Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/01571

 

 

 

 

 

 

 

 

 

    2021       05         25                                     101/ШШ2021/01571         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Ч овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Д.М-т холбогдох,

 

4,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие Д.М-тай 2019.01.16-ны өдөр гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд 5,000,000 төгрөгийг цувуулан өгсөн боловч үлдсэн 4,000,000 төгрөгийг өгөхгүй удаа дараа худал хэлж зугтсан.

Миний аав Д.Д нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон бөгөөд 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчдад байр, эсхүл түүнтэй дүйцэхүйц мөнгөн тусламж олгох шийдвэр гарсан боловч санхүү төсвөөс шалтгаалан авч чадаагүй юм.

Д.М нь Батлан хамгаалах яаманд ажилладаг байсан учир надад тус болно гэсэн юм. Мөнгө өгөхдөө хугацаа заагаагүй, хүү төлөх талаар бичгээр тохиролцоогүй, 4,000,000 төгрөгийг өгөхгүй 2 жил болсон учир  хүүд 100,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Иймд Д.М-с 4,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суугч Д.М миний бие тус байранд оршин суугч Д.Б-г нэг байранд оршин суудгийн хувьд таньдаг байсан билээ.

2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Д.Б нь манай гэрт орж ирээд чамтай уулзах маш чухал хэрэг байна, чи маргааш орой манай гэрт ороод ирэх үү гэж хэлээд явсан юм. Би гэрт нь маргааш орж уулзахад миний аав Д.Д 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан юм, “Бид ялав” медалиар шагнуулснаас өөр юм байхгүй байдаг. 2008 онд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж ахмад дайчдад 1 өрөө байр олгох зарлиг гаргасан юм байна. Гэтэл манай аав ахмад дайчны үнэмлэхээ ч аваагүй тул надад туслаач гэсэн юм. Би та эхлээд ахмад дайчны үнэмлэхээ хөөцөлдөж авах хэрэгтэй, дараа нь цэргийн болон тагнуулын архивын бичиг баримтаа үндэслэн Батлан хамгаалахын яаманд хүсэлт гаргах хэрэгтэй гэсэн билээ. Гэтэл тэрээр сар гаруйн дараа би зөндөө явлаа, ер болохгүй байна, чи л туслахгүй бол болохгүй байна, 1 өрөө байрны мөнгөө аваад би чамайг шагнах болно чи одоо ажил хөөцөлдөхөд чинь зориулж чамд би 10,000,000 төгрөг өгье, тэгээд том мөнгөө авахаараа чамайг шагнана гээд байсан. Хэд хоногийн дараа надад мөнгө маань арай бүрдээгүй байна, чи үүнийг түр авч бай гээд 9,000,000 төгрөг авчирч өгсөн билээ. Надад байгаа материал гээд 6 хуудас бичиг баримтын хамт өгсөн.

Би туслах санаатай хөөцөлдсөн боловч 2013 оноос хойш орон сууц олгох болон нөхөн олговор олгох ямар нэгэн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоол, шийдвэр гараагүй байсан. Энэ тухай Д.Б-д хэлээд мөнгийг нь буцаан өгөх гэхэд би авахгүй ээ, танай яаман дээр Халх голын 80 жилийн ой тохиолдуулан мөнгө өгөх юм, чи хөөцөлдөөд бай л гэсэн. Би тэр үед Батлан хамгаалах яаманд ажилладаг байсан ба одоо тэтгэвэртээ гарсан билээ. Миний бие Д.Б-д шагналын төсөв, хөрөнгө нь батлагдаагүй байгаа тул та мөнгөө авч бай гээд олон удаа хэлсэн боловч тоохгүй байхаар нь гэрт орж 5,000,000 төгрөгийг нь буцаан өгсөн билээ. Үлдсэн 4,000,000 төгрөгийг энэ ажлыг хөөцөлдөж байхдаа зарцуулсан /хүмүүст өгсөн/ тул та жаахан хүлээж байгаарай би аваад өгнө гэсэн боловч нөгөө нөхөр маань халагдаад алга болсон тул би Д.Б гуайд үнэн учраа хэлээд би өөрөө төлнө таныг хохиролгүй болгоно гэсэн юм. Би хэдэн дүү нартайгаа хамтран барилгын компанийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд 2020 онд ковидын каринтины улмаас барилгын ажил хийж чадаагүй. Энэ жил 1 ажил хийх тендерт шалгарсан тул эвлэрлийн журмаар асуудлыг нь шийдвэрлэх саналтай байна.

Миний бие шүүх хуралдаанаар орж эвлэрэх саналтай байгаа болно гэжээ.

 

/хх-ийн 15 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.М-т холбогдуулан 4,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх, эсхүл түүнтэй дүйцэхүйц мөнгөн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор 9.000.000 төгрөгийг Д.М-т хүлээлгэн өгсөн, үүнээс 5,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 4,000,000 төгрөгийг буцааж өгөлгүй 2 жил болсон учир хүүд тооцож 100,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Мөнгө хүлээн авсан тухай тодорхойлолт” гэх баримт үйлдсэн, уг баримтын хүлээлгэн өгсөн талд Д.Б, хүлээн авсан талд Д.М тус тус гарын үсэг зурсан байна.

 

/хх-ийн 41 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Д.Б нь Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдад орон сууц эсхүл түүнтэй дүйцэхүйц мөнгөн тусламж олгож буй асуудлыг шийдвэрлүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсч Д.М-т 9,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс тэрээр 5,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 4,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй байх ба талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” заасны дагуу шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Д.М нь 4.000.000 төгрөгийг Д.Б-н хүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан боловч тэрээр энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл дээрх хөрөнгийг бусдад шилжүүлэн өгсөн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хүү төлөхөөр хэлэлцэн тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон байдлаа, хариуцагч нь 4.000.000 төгрөгийг өөрөө захиран зарцуулаагүй, бусдад шилжүүлэн өгсөн гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч Д.М-с 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.М нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч Д.Б-н хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

/хх-ийн 40 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч Д.М-с 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Д.М-с улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ