Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/01089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б

Хариуцагч: Д.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 71,300,618.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш, хариуцагч бөгөөд хариуцагч Д.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Г” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Б, Д.Энар нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Гтай ЗГ3050003998 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 79,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр БГ3050003998 дугаарт Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ,14 дүгээр хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 48 дугаар байрны 12 тоот, 59.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204050995 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч О.Б, Д.Энар нь ЗГ3050003998 дугаартай зээлийн гэрээний хавсралт№1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 314 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 66,559,000.65 төгрөг, зээлийн хүү 4,719,912.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,706.02 төгрөг, нийт 71,300,618.90 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хариуцагч нартай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “ЗГ3050003998 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулж, зээл төлөх хугацаа 2034 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл сунгагдсан байгаа боловч үндсэн гэрээг цуцалж, шүүхэд хандсан байгаа, шүүхийн зүгээс гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн тохиолдолд уг гэрээ нь дагаад хүчингүй болно.

Иймд О.Б, Д.Энараас зээлийн гэрээний үүрэгт 71,300,618.90 төгрөгийг гаргуулж, ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 48 дугаар байрны 12 тоот, 59.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204050995 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Э миний бие Гны 71,300,618 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би эхнэр О.Бий хамтран зээлдэгч болж Гнаас 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ050003998 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 79,400,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Тус орон сууцны зээлийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 48 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг худалдан авсан бөгөөд одоо ч тухайн орон сууцандаа амьдарч байгаа болно. Зээл авах үед миний бие тогтмол цалинтай компанид ажиллаж байсан боловч компанийн үйл ажиллагаа доголдсоноос 2017 онд ажлаасаа гарч хувиараа хүнд машин механизмын засварын газар ажиллуулах болсон. Миний ажил зөвхөн дулааны улиралд хийх боломжтой байсан тул cap бүр тогтмол орлоготой байгаагүй нь зээлийн эргэн төлөлтийг хоцроох удаашруулахад нөлөөлсөн юм. Нийтийг хамарсан хөл хорио нь том машин механизмын ажлыг хэвийн явуулах боломжгүй болгосон тул машинаа засварлуулах үйлчлүүлэгчийн тоо эрс цөөрсөн бөгөөд 2020 онд бараг ажиллаж чадаагүй. Бид энэ хугацаанд Гны зээлийн ажилтантай холбогдон боломжоороо зээлээ төлж байсан ба Засгийн газраас гаргасан шийдвэрийг ундэслэн 2020 оны 3 дугаар сард зээлийн хугацаа сунгах хүсэлтийг Гинд цахим хэлбэрээр илгээж байсан. Бидний гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй гэх хариуг банкнаас өгөөгүй учир бид хугацаа сунгагдсан гэж ойлгосон. Ковид 19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон, орлого багассан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны зүгээс үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох боломжтой байтал шууд шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч Д.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Б миний бие нөхөр Д.Энхжаргалын хамт Гнаас 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ050003998 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 79,400,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Тус орон сууцны зээлийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 48 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг худалдан авсан бөгөөд одоо ч тухайн орон сууцандаа амьдарч байгаа болно. Бид зээл авсанаасаа хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 49,645,452.91 төгрөгийг төлж барагдуулсан ба үүнээс 36,761,627 төгрөг нь зээлийн хүүнд, 12,840,999 төгрөг нь үндсэн зээлд тооцогдон хасагдсан байна. 2018 оны дунд үеэс эхлэн бидний ажил амьдралд бага зэргийн өөрчлөлт гарсанаас зээлийн төлөлтийг удаашруулж, хоцроож байсан боловч боломжит бүх байдлаар зээлийг төлсөөр ирсэн юм. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн манай улс Ипотекийн зээлийн гэрээний төлбөрийг хойшлуулах тухай шийдвэр гаргаж Г цахимаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 30-31-ний өдөрт О.Б миний бие Гны хүсэлт хүлээн авч байсан цахим сайтаар дамжуулан зээлийн гэрээний хугацааг 6 сараар хойшлуулах хүсэлт гаргасан ба "хүсэлт хүлээн авсан, таны хүсэлтийг шалгаж холбоо барина" гэсэн цахим хариулт өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нөхрийн болон миний ажил, орлого удаашралтай болсон, мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим хэрэг шийдвэрлэхгүй удсанаас үүдэн өмгөөлөгч миний томоохон хэргүүд тухайн шүүх дээр гацаанд орсон зэргээс шалтгаалан орлого багассан ба Ипотекийн гэрээний хугацааг хойшлуулсан гэж үзээд 2020 оны 3 сараас хойш зээлийн төлөлтийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкнаас надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын эхээр зөрчилөө арилгахгүй бол шүүхэд шилжүүллээ гэж ярьсан. Би “одоо надад 7 сая төгрөг байхгүй байна, би шууд зөрчлийг арилгах боломжгүй, cap бүр төлж л арилгах боломжтой. Би танай банкинд хугацаа хойшлуулах хүсэлт гаргасан, тэгээд мөнгө төлөөгүй” гэж хариулсан ба банкны ажилтан “та хүсэлт гаргаад салбар дээрээ очиж нэмэлт гэрээ байгуулна, танд эргэж хариу өгөхгүй. Таны гэрээний хугацаа өөрчлөгдөөгүй байх тул дахин хугацаа өгөх боломжгүй” гэж хариулсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн гэрээний хугацааг 240 cap гэж заасан ба гэрээний хавсралт №1-д тодорхойлсоноор зээл төлөх эцсийн хугацаа 2033 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуусна. О.Б миний гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн зөрчил зээлийн хүү 4,719,912 төгрөг, үндсэн зээл 2,503,174 төгрөг, нийт 7,223,086 төгрөг байна. Энэ нь зээлдэгч миний 20 жилийн хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан нийт үүргийн 4,5 хувьтай тэнцэж байх бөгөөд зөрчил нь нийт үүрэгтэй харьцуулахад ялимгүй гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд банк дангаар зээлийн гэрээг цуцлах эрхгүй юм. Орон сууцны зээлийн гэрээний 5.6-д “Энэхүү гэрээтэй холбоотой маргааныг банк болон зээлдэгч аль болох хэлэлцээ хийх замаар харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй гэж талуудын аль нэг нь үзвэл маргааныг харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан ба бидний хооронд харилцан тохиролцож шийдвэрлэсэн зүйл байхгүй байна. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн зээлийн гэрээний үүргийн хугацаа сунгагдсан гэж үзэж байсан. Учир нь Монгол Улсын хувьд цар цахалтай холбоотойгоор ипотекийн 8, 6 хувийн зээлийн төлбөрийг хойшлуулах тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор 2020 оны 3 дугаар сард Гны хүсэлт хүлээн авч байсан цахим хэлбэрээр хүсэлт гаргасан. Хэдийгээр Г шүүхэд шилжүүлсэн ч 2020 оны 12 дугаар сард дахин 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтийг гаргасан болно. Ингээд бид Гтай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “ЗГ3050003998 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулж, зээл төлөх хугацаа 2034 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл сунгагдаж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээл төлөхгүй байхаар тохиролцсон байгаа болно. Ковид 19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон, орлого багассан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны зүгээс үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох боломжтой байтал шууд шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч О.Б, Д.Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71,300,618.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Хариуцагч нар нь урт хугацааны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан, нийт зээлийн төлөлтийн хувьд үүргийн 4,5 хувьтай тэнцэж байх бөгөөд зөрчил нь нийт үүрэгтэй харьцуулахад ялимгүй гэж үзэхээр, мөн цар тахалтай холбогдуулан эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон, орлого багассан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны зүгээс үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох боломжтой байтал гэрээгээ цуцалж, шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

“Г” ХХК нь О.Б, Д.Э нартай 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ3050003998 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч нар нь 79,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зорилгоор авсан, мөн өдөр БГ3050003998 дугаартай “Ипотекийн гэрээ” байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 48 дугаар байрны 12 тоот, улсын бүртгэлийн Ү-2204050995 дугаарт бүртгэгдсэн, 59,7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар зээлийн болон ипотекийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний үүрэгт нийт 49,645,452.91 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлөлтөөс үндсэн зээлд 12,840,999.35 төгрөг, хүүд 36,761,627.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42,825.88 төгрөгийг тус тус тооцсон байна.

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээл 66,559,000.65 төгрөг, хүү 4,719,912.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,706.02 төгрөг, нийт 71,300,618.90 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба хариуцагч нар гэрээгээр хүлээсэн тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ хэтрүүлж, зөрчил үүсгэсэн болох нь “Хүү тооцооллын хүснэгт”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн зөрчил 2019 оны 3 дугаар сараас эхэлсэн болох нь хариуцагч нарын банкинд гаргасан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн өргөдөл, Гны 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09/2987 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх боловч “Хүү тооцооллын хүснэгт”-ээс харахад 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 3,708,587.36 төгрөг, хүүд 8,706,854.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34,558.06 төгрөг, нийт 12,450,000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлсөн байна.

Коронавирусийн тархалттай холбогдуулан Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Монгол банкнаас ипотекийн зээлийн төлбөрийг 6 хүртэлх сараар хойшлуулах чиглэлийн дагуу “МИК ОССК” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20/11-83 дугаартай “Зээлийн төлбөр хойшлуулах тухай” албан бичиг болон хавсралт №1 “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой заавар”, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20/11-227 дугаартай “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нэмэлт заавар хүргүүлэх тухай” албан бичиг болон хавсралт №1 “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой нэмэлт заавар”-ыг тус тус “Үйлчилгээ үзүүлэгч банкуудад” хүргүүлсэн байна.

Дээрх заавраас үзэхэд зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн төлөлтийн хуваарийг сунгах хүсэлт ирүүлсэн өдрөөс хойшхи эхний төлбөрийн хугацаанаас эсвэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанаас эхлэн тооцож, 6 хүртэлх сараар зээлийн төлөлтийн хуваарийг сунгаж болохоор заасан бөгөөд үүний дагуу хариуцагч О.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-31-ний өдөрт Гны цахим хаягаар дамжуулан зээлийн гэрээний хугацааг 6 сараар хойшлуулах хүсэлт гаргасныг “хүсэлт хүлээн авсан, таны хүсэлтийг шалгаж холбоо барина” гэсэн агуулгатай цахим хариулт өгсөн, харин Гны зүгээс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Таны нөхцөл өөрчлөх хүсэлт батлагдлаа. Офицер салбарт хамтран зээлдэгчийн хамт үнэмлэхтэй очиж гэрээ хийнэ үү” гэсэн хариуг зээлдэгч нарт илгээсэн гэх боловч О.Бий холбоо барих утсанд ямар нэгэн хариу мессеж ирээгүй болох нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Ийнхүү хариуцагч нарт хариу мессеж ирээгүйтэй холбоотойгоор зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд дээрх цаг хугацаанд нэмэлт өөрчлөлт ороогүй, улмаар гэрээний үүргийн зөрчил үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч нь урт хугацааны зээлийн гэрээгээ цуцалж, шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ханджээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд коронавирусын цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэжээ.

“МИК ОССК” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20/11-252 дугаартай албан бичгээр “Ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах заавар”-ыг үйлчилгээ үзүүлэгч банкуудад хүргүүлсэн ба хариуцагч нар зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гинд хүргүүлж, зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ3050003998-CoII” дугаартай “ЗГ3050003998 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж, зээлийн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү зохигчид нь өмнө байгуулсан зээлийн гэрээнд улс орон даяар үүссэн цар тахалтай холбогдуулан өөрчлөлт оруулсан, харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор цуцалж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Г нь хариуцагч О.Б, Д.Энарыг зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй юм.

Гэвч дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэхэд 2019 оны 3 дугаар сараас гэрээний үүргийн зөрчил үүссэн боловч хариуцагч нар нь уг хугацаанаас хойш нэхэмжлэгчид 12,450,000 төгрөгийн зээл болон хүүгийн төлөлт хийж байсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулсан зэрэг нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д “үүргийг ялимгүй зөрчсөн” тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б, Д.Энарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 71,300,618.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 584,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ