Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 978

 

187/2020/0341/Э

 

 

 

 

  2020               8              6                                        2020/ДШМ/978    

 

О.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эсэн,

хохирогч М.Баярсайханы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/341 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Баярсайханы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Ш-т холбогдох эрүүгийн 1910019330351 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш-,

 

О.Ш- нь М.Баярсайханд өөрийгөө “Зам тээврийн яаманд ажилладаг, Монгол Улсын хилээр автомашин нэвтрэх “С” тусгай зөвшөөрлийг 66 машинд авч өгч чадна” гэж 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Тамгын газрын байрны урд 20.000.000 төгрөг бэлнээр авч, бусдыг хуурч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Булгадар овогт Отгоны Ш-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ш-ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, О.Ш-ийн сэжигтнээр хойшлуулшгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн тооцож 8 /найм/ цагийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 392 /гурван зуун ерэн хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, О.Ш- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон О.Ш-ээс 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулан хохирогч М.Баярсайханд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.Баярсайханы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Ш- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргасан ба бүтэн жил гаруй мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж, хохирогчийн төлбөр мөнгийг өгнө гэж маш олон удаа худал хэлж чирэгдүүлэн, энд, тэнд уулзъя, ингэж төлнө, тэгж төлнө гэх мэтээр зориуд хууран мэхэлж байсан нь хохирогчийн сэтгэл санаанд хүчтэй байдлаар нөлөөлж байсан бөгөөд хэдийгээр хуульд сэтгэл санааны хохирлын талаар заагаагүй боловч энэ нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн нэг хэлбэр гэж үзнэ. О.Ш- нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд оргон зайлж араасаа хөөцөлдүүлж, байгаа газар нь тодорхойгүй олон сар хайлгаж, зугтаж байсан ба хохирогч өөрийн биеэр, өөрийн зардлаар араас хөөцөлдөн олж байсан. Мөрдөгч болон прокурорт хохирол төлбөр барагдуулах талаар удаа дараа худал хэлж чирэгдүүлж байсан, одоо ч энэ байдал үргэлжилж байгаад гомдолтой байна. О.Ш- нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлбөр барагдуулна гэж баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулахгүй худал үнэн ярьж хууран мэхэлж байгаа тул аргагүйн эрхэнд уг гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд О.Ш-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч хохирол, хор уршгаа арилгаагүй болон дээр дурдсан залилангийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн үйлдэлд тохироогүй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хохирогч М.Баярсайхан нь хохирол төлбөрийг барагдуулна гэсэн худал амлалтад хууртаж “гомдолгүй” гэж хэлсэн байх ба одоо хүртэл худал амлалтаа үргэлжлүүлэн, эсвэл хаа байгаа нь мэдэгдэхгүй араасаа нэхэл дагал болж маш их чирэгдүүлж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгч О.Ш-ийн хийсэн гэмт үйлдэл /гэм буруу/ болон шүүхээс уг үйлдэлд оногдуулсан ял шийтгэл илтэд хөнгөдсөн, тухайлбал хохирол төлбөрөө барагдуулаагүй, хохирогчоос гадна шүүх, хууль хяналтын байгууллагыг ч хууран мэхэлж байгаа үйлдэл нь үргэлжилсээр байгаа тул О.Ш-ийн гэм бурууд илтэд тохироогүй хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн тул ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Ш- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Тэрээр 20.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийн хохирлыг төлж, үлдэгдэл 17.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлөөгүй байгаа хүнд торгох ял оногдуулах нь хэр зохимжтой талаар, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг цагдан хорих нь хэр зохимжтой талаар тус тус яригдаж анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 17.000.000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байхад хохирогч талаас хохирол төлөгдөөгүй учир ялыг өөрчлөх талаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч О.Ш- нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр М.Баярсайханд өөрийгөө “Зам тээврийн яаманд ажилладаг, Монгол Улсын хилээр автомашин нэвтрэх “С” тусгай зөвшөөрлийг 66 машинд авч өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Тамгын газрын байрны урд 20.000.000 төгрөг бэлнээр авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Баярсайханы “...би Ш-тэй яриад “66 машинд С зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна” гэхэд “болно, чи урьдчилгаа мөнгөө бэлдээд байж бай, би хурал зарлагдахаар нь чамд хэлье” гэж хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн орой над руу залгаад “маргааш хурал болох гэж байна, яаралтай квотын мөнгө 20.000.000 төгрөг аваад ир” гэхээр нь би “дансаа өгчих, шилжүүлчихье” гэхэд “надад данс байхгүй, би бэлнээр аваад цаашаа хүнд бэлнээр өгнө” гэж хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17 цагийн үед Ш- над руу залгаад “хаана байна вэ, нөгөөдөхийг чинь очоод авчихъя” гэхээр нь би “Мөнхтуул гэдэг эгчтэйгээ хамт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа байна” гээд уулзаад, Ш-т 20.000.000 төгрөг өгсөн. ...Сүүлдээ миний утсыг авахаа больчихоор нь яаман дээр очоод жижүүрээс нь асуухад Отгоны Ш- гэж хүн энд ажилладаггүй гэж хэлсэн. ...” /хх 15-17/,

гэрч М.Мөнхтуулын “...Хан-Уул дүүргийн урд талд ирэхэд Баярсайхан “Ш- гэх хүнд 20.000.000 төгрөг өгөх гэж байгаа” гээд ил барьчихсан явж байхаар нь “чи найдвартай хүнд өгч байгаа юм уу” гэхэд “манай найз Ууганаагийн найз нь юмаа, өмнө нь зөндөө хүнд С зөвшөөрөл гаргаж өгсөн гэсэн, та битгий оролц” гэхээр нь өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд орхисон. Тухайн үед 17 цаг болж байсан ба Ш- гээд махлаг залууд Баярсайхан 20.000.000 төгрөг өгсөн. …” /хх 20-21/,

О.Ш-ийн яллагдагчаар өгсөн “...би Ууганбаяраар дамжуулан Баярсайхан гэдэг залуутай 2019 оны 4 дүгээр сарын эхээр танилцсан юм. Тэгэхэд Баярсайхан нь “тээврийн машины зөвшөөрөл гаргуулмаар байна” гэж надад хэлэхээр нь би “надад таньдаг хүн байгаа, би асууж өгье” гэж хэлсэн. Удалгүй Баярсайхан 2020 оны 5 дугаар сарын 7-ны орчим Хан-Уул дүүргийн Тамгын газрын үүдэнд надтай тааралдаад “С зөвшөөрөл гаргуулмаар байна” гээд урьдчилгаа 8.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Үлдэгдэл 12.000.000 төгрөгийг маргааш өдөр нь найз Ууганбаярын картанд хийсэн. ...Авто тээврийн үндэсний төвд зөвшөөрөл гаргуулахаар материал өгсөн боловч 2019 оны 6 дугаар сарын эхээр материалаа буцаагаад авчихсан. ...Энэ хооронд би мөнгийг нь махны бизнес хийхээр хөрөнгө оруулсан бөгөөд одоо махны зөвшөөрөл гарч өгөхгүй байгаа юм. Би авто тээврийн газарт ажилладаггүй. Зам тээврийн яаманд ганц нэг хүн таньдаг байсан юм. ...Төлбөрөө барагдуулна. ...” /хх 64/ гэх мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн О.Ш-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч О.Ш-ийн Зам тээврийн яаманд ажилладаггүй мөртлөө уг байгууллагад ажилладаг гэж хуурч “Монгол Улсын хилээр автомашин нэвтрэх “С” тусгай зөвшөөрлийг 66 машинд авч өгч чадна” хэмээн бусдаас урьдчилгаа болгон 20.000.000 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч О.Ш-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хохирогч М.Баярсайханы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “...ял шийтгэл хөнгөдсөн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Баярсайханы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/341 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Баярсайханы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН