| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2020/05105/И |
| Дугаар | 101/ШШ2021/01523 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/01523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- байрлах, “Ж” ХХК н нэхэмжлэлтэй,
хариуцагч- тоотод оршин суух, Х овогт Д Н -д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 94.524.993 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ...зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно... гэж заасан ба зээлийн гэрээг 2018-09-26-ны өдөр байгуулсан боловч зээлийг 2018-09-26-ны өдөр 10-р сарын 01-ний өдөр, 10-р сарын 05-ны өдөр олгосон тул хүүг тооцоолохдоо зээл олгосон өдрөөс тооцсон. Хамтран зээлдэгч Д.Н нь зээлийн үүргийг хамтран гүйцэтгэхээр үүрэг хүлээн зээлийн гэрээг байгуулсан ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т ...үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч юм.
Зээл авах үед зээлдэгч Б.Л нь зээлийг төлж чадахгүй тохиолдолд хамтран зээлдэгч Д.Н нь бүхэлд нь хариуцан барагдуулна гэж хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран зээлдэгч Д.Нгаас зээлийн үүргийг бүхэлд нь шаардаж байна. Иймд Д.Нгаас 2018-09-26-ны өдрийн 01/18-004 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 54.172.027 төгрөг, зээлийн хүүд 35.103.474 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.249.492 төгрөг, нийт 94.524.993 төгрөгийг гаргуулан манай компани олгон шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1-3/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Нгаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/18004 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 94.524.993 төгрөг гаргуулахаар шаардсан. Зээлдэгч нар нийт 11.216.760 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний хугацаа дууссан байдаг. Ингэж гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй учир шүүхэд хандсан. Зээлийн гэрээ нь 12 сарын хугацаатай тул зээлдэгч үүргээ гүйцэтгэх ёстой. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний 1.3-т заасны дагуу 15 хувиар тооцсон. Зээлийг Д.Н нь авсан, манай зүгээс аль ч хариуцагчаас шаардах эрхийн хүрээнд хариуцагчаа сонгосон. Яагаад гэхээр угаасаа энэ зээлийг Д.Н авсан байдаг. Зээлийн гэрээний зүйл болох 60.000.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн байдаг. Яг хэн рүү нь шилжүүлснийг би мэдэхгүй байна. Хариуцагч аваагүй гэж маргахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021-02-16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буюу Ж ББСБ-ын нэхэмжлэлтэй, Д.Нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 94.524.993 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ. Ингэхдээ 2020-10-16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон байна. Ж ББСБ нь дээрх мөнгөн дүнг нэхэмжлэхдээ хариуцагчийг хэзээнээс үүргийн зөрчил гаргасан гэж үзэн зээлийн тооцооллыг хийсэн нь түүний нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлд хавсаргасан зээлийн хүүгийн тооцооллоос тодорхой харагдахгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй. Иймд тодорхойгүй тооцоолол бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ /хх-66/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрээний хүчинтэй эсэх дээр маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага 94.524.993 төгрөгийн зарим хэсэг буюу 50 хувийг зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр хариуцагчаар татагдсан Д.Н нь тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч статустайгаар оролцсон, нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгчийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Тиймээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлдэгч ББСБ нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг адил тэнцүү байна гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын дагуу зээлийн үүргийг хувааж хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардсаны дагуу үүргийг тэнцүү хувааж гаргуулах зохицуулалттай. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үзвэл хамтран зээлдэгч нь тухайн зээлийн гэрээтэй холбоотой ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тусгагдаагүй, үндсэн зээлдэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг гэрээнд тусгасан байдаг. Тэгэхээр хамтран зээлдэгчийн хувьд гэрээгээр тодорхойлогдох боломжгүй үүрэг үүссэн учир үндсэн зээлдэгчтэй тэнцүү буюу өөрт ногдох хэсгээ хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх 47.262.496 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хариуцагч Д.Н нь гэрээний хүлээх үүргийн хувьд үндсэн зээлдэгчтэй хамт хамтран зээлдэгчээр орсон. Гэрээнд хамтран зээлдэгчийн эрх үүрэг тодорхойлогдоогүй учраас үүрэг гэрээ болон хуулиар тодорхойлогдоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нарын үүрэг тэнцүү байх хуулийн зохицуулалттай. Тиймээс үндсэн зээлдэгчээс зээлийн мөнгөө гаргуулахгүйгээр хамтран зээлдэгчээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаатай санал нийлэхгүй. Зээлийн гүйлгээг үндсэн зээлдэгч Б.Лхагвадоржийн данс руу шилжүүлсэн. Зээлийн мөнгөний ашиглалтын байдлын хувьд аль аль нь ашигласан гэдэг тайлбарыг надад өгсөн тул зээлийн гэрээний зүйл болох 60.000.000 төгрөгийг авсан үйл баримтад маргахгүй, гагцхүү өөрт ногдох үүргийн тал дээр маргаж байгаа гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлдог.
Тиймээс нэхэмжлэгч нь 2018-09-26-ны өдрийн 01/18-004 дугаар зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Д.Нг хариуцагчаар тодорхойлон татаж, түүнд холбогдуулан дээрх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 54.172.027 төгрөг, зээлийн хүүд 35.103.474 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.249.492 төгрөг, нийт 94.524.993 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх-1-3/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн эрх, үүргийг тусгаагүй тул зээлийн гэрээний үүргийн 50 хувь болох 47.262.496 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-10-16-ны өдрийн 20/55 тоот итгэмжлэлээр Д.Д-д гурван жилийн хугацаатай /хх-5/,
хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-10-23-ны өдрийн итгэмжлэлээр Б.Ц-д гурван жилийн хугацаатай /хх-24/ тус тус олгосон.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ж ББСБ ХХК нь иргэн Б.Л-той 2018-09-26-ны өдөр 01/18-004 дугаартай зээлийн гэрээ байгуулснаар хариуцагч Д.Н нь тухайн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 60.000.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирч /хх-7-8/, зээлийн төлбөрийг гэрээнд заасан 10 сарын хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох үндсэн хүүгийн 15 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэг бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэг буюу гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр тул зээлийн гэрээ нь хугацаатай байх бөгөөд дээрх гэрээний хугацаа 2019-09-26-ны өдрөөр дууссанаар зээлийг буцаан төлөхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарт гэрээний зүйл болох 60.000.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан өдрөөс хойш гэрээний үүрэгт нийт 11.216.760 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний төлбөрт төлөгдсөн үнийн дүн, зээл, хүүгийн тооцооллын асуудлаар тайлбар гаргаж зохигчид маргаагүй.
Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 60.000.000 төгрөгийг зээлдэгч нарт хэрхэн шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, хариуцагч тал энэ талаар маргаагүй боловч хамтран үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүргийг зээлийн гэрээнд тодорхойлон заагаагүй учраас үүрэг гүйцэтгэгч нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй тул хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг адил тэнцүү байна гэж хариуцагч тал маргасан.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, хуулийн 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.
Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд буюу хэсэгчлэн шаардаж болох боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлийн гэрээний 3.1-д зээлдэгчийн эрх, үүргийг гэрээнд оролцогч талууд тохирсон байх бөгөөд хамтран зээлдэгчийн эрх, үүргийг гэрээнд тусгаагүй байхад үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгч болох хамтран зээлдэгч Д.Нгаас бүхэлд нь шаардсаныг бүрэн хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн үүргийг зээлийн гэрээнд тодорхойлоогүй, үндсэн зээлдэгч Б.Л-ийг хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй, тухайн иргэнд холбогдуулан шаардлага гаргаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, үндсэн зээлдэгч Б.Л хаана байгааг мэдэхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласнаар зээлдэгч нарын тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч адил тэнцүү хариуцах учиртай.
Тиймээс гэрээний үүргийг хамтран зээлдэгчээс бүхэлд нь шаардсаныг бүрэн хангах боломжгүй тул хариуцагчид ногдох үүргийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувь гэж үзэн, зохигчид зээлийн гэрээний гүйцэтгээгүй нийт үүрэг 94.524.993 төгрөгийн үйл баримтад маргаагүй, хэн аль энэ талаар тайлбарласан тул үндсэн зээлд шаардсан 54.172.027 төгрөгийн 50 хувь болох 27.086.013,5 төгрөг, зээлийн хүүд шаардсан 35.103.474 төгрөгийн 50 хувь болох 17.551.737 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд шаардсан 5.249.492 төгрөгийн 50 хувь болох 2.624.746 төгрөг буюу нийт 47.262.496 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасантай нийцнэ гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй үүрэгтэй оролцох тул зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч болох Д.Н бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.
Харин нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үлдэх үүргийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагчийн нотлох баримтаар гаргасан 2018-09-26-ны өдрийн зээлийн барьцааны 01/18-001 дугаартай гэрээг иргэн Б.Л нь нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-тай байгуулсан байх бөгөөд улсын бүртгэлд 2018-09-26-ны өдөр бүртгэгдсэн байгааг дурдах нь зүйтэй /хх-21-23/.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан зээл, хүүгийн тооцоолол болон зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаарх шаардлагыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-10-16-ны өдөр төлсөн 630.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан шаардлагад ногдох хураамжид 349.262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х овогт Д-ийн Н-с 2018-09-26-ны өдрийн 01/18-004 дугаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу үндсэн зээлд 27.086.013,5 төгрөг, зээлийн хүүд 17.551.737 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.624.746 төгрөг, нийт 47.262.496 /дөчин долоон сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ББСБ ХХК /РД-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 630.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгаас 349.262 /гурван зуун дөчин дөчин есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч тал 2018-09-26-ны өдрийн 01/18-004 дугаар зээлийн гэрээний үлдэх үүргийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ