Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1980

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01423 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч “АМ” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 86 754 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

“АМ” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 16 750 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “АМ” ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Шинэ өргөө” хорооллын /105 А,Б блок, 607, 608-р байрны 80 айлын орон сууцны барилгын дотор заслын ажлыг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 11 хүртэл хугацаанд гэрээний хавсралт 2-т заасан нийт 10 төрлийн ажлыг гүйцэтгэх, м.кв тус бүрээр тооцон хөлс төлөхөөр тохиролцож, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай хийсэн ажилд доголдол гарсан талаар ерөнхий гүйцэтгэгч “АМ” ХХК-иас мэдэгдэж байгаагүй бөгөөд барилгыг улсын комисс хүлээн авч, оршин суугчид байрандаа орсон. Ерөнхий гүйцэтгэгч “АМ” ХХК-д ажлын хөлсөө төлөх талаар удаа дараа утсаар, биеэр, албан бичгээр хандахад, ажлыг доголдолтой байсан гэж шалтаглан ажил хүлээн авах зарим актад гарын үсэг зурахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хөлсөө төлөхгүй гэрээний 4.1.1, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан үүргээ биелүүлэхгүй байна. “АМ” ХХК нь гэрээний 2.7-д зааснаар ажлын хөлсийг төлөх байтал 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16 994 040 төгрөг өгч үлдэх 65 319 480 төгрөгийг төлөөгүй тул гаргуулахаар шүүхэд хандсан.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 1. шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1 м.кв-ыг 25 000 төгрөгөөр тооцон 212.7 м.кв-ын үнэ 5 317 500 төгрөг, 2.цагаан замаск 1-р үе 1 м.кв-ыг 3000 төгрөгөөр тооцон 11.632 м.кв-ын үнэ 34 896 000 төгрөг, 3. цагаан замаск 2-р үе 1 м.кв-ыг 3000 төгрөгөөр тооцон 5816 м.кв-ын үнэ 17 448 000 төгрөг, 4.эмульс 1 м.кв-ыг 2500 төгрөгөөр тооцон 970.1 м.кв-ын үнэ 2 425 250 төгрөг, 5.плита 1 м.кв-ыг 12000 төгрөгөөр тооцон 400.8 м.кв-ын үнэ 4 809 600 төгрөг, 6.хаалганы амлагаа 40 айлд 15000 төгрөгөөр 600 000 төгрөг, 7.шавар 1 м.кв 6000 төгрөгт 1794.4 м.кв-ын үнэ 10 766 400 төгрөг, 8.ариун цэврийн өрөөний өрлөг 40 айлд 1 м.кв-ыг 12000 төгрөгөөр тооцож 332.7 м.кв-ын үнэ 3 992 400 төгрөг, 9.обой 1 м.кв-ыг 3500 төгрөгөөр тооцож 1942.6 м.кв-ын үнэ 6 799 100 төгрөг, нийт 86 754 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 23 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Х” ХХК-ийн хийсэн ажил доголдолтой байсан бөгөөд ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй. Манай компани ажлын доголдлын талаар удаа дараа мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн боловч доголдлыг засаагүй, ажлыг хугацаанд нь хийж дуусгаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. “АМ” ХХК-иас “Х” ХХК-ийн хийсэн ажлын хөлсийг 100 хувь төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5 317 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, цагаан замаскны ажлын хувд 2 үе гэж тохироогүй бөгөөд 3 000 000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Х” ХХК ажиллах хүч дутагдалтайгаас болж 23 тоот гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээ цуцлагдахад хүрсэн. Манай компани “Шинэ өргөө” орон сууцны хорооллын захиалагч “Ар Ий Си” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээ нь туслан гүйцэтгэгч “Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж зөрчигдөхөд хүрсэн бөгөөд захиалагч болон манай компанийн хооронд байгуулсан 05 тоот ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд гэрээний 2.2-т заасны дагуу хугацаандаа хийж гүйцэтгээгүйд алданги тооцсон, мөн гэрээний 5.5-т заасны дагуу учирсан хохирол 16 750 000 төгрөгийг манай компанид олгох ажлын хөлснөөс суутган тооцсон юм. “Х” ХХК болон манай компанийн байгуулсан 23 тоот гэрээний 3.2, 4.2, 2.1-т заасны дагуу хугацаа хоцроосон алданги, гэрээгээр тохиролцсон ажлыг чанарын шаардлага хангахгүй хийснийг дахин нэмэлт зардал гаргаж засварлан хийсэн хохирол болох 16.750.000 төгрөгийг “Х” ХХК-иас нэхэмжилж байна. “Ар Ий Си” ХХК-иас гэрээ дүгнэх протокол үйлдээд 19 750 000 төгрөгийн гэрээний хугацаа алдагдсан болон материалын зардал гаргаснаас 3 000 000 төгрөгийг хасаж тооцсон байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “АМ” ХХК-иас ажлын хөлс 39 001 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 752 420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “АМ” ХХК-ийн гэрээнээс учирсан хохиролд 16 750 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 484 548 төгрөг, 527.209 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд илүү төлсөн 420 025 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “АМ” ХХК-иас 352 959 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 241 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “хэргийн үйл баримтаас дүгнэхэд гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Х” ХХК-ийн хийсэн ажлыг “АМ” ХХК нь актаар хүлээн авч, гэрээний 2.7, 4.1.1, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байх тул...” шаардах эрхтэй хэмээн үзэж, “...нийт 39 001 830 төгрөгийн хохирлыг “АМ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцэхээр байна” гэжээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт гаргаагүй бөгөөд уг хэрэгт байгаа нотлох баримтууд нь бүгд хариуцагчаас гаргасан, татгалзлыг нотолсон баримтууд байсан. Мөн хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжээчийн өгсөн мэдүүлгээс үзвэл “Х” ХХК-ийг маргаан бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг нотолсон биш хийж гүйцэтгэсэн байх магадлалтай хэмээн дурдсаныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй нотлох баримтуудад бодит дүгнэлт хийгээгүй хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шийдвэрт “...Хариуцагч тал Х ХХК-ийн хийсэн ажил доголдолтой байсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болно” хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “Х” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин хугацаа хэтрүүлснээс болж үндсэн захиалагч “Ар Ий Си” ХХК-иас алданги тооцон “АМ” ХХК-д төлөх ажлын хөлсөөс суутгасан, энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс аль нэг талд хохирол учирвал хэн буруутай тал хохирлыг төлнө гэсэн гэрээний заалтын дагуу төлбөр нэхэмжилсэн. “Х” ХХК нь ажлаа доголдолтой хийхэд гаргасан материалын зардал буюу дахин гаргасан материалын үнэ болон уг доголдолтой ажлыг хийхэд бусад этгээдэд төлсөн төлбөр буюу ремонтын засварын хөлс юм. Эдгээрийг хариуцагч өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилсэн байхад шүүх доголдолтой ажил байсан гэдгээ нотлоогүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд хуулийг буруу хэрэглэж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “АМ” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлс 86 754 250 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь гэрээнээс учирсан хохиролд 16 750 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг, талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх, хөрөнгийн үнэлгээний “Лендс” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2017/05-24 дүгээр шинжээчийн дүгнэлт /2хх115-143/, шинжээч С.Цэвээнролом /3хх,50-52/, төсөвчин М.Мөнхтуяа /3хх54-55/ нарын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 39 001 830 төгрөгийг хариуцагч “АМ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 752 420 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн Шинэ өргөө хорооллын 105-р байрны А, Б блок, 607, 608-р байрны дотоод заслын ажлын хэмжээг тогтоох, актаар хүлээлгэн өгсөн ажил болон хийж гүйцэтгээгүй орхигдуулсан ажил, актаар хүлээлгэж өгөөгүй ажлын хэмжээ, өөр бусад иргэн, хуулийн этгээдийн хийж гүйцэтгэн актаар өгсөн ажлын тоо хэмжээ зэргийг тодруулж, тэдгээрийг талуудын тохиролцсон гэрээний төсөвт өртөгөөр тооцох талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг, шүүх хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. /2хх 92-100/.

 

Шүүгчийн захирамжаар томилогдсон уг шинжилгээний байгууллага нь тухайн барилгын дотоод заслын ажилтай 2017 оны 1 дүгээр сарын 26, 2017 оны 2 дугаар сарын 07, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрүүдэд газар дээр нь очиж танилцаад дүгнэлт болон түүнд холбогдох баримтыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна. /2хх114-142/ Шинжээчийн дүгнэлтийг мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнролом, төсөвчин М.Мөнхтуяа, барилгын зөвлөх инженер Ц.Бадарч, үнэлгээчний туслах Ч.Бадамцэцэг нар гаргасан байхад шүүх нэр бүхий шинжээч нарт хууль тайлбарлаж, эрх үүрэг танилцуулах, хүлээх хариуцлагын талаар урьдчилан сануулах ажиллагааг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хийгээгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр буюу дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн өдөр шинжээч С.Цэвээнроломд эрх, үүрэг танилцуулж баримт /2хх144/ үйлдсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй бөгөөд тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй буюу шинжээчээр оролцуулж болохгүй, харшлах шалтгаантай эсэхийг тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулах ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн хариуцагч нь шинжээч С.Цэвээнролом, М.Мөнхтуяа нарыг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан шүүх хуралдаанд гэрчийн хувиар оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан /2хх242, 246, 3хх21, 3хх26/ боловч шүүх хуралдааны бус үед зохигчдыг оролцуулан мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломоос тайлбар авсан боловч энэ тухай баримтад шүүгч гарын үсэг зураагүй /3хх52, 49, 53/, дээрх ажиллагаа зохих ёсоор хийгдээгүй байхад шүүх тухайн шинжээч нарын гаргасан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

 

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан хариуцагчийн хүсэлт болон “барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах” тухай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 110 дугаартай магадлалын заалт биелэгдсэн гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн боловч 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэх нийт 33 хуудас нотлох баримт /3хх78-111/ гаргажээ. Үүнийг шүүх нэхэмжлэгч талд тухайн өдөр танилцуулснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчоос нотлох баримттай танилцаж, хариу тайлбар өгөх, түүнд холбоотой баримтыг гаргах эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчжээ. Түүнчлэн, шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх ажиллагааны талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул тухайн зөрчилд дүгнэлт хийсэн болно.

 

Анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 594 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА