Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2021/0030

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0030

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Р.Б

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Р.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17, “Л.Б-г Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Б миний бие Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан. Би Төрийн албаны ерөнхий шалгалтад 2018 онд орж, тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Б/24 дугаартай захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.

Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн өглөө 11 цагийн үед Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга дуудаж, өрөөнд нь уулзахад таныг ажлаас чинь чөлөөлөх гэж байна, сонсох ажиллагаа хийнэ гэж хэлсэн. 2019 оны байгууллагынхаа санхүүгийн тайланд аймгийн аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авсан байна, 2020 оны 5 сард уг дүгнэлтийг үндэслэн сахилгын арга хэмжээ авагдсан байна, 2020 оны аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр “F” үнэлэгдсэн байна гэсэн үндэслэлийг хэлж ажлаас чинь чөлөөлнө гэсэн. Би тухайн үед намайг ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлээд, сонсох ажиллагааны тэмдэглэл дээр гарын үсгээ зураад гарч ирсэн. Надад намайг ажлаас чөлөөлөх талаар өмнө нь ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй.

Хариуцагч нь намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнд томилогдсон байх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж төрийн албаны шалгалтанд орж тэнцээгүй, холбогдох шаардлагыг хангаагүй Л.Б-г Аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б/18 дугаартай захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журам, тогтоолд заасан шаардлагыг бүрэн хангасан намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж тус өдрөө шаардлага хангаагүй Л.Бг томилсон нь тус захиргааны акт миний эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Р.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17, “Л.Б-г Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Р.Б-ыг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн байдаг. Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар ажлаас чөлөөлөх захирамжийг гаргахаас өмнө мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу уг ажлаас чөлөөлсөн захирамж гаргахынхаа өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Р.Б-д захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлаж санал гаргах боломжийг нь олгох ёстой байсан. Гэтэл энэ олгох ажиллагаа огт явагдаагүй.  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа явуулахдаа зайлшгүй хуульд заасан мэдэгдлийг хүргүүлэх ёстой. Гэтэл уг мэдэгдлийг огт хүргүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх захирамж гаргана гэдгийг хууль ёсны дагуу мэдэгдэж түүнд тайлбар гаргах боломжит хугацааг олгох ёстой. Үүний дагуу Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг гаргаж баримтжуулах ёстой. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Засан даргын орлогч өрөөндөө дуудаж “таныг ажлаас чөлөөлсөн” гэж нэгэнт 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн гарсан шийдвэрийг танилцуулсан байдаг.

Хоёрдугаарт, ажлаас чөлөөлсөн Б/17 дугаар захирамжиндаа 3 хуулийн заалтыг үндэслэсэн байдаг. Нэгдүгээрт нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн заалт үндэслэлгүй байна. Учир нь Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байсан н.Н 2019 онд халагдаж Р.Б энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу ажил үүргээ хүлээн авсан байдаг. Төрийн албаны тухай хуульд заасан зарчмыг баримталсан нь нотлох баримтуудаар харагддаг. Гэтэл хуульд заасан журмыг зөрчиж төрийн албыг гүйцэтгэж байгаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Хариуцагч Биеийн тамир, спортын хороонд Р.Быг чөлөөлж, Л.Бг томилох тухай талаараа албан бичиг явуулж уламжилсан байдаг. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/250 тоот хариу албан бичиг ирсэн байдаг. Үүнд Р.Б 3 ба түүнээс дээш хангалтгүй үнэлгээ аваагүй тул түүнийг албан тушаал бууруулж чөлөөлж халах үндэслэл одоогоор тогтоогдохгүй байна. Л.Б нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, албан тушаалын тусгай шаардлага хангахгүй тул албан тушаалд томилохоос татгалзах гэсэн тайлбарыг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Биеийн тамир, спортын хороотой хийх зөвшилцөл амжилтгүй болсон ч огт шаардлага хангахгүй хүнийг хувийн ашиг сонирхол бүхий томилгоо хүчээр хийсэн асуудал байгаа юм. Захирамжиндаа үндэслэсэн 3 дахь заалт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Энэ хуулийн зохицуулалтын дагуу хууль тогтоомжит нийцсэн байх ёстой. Гэтэл аймгийн Засаг дарга хуульд нийцээгүй захирамж гаргаж миний үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хөндсөн байна. Мөн хариуцагч талаас хариу тайлбар ирүүлсэн байдаг. Ингэхдээ тушаалд зааснаас шал өөр 2 үндэслэлийг дурдсан байдаг. Тушаалдаа дээрх 3 үндэслэлээс өөр зүйлийг дурдаагүй. Гэтэл хариу тайлбартаа хязгаарлалтай дүгнэлт авч 2019 онд сануулах шийтгэлээр шийтгэгдсэн учраас ажлаас халж байна гэсэн байдаг. Мөн 2020 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн учраас ажлаас халж байна гэсэн нөгөө тушаалд заасан үндэслэлд ямар ч хамааралгүй тайлбар гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Мөн дээрх дурдсан 2 үндэслэл нь нэхэмжлэгч Р.Быг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Л.Б нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй. Мөн Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт заасан зөвшилцөх заалтыг хэрэгжүүлээгүй. Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Л.Б-г томилсон байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан боловч түр орлон гүйцэтгэхтэй холбоотой заалтыг баримтлаагүй асуудал байгаа. Мөн гуравдагч этгээд болон хариуцагч шүүхэд тайлбар өгөхдөө гуравдагч этгээд сонгон шалгаруулалтын дагуу томилогдсон гэж тайлбар гаргадаг. Хариуцагч талаас сонгон шалгаруулалт түдгэлзсэн учраас сонгон шалгаруулалтанд оруулаагүй гэдэг тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг. Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичигт Л.Б төрийн албаны ерөнхий болон тусгай аль ч шалгалтыг өгөөгүй. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 онд өгсөн боловч тэнцээгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнээс харахад албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй иргэнийг ажилд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна ...” гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Б нь Төрийн албаны тусгай шалгалтад ороогүй, Төрийн албанд жинхлэн томилогдоогүй байсан. Мөн Архангай аймгийн Төрийн Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авч 2020 онд аймгийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэлээр шийтгүүлж байсан бөгөөд 2020 оны аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн учраас түүнийг Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Б нь сонсох ажиллагааны явцад биечлэн оролцож тэмдэглэл хөтөлсөн байгаа. Сонсох ажиллагааг явуулах үед Засаг даргын захирамж гаргаагүй байсан. Нэхэмжлэгч Р.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуульд заасныхаа дагуу сонсох ажиллагаа хийж, “та ийм алдаа дутагдал гаргасан, зөрчил гаргасан ийм ийм үндэслэлтэй байх тул” ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдьё гэсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байгаа байх. Сонсох ажиллагаа хийсний дараа нэхэмжлэгч Р.Б-ыг ажлаас халсан санагдаж байна. Тухайн албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар 43.6 дах хэсэгт заасныг баримталсан гэж хэллээ. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар 43.6 дахь хэсэгт энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Яагаад зөрчсөн гэж үзэж байна вэ гэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсанаар төрийн албаны мерит зарчим анхнаасаа алдаатай явагдсан. Нэхэмжлэгч Р.Б-ыг анх 2019 онд түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо тухайн албан тушаалд түр дасгалжуулагч багшаар ажиллаж байсан хүнийг тухайн байгууллагын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Биеийн тамирын газар улсын хороотой хуулийн дагуу зөвшилцөөгүй гэж үзэж байх шиг байна. Ер нь албан ёсоор зөвшилцсөн гэж байгаа. Төрийн албаны мерит зарчмаар шаардлага хангаж байгаа шаардлага хангасан хүнийг томилох нь зүйтэй гэсэн албан бичгийг Архангай аймгийн Засаг даргын зүгээс Биеийн тамирын газар, Улсын хорооны даргад явуулж албан ёсоор хариу ирсэн байна. Уг ирсэн хариунд “хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу ирсэн боловч  аль нэг талыг хүлээн зөвшөөрүүлэх хуулийн зүйл заалт байхгүй. 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Р.Б нь аймгийн Засаг даргын захирамжаар Төрийн аудитын газрын хязгаарлалттай дүгнэлт авсны улмаас сануулах сахилгын шийтгэл авсан байдаг. Төрийн албаны тухай хуулиар сахилгын арга хэмжээ авахдаа шат дараатай авдаг, шууд ажлаас чөлөөлж болохгүй. Эхэлж сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой байдаг. 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Р.Б сахилгын шийтгэл авсан байсан учраас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргад сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай байсан учраас тухайн хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг гэв.

Гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй танилцлаа. Биеийн тамир, спортын газар нь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг юм. Аймгийн Засаг дарга өөрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гарган миний биеийг томилсон. Мөн манай байгууллагын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Иймд Р.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд  Л.Б-гийн эрх, ашиг хөндөгдөж байгаа. Гуравдагч этгээд маань өөрөө Биеийн тамир спортын газрын даргын дараагийн албан тушаал буюу ахлах дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэдэг хүн байгаа юм. Энэ нь өөрөө тухайн байгууллагын түр биш жинхэнэ албан хаагч юм. Нэхэмжлэгч Р.Б ахлах дасгалжуулагчийн ажил, үүргийг гүйцэтгэж байгаад Засаг даргын зүгээс 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлсөн байдаг. Гэхдээ Биеийн тамир спортын газрын дарга н.Н ажлаасаа чөлөөлөгдөж тухайн байгууллагад сул орон тоо гарсан. Гэтэл энэ цаг үед цар тахалтай холбоотой сонгон шалгаруулалт зарлах үйлчлэлийг хязгаарласан байсан. Үүд үндэслэж Р.Б-ыг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийг бүхэлд нь ноцтой зөрчиж түр тушаалаар тухайн байгууллагад түр орон тоонд ажиллаж байсан хүнийг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Л.Б-г даргаар томилсон гэж ярьлаа. Уг албан тушаалд түр томилгоотой байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар дараагийн даргын албан үүргийг ойролцоо албан тушаалтан гүйцэтгэнэ гэсэн зүйл заалтын дагуу Л.Б-г томилсон. Уг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлагдаж байж уг журамд заасны дагуу томилогддог. Гэтэл уг журамд зааснаар даргыг томилох боломжгүй байгаа учраас Л.Б-г дараагийн албан тушаалтан томилогдох хүртэл хугацаагаар томилсон байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн албаны шалгалт өгсөн байна уу өгөөгүй байна уу хамаагүй. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу байгууллагын дарга гэдгээрээ Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтлахаас өөр аргагүй юм.

Нэхэмжлэгч тухайн байгууллагын түр орлон гүйцэтгэгч даргын албан тушаалд томилогдохдоо энэ хуулийг ноцтой зөрчиж томилогдсон. Тухайн байгууллагын жинхэнэ албан хаагч биш түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ алдааг Засаг дарга залруулж Төрийн албаны тухай хуулийн дагуу дараагийн албан тушаалыг томилсон асуудал яригдаж байгаа. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг яаж зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Угаасаа түр орон тоонд ажиллаж байсан.

 Харин Л.Б-гийн хувьд Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч юм. Тухайн байгууллагын жинхэнэ албан хаагч юм. Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилоход удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарладаггүй. Мөн төрийн албаны шалгалт өгөөгүй гэдэг асуудал нь төрийн үйлчилгээний албан тушаалд ямар ч хамааралгүй. Л.Б төрийн жинхэнэ албан хаагчийн шаардлагыг өгөх шаардлагагүй. Иймд Л.Бг түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудал нь хууль зүйн үндэслэлтэй хуулийн дагуу томилсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүхэд иргэн Р.Б-оос Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Р.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Л.Б-г Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах” гэж ихэсгэсэн байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан албан тушаалтан болох Архангай аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

4.Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.8., Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн Р.Б-ыг 2019 оны  5 дугаар сарын 27-ны өдрөөс Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /х.х-н 23/

5.Гэтэл аймгийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6., Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8.-д заасныг үндэслэн Р.Быг Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрийн Б/18 дугаар захирамжаар Л.Бг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. /х.х-н 19, 24/

6.Улмаар иргэн Р.Б-оос дээрх захирамжид холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ. /х.х-н 1/

7. Хоёр. Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалын тухайд, өмнө тус газрын даргаар ажиллаж байсан Ц.Н-г аймгийн Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар ажлаас халжээ. /х.х-н 21/

8. Улмаар Ц.Н-с дээрх захирамжид холбогдуулан шүүхэд маргаан үүсгэж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0005 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-н 201-203/

9. Түүнчлэн  аймгийн Засаг дарга 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Н-г Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актуудыг үндэслэн төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халжээ. /х.х-н 81/

10.Иргэн Ц.Н-с дээрх захирамжид холбогдуулан шүүхэд маргаан үүсгэж, Завхан аймаг дахь Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2020/0012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож /Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож/ шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 576 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж /Б/23 дугаар захирамжид холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн/, Улсын дээд шүүх магадлалыг хэвээр үлдээжээ. /х.х-н 98-200/

11.Дээрх нөхцөлөөс үзвэл, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаал нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл шүүхийн маргаантай буюу бусад этгээдийг жинхэлэн томилох боломжгүй байжээ.

12.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: 42.1.7.-д “албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй” гэж хуульд заасан нөхцөл тогтоогдсон байна. 

            13.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Р.Б нь 2018 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн бөгөөд 2019 онд аймгийн хэмжээнд тусгай шалгалт зохион байгуулагдаагүй, 2020 онд тухайн албан тушаал дээр тусгай шалгалт зохион байгуулагдаагүй болох нь Төрийн албаны салбар зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. /х.х-н 43-45/

14.Иймд нэхэмжлэгч Р.Быг өөрөөс хамаарах шалтгаанаар төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд жинхэлэн томилогдоогүй гэж үзэх үндэслэлгүй.

Гурав: Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Р.Быг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

15.Нэхэмжлэгч Р.Б нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл /2 жил 10 сар, 8 хоног/ Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., 7 дугаар зүйлийн 7.1.2., 43 дугаар зүйлийн 43.2., 57 дугаар зүйлийн 57.1., 61 дүгээр зүйлийн 66.1.1.-т заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч байжээ.

16.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 4/ ..., хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ... эрхтэй гэж заасан.

17.Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Б нь Төрийн албаны тусгай шалгалтад ороогүй, Төрийн албанд жинхэлэн томилогдоогүй байсан. Мөн Архангай аймгийн Төрийн Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авч 2020 онд аймгийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэлээр шийтгүүлж байсан бөгөөд 2020 оны аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн учраас түүнийг Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн ...” гэх тайлбар гаргажээ. /х.х.-н 15/

18.Маргаан бүхий Б/17 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6., Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8.-д заасныг үндэслэсэн байна.

19.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6. дахь хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэж заасан нь уг хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг аль зүйл, заалтыг зөрчиж байгаа нь тодорхойгүй, хэргийн оролцогч болох хариуцагч тал шүүх хуралдаанд уг хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа талаар нотлож, тайлбарлаж чадсангүй.

20.Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.8.-д “аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх.” гэж заажээ. Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/250 албан бичгээр Р.Быг ажлаас чөлөөлж, Л.Б-г томилох саналыг татгалзаж хариу өгсөнг харгалзан үзээгүй байна. /х.х-н 83/

21.Дээрхи маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5., 39 дүгээр зүйлийн 39.1. 40 дүгээр зүйлийн 40.2.3., 40.2.5  дахь заалтуудыг тус тус зөрчигдөж, хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчиж, улмаар нэхэмжлэгч Р.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

22. Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авч, 2020 онд сануулах сахилгын шийтгэл авсан гэх тайлбарын тухайд, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 132 дугаар аудитын гэрчилгээгээр Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаанд “хязгаарлалттай” санал дүгнэлт гаргажээ. /х.х-н 50-51/

23. Улмаар аймгийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Биеийн тамир, спортын газрын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аймгийн Төрийн аудитын газраас “хязгаарлалттай” дүгнэлт гаргасан байх тул Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. /х.х-н 20/

24.Нэхэмжлэгч Р.Б-оос дээрх захирамжид холбогдуулан гомдол гаргаагүй, шүүхэд маргаан үүсгээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

25.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3. дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасан.

26.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5. дахь хэсэгт “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3. дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд  сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Р.Бын тухайд аймгийн Төрийн аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд энэ нь Р.Б-ыг төрийн албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамааралгүй болно.

27.Өөрөөр хэлбэл “сахилгын шийтгэл” ногдуулах нь нь тухайн албан хаагчийн буруутай, хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хамааралтай бөгөөд цаашид төрийн албанаас халах үр дагаврыг үүсгэдэг бол төрийн албанаас чөлөөлөх нь хуульд тусгайлан заасан төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэгжих зохицуулалт юм.

28.Иймд өмнө 2020 онд Архангай аймаг дахь Төрийн Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авч 2020 онд аймгийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэлээр шийтгүүлж байсан гэх тайлбар нь нэхэмжлэгч Р.Б-ыг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

29. 2020 оны аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэх тайлбарын тухайд, нэхэмжлэгч Р.Б нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр жилийн эцэст 58.6 үнэлэгджээ. /х.х-н 30-41/

30.Улмаар Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр “2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний хуудсыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцлаа. Тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх тайлбарыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Уг асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1384 дүгээр шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/687 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. /х.х-н 38, 86/

31.Гэвч нэхэмжлэгч Р.Б нь 2020 оны үр дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаан үүсгээгүй болно.

32.Түүнчлэн төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлэгдсэн тохиолдол цаашид авах арга хэмжээний талаар холбогдох журмаар нарийвчлан зохицуулсан бөгөөд мөн энэ үндэслэл нь түүнийг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна.

33. Маргаан бүхий Б/17 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан эсэх тухайд:

34. Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий “Р.Быг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17 дугаар захирамжийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.

35. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж захиргааны шийдвэр гаргах  ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг заасан.

36. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэг Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2.-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2. дахь хэсэг Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.5. дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж тус тус заажээ.

37.Гэтэл маргаан бүхий Б/17 дугаар захирамжийг гаргахдаа Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Р.Б-д урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээгүй, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 30 минутад уулзаж, тэмдэглэл хөтөлсөн, улмаар мөн өдрөө Б/17 дугаар захирамжийг гаргасан нь оролцогчийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй байх бөгөөд захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн байна.

38.Өөрөөр хэлбэр, маргаан бүхий Б/17 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5. дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

39.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Р.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, Р.Быг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

40. Гурав. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Л.Б-г Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

41. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  ажиллаж байсан Р.Б-г албан тушаалаас чөлөөлж, уг албан тушаалд мөн өдрийн Б/18 дугаар захирамжаар Л.Б-г томилсон байна.

42. Гуравдагч этгээд Л.Б-гийн тухайд, 2019, 2020 онд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад ороогүй, 2021 оны 3 дугаар сард зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. /х.х-н 95/

43. Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.8.-д “аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх.” гэж заасан.

44. Хуулийн дээрх заалтын дагуу Л.Б-г аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилохоор аймгийн Засаг даргаас хүргүүлсэн саналд Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/250 дугаар албан бичгээр “ ... Л.Б нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, албан тушаалын тусгай шаардлага хангахгүй байх тул тус албан тушаалд томилохоос татгалзах саналтай байна ...” гэх хариу хүргүүлжээ. /х.х-н 83/

45. Түүнчлэн шүүхээс энэхүү шүүхийн шийдвэрийн өмнөх хэсэгт маргаан бүхий Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн, мөн хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Р.Б-ыг “ ... тухайн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй ...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй /тусгай шалгалт өгөөгүй/ этгээдийг түүний оронд тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

46. Тодруулбал, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “ Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

47. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

48. Дөрөв. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн тухайд:

19.  Шүүхээс нэхэмжлэгч Р.Б-ыг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн ажлаас чөлөөлсөн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 хэсэгт зааснаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу нэхэмжлэгч Р.Бод ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 3 сар 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор буюу /5 дугаар сар ажлын 19 хоног 1,032,178 төгрөг, 6 дугаар сар 1,140,829 төгрөг, 7 дугаар сар 1,140,829 төгрөг, 8 дугаар сар ажлын 12 хоног 622,270 төгрөг/ нийт 3,936,106 /гурван сая есөн зуун гучин зураа мянга нэг зуун зургаа/ төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /Тамгын газар/-аас гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна. /х.х-н 208-211/

50. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

51. Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд сул орон тоо гарсан, түүнийг нөхөх шаардлагатай гэж үзсэн тохиолдол холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар тухайн албан тушаалд өрсөлдөх эрх нь нээлттэй байна. /2-р х.х-н 20, 29-31/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4., 106.3.12. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6., 27 дугаар зүйлийн 27.5., Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн 7.1.2., 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Р.Б-г даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/17, “Л.Б-г Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Р.Б-г урьд эрхэлж байсан Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.

 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Р.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,936,106 /гурван сая есөн зуун гучин зураа мянга нэг зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-д олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОДОНТУЯА