| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00513/И |
| Дугаар | 101/ШШ2021/02423 |
| Огноо | 2021-08-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/02423
| 2021 08 18 | 101/ШШ2021/02423 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК холбогдох
Гэрээний урьдчилгаанд төлсөн 28,562,920 төгрөг, алданги 14,281,460 төгрөг, нийт 42,844,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч “Т” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” 0044 дугаартай гэрээг байгуулж нийт 48.36 м.кв бүхий 3 өрөө /Шинэ Налайх хороололд ******* байрны 2 дугаар орц, 3 давхрын ******* тоот/ орон сууцыг худалдан авахаар захиалга өгсөн байна. Тухайн орон сууцны нийт төлбөр 47,876,400 төгрөг байсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,362,920 төгрөг, нийт 28,562,920 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Ц.Цийн захиалга өгсөн орон сууц болох Шинэ Налайх хороолол нь 2014 оны 1-2 дугаар улиралд ашиглалтад орж чадаагүй учир 2015 оны 5 дугаар сард “Т” ХХК-ийн захирал З.******* орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалсан тухай акт үйлдэж, энэхүү актаар Шинэ Налайх хорооллын ******* байрны 2 дугаар орц, 3 давхар ******* тоот орон сууцыг ашиглалтад ороод зарагдаж борлогдсоны дараа захиалагч Ц.Цид түүний төлсөн нийт 28,562,920 төгрөгийг 100% бүрэн буцаан олгохоор тохиролцсон. Шинэ Налайх хороолол нь 2017 оны 10 дугаар сард ашиглалтад орсон ба нэхэмжлэгч Ц.Цийн захиалсан ******* байрны 2 дугаар орц, 3 давхрын ******* тоот орон сууц нь 2018 онд худалдагдсан талаар 2018 оны 11 дүгээр сард олж мэдсэн. Харин хариуцагч “Т” ХХК нь тухайн орон сууцыг яг хэзээ худалдан борлуулсан талаарх мэдээллийг нэхэмжлэгч Ц.Цид хэлээгүй бөгөөд тухайн орон сууцыг худалдан борлуулсан ч түүний төлсөн дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна. Нэхэмжлэгч Ц.Ц нь 2017 оны 8 дугаар сард БНСУ руу ажил хийхээр яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа ба тухайн орон сууц зарагдсаныг мэдсэнээс хойш түүний ээж С.Тайван болон хадам ээж Ц.******* нар хариуцагч “Т” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал н.*******, н.******* нартай байнга очиж уулздаг байсан хэдий ч Шинэ Налайх хороололд зарагдаагүй байгаа оффисын зориулалттай 68.2, 69.7 м.кв байрнуудаас санал болгосон ба санхүүжилт орж ирэхээр эсхүл мөнгөтэй болохоор өгнө гээд өдийг хүрсэн байна. Нэхэмжлэгч Ц.Цийн хувьд гадаад улсад олон жил ажиллаж амьдарч байгаа учраас эрх бүхий байгууллагад хандаж чадахгүй, өр авлагаа шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.Цийн захиалга өгсөн Шинэ Налайх хорооллол ******* байрны 2 дугаар орц, 3 давхар ******* тоот орон сууцыг гүйцэтгэгч тал буюу хариуцагч тал дээрх гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны I-II улиралд хүлээлгэн өгөх байсан. Гэтэл тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй бөгөөд ашиглалтад оруулаагүй. Нэхэмжлэгч Ц.Цийн зүгээс 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14,362,920 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14,200,000 төгрөг, нийт 28,562,920 төгрөгийг тухайн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн боловч захиалгаар бариулж буй орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орж чадаагүй, дөнгөж баригдаж байсан учир дараагийн төлөх төлбөрийг төлөөгүй болно. Гүйцэтгэгч тал орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй учраас гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагч тал төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Энэхүү гэрээг хариуцагч тал зөрчсөн учраас гэрээ цуцлах шалтгаан болсон. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч “Т” ХХК-д нийт 28,562,920 төгрөгийг төлсөн учир энэхүү гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгээс алданги тооцоход /нэг хоногийн алданги-28,562 төгрөг/ нийт 14,281,460 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно.
Иймд хариуцагч “Т” ХХК-иас гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 28,562,920 төгрөг, алданги 14,281,460 төгрөг, нийт 42,844,380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Т” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ц.Цоос гаргасан гэрээний үүрэгт 28,562,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Үндсэн нэхэмжлэлийн тухайд иргэн Ц.Ц 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “Т” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулж, 3 өрөө, 48.36 мкв бүхий орон сууц авахаар болсон. Орон сууцны төлбөрт 2013 онд 14,362,920 төгрөг, 14,200,000 төгрөгийг тус тус хийж нийт 28,562,290 төгрөгийг урьдчилгаанд өгсөн гэжээ. Байр нь ашиглалтад ороогүй учир 2015 оны 5 дугаар сард гэрээг цуцалсан. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар “... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ...” байхаар хууль тогтоогч тогтоосон байна.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “Т” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулж, 3 өрөө, 48.36 мкв бүхий орон сууц авахаар болсон. Иргэн Ц.Ц нь шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ дурдахдаа 2015 онд гэрээнээс татгалзаж, гэрээгээ цуцалсан байна. Гэрээнээсээ татгалзаж гэрээ хүчин төгөлдөр бус болсон байхад хүчингүй болсон гэрээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги нэхэх эрхгүй юм.
Иймд иргэн Ц.Цийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд төлсөн 28,562,920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 14,281,460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 42,844,380 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн гэрээнээсээ татгалзаж гэрээ хүчин төгөлдөр бус болсон байхад хүчингүй болсон гэрээний дагуу алданги нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Ц.Ц нь “Т” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ Налайх” хорооллын 9А байрны 2 дугаар орц, 3 давхар, ******* тоот, 48,36 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 мкв нь 990,000 төгрөг, нийт 47,876,400 төгрөгөөр захиалан бариулахаар, орон сууцны төлбөрийн урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 14,362,920 төгрөг гэрээ байгуулагдсан өдөр, 70 хувь буюу 33,513,480 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг 2014 оны 1-2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ байгуулагдсан өдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 30 хувь болох 14,362,920 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, улмаар мөн дансанд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14,200,000 төгрөгийг төлж, нийт 28,562,920 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар 2014 оны 1-2 дугаар улиралд захиалсан орон сууцыг гүйцэтгэгч буюу “Т” ХХК нь ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тохирсон байна.
Зохигчдын тайлбараар дээрх гэрээг 2015 оны 5 дугаар сард цуцалсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй болно.
2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 6.2-т “Захиалагч тал гэрээний 6.1-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 1.2-т заасан орон сууцыг дараагийн захиалагч орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор, гүйцэтгэгч тал гэрээний нийт үнийн дүнгээс 10 хувийн торгуулийг суутгасан төлбөрийг захиалагч талд буцаан олгоно” гэж зааснаар захиалагч тал гэрээг цуцалсан тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээний үнийн дүнгээс 10 хувийн торгууль суутгахаар талууд харилцан тохирсон боловч уг гэрээг цуцалсан акт бичгээр хэргийн материалд авагдаагүй тул захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Т” ХХК-иас 2015 оны 5 дугаар сард гэрээ цуцалсан актыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаар уг нотлох баримтыг албадан гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад “Т” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 64/21 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...2015 оны 5 дугаар сард гэрээ цуцалсан акт, ... материалыг тухайн үед хариуцсан албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн учир тус баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй болно” гэсэн хариу өгснөөр тухайн гэрээ цуцлагдсан актын агуулгыг мэдэх боломжгүй болсон байна.
Нөгөөтэйгүүр “Т” ХХК нь гэрээний 6.2-т заасан дараагийн захиалагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор өмнөх захиалагчид төлбөрийг буцаан олгохоор заасан боловч энэ үүргээ биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь дараагийн захиалагч болох О.*******тэй 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 0023ш дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 215/19 дугаартай албан бичгээр гэрээний дагуу төлбөр бүрэн барагдуулсан тул О.*******эд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх /12800/, 9 дүгээр байрны ******* тоотод байрлах, 48,36 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны Үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ О.*******эд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгогджээ.
Энэхүү дараагийн захиалагчтай гэрээ байгуулагдсаныг “Т” ХХК-ийн зүгээс Ц.Цид мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллага болох Налайх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй холбоотой баримтууд ирснээр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Цийн “*******” нэртэй фэйсбүүк хаягаас “Шинэ Налайх хороолол” гэсэн хаяг руу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр харилцсан мессежинд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийхэд “... Намайг гэдэг /тайван эгчийн хүү/ урьд нь байр захиалж байсан, ээж очиж уулзаад танайх 1 давхрын 1 өрөө байр хуваагаад хэлье гэсэн тэр юу болсон бол ... Байр юу болсон бол ... гэхэд ... 1 давхрын байрны хуваалт төлөвлөсөн хугацаанаас удахаар байгаа тул ШН хорооллоос авто зогсоол санал болгож байна ... 35 мкв автозогсоол үндсэн үнэ 20 сая байдаг ... үүнийг хямдрал үзүүлэх боломжтой ... 18 сая болох болов уу ...” зэргээр хариу өгч байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх “Шинэ Налайх хороолол” гэх хаяг нь “Т” ХХК-ийнх биш, харин “Шинэ Налайх хороолол ТК” гэсэн фэйсбүүк хаяг ашигладаг гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн *******5, *******6 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, *******5 дугаар зүйлийн *******5.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч Ц.Ц нь өөрт учирсан хохирол болох урьдчилгаанд төлсөн 28,562,920 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан байх боловч дээрх үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд Ц.Цийн урьдчилгаа төлбөрийн оронд 1 өрөө байр болон автозогсоол зэргийг санал болгож байсан, мөн дараагийн захиалагчтай байгуулсан гэрээний талаар хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хариуцагч нь бусад хэлбэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуг өгч байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Цийг 2017 онд Монгол Улсын хилээр гарч, БНСУ-д ажиллахаар явсан, шүүхэд хандах боломжгүй байсан зэргээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн хаанаас ч өөрийн эрх зөрчигдсөн асуудлаар хэдийд ч гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй, энэхүү агуулгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлийн дагуу Ц.ыг оролцуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр алдангийн талаар талууд тохирсон боловч энэхүү гэрээгээ 2015 оны 5 дугаар сард цуцалсан байхад гэрээний 6.4-т заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэхэмжлэгч нь алданги тооцон нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу гэрээ цуцлагдсантай холбогдон учирсан хохирол гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан бөгөөд энэ нь талуудын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээнд хамааралтай юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Т” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,562,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,562,920 /хорин найман сая таван зуун жаран хоёр мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14,281,460 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 300,800 /гурван зуун мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2, 1*******.3-т тус тус зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2021/08921 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ