Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/02570

 

 

 

 

 

 

 

  2021          09          01

                 101/ШШ2021/02570

 

                                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БЭХА нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б

 

Хариуцагч: Ж.Э нарт холбогдох,

 

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №105 дугаар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 97,746,763.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч БЭХА, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар “К” ХХК-д БЭХА томилж, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар БЭХАийг өөрчлөн томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу К, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкийг төлөөлөх, удирдах болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх БЭХАид шилжсэн.

Зээлдэгч Н.Б, Ж.Энар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээг Ктай байгуулж 85,922,200 төгрөгийн хэрэглээний зээлийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Катеринг деливери” ХХК-тай байгуулсан гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Өргөө хотхон”-д 47,21 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгчийн Кин дахь 2058012833 тоот дансанд 85,922,200 төгрөгийг шилжүүлсэнээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлдэгч cap бүр 718,899.92 төгрөгийг төлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээл 1,654,831.75 төгрөг, хүү 15,423,479.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,706.44 төгрөг, нийт 17,136,018.04 төгрөгийг төлсөнөөс хойш дахин төлөлт хийгээгүй, зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн байна. Н.Б, Ж.Энар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №105 дугаар зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж байгаа, зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөх шаардлагыг Кны зээл хариуцсан мэргэжилтэн зээлдэгчээс удаа дараа шаардаж мэдэгдэл өгсөн боловч гэрээний зөрчил арилаагүй тул шүүхэд хандаж байна.

Иймд №105 дугаартай зээлийн гэрээг цуцалж, Н.Б, Ж.Энараас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №105 дугаарт Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,267,368.25 төгрөг, хүү 13,342,961.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,933.42 төгрөг, нотариатын төлбөр 8,500.00 төгрөг, нийт 97,746,763.26 төгрөгийг гаргуулж “К” ХХК-ийн БЭХАид олгуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол “Катеринг деливер” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Кны зээлээр худалдан авсан “Өргөө хотхон”-ны Б блокын 1 дүгээр орц, 11 давхрын 52 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Норовжамц овогтой Бат-Эрдэнэ /АЮ87092772/ миний бие нь Кны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Ковид-19 цар тахлын улмаас болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан. Кнаас гарсан зөрчил болох 23,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй учир эргэн төлөлтийн хуваарь гаргуулах хүсэлтэй байна. Үндсэн төлөлтийн мөнгийг давхар зөрчил арилтал төлөөд явах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Эшүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БЭХА нь хариуцагч Н.Б, Ж.Энарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,267,368.25 төгрөг, хүү 13,342,961.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,933.42 төгрөг, нотариатын зардалд 8500 төгрөг, нийт 97,746,763.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Б нь ковид-19 цар тахалын улмаас болон ажилгүй байсан зэргээс шалтгаалан зээлээ төлж чадаагүй, төлбөрөө бүхэлд нь төлөх боломжгүй тул зөрчилөө арилгаж, цаашид зээлээ төлөөд явах хүсэлтэй байна гэх тайлбарыг гаргасан, харин хариуцагч Ж.Энь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай “К ХХК-ийг албадан татан буулгах тухай” тушаалаар мөн өдрөөс татан буулгахаар, татан буулгах арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу 1 жилээр тогтоож, А-97 дугаартай тушаалаар БЭХАаар М.Адилбишийг 1 жилийн хугацаатай томилсон, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаартай тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар М.Адилбишийг улируулан томилсон, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дугаартай тушаалаар Т.Дэлгэрхүүг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн БЭХАаар томилж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дугаартай тушаалаар БЭХАийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, банкийг албадан татан буулгах үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгажээ.

 

БЭХА нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар банкийг төлөөлөх эрхтэй байна.

 

“К” ХХК нь Н.Б /зээлдэгч/, Ж.Э/хамтран зээлдэгч/ нартай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 105 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 85,922,200 төгрөгийг, сарын 0,67 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй, 2036 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж, зээлийг Н.Бат-Эрдэнийн 2058012833 тоот дансанд шилжүүлж, зээлийн эргэн төлөлтөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээлд 1,654,831.75 төгрөг, хүүд 15,423,479.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 57,706.44 төгрөг, нийт 17,136,018.04 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Зээлийн хүү тооцооллын хүснэгт”, Н.Бат-Эрдэнийн “Зээлийн дансны хуулга” зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээ 240 сарын хугацаатай байгуулагдаж, зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу 2036 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа үргэлжлэх байсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн төлөлт хийгдэж байгаад 2017 оны 12 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Н.Бат-Эрдэнийг зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлж байсан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл, зээлийн хүүгээ шаардсан нь үндэслэлтэй юм.

 

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч Н.Б болон хамтран зээлдэгч Ж.Энараас зээлийн гэрээний үүргийг шаардаж буй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Н.Б нь “ковид-19 цар тахалын улмаас болон ажилгүй байсан зэргээс шалтгаалан зээлээ төлж чадаагүй, төлбөрөө бүхэлд нь төлөх боломжгүй тул зөрчилөө арилгаж, цаашид зээлээ төлөөд явах хүсэлтэй” гэж тайлбарлаж байх боловч зээлийг төлөх талаар өөрийн зүгээс тодорхой арга хэмжээ авсан болох нь тогтоогдохгүй, энэхүү тайлбар нь үндэслэлгүй, дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа зөрчигдөөд 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

 

Хариуцагч Ж.Энь шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалттай байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлтэй байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,267,368.25 төгрөг, хүү 13,342,961.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,933.42 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардалд нотариатын үйлчилгээний хөлс 8500 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч нар нь 85,922,200 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн байх ба Н.Б нь “Катеринг деливери” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий Өргөө хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ”-г зээлийн хувийн хэргийн материалд ирүүлсэн байна.

 

Дээрх гэрээгээр “Өргөө хотхон”-ы орон сууцны барилгын Б блокын 1 дүгээр орц, 11 давхрын 52 тоот орон сууцыг Н.Б захиалсан байх боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуульд зааснаар уг орон сууцыг өмчлөх эрхтэй болсон талаарх баримт хэргийн материалд авагдаагүй, улмаар “К” ХХК болон Н.Б, Ж.Энарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулагдаагүй байх тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 97,746,763.26 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Ж.Энь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн [email protected] хаягнаас шүүгчийн туслах Ж.Буянжаргалын [email protected] хаяг руу ирүүлсэн, харин хариуцагч Н.Бд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан арга, журмаар буюу түүний 8810-4727 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б, Ж.Энараас зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 97,746,763.26 /ерэн долоон сая долоон зуун дөчин зургаан мянга долоон зуун жаран гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БЭХАид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Н.Б, Ж.Энараас улсын тэмдэгтийн хураамжид 646,684 /зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ