Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар       109/ШШ2021/0031

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0031

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.Э

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Э нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар тэтгэвэр төлүүлэх тухай актыг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр авсан. Шүүхийн шийдвэр хуурамч гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Шүүхийн шийдвэртэй тэр нь хуурамч гэж би огт мэдэхгүй бөгөөд шүүхийн шийдвэр хуурамч байна гэдгийг нотолсон ямар нэгэн эрхийн акт надад үзүүлээгүй зөвхөн амаараа л хэлсэн. Би нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосон тэтгэврийг л авснаас биш өөр илүү тэтгэвэр аваагүй, нийгмийн даатгалын байгууллага нь миний тэтгэврийг тогтоосон бөгөөд тэр тогтоосон тэтгэврийг би 2009 оноос эхлэн авч байсан. Миний бие 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон 11.971.184 төгрөгийг төлөхгүй. Энэ акт нь хууль бус гэж үзэж байна. Иймд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай акт нь хууль бус байна. Яагаад хууль бус гэж үзсэн гэхээр тухайн маргаан бүхий  актаар ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэр нь хуурамч гэж үзсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр нь хуурамч болохыг тогтоосон шийдвэр гараагүй байгаа. Ингэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт хууль бус болж байна. Улмаар нэхэмжлэгч Н.Э-д нөхөн төлбөр тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байгаа. Ийм учраас 117 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хариуцагч нараас нэхэмжлэгч Н.Э-г үндэслэлгүйгээр тэтгэвэр авсан гэж акт тавьсан байдаг. Үнэхээр үндэслэлгүйгээр тэтгэвэр авсан юм уу гээд үзэхээр нийгмийн даатгалын байгууллага 2009 онд энэ хүний тэтгэврийг өөрсдөө хууль журмынхаа дагуу шалгаж тогтоосон байдаг. Тэтгэвэр тогтоосон шүүхийн шийдвэр хуурамч байна гэж яриад байгаа боловч хуурамч гэдгийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй, ерөөсөө энэ шийдвэр шүүхийн архивт байхгүй байна, хуурамч байна гэж яриад байгаа. Гэхдээ энэ шүүхийн шийдвэрийг гаргасан н.О бол шийдвэр гаргах эрх бүхий шүүгч байсан. Энийг хуурамч гэдгийг тогтоосон баримт байхгүй, тэрч байтугай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан байгаа. Энэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр тогтоол гарахаас өмнө акт тавьж байгаа нь акт үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна гэв.

 

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн.  Гэтэл Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Н.Э нь 2009 оны 1 дүгээр зарын 10-ний өдрийн 87 дугаартай шүүхийн шийдвэрт 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд цэвэрлэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мөн хүрээлэнгийн вирусын секторт эм бэлтгэгч, савлагчаар ажиллаж байснаар тогтоолгож, 2009 оны 2 дугаар сарын 10-ний өдөр хортой халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 202 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр нэр бүхий хүмүүсийг хавсралтаар хүргүүлж шүүхийн шийдвэрүүдийг тулган шалгуулсан. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байх шүүхийн шийдвэрийн эх хувьтай тулган шалгасан 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр таарч байгаа болон зөрүүтэй шийдвэрүүдийг хавсралтаар ирүүлсэн.

Иргэн Н.Э нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт ”Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, 4.2 дах заалт “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус хангахгүй байна.

Н.Э нь 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гарган улсад 10 жил 5 сар 26 өдөр ажилласан материал бүрдүүлэн өгч 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс буюу 55 нас хүрсэн өдрөөс нь өндөр насны хувь тэнцсэн тэтгэврийг тогтоосон  бөгөөд тэтгэврийг тогтоон олгож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5/301 тоот албан бичгээр шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай албан бичиг ирсний дагуу нийт 11.971.184 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн акт бичсэн. Энэхүү актын 11.971.184 сая төгрөг нь 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны буюу 55 нас хүртлэх авсан мөнгөн дүн 9.046.784 сая төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд авсан бүрэн буюу хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгосны зөрүү 2.924.400 сая төгрөг байна.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэн Н.Э-д 2021 оны 3 дугаар сарын 12, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдэд утсаар холбогдож төлбөр зөрчлийн талаар мэдэгдэхэд Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймагт эгчийндээ байна хорио цээр тавигдахаар очий гэсэн хариу өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хотоос ирлээ гээд Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж уулзахад нь төлбөр зөрчлийн талаар тайлбарлан Н.Э-д сонсох ажиллагааг мэдэгдсэн. Иймд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай акт нь хүчин төгөлдөр акт гэж үзэж байна гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүхэд иргэн Н.Э-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан албан тушаалтан болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актаар тогтоосон 11,971,184 төгрөгний төлбөрөөс 1,914,000 төгрөгийг багасгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  Учир нь:

 

4.Иргэн Н.Э нь 20 жил 1 сар 19 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх үндэслэлээр 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 49 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. /х.х-н 38/

 

5.Нэхэмжлэгч Н.Э-гийн тухайд, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд цэвэрлэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл мөн энэ хүрээлэнгийн вирусын секторт эм бэлтгэгч, савлагчаар ажилласан болохыг тогтоожээ. /х.х-н 40-41/

 

6.Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт шалгалт хийсэн байна. /х.х.-н 42-44/

 

7.Дээрх шалгалтын явцад ажиллаж байсан байдлаа тогтоолгосон нэр бүхий иргэдийн шүүхийн шийдвэрт холбогдуулан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 дугаар албан бичгээр тэтгэвэр авагчийн мэдээллийг хүргүүлж, шүүхийн шийдвэрийг тулган шалгахийг хүссэн байна.

 

8. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр хариу хүргүүлэхэд шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтын 4 дүгээрт Н.Э 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №87 гэж бичигджээ. /х.х-н 46, 87-90/

 

9.Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 6/301 дүгээр албан бичгээр “ ... Хоёр. Үндэслэлгүйгээр илүү олгосон тэтгэврийг дээрх иргэдээр төлүүлэхээр шийдвэрлэсэн тухай Улсын байцаагчийн акт тогтоож, актын нэг хувийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус газарт ирүүлэх ...” чиглэлийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ. /х.х.-н 22-23, 42-44/

 

10.Ийнхүү Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаар актаар үндэслэлгүйгээр тогтоолгон авсан нийт 11.971.184 /Арван нэгэн сая есөн зуун далан нэгэн мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийн төлбөрийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн Хаан банк дахь ************ тоот харилцах дансанд 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар шийдвэрлэсэн байна. /х.х-н 2/

 

11.Ийнхүү нэхэмжлэгч Н.Э-гаас 117 дугаартай улсын байцаагчийн актад холбогдуулан шүүхэд маргаан үүсгэжээ.

12. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаар актад Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1., Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн  6/301 дүгээр тушаалыг үндэслэсэн байна.

 

13.Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2. дахь хэсэг Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ: 5/-д “ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсэг Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заажээ

.

14.Уг хэргийн нэхэмжлэгчээс “ ... шүүхийн шийдвэр хуурамч гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн, би шүүхийн шийдвэртэй тэр нь хуурамч гэж би огт мэдээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хуурамч байна гэдгийг нотолсон  ямар нэгэн эрхийн акт надад үзүүлээгүй ...” гэж,  хариуцагч нараас “ ... 2020 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн хяналт шалгалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр олголтыг шалгасан. Хяналт шалгалтын явцад Архангай аймгийн шүүхийн Тамгын газраас тус газрын архивт байхгүй шүүхийн шийдвэрийн жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтын 4 дүгээрт Н.Э 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №87 гэж бичигдсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуурамч болох нь тогтоогдсон тул тэтгэврийг нөхөн төлүүлэх акт тогтоосон нь үндэслэлтэй ...” гэж тус тус маргаж байна.

 

15.Нэхэмжлэгч Н.Э нь 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5135/187 дугаар лавлагаа, тэтгэврийн дансны хуулгаар нотлогдож байна. /х.х-н 20-21, 92-102/

 

16.Хариуцагчаас маргаан бүхий 117 дугаар актын гаргахаас өмнө нэр бүхий иргэдийн ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрийг эх хувьтай нь тулган шалгуулсан байх бөгөөд Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр иргэн Н.Э-д хамааралтай шүүхийн шийдвэр, иргэний хэрэг шүүхийн архивт байхгүй, шүүхийн шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоосон байна. Энэ нь маргаан бүхий 117 дугаартай улсын байцаагчийн акт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., 24.2., 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох урьдчилсан нөхцөлийг хангасан байна. /х.х-н 87-89/

 

17.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл,  Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэр нь бодит байдал дээр гараагүй “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-н 46-48,78, 87-90, 109-110, 140-141/

 

18.Түүнчлэн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэрт иргэн М.М-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шүүгч Н.Б-н шийдвэрлэсэн иргэний хэрэг хадгалагдаж байгаа болно. /х.х-н 83-86/

 

19.Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсэг Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заасан эрхийн хүрээнд нэгэнт бодит нөхцөлд хуурамч болох нь тогтоогдсон шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнд холбогдуулан үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосныг буруутгах боломжгүй байна.

 

20.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс би шүүхийн шийдвэртэй, тэр нь хуурамч гэж огт мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд тэтгэврийн мөнгө нь орж байсан,  нэгэнт авах ёсгүй байсан тэтгэврийг авсан нэхэмжлэгчийг зөвтгөж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

21.Иймд маргаан бүхий 117 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

22.Түүнчлэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/233 дугаар албан бичгээр хяналт шалгалттай холбоотой нэр бүхий 174 иргэний тэтгэвэртэй холбоотой зөрчлийн мэдээллийг шалгуулахаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсний /Шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэвэр тогтоосон зөрчилтэй тэтгэвэр авагч 50 хэсэг/ хавсралт 4 дүгээрт Н Э бичигджээ. /х.х-н 104-106/

 

23.Улмаар иргэн Н.Э-д холбогдох мэдээллийг Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 144 дүгээр тогтоолоор “ ... шүүгч асан А.О нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэрийг хуурамчаар үйлдэж, улмаар иргэн Н.Э нь уг хуурамч шүүхийн шийдвэрийг ашиглан 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нөхцөл байдал тогтоогдож байна ... дээрх үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байна ... энэ гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж хуульчилсан байна. Иймд дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй ...” гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /х.х.-н 139-141/

 

24.Дээрх хяналт шалгалт, улсын байцаагчийн акт тогтоох ажиллагаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2., Засгийн газрын 2004 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 4.1.1., 4.1.4, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3.3., 3.5.-д заасан журамд нийцсэн бөгөөд үндэслэлгүй тогтоож олгосон тэтгэврийг шийдвэрлэхээр акт үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

25.Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны тухайд, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б нэхэмжлэгч Н.Э-д төлбөр тогтоосон акт гарах талаар мэдэгдэхээр 2021 оны 3 дугаар сарын 12, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******** дугаарын утсаар мэдэгдэхэд “Сэлэнгэ аймагт байна, хорио цээрийн дараа очно” гэх тайлбар гаргасан болохыг тэмдэглэсэн байна. /х.х-н 27-29/

 

26.Мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Н.Э-д төлбөр ногдуулсан улсын байцаагчийн акт гаргах талаар мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл үйлджээ. Нэхэмжлэгч Н.Э-гаас “ ... төлбөрийг төлөх боломжгүй, шүүхийн хүчинтөгөлдөр бус шийдвэр гарсан болон шүүгч мөн холбогдох тэр үеийн хүмүүсээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна ...” гэх тайлбар гаргаж, тэмдэглэлд гарын үсэг зурсан байна. /х.х-н 26/

 

27.Ийнхүү Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актыг гаргажээ. /х.х-н 2/

 

28.Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нараас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх талаар маргаагүй болно.

 

   29.Сонсох ажиллагаа явуулсан дээрх нөхцөлөөс үзэхэд хариуцагч нар нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж иргэнд санал, тайлбараа гаргах боломжийг олгосон байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

 

            30.Маргаан бүхий актаар тогтоосон нөхөн төлбөрийн тухайд, шүүхээс маргаан бүхий 117 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн төлбөрийг дараах үндэслэлээр багасгах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, маргаан бүхий 117 дугаар актаар нийт 11.971.184 /Арван нэгэн сая есөн зуун далан нэгэн мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд уг төлбөрийн 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны буюу 55 нас хүртлэх авсан мөнгөн дүн 9.046.784 сая төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд авсан бүрэн буюу хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгосны зөрүү 2.924.400 сая төгрөг төлүүлэхээр тооцсон байна.

 

            31.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч Н.Э-гийн тэтгэврийн хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолтыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шалгаж, 17534 дугаарт баталгаажуулжээ. Мөн тухайн үед ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагч н.Г тэтгэврийн хэмжээг нэмж баталгаажуулжээ. /х.х-н 20/

 

            32. Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах шатанд уг хэргийн хариуцагч улсын байцаагч Д.Тнь уг батламж нь тухайн тэтгэвэр авагч хяналт шалгалтаар зөрчилгүй байсан талаарх тэмдэглэл гэж мэдүүлсэн болно.

 

33. Дээрх цаг хугацаанд тэтгэвэр авагч Н.Э-гийн тэтгэврийг зөрчилгүй гэж үзэн Батламж гэсэн тэмдэг дарагдсан бөгөөд таны тэтгэвэр тогтоолтыг шалгаж баталгаажуулав гэж 2017 оны 02 дугаар сарын 16-нд гарын үсэг зуржээ. /тэтгэврийн хувийн хэргийн 20-р хуудас уг нотлох баримтыг хэрэгт хавсаргав./

             

            34.Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2011, 2012, 2013, 2015 онуудад дотоод хяналт шалгалт хийсэн, иргэн Н.Э-гийн тэтгэврийн хувийн хэрэг, тэтгэвэр олголтыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шалгаж баталгаажуулсан байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт хийх, зөрчлийг шалган тогтоох үүргээ тухайн цаг хугацаанд хангалттай биелүүлээгүй байна.

 

            35. Иймд маргаан бүхий актаар тогтоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актаар тогтоосон 11,971,184 төгрөгний төлбөрөөс 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 12 дугаар сард хамаарах 385.000 төгрөг, 2018 онд хамаарах 442.000 төгрөг, 2019 онд хамаарах 447.000 төгрөг, 2020 онд хамаарах 590.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 50.000 төгрөг, нийт 1.914.000 төгрөгийн нөхөн төлбөрийг багасгаж, үлдэх нөхөн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.6., 106.3.14 дэх заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Э-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаартай актаар тогтоосон 11,971,184 төгрөгний төлбөрөөс 1,914,000 төгрөгийг багасгаж, үлдэх нөхөн төлбөрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА