Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 00109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Н.Хулан

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Д.Соёлмаа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цагаан азарга овгийн Дамдиндоржийн Соёлмаад холбогдох 201714000196 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Цагаан азарга овгийн Дамдиндоржийн Соёлмаа, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-18-91 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:ФД85091204/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Соёлмаа нь 2017 оны 03 сарын 08-ны өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүнхэр алтай” баарны гадаа Ч.Уранчимэгтэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар прокурорын тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Уранчимэгийн “2017 оны 03 сарын 08-ны орой хоёр найз нарын хамтаар Зэст багт байрлах Хүнхэр алтай гэдэг бааранд орж мартын баяраа тэмдэглэж байсан ба хэсэг хугацааны дараа хэдэн залуус ирээд хамт явж байсан залуусыг маань аваад гараад явсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гараад очтол хэдэн залуус манай залуустай маргалдаад зууралдаад байж байхаар нь салгах гээд очтол намайг нэг залуу зуураад салгаж байх хойгуур нэг эмэгтэй хажуугаас орж ирээд намайг үсдэж аваад татаад миний нүүрийг маажсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26-р хуудас/

 

2. Гэрч Р.Энх-Амгалангийн “Би 2017 оны 03 сарын 08-ны орой 21 цагт эргүүлийн үүрэг аваад хариуцсан багууд болох Зэст, Оюут багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад шуурхай удирдлагын 7035102 дугаараас 23 цагийн үед Зэст багт байрлах Хүнхэр алтай бааранд зодоон болоод байна гэсэн дуудлага аваад Хүнхэр алтай баарны гадаа очиход улаан палажтай эмэгтэй орилж хашгичаад байж байсан. Тэнд байсан бас хэсэг залуус хэрүүл маргаан хийгээд тарж өгөхгүй, шаардлага тавихад биелүүлэхгүй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгсэн нэг эмэгтэй миний нүүрийг тэр улаан палажтай эмэгтэй урсан, намайг зодсон гэж хэлж байсан юм. Тэгээд би хамт явж байсан олон нийтийн цагдаа Батбаярын хамтаар тэр улаан палажтай эмэгтэйд очиж чи одоо болио буцаад баарандаа ор, хэрүүл маргаан битгий үүсгээд бай, гэж хэлээд цааш нь баар руу оруулсан. Тэгээд би тэр хавьд хэрүүл маргаан үүсгэж байсан хүмүүсийг тараагаад байж байтал нөгөө улаан палажтай эмэгтэй буцаж гарч ирээд орилж хашгичаад байсан. Тэгсэн нөгөө нүүрээ уруулж, зодуулсан эмэгтэйг шууд барьж аваад үсдээд дараад авсан юм. Тэгээд би очиж салгаж аваад улаан палажтай эмэгтэйг хамт явж байсан хүмүүст нь өгсөн. Нэг залуу аваад баар руу орсон юм. Тэгээд би хөдөлгөөнт эргүүл дуудаж улаан палажтай эмэгтэйг өгч явуулах гэсэн боловч машинд суухгүй байхаар нь хохирсон гэх эмэгтэйг хамт суугаад яв гэж хэлээд хоёуланг нь суугаад явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 32-р хуудас/

 

3. Гэрч Б.Угтахбаярын “2017 оны 03 сарын 08-ны орой найз нарын хамт Уранчимэг Эрдэнэбулган Тэсмөрөн, Батбаяр, Дөлгөөн бид хэд Зэст багийн Хүнхэр алтай бааранд мартын 8-ны баярыг тэмдэглэх гэж орсон байсан. Тэндээ бид хэд сууж байсан тэгсэн хэн нэгэн гадаа бөөн юм болоод байна гэж хэлсэн. Тэгээд би гараад хартал нэг улаан куртиктэй эмэгтэй Уранчимэгийг үснээс нь зулгаагаад дарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би очоод Уранчимэгийг үсдээд байсан эмэгтэйгээс салгаж авсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирээд зохицуулж байхад нөгөө улаан куртиктэй эмэгтэй дахиад дайраад Урнааг буланд шахаад үснээс нь зулгааж байсан. Би тухайн үед хараад зогсож байсан. Урнааг нөгөө эмэгтэйгийн хамт хөдөлгөөнт эргүүлийн машинаар аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтийн “Ч.Уранчимэгийн биед тархи доргилт, нүүр, зүүн тохойнд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 35-р хуудас/

 

5. Шүүгдэгч Д.Соёлмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 03 сарын 08-ны өдөр Хүнхэр алтай бааранд гэр бүлийнхэнтэйгээ март-8 тэмдэглэсэн. Тэгэхэд нөхөр хүргэн ах хоёр гадаа машинд тамхи татаад сууж байсан. Би тэр хоёрыг дуудах гээд гарахад гадаа хоёр залуу тамхи татаад зогсож байсан. Арай намхан залуу нь миний өгзөгнөөс базсан. Чи яаж байгаа юм бэ? гэхэд “чиний өгзөгнөөс базахад яадаг юм бэ” гээд байсан. Машины гэрэл тусч байсан болохоор их тод харагдсан. Манай нөхөр хүргэн ах хоёр гарч ирээд тэр хоёр залуутай маргасан. Бид хэрэлдээд зогсож байхад намхан залуу нь баар руу гүйгээд ороод цуг явсан найзуудаа дуудаад гараад ирсэн. Тэгээд зодолдох нь зодолдож үсдэлцэх нь үсдэлцээд баахан хүмүүс зодолдсон. Тэр зодоон дундуур гүйж ороод Уранчимэгийг үснээс нь зулгаасан. Харилцан үсдэлцсэн. Миний хувьд хохирогчтой тэр залуус намайг их доромжилсон. Уранчимэгийн найзууд нь ч юм уу? нөхөр нь ч юм уу мэдэгдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч Ч.Уранчимэг нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “Д.Соёлмаад холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Ч.Уранчимэг миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Соёлмаа нь 2017 оны 03 сарын 08-ны өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүнхэр алтай” баарны гадаа Ч.Уранчимэгтэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Уранчимэгийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч  Д.Соёлмаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Цагаан азарга овгийн Дамдиндоржийн Соёлмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Д.Соёлмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Соёлмаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС