Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/269

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай томилолтоор улсын яллагчаар,

хохирогч ***,

хохирогч ***ын өмгөөлөгч Х.Тилеугавал (цахимаар),

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2329001220154 дугаартай, 3 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, *** тоотод оршин суух хаягтай, урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *** (РД:***).

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч ***аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй.гэсэн;

2.Хохирогч ***аас: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *** барилга дээр ажиллаж байхдаа Land 200 маркийн  машин авч ирж барьцаалаад 20,0 сая төгрөг авсан. Маргааш нь дахин 5,0 сая төгрөг авсан. Барьцаалсан машинаа өөр түлхүүрээр аваад явчихсан байсан. Тухайн үед *** нь өөртөө байсан 8811-тэй утасны дугаарыг өгөөд хохирол төлбөр барагдсан, одоо гомдол, саналгүй.гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 2 (хоёр) жил  1 (нэг) сар 08 (найм) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 238 (хоёр зуун гучин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, хохирогч ***ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас 28,541,000 (хорин найман сая таван зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *** 5,741,000 (таван сая долоон зуун дөчин нэгэн мянга) төгрөг, хохирогч *** 230,000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, хохирогч *** 4,900,000 (дөрвөн сая есөн зуун мянга) төгрөг, хохирогч ***ад *** (найман сая хоёр зуун мянга) төгрөг, хохирогч *** 920,000 (есөн зуун хорин мянга) төгрөг, хохирогч *** 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөг, хохирогч *** 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг  тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН