Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01530

 

 

 

 

 

 

 

 

 

    2021       05         21                                     101/ШШ2021/01530         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 тоот хаягт оршин суух, Б овогт А.Л-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 дугаар орц, 0 дугаар давхар, 0 тоот хаягт оршин суух, А овогт Ж.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Л,

Хариуцагч Ж.А, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Л надаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ж.А нь 20,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Үүнээсээ 13,000,000 төгрөгийг эргүүлэн надад төлсөн.

Энэ гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг нэхэмжилсэн.

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан.

Энэ гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөг нэхэмжилсэн.

Бид зээлийн гэрээнд хүү, алданги тооцох талаар бичгээр тохиролцсон байтал Ж.А-н тайлбарлаж байгаа шиг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулчихаад үлдсэн хэсгийг нөхөж бичсэн зүйл байхгүй, үүнийг зөвшөөрөхгүй.

Дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт Ж.А-с үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, алдангийн хамт нийт 26,000,000 төгрөг нэхэмжилснээс тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2021.04.05-ны өдөр 5,000,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хассан. 

Иймд  Ж.А-с 2 гэрээний үүрэгт 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь А.Л-ын надад холбогдуулан 2 гэрээний мөнгө гэж 26,000,000 төгрөг нэхэмжилснийг гардан авч танилцаад доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Би А.Л эгчийг ээжийнхээ найз гэдгээр эртнээс таньдаг мэддэг бөгөөд 2011 оноос хойш зарим үед яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үедээ хувийн шугамаар хүүтэй мөнгө зээлнэ гэхээр нь 1,000,000-150,000,000 төгрөг зээлж 10 хувь хүртэл хүүтэй төлдөг байсан. Зөвхөн зээлсэн мөнгөнийхөө хүүд жилд дунджаар  төгрөг төлдөг найдвартай зээлдэгч болсон юм.

2. Намайг мөнгөө хугацаанд нь төлдөг, өмнө нь таньдаг мэддэг байсан учраас зээлийн гэрээг бичгээр огт байгуулалгүй намайг мөнгө зээлээч гээд ярихад данс руу минь мөнгийг хийдэг ба амаар ярьж тохирсоны дагуу хүүний хамт зарим үед огт хүү бодолгүй үндсэн мөнгөө төлдөг байсан.

3. Хамгийн сүүлд буюу 2020.02.13-ны өдөр 20,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй зээлээд үүнээс 13,000,000 төгрөгийг нь буцаан төлөөд 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх үедээ буюу 2020.05.14-ний өдөр 10,000,000 төгрөгийг дахин зээлсэн. Энэ үед найз н.Ц-г танилцуулж түүнд нийт 650 гаруй зээлдүүлэхдээ би өндөр ашиг олж байгаа юм чинь чамд баярлаж явдаг шүү, чамайг би 3,000,000-4,000,000 төгрөгөөр шагнана гэж хэлж байсан.

4. Гэтэл ковид-19 өвчний улмаас миний эрхэлдэг аялал жуулчлалын бизнес маань бүрэн зогссон. Энэ учир байдлаа А.Л эгчид учирлан түрээсийн байр авахаар 12,000,000 төгрөгөө алдаж /түүнээс сүүлд зээлсэн мөнгөөр/ мөн дээр нь үйл ажиллагаа бүрэн зогсчихоод хэцүү байгааг хэлж мэдэгдэж байхад чамаас олон жил зээлийн хүү авч ашигтай байсан нь үнэн болохоор чи үндсэн мөнгөө төлөөрэй, харин чамд мөнгө өгсөн гэх баримт хэрэгтэй байна, чамтай уулзъя гэхээр нь дараа нь буюу 2020 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах Хаард Роок ресторанд уулзаж хамт хооллонгоо уулзахад зээлийн гэрээний маягт гэх юм бичээгүй хоосон хэвлэмэл хуудас жижиг цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан.

5. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоосон хэсгийг нөхөж хүүнд 4,5 хувиас 5 хувь төлөх, алдангид 0,5 хувь мөнгө хоног тутамд нөхөн бичилт хийжээ.

6. Энэ талаар өөрт нь утсаар хэлж 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ярихад “тэгээд яадаг юм, нөхөж бичиж болохгүй юу, хуулиар авдаг журамтай болохоор чамаас авахдаа л авна” гэж ярьж буй нь хүү, алданги гэх заалтыг нөхөн бичсэнээ хүлээж байгаа нь нотлогддог.

А.Л эгчээс 2020.02.13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020.05.14-ний өдөр 10,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд хүү, алданги төлөхөөр тохиролцож байгаагүй. Уг 20,000,000 төгрөгөөс 13,000,000 төгрөг төлсөн, үүний үлдэгдэл  7,000,000 төгрөг үлдсэн. 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг төлсөн, үүний үлдэгдэл 5,000,000 төгрөг үлдсэн. Ингээд энэ 2 гэрээний үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.  

Харин дээрх 2 гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй, ингэж тохиролцоогүй гэрээ хийгдсэн гэдгийг нотолсон баримт байхгүй.

Иймд А.Л-ын 21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг зөвшөөрнө, хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Ж.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн 2021.04.05-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хасч, үлдэх 21,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А.Л нь 20.000.000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл буюу 4 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Ж.А нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, 

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон,

-2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А.Л нь 10.000.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдөр хүртэл буюу 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Ж.А нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, 

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.

 

/хх 4-5 тал/

 

Дээрх зээлийн гэрээний зээлдүүлэгч талд А.Л, зээлдэгч талд Ж.А нар гарын үсэг зурсан байх ба 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг тус тус Ж.А-н өмчлөлд шилжүүлсэнтэй зохигч маргасангүй.

 

/хх 6-9 тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын  хооронд 2020.02.13 болон 2020.05.14-ний өдрүүдэд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. 

 

Хариуцагч Ж.А нь 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, нийт дээрх 2 гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл болох 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлийг зээлийн гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, гэрээнд энэ талаар нөхөж бичилт хийсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа  баримтаар нотолсонгүй.  

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.А нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй гэх татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаар талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч А.Л нь 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг,

10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөг, бүгд 26,000,000 төгрөг нэхэмжилсэн байх ба уг шаардлагаас хариуцагч Ж.А-н 2021.04.05-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.  

 

Нэхэмжлэгч нь дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үүрэг 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэхэмжилсэн байх ба хариуцагч Ж.А нь 2020.02.13-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг,

2020.05.14-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2 сарын хугацааны хүү 1,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөг, дээрх 2 гэрээний үүрэгт нийтдээ 26,000,000 төгрөг төлөхөөс 2021.04.05-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, үлдэх 21,000,000 төгрөгийг зээлдүүлэгч А.Л-д буцаан өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд хариуцагч Ж.А-с зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ж.А-с зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.А-с  улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ