| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2020/04703/И |
| Дугаар | 101/ШШ2021/00651 |
| Огноо | 2021-03-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/00651
| 2021 03 02 | 101/ШШ2021/00651 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 42-1445 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Г.Б /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамж, 192 тоотод оршин суух, Боржигон овогт М.М /рд:0000000/-д холбогдох,
24,409,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б/Ү-2260/, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Г.Б миний бие 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5192447 регистрын дугаартай, 9011130099 улсын бүртгэлийн дугаартай И м ХХК-ийн захирал М.Мтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Онцгой хотхоны 3 дугаар блокны 1 дүгээр орцны 2 давхарын 64,69 м.кв талбай бүхий байрыг 71,159,000 төгрөгөөр худалдаж авах тохиролцож “Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ” байгуулж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд И м ХХК-ийн данс болон захирал М.М бэлнээр нийт 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Баримтыг хавсаргав.
Онцгой хотхоны барилга баригдаж байсан учир 2018 оны 03 дугаар cap хүртэл хүлээсэн. 2018 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жоби-72 төвд Онцгой хотхоны борлуулалтын албатай очиж уулзахад миний нэртэй захиалга огт байхгүй байсан. Юу болсон талаар тодруулахад Онцгой хотхоны барилга дээр И м ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2018 оноос Ш х ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болсон байсан. Энэ үед И м ХХК-ийн захирал М.М миний захиалсан байрны гэрээ, мөнгийг Шонхорын хүсэл ХХК-д шилжүүлэхгүйгээр хувьдаа хэрэглэсэн байсан. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл өгч шалгуулсан ба Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргээр 200601823 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдсан. Хэргийг шалгах явцад Ш х ХХК нь өөрийн данс руу орсон байна гэж 7,000,000 төгрөгийг гаргаж өгсөн. И м ХХК-ийн захирал М.М нь үлдэгдэл 22,000,000 төгрөгийг гаргаж өгөхөөр мэдүүлэг өгч, баталгаа гаргаж өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 200601823 дугаартай хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан. Миний бие бүтэн 4 жилийн хугацаанд байр ч үгүй, мөнгө ч үгүй эдийн засаг, сэтгэл санаагаар хохирсоор байна. Иймд И м ХХК-ийн захирал М.Мэс орон сууц захиалгах бариулах байрны урьдчилгаанд өгсөн 22,000,000 төгрөг, орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний 8.1 дэх хэсэгт зааснаар алданги 2,409,000 төгрөг нийт 24,409,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.”гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2016 оны 10 сарын 11-ний өдөр “И м” ХХК-тай албан ёсоор 64.69 м.кв байрыг авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2016 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 сарын 04-ний өдрийг хүртэл 29 000 000 төгрөгийг “И м” ХХК-д дансаар болон М.Мд бэлнээр өгсөн. Бүх нотлох баримтыг нотариатаар баталгаажуулан хавтаст хэрэгт өгсөн. 2017 оны эхээр Жоби 72 төв дээр н.Баасанжав гэдэг хүнтэй уулзаж үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар асуухад миний байгуулсан захиалгын гэрээ, мөнгө байхгүй болсон байсан. н.Баасанжав нь “Ш х” ХХК дээр тооцоо нийлсэн байгаа гэсэн тул түүнтэй хамт “Ш х” ХХК дээр очиж нягтлантай нь тооцоо нийлэхэд 7 000 000 төгрөг нь “Ш х” ХХК-ийн дансанд орж, 22 000 000 төгрөг огт ороогүй, санхүүгийн баримт байгаагүй. Мөн байрны гэрээ, мөнгө, захиалга маань байгаагүй. “Ш х” ХХК-иас 7 000 000 төгрөг нь манай компанийн дансанд байгаа. 22 000 000 төгрөгийг М.М гэдэг хүн өөрийн байр, машиныхаа лизингийг төлсөн баримтыг гаргаж өгсөн. Лизинг төлсөн гэх баримтыг надад гаргаж өгсөн. Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж шалгуулах хугацаанд “Ш х” ХХК-иас 7 000 000 төгрөг авсан. М.М надтай уулзаад “өнөө, маргаашгүй 22 000 000 төгрөгийг чинь өгье” гэж хэлсэн учир цагдаагийн хэлтэст “7 000 000 төгрөгийг “Ш х” ХХК-иас авсан. 22 000 000 төгрөгийг М.М төлөхөөр болсон” гэж мэдүүлсэн. Одоогийн байдлаар М.Мэс ямар ч мөнгө аваагүй. Одоо үндсэн мөнгө 22 000 000 төгрөг, 2 409 000 төгрөгийн алданги гээд нийт 24 409 000 төгрөгийг М.Мэс гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Г.Бээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбар гаргаж байна. И м ХХК-ийн захирал М.М би Н.Бтэй “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, орон сууц худалдахаар тохирсон болно. Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлдээ бичсэнээр орон сууцны төлбөр гэх 29,000.000 төгрөгийг надад бэлнээр шилжүүлээгүй тул үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Г.Б нь орон сууц худалдан авах гэрээний дагуу надад 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бэлэн 3 сая төгрөг төлж эхэлсэн гэжээ. Бид орон сууц худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сард байгуулсан тул 01 дүгээр сард 3 сая төгрөг бэлнээр төлбөр авах үндэслэл байхгүй юм. 2016.09.27-500,000 төгрөг, 2016.12.18-1,000,000 төгрөг, 2017.01.02-2,000,000 төгрөг, 2017.02.01-1,000,000 төгрөг, 2017.03.16-2,000,000 төгрөг, 2017.03.21-3,000,000 /бэлнээр/, 2017.04.04-2,000,000 төгрөг, 2018.07.27-500,000 төгрөг, 2018.10.21-800,000 төгрөг, 2018.10.21-200,000 төгрөг шнлжүүлсэн бөгөөд тэрээр гэрээнд заасан графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн юм. Г.Б нь 2018 онд миний биед гэмт учруулж, халуун усаар цээжийг минь түлсэн учир би Бүгд Найрамдах Солонгос Улсад 2018 оны 10 дугаар сарын 23-30-ны өдөр очиж эмчлүулсэн ба тэрээр надад учруулсан хохирол болон гэм хорыг арилгах ёстой атал ямар нэг байдлаар төлбөр төлөөгүй тул уг төлбөрийг суутгаж авснаа тайлбарласан болно. Ийнхүү Г.Б надад учруулсан хохирлоо арилгаж төлбөр төлөхийг зевшөөрч байсан атлаа 2 жилийн дараа гэнэт намайг цагдаагаар шалгуулж, баривчлуулна гэж айлгаж эхэлсэн. Иймд нэхэмжлэл нь илт үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Онцгой байдлын газрын 500 айлын орон сууцыг 2016 оны 01 сард хүлээлгэж өгөхөөр Хятад хөрөнгө оруулагч компанитай хамтран ажилласан. 2016 оны 01 сараас гэрээ байгуулагдаж 2016 оны 06 сараас ажил явагдаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн нөхөртэй танилын харилцаатай бөгөөд орон сууцгүй, айлын байр түрээсэлж байгаа гэхээр нь “манай дүү байр барьж байгаа. м.кв нь 1 800 000 төгрөгийн үнэтэй байгаа. Хямдруулаад 1 600 000 төгрөгөөр ав” гээд эдгээр хүмүүсийг байртай болгож өгсөн. Дүүдээ “манай найз” гэж хэлээд байр авч өгсөн. Манай компанийн данс руу 11 000 0000 төгрөг шилжүүлсэн. Компанийн орлогын баримт дээр 8 000 000 төгрөг байдаг. 500 айлын байр барьж байгаа учир найздаа орлого оруулъя, тус болъё гэсэн үүднээс 8 000 000 төгрөгийг зурсан гэж байгаа боловч би тухайн үеийг санадаггүй. Намайг согтуу байхад гарын үсэг зуруулсан байсан. 8 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй. “Ш х” ХХК, “И м” ХХК, Онцгой байдлын газар маргалдаж шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд Онцгой байдлын газар нийт ажилчдынхаа эрх ашгийг хамгаална гээд “И м” ХХК-ийг гэрээнээс хассан. Гэрээнээс хасагдсан тухай Г.Б, н.Б нарт хэлж байсан. Хятад компанитай уулзаад байраа авчих гэж олон хэлсэн боловч Г.Б бэлэн мөнгөө авна гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхэд нь би хятад компанийн дансанд орсон 7 000 000 төгрөгийг нь авч өгсөн. Үүн дээр маргадаггүй. Бид хамт байхад маргалдаж нэхэмжлэгчийн нөхөр миний цээж рүү халуун ус цацсан. Үндсэн баримтаар нотлогдож байгаа 11 000 000 төгрөгийг төлнө. Бэлэн мөнгөний баримтаар төлсөн 8 000 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.Мд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаанд өгсөн 22,000,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний 8.1 дэх хэсэгт зааснаар алданги 2,409,000 төгрөг, нийт 24,409,000 төгрөгийг хариуцагч М.Мэс гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нь компанийн дансанд шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 8,000,000 төгрөгийн бэлэн мөнгө аваагүй, бааранд архи уусан зэрэг асуудлыг надад бэлэн мөнгө өгсөн мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ийм хэмжээний архи дарс уугаагүй, түүнчлэн компанитай гэрээ хийсэн байхад М.Мэс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Б, И м ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд өгсөн 22,000,000 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний 8.1-т зааснаар алданги шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 823 тогтоол, зохигчийн тайлбараас үзэхэд И м ХХК нь /тогтоол компанийн нэрийг 2 өөрөөр бичсэн/ барилгын ажлыг эхлүүлсэн боловч барилгын ажлыг гүйцэтгэх явцад маргаан гарч барилгын ажлыг гүйцэтгэх эрхийг ерөнхий гүйцэтгэгч И м ХХК-иас Шонхорын хүсэл ХХК-д шилжүүлж байр захиалсан иргэдтэй Ш х ХХК шинэчилсэн гэрээ байгуулсан боловч иргэн Г.Б, И м ХХК, Ш х ХХК-иудын хооронд маргаан үүсэж Ш х ХХК-ийн дансанд орсон 7,000,000 төгрөгийг Г.Бт буцаан олгож, үлдэгдэл мөнгийг И м ХХК-ийн захирал М.М хариуцахаар тохиролцсон, И м ХХК-ийн захирал М.М-ийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлбэл зохих талаар дүгнэжээ.
Нэхэмжлэгч Г.Б нь И м ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч буюу И м ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Онцгой” хотхоны 3-р блок 1-р орж 2 давхар С-213, 214 тоот 64.69 м2 талбай бүхий байрыг барьж ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу Г.Б нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр, мөн гэрээний 2.1-т орон сууцны үнэ 71,159,000 төгрөг байхаар тохиролцжээ. /хх-5-8 тал/
Нэхэмжлэгч нь уг гэрээний төлбөрт И м ХХК-ийн дансаар 16,000,000 төгрөг, И м ХХК-д бэлэн мөнгөний баримтаар 11,000,000 төгрөг, хариуцагч М.Мөнх-Эрдэнийн хувийн дансаар 2,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн, эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад Шонхорын хүсэл ХХК-ийн дансанд орсон 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б буцааж авсан, одоо үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж нэхэмжлэлд дурдсан ба шүүх хуралдааны явцад Ч.Түвшинбаяр нэрээр шилжүүлсэн 1,000,000 төгрөг тооцоонд хамаарахгүй гэж тайлбарлаж байна.
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан гэрээний тал нь Г.Б, И м ХХК байхад хариуцагч М.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь И м ХХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгө, алданги зэргийг хариуцагч М.М хариуцан төлөх үндэслэлгүй юм. Учир нь М.М нь иргэний хувиар уг гэрээний оролцогч биш, уг гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зэргээ өөрөө тодорхойлж, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч М.М нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан мэтгэлцэх зарчимд нийцэх юм.
Дээрх гэрээний 2.4-т Төлбөрийг И м ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк 473017683 дансанд төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч М.М нь И м ХХК-ийн захирал ажилтай талаар талууд маргаангүй ба дээрх гэрээний төлбөрт М.М өөрийн хувийн Хаан банкин дахь 5720933555 дансаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээ /журнал№6250057313, 6250057273/- гээр нийт 2,000,000 төгрөг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны гүйлгээ хийсэн баримтын хуулбар, зохигчийн тайлбараар тогтоож байна. /хх-11 тал/
Иймд гэрээний харилцаа Г.Б, И м ХХК-ийн хооронд үүссэн байхад хариуцагч М.М уг мөнгийг өөрийн хувийн дансаар хувьдаа авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч уг мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хариуцагч М.М хариуцах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч М.Мэс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэлээс 22,409,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ