| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/240 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0201/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000215 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 347 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт байрлах “ ******* ” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн ******* эзэмшлийн цагаан өнгийн Samsung А5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр өглөө 10 цагийн үед Хонгор сумын Салхит 3 дугаар багийн “ ******* ” хүнсний дэлгүүрийг онгойлгож ажиллаж байсан. Өдрийн 11 цагийн үед дэлгүүрийн кассын ширээнд байсан өөрийн эзэмшлийн Samsung А51 загварын гар утас алга болсныг мэдсэн. Түүнээс хойш дэлгүүр дотроос хайгаад олоогүй. Намайг дэлгүүр онгойлгож удаагүй байхад Салхит багийн иргэн *******, ******* хоёр орж ирээд 7 хоногийн өмнө барьцаанд тавьсан гар утсаа зарах гэж байгаа юм, хүнд үзүүлээд аваад ирье надад түр өгч байгаач гэж хэлээд оронд нь өөр iphone загварын гар утас үлдээгээд явсан. Түүнээс хойш 11 цагийн үед ******* ганцаараа дахин орж ирж авч явсан гар утсаа өгөөд надаас iPhone загварын утсаа асуухаар нь шургуулгаас гаргаж касс дээр тавьсан. Тухайн үед касс дээр юм хийж байсан тул ******* гараад явсан байсан. ******* ыг гарч явсны дараа 12 цаг 20 минутын үед гар утсаа хайтал байгаагүй. Харин ******* ын iphone загварын гар утас касс дээр байсан. Дэлгүүрээс гараад хажуу айлын эмэгтэйн гар утсыг авч өөр лүүгээ залгатал согтуу юм шиг эрэгтэй хүн аваад миний хоолойг сонсоод тасалчихсан. Түүнээс хойш хүмүүсийн гар утсаар 35 удаа залгасан боловч шууд таслаад байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Дархан-Уул аймагт ажлаар явж байгаад орой 17 цагийн үед Хонгор сумын Салхит багийн “*******” хүнсний дэлгүүрт иртэл нь Samsung А51 загварын гар утсаа хулгайд алдчихлаа гээд сууж байсан. Тухайн үед би ямар хүмүүс орж ирсэн талаар асуухад ******* болон өөр бусад хүний нэрс хэлсэн. Тухайн үед би *******ыг хайж гэрт нь очтол байгаагүй гудамжинд хайж явтал Шивээтийн 01 дүгээр гудамжинд явж байхаар нь дуудаж аваад миний дүү эгчийнхээ гар утсыг гаргаад өгчих цагдаа дуудаж яах юм гэж хэлтэл би аваагүй, Төмрөө ахаа та цагдаагаа дуудвал дууд гэж хэлсэн. Би тухайн үед энэ өгөхгүй юм байна гэж бодоод хувцсыг нь шалгаж үзтэл гар утас байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Төмөр замд ажлаа хийж байсан. Би тухайн дэлгүүрээс утас алдагдсан гэх талаар дуулаагүй. Харин тус өдрийн 14 цаг 30 минутын үед Салхит багийн Найрамдал 13 дугаар байрны Өлзий хүнсний дэлгүүрийн урд *******, *******, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ******* над руу ирээд ахаа гар утас авах уу гэхэд хаана байгаа юм ямар утас вэ гэхэд ******* т байгаа гэхээр нь хартал. ******* ын гарт асаалттай, гялгар туулай, цэцэгтэй кэйстэй Samsung А51 загварын гар утсыг ******* оролдоод сууж байхаар нь би ийм гар утсыг барьж байсан авахгүй гэж хэлсэн. Тухайн үед *******, ******* руу хараад ахаа наад гар утсыг нэг шил юманд тавьчихъя гэхэд ******* үгүй би зарна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 03. дугаар сарын. 14-ний өдрийн “...Samsung А51 загварын гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны байдлаар 700,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-31/,
Яллагдагч ******* аас цэцэгтэй ногоон гэртэй, цагаан өнгийн Samsung А51 загварын гар утсыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-15/,
Яллагдагч ******* ын “...11 цагийн үед гэрээсээ гараад төв орж явахдаа “Арвин” гэх нэртэй дэлгүүрийн гадна ******* гэх нутгийн дүүтэй таараад ******* дэлгүүрээс 1 шил 0.75 граммын “Монгол” нэртэй архи аваад гараад ирэхээр нь “Арвин” дэлгүүрийн цаана байх модны доор сууж уусан. Тухайн үед архи дууссан тул ******* бид хоёр “*******” хүнсний дэлгүүр орж би 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Iphone загварын гар утсаа “*******” хүнсний дэлгүүрт барьцаанд тавьж архи уусан байсан. Тухайн үед би өөр гар утас гаргаж ирээд өмнөх өдөр барьцаанд тавьсан гар утсаа сольж авсан. Тэндээс ******* надад би наад гар утсыг чинь 40,000 төгрөгөөр зараад өгье гэж хэлээд Найрамдал 13 дугаар байрны дэлгүүр ортол зарагдахгүй байсан. Тэндээс гарч иртэл Эрхэт багийн гэх залуу таараад бид гурав явж байтал Батаа гэх нутгийн ах уурын зуухны үнсийг замын нүхэнд тараагаад явж байсан. Бид гурав тусалтал Батаа ах бидэнд “Монгол” нэртэй архи гаргаж өгсөн. Тухайн архийг бид гурав хувааж уугаад би гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 38/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* : “...Би эгчийн дэлгүүрт өмнө нь өөрийн самсунг маркийн гар утсыг барьцаалсан. Нэлээд олон хоногийн дараа ай-фоне маркийн гар утас барьцаанд тавих гээд орсон. Би өмнө үлдээсэн гар утсаа авъя гэсэн чинь эгч өөрийнхөө гар утсыг андуураад өгсөн. Би тухайн үед их согтуу байсан. ... Би хулгайлаагүй. Надад эгч андуураад өгсөн”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын өгсөн: “...Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт гар утсыг хулгайлаагүй гэж мэдүүлж байна. Харин түүний барьцаанд үлдээсэн гар утсыг андуураад өгсөн гэх байр суурийг илэрхийллээ. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалан оролцох боломжтой. Тиймээс шүүгдэгч ******* ыг гэм буруугүйд тооцуулах саналтай байна”,
Улсын яллагч: “... Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, шунахайн сэдэлтээс шалтгаант холбоотой. Хэдийгээр шүүгдэгч ******* нь гар утсыг андуураад авсан гэж байгаа ч хоёр ширхэг өөр өнгө, маркийн гар утсыг худалдагч андуураад өгөх боломжгүй. Хохирогч өөрийнхөө гар утсыг ширээн дээр, *******ын гар утсыг касс дээр тавьсан гэж мэдүүлдэг. Мөн нийт 35 удаа залгахад эхний дуудлагыг нь аваад салгасан. Сүүлийн дуудлагуудыг огт аваагүй гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэгт ******* ыг тухайн гар утсыг оролдож байсан гэж дурдсан. Мөн ******* нь гар утсыг гэрт нуусан. Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэх саналыг шүүхэд гаргаж байна” гэж тус тус мэтгэлцжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гар утсыг хулгайлаагүй андуураад авсан гэж мэдүүлж байх боловч хохирогч ******* “...******* ганцаараа дахин орж ирж авч явсан гар утсаа өгөөд надаас iPhone загварын утсаа асуухаар нь шургуулгаас гаргаж касс дээр тавьсан. Тухайн үед касс дээр юм хийж байсан тул ******* гараад явсан байсан. *******ыг гарч явсны дараа 12 цаг 20 минутын үед гар утсаа хайтал байгаагүй. Харин *******ын iphone загварын гар утас касс дээр байсан. Дэлгүүрээс гараад хажуу айлын эмэгтэйн гар утсыг авч өөр лүүгээ залгатал согтуу юм шиг эрэгтэй хүн аваад миний хоолойг сонсоод тасалчихсан. Түүнээс хойш хүмүүсийн гар утсаар 35 удаа залгасан боловч шууд таслаад байсан” гэх, гэрч “... ******* над руу ирээд ахаа гар утас авах уу гэхэд хаана байгаа юм ямар утас вэ гэхэд *******т байгаа гэхээр нь хартал. *******ын гарт асаалттай, гялгар туулай, цэцэгтэй кэйстэй Samsung А51 загварын гар утсыг ******* оролдоод сууж байхаар нь би ийм гар утсыг барьж байсан авахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгчээс хохирогчийн утсыг хураан авсан тэмдэглэл, хохирогчийн алдагдсан утас андуурагдахааргүй буюу гадуураа кэйстэй цагаан өнгийн Самсунг маркийн утас байсан, шүүгдэгчийн барьцаанд тавиад буцаан авсан гэх утас нь өөр загварын, өөр өнгийн утас байсан байх тул тухайн гар утсыг андуурч авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Согтуурсан, мансуурсан байсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, гэмт үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь шунахайн сэдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хулгайд алдсан гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ харьцангуй бага, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 9 /есөн/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД