарт лангуун дээр худалдагч ажил хийдэг бөгөөд тухайн газарт 9 сар орчим ажиллаж байна. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 45 минутын орчимд лангуун дээр хэдэн хүн ирж юм үзэж байсан чинь хажуугаар нь нэгэн 40 орчим насны эмэгтэй хүн лангуун дотроос тавиуртай олон тооны ээмэг гаргуулж үзүүлж байгаад 3 төрлийн ээмэг зүүж үзэж үзсэн 3 ээмэгний нэг буюу 916 сорьцтой алтан ээмэг үзэж байгаад аваад явсан байсан. Би тухайн хүнийг гараад явсны дараа 10 минут орчмын дараа алтан ээмэг байхгүй байгааг мэдээд араас нь гарсан боловч байхгүй болсон байсан. Тухайн эмэгтэй хүн нь ямар нэгэн худалдан авалт хийгээгүй. Ээмэг үзэж байгаад аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...эмэгтэй хүн байсан. 40 орчим насны, 165 орчим өндөртэй, бага зэрэг махлаг цайвар шар царайтай, нүд нь давхраа байхгүй юм шиг харагдсан. Ноосон малгайтай маск зүүсэн, хар өнгийн дээл, ногоон өнгийн даавуу бус зүүсэн, гартаа жижиг хар өнгийн цүнх үүрсэн, хар малгайтай цамц дотуураа өмссөн байсан гутлыг нь сайн харж чадаагүй. Тухайн хүнийг би дахин харах юм бол танина нүд болон өмссөн хувцас биеийн гадна дүр төрхөөр нь танина... манай захирал мэдэх байх яг хаанаас хэдэн төгрөгөөр авдаг талаар би мэдэхгүй байна. Манай лангуун дээр 1,660,000 төгрөгөөр зарагдаж байсан. 916 сорьцтой алтан хос ээмэг байсан. одоо тухайн ээмгийг би зарж байсан үнэ болох 1.660,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161-162 дугаар тал/,

- 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Алт мөнгөний төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 170-173 дугаар тал/,

- Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЧД1-23-1231 дугаартай хулгайд алдагдсан гэх хос ээмгийг 702,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 176-179 дүгээр тал/,

- Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29/1579 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 216 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч А.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 4 удаагийн үйлдлээр хохирогч нарын гар утас, алтан ээмэг зэргийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар уг үйлдлийг хийж хохирогчдын өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.

Тиймээс шүүгдэгч А.Агийн 2023 оны 12 дугаар сарын 02-ноос 26-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .... төв, Түгээмэл төв, “Алт мөнгөний төв” зэрэг худалдааны газруудаас  хохирогч Э.Шгийн “Самсунг Эс 10 5жи плас” загварын гар утсыг, хохирогч Ш.Аын “Самсунг А34” загварын гар утсыг, хохирогч У.Мийн “Самсунг А90” загварын гар утсыг, хохирогч А.Хын худалдан борлуулж байсан хос алтан ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 2.386.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, улсын яллагчаас түүнийг дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганболд нь: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол нөхөн төлөхөөр бүхий л арга хэмжээг авсан. Мөн 3 хохирогчид төлөх төлбөрийг миний үйлчлүүлэгч төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой. Иймд миний үйлчлүүлэгчид хохирохоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд ээж хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон ээж, хязгаарлалтыг Ховд аймгийн Манхан сумаар тогтоож өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймд шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, бусад хохирогчдын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч шүүхээс хохирол төлөх завсарлага авсан хэдий ч барагдуулаагүй байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд 2 удаа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

            Бусад асуудлын талаар

Шүүгдэгч А.А нь хулгайн гэмт хэрэг үйлдэж хохирогч Э.Шд 510.000 төгрөг, Ш.Ад 799.960 төгрөг, У.Мт 375.000 төгрөг, хохирогч А.Хд 702.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Шд учруулсан 510.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.Агаас 1.876.960 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ад 799.960 төгрөг, У.Мт 375.000 төгрөг, хохирогч А.Хд 702.000 төгрөгийг олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А нь шүүхээс хохирол төлөх завсарлага авсан боловч хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул  хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.

  

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт А.Аг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Агаас нийт 1.876.960 /нэг сая найман зуун далан зургаан мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.А д 799.960 /долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жар/ төгрөг, У.М 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч А.Х 702.000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ