Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2021/00061/И |
Дугаар | 136/ШШ2021/00063 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 136/ШШ2021/00063
2021 оны 03 сарын 17 өдөр 136/ШШ2021/00063 Дорноговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Ажиллаж байсан байдал тогтоолгох, хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О миний бие нь З овогт Р.Ж 1992 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4-р багт амьдарч байна. Өрхийн малын А данс нь Р.Ж нэр дээр байдаг. Гэрлэлтийн гэрчилгээгүй учир малчнаар тэтгэвэр тогтоолгож болохгүй байна. Мөн Барилга угсралтын конторын Баянбогд компанид шаварчин, будагчин, нормчноор ажиллаж байсан хоног архиваас шүүхэд гарахгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд 1992 оноос эхлэн одоог хүртэл Р.Жамбалзундуй нь миний хамтран амьдрагч мөн болохыг, мөн 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилга угсралтын конторын Баянбогд компанид ажиллаж байсан нь үнэн болохыг тус тус тогтоож өгнө үү. гэжээ
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь З овогт Р.Ж 1992 оноос эхлэн одоог хүртэл хамтын амьдралтай болох, мөн 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Барилгын Баянбогд хувьцаат компанид барилга угсралтын нормчноор ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.О нь З овогт Р.Ж 1992 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа болох нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4-р багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай ЕЭ71032183 регистрын дугаартай Тулгатогоогын Одонтуяа нь тус багийн байнгын оршин суугч мөн бөгөөд 1992 оноос одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт, Р.Жамбалзундуйгийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011-2016 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатар гэрчлүүлсэн хуулбар, 2017-2020 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Чимэгсүрэнгийн бичсэн Цэсэнхүү овогтой Чимэгсүрэн миний бие нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Мааньзавын 10-1 тоотод оршин суудаг. Манай эгч Тулгатогоогийн Одонтуяа нь Зурхайч овогт Ринагийн Жамбалзундуйтай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4-р багт 1992 оноос эхлэн одоог хүртэл хамтран амьдарч байгаа нь үнэн гэх тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Бямбасүрэнгийн бичсэн Миний бие А овогтой Б нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4-р багт оршин суудаг. Миний найз ах болох Ринагийн Жамбалзундуй нь гэргий Тулгатогоогийн Одонтуяатай 1992 оноос ханилан сууж одоог хүртэл хамт амьдарч байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ц.Ч, А.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Р.Ж Т.О бид 2 нь 1992 оноос эхэлж нөхөрлөөд 1993 онд тусдаа айл гэр болж гарсан. Тэгээд одоог хүртэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин хээр гэх газартаа малаа маллаад амьдарч байна. Бид хоёр таван хүүхэдтэй, хамгийн том охин Ж.Бавуу маань 1992 онд, Ж.С маань 1994 онд, Ж.Рэгзэдмаа маань 1995 онд, Ж.Баярмаа маань 1997 онд, бага хүү Ж.Наранбаяр маань 1999 онд тус тус төрж, одоо эрүүл саруул өсөж, торнин амьдарч байна. гэх гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Мөн 1989 оны 07 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Барилгын Баянбогд хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 838 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Т.О Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын барилга хорооны Дорноговь дахь барилга угсралтын конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай 210 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Барилгын Баянбогд хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Зохион байгуулалт, өөрчлөлт хийхтэй холбогдуулан бүх ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 02 дугаартай тушаал, 1989 онд ТМС төгсөөд БУК-ийн Баянбогд ХК-д шавар будагчны нормчноор ажилд орж байсан үеийн Би нүүрэн талд голд зогсож байгаа гэх тайлбартай гэрэл зураг, 1990 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан үеийн Би баруун гар талд шавардлага хийж байгаа нь гэх тайлбартай гэрэл зураг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ц.Б бичсэн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Д.Б бичсэн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б, Д.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Барилгын Баянбогд хувьцаат компанийн ерөнхий захирлын 128 дугаартай Т.Одонтуяаг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.О 1992 оноос одоог хүртэл З овогт Р.Ж хамтын амьдралтай байсныг тогтоож, мөн 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Барилгын Баянбогд хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төслийн дансанд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар З овогт Т.О /......./ нь З овогт Р.Ж /......./-тай 1992 оноос эхлэн одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Зурхайч овог И.О Дорноговь аймгийн Барилгын Баянбогд хувьцаат компанид 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА