Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны  “А”  танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч  Ө.Батболд

Шүүгдэгч Э.Энхтайван, Н.Хүрэлтулга,Т.Бат-Очир нарыг  оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1,181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарьганга овогт Энхбатын Энхтайван,  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгат овогт Нэргүйн Хүрэлтулга, Балга ус овогт Төмөрийн Бат-Очир нарт холбогдох эрүүгийн 201611000181 дугаартай хэргийг  2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд1985 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ТМС-ийн 3-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Дарьганга овогт Энхбатын Энхтайван. /РД: ЖЯ85100313/

 

Монгол улсын  иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1980 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ Ши Пин ХХК-нд засварчин ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 5-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Мянгат овогт Нэргүйн Хүрэлтулга. /РД: ЖИ80012519/

 

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд1978 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Станцын цэнхэрийн 11 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй,  бие эрүүл Балга ус овогт Төмөрийн Бат-Очир. /РД: КК78101814/

 

Шүүгдэгч Дарьганга овогт Энхбатын Энхтайван нь согтуугаар 2016 оны 05  сарын 04-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Давгасамбуугийн эзэмшлийн дөрвөн ханатай гэрийн хаалгыг хөлөөрөө өшиглөн эвдэн орж, гэр доторхи тавилга, эд хогшлийг унагаж, 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн, мөн Б.Сүхбаатарын гэрийн гадна  байрлах нарны зайн дэлгэцийг эвдэж, 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн, мөн тус газарт үйл ажиллагаагаа явуулдаг “Ашид арвижих үндэс” ХХК-ний кэмп дээр гэрийн унь болон армортурын төмрөөр “Ашид арвижих үндэс” ХХК-ний эзэмшлийн 17-65 УНХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хоёр талын шил, хаалганы дотор бариул, малчин DDISH тогооны дуран, шил арчигч зэргийг эвдэлж, 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 99-73 ДОА улсын дугаартай Dong Feng маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хаалганы хоёр шил, зүүн талын хаалганы гурвалжин шил, хаалганы гадна талын толь зэргийг хагалж, 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн,

            Мөн Э.Энхтайван нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Дагвасамбуу, Б.Сүхбаатар нарын гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, Япон улсын иргэн Х.Сатошид хүч хэрэглэн шалтгаангүйгээр цохиж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

 

            Шүүгдэгч Мянгат овогт Нэргүйн Хүрэлтулга нь согтуугаар Т.Бат-Очиртой бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Дагвасамбуу, Б.Сүхбаатар нарын гэрийн гадаа Г.Дагвасамбууд хүч хэрэглэн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

 

            Шүүгдэгч Балга овогт Төмөрийн Бат-Очир нь согтуугаар Н.Хүрэлтулгатай бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Дагвасамбуу, Б.Сүхбаатар нарын гэрийн гадаа Т.Дагвасамбууд хүч хэрэглэн, нүүрэн тус газарт нэг удаа цохиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Дарьганга овогт Энхбатын Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 5 сарын 04-ний өглөө аймгийн төвөөс хөдөө мал руу очсон. Мал дээрээ очиход малыг бэлчээрт гаргасан байсан. Бид нар хоол идэж байхдаа савтай хятад архи уусан. Тэгээд хоолон гэр очъё гээд явцгаасан. Тэр үед Баяраа малаа харна гээд гэртээ үлдсэн. Явах замд хоёр гэр байхаар нь бид нар очоод гэрийн хүнтэй нь юм ярьж байхад нэг нь мориндоо мордоод цааш явсан. Тэгээд бид нар гэрийнх нь гадаа байсан уургийг аваад цааш явсан. Гэрээс нь километр газар явж байгаад уургийг нь буцах замдаа өгье гэж бодоод замын урд тал руу хаясан. Хоолон гэр ороод 2 шил архи аваад буцах замдаа уургийг нь олоогүй. Тэгээд уургийг чинь өвсөн дунд хаясан шүү гэж хэлэх гээд гэр рүү нь орох гэтэл гэрээс хутга барьсан хүн гарч ирсэн. Тэгээд би машиныхаа гэрлийг тусгаад машинаасаа гартаа барих юм хайсан боловч олдоогүй болохоор нь буугаад очих үед Батааг хутгалсан байсан. Тэгээд би сандраад хэн хутгалчихваа гээд гэр рүү орох гэтэл гэр нь цоожтой байсан болохоор гэрийнх нь хаалгыг цөм өшиглөөд орсон. Гэрт эхнэр, нөхөр хоёр байсан. Би та нар яасан их хүн хутгалдаг юм бэ? гэхэд айлын эхнэр нь гэрээс гаръя гаръя гэж хэлсэн. Би тэгээд Батаа дээр очих үед нэг хятад залуу ирээд эмнэлэг авч явъя гэж хэлээд машинд суу гээд хонины хонхорт манай найзыг суулгах гэж байсан. Би тэр үед чи монгол хүнийг хонины хонхорт хийх гэлээ гэж уурлах үед тэд нар машиндаа суугаад зугтаасан. Бид нар машинтай араас нь хөөсөн боловч барьж чадаагүй дагаж явсаар байгаад кемп рүү нь очоод машин руу гэрлээ тусгах үед машин дотор хүн байхгүй байсан. Тэгээд би хүн байна уу? гэж хашгираад гэр рүү орох үед хүн байгаагүй. Гарч ирээд би машины чинь цонхыг хагаллаа шүү гэхэд хүн дуугарахгүй, гарч ирэхгүй байхаар нь машиных нь цонхыг хагалсан. Би найзыгаа хутгалуулчихлаа гээд уурлаад ийм зүйл болчихлоо гэж үзэж байна. Одоо хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч  Мянгат овогт Нэргүйн Хүрэлтулга  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар 5 сарын 4-ний өдөр хөнгөнд явсан. Очих үед малаа гаргасан байсан болохоор хоол хийж идчихээд архи уусан. Хүрлээ ах хоолон гэр оръё гэж хэлээд бид нар явсан. Замд нэг айл таарсан. Энэ ямар айл байдаг юм гэж бодоод бид нар очих үед нэг морьтой залуу малдаа явлаа гэж хэлээд явсан. Гэрийн гадаа уурга байхаар нь бид нар аваад цааш явсан. Тэгээд замын урд талд уургийг нь хаяад цааш явсан. Хоолон гэр ороод 2 шил аваад уургийг нь өгье гэж бодоод хаясан газраа очиж хайсан боловч олдохгүй байхаар нь уургийг хаана хаясан гэдгээ зааж өгөх гээд гэр рүү орох гэтэл гэрээс хутга барьсан хүн гарч ирсэн. Тэгээд машинаасаа буугаад очих үед Бат-очирыг хутгалсан. Тэгээд бид нар гэр рүү орох гэтэл эхнэр, нөхөр хоёр дотроосоо хаалгаа түгжсэн байсан. Та нар хүн хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд хаалгаа онгойлго гэсэн боловч хаалгаа тавихгүй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь эвдээд орсон. Та нар манай найзыг хутгалчихлаа гэж хэлэхэд нэг хятад хүн машиныхаа багажийг онгойлгоод суу гэсэнд Энхтайван уурлаад цохисон. Тэгээд тэд нар машинд суугаад зугтаасан бид нар хөөгөөд барьж чадаагүй. Буцах замдаа кемпиэр орсон. Хүн харагдахгүй байхаар нь машины чинь цонхыг хагаллаа шүү гэж хэлээд хагалсан. Тэгээд Батаагийн бие муу байна гээд аймагт ирсэн гэв.

Шүүгдэгч Балга ус овогт Төмөрийн Бат-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүрэлтулга бид нар худаг лайдана гээд насос суулгаж өгөхөөр явсан юм. Тэнд очоод худгаа лайдчихаад архи уусан. Тэгээд хилийн боомторж архи авахаар явсан. Явах замдаа тэр айлаар оръё гэж бодоод Энхтайван бид хоёр машинаасаа буугаад очих үед нэг залуу мэндэлчихээд мориндоо мордоод цааш явсан. Тэгэхээр нь Энхтайван бид хоёр уургийг нь аваад машиндаа суусан. Гэрээс нь холгүй өвсөн дунд уургийг нь хаяад явсан. Буцах замдаа хаясан уургаа хайсан боловч олдохгүй байсан болохоор нь тэр айлд очоод уургийг нь хаана байгааг хэлэх гээд машинаасаа Хүрэлтулга бид хоёр буух үед гэрээс хутга барьсан хүн гарч ирсэн. Тэгээд би очоод уургийг чинь ингэчихлээ гэсэн чинь намайг цохисон. Би эргүүлээд нэг цохисон. Тэгээд Хүрэлтулгыг аваад эргэх үед намайг хутгалсан байсан. Тэгээд би цааш нь мэдэхгүй байна. Архи их уусан байсан гэв.

Хохирогч “Ашид арвижих үндэс” ХХК-ний захирал, Цэвээндоржийн Цэвэлмаа  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  “...2015 оны 05 сарын 04-ний орой 22 цагийн орчимд кэмп дээр аймгийн төвөөс Хашикава /Хашаа/ захиралтай ирэхэд Сүхбаатар гэх малчин олон хүмүүс ирчихээд дээрэлхээд байна хурдан ирээч гээд кэмп рүү утсаар ярьсан байсан. Замдаа юу болсон талаар асуухад машинтай хүмүүс ирээд гэр орныг нь эвдэж сүйтгээд эхнэр хүүхдийг нь айлгаад гэрээс нь эмээлийг нь авч явна гээд байсан, уургыг маань аваад явсан гэж хэлсэн. Бид нарыг Сүхбаатарын гэрт очиход 20-99 ДОР улсын дугаартай Ланд-80 маркийн авто машины гэрэл нь асаалттай хаалганууд нь онгорхой байсан. Бид цааш нь яваад гэр лүү очиход нүдний шилтэй халзан толгойтой 30 орчим насны махлаг эрэгтэй хүн Сүхбаатарын гэрийн хаалгыг өшиглөөд зогсож байсан. Давгасамбуугийн гэр нь онгорхой байсан. Халзан толгойтой залуу машин руугаа гүйгээд хутга хаана байна гээд хайгаад байсан, тэгэхээр нь би хэнийг хутгалсан гэж асуухад Хашикава захирал хутгалуулсан хүнийг аймаг руу авч явж эмнэлэгт үзүүлье гэхэд халзан толгойтой залуу Хашикава захирлыг 5-6 удаа цохиж мөн өшиглөж байсан. Тэгээд тэр хүмүүс ярилцах шинжгүй дайраад байхаар нь бид хүмүүсээ суулгаад кэмп рүү зугтсан.  Тэгтэл тэр хүмүүс машиндаа суугаад араас хөөсөн. Тэгээд мөн 17-65 УНХ улсын дугаартай Маяти маркийн машины цонхнуудыг хагалсан, бас будаа ачиж ирсэн Мягмарсүрэн ахын 99-73 ДОА улсын дугаартай авто машины цонхнуудыг хагалсан. Мөн кэмпийн гэрт ороод гал тогооны шүүгээг унагаж дотор нь байсан эд зүйлийг хагалж гэмтээсэн, малчин кабелийн тогооны дуранг хугалж шидсэн байсан. Манай ажилчид тэнд нуугдсан байсан болохоор гэмтэж бэртсэн хүн байхгүй. Харин манай байгууллагын ажилчид тухайн үед их айсан байдалтай байсан. Энхтайван гэх хүн дахин ирж ийм үйлдэл гаргаж байгаа нь санаатай үйлдэл юм. Манай байгууллагыг гадны хөрөнгө оруулалттай гэдгээр нь хорсож гадуурхаж заналхийлж ийм санаатай үйлдэл хийсэн гэж бодож байна. Тэр хүмүүс бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед болсон үйл явдлаас болж манай байгууллагад цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд маш их хохирол учирсан. Өөрийнхөө мөнгөөр автомашиныхаа шилийг хийлгэсэн, хохирлын төлбөр гэж надад нэг ч төгрөг өгөөгүй,учирсан хохирлоо бүрэн төлүүлмээр байна гэх мэдүүлэг / хх-ийн 54-56, 249/

 

Хохирогч Тамирын Дагвасамбуу мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: “...21 цагийн орчимд Сүхбаатарын гэрийн гадна Ланд-80 маркийн машинтай хүмүүс ирээд сигнаалдаад байсан. Тэгэхээр нь бүгдээрээ гараад очиход Ланд-80 маркийн машинаас 4 залуу гарч ирээд Сүхбаатарын цоожтой гэр лүү нь орьё гээд байхаар нь би уурга яасан бэ? хүн элэг бариад байх юм гэж хэлсэн. Тэгтэл өндөр залуу нь бид нар аваагүй шүү дээ тэр уурга чинь хаана байгаа юм гээд дөрвүүлээ дайраад байсан. Тэгээд би халааснаасаа тонгорог гаргаж ирээд хутгална шүү гэхэд шар фудволктой тарган залуу нь машин руугаа очоод гэрлээ асаагаад машиндаа суусан. Харин намхан залуу нь ойртоод ирэхээр нь намхан залууг нь цохьсон юм. Тэгтэл өндөр залуу нь чаддаг юм бол хутгал гээд дайраад ороод ирэхээр нь би баруун талын хөл хэсэгт нь хутгалчихсан юм. Манай эхнэр Буянтогтох намайг боль, боль гээд гэрлүүгээ дагуулж ороод гэрийн хаалга цоожилчихсон юм. Шар фудволктой тарган залуу яасан их хүн хутгалдаг хүн бэ? гараад ир гээд орилоод байсан. Удалгүй манай гэрийн хаалгыг  өшиглөөд эвдсэн. Шар фудволктой залуу над руу дайрахаар нь би хоёр удаа өшиглөхөд манай эхнэр  Буянтогтох тэр шар фудволктой залууг аваад гарсан. Хашаа захирал тэр хүмүүстэй ярих гэхэд тэр шар фудволктой залуу нь захирлыг цохиод байсан. Тэгээд кэмп дээр очиход 2 том машины шилийг нь хагалсан байсан. Тэр машинтай хүмүүс 4 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан. Тэр хүмүүс архи уусан байсан бага зэргийн согтолттой байсан. Намайг зодох гээд дайрахаар нь айсандаа өндөр залуугийн баруун талын хөлөнд нь хутгалчихсан юм. Би өөр хүн хутгалаагүй. Би хаалгаа янзлуулмаар байна. Намайг Бат-Очир нь цохьсон. Мөн Хүрэлтулга нь миний нүүрэн хэсэгт нэг удаа цохьсон. Бат-Очир нь миний зүүн шанаа хэсэгт буюу нүүрэн тус газар цохьсон. Миний биед гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 58-59,18/ 

Хохирогч Билэгсайханы Сүхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “...2016 оны 05 сарын 04-ний орой 21 цагийн орчимд хар өнгөтэй Ланд-80 маркийн машинтай 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс ирээд хужаагийн барлагууд гээд байсан. Харин өмнө нь 19 цагийн үед ирээд уурга аваад явсан байсан. Тэгээд 21 цагийн орчимд дахиж ирэхээр нь хүргэн ах Дагвасамбуу бид хоёр уурга хаана байна гэж тэр хүмүүсээс асуухад бид нар яаж мэддэг юм гээд Дагвасамбуу бид хоёрыг цохих гээд дайраад байсан. Тэгээд 40 орчим насны туранхай залуу Давгасамбууг нэг удаа нүүрэнд нь цохиод явсан. Ингээд удалгүй буцаж ирээд Дагвасамбууг дахин цохих гэхэд Дагвасамбуу тэр залууг нүүрэнд нь цохиод халааснаасаа тонгорог гаргаж ирээд тэр залуугийн хөлөнд нь хутгалчих шиг болсон. Тэгтэл тэр залуус машиндаа сууцгаасан юм. Бид нарыг кэмпрүү явж байхад тэр машинтай хүмүүс араас хөөгөөд байсан. Бид 2 кэмп дээр очиход 2 том машины цонх хагалсан байсан. Би гэрлүүгээ очиход манай нарны зайн дэлгэцийг тэр хүмүүс хагалсан байсан. Өөр эвдэрсэн, алга болсон зүйл байхгүй. Тэр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, харин их согтуу байгаагүй. Би нарны зайн дэлгэцээ 2015 оны 11 сард 250000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний уурга 5 метрийн урттай байсан. Тэр хүмүүс хужаагийн барлагууд гээд хэл амаар доромжлоод зодох гээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62/

 

Хохирогч Дүгрээгийн Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би 99-73 ДОА улсын дугаартай “Dong Feng” маркийн ачааны тэрэгтэйгээ Халхгол сумаас “Ашид Арвижих үндэс” ХХК-ний Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р баг “Хоёр мэлхийт” гэх газарт будаа ачаад 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд ирсэн юм. Тэгээд орой 22 цагийн орчимд Ланд-80 маркийн машинтай хүмүүс ирээд миний машины цонхнууд болон хажууд байсан машины цонхуудыг хагалаад гараад ир алаад өгье гээд орилоод байсан. Харин “Ашид арвижих үндэс” ХХК-ний кэмп дээр байсан хүмүүс бүгд тараад энд тэнд нуугдсан байсан. Зарим нь байшин дотор нөгөө хэсэг хүмүүс нь жорлон гэх мэт газар нуугдаад байж байсан. Тэр хүмүүс ойролцоогоор 2 цаг орчим машинтайгаа ойр орчимоор эргэлдэж байгаад яваад өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Энхтайван гэх залуу миний машины цонхнуудыг шиллэж бүрэн бүтэн болгосон гэх мэдүүлэг. /хх-ийн 70-71/

 

Гэрч Хашикава Сатоши мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “... Дагвасамбуу гартаа хутга барьчихсан бас гар нь цус болчихсон байсан, би Дагвасамбуугийн хутгыг тавиулаад, дагуулж гараад машиныхаа хойд талын суудал руу оруулсан. Тэгээд байж байхад Тайван гэх залуу ирэхэд нь “...юу болсон юм бэ?” гэж асуухад үгийн зөрөөгүй намайг цохиод байсан. Тэгээд “...Тайван гэх залуу хүүг минь алчихлаа, хүүг минь алчихлаа” гээд байсан. Намайг хужаа, пизда гэх мэтээр хараагаад малчны цалингийн ханш өсгөлөө гэсэн утгатай үг хэлээд намайг “ална шүү, пиздаа минь” гээд цохиод байсан. Тэгээд байж байхад Цэвэлмаа ирж хориглоход муу янхан гэж элдвээр хэлээд байсан. Би Тайван гэх залууд “...хутгалуулсан хүнийг чинь эмнэлэг хүргэж өгье” гэж  хэлэхэд “..та нар хүн алчихлаа” гээд “...хутга аваад ир, төмөр аваад ир, та нарыг бүгдийг чинь алаад өгье” гээд миний толгой руу цохиж, цавь хавьцаа өшиглөхөд манай Сүхбаатар, Дагвасамбуу болон Буянтогтох нар машинаас бууж ирэх гээд байхаар би болиулсан. …Манаачийн монгол гэрт ороход гэрийнх нь эд зүйлийг сандаасан байсан. Гэрийн хажууд байсан кемпийн машин, Мягмарсүрэнгийн машины шилнүүдийг хагалсан байсан. Би гадуур явж байгаад нойлын хаалгыг нээтэл Сүхбаатар, Дагвасамбуу нарын эхнэр нь 1 хүүхэдтэйгээ байсан. Би тэгээд тэр хэдийг нойлоос гаргасан. Зарим ажилчид маань модон байшингаас гарч ирсэн. Намайг зодож цохисон асуудал дээр гомдол санал алга. Миний биед учирсан гэмтэл одоогоор байхгүй. Харин манай байгууллагыг гадаадын хөрөнгө оруулалттай гээд гадуурхаад дарамтлаад байгаа зүйл дээр харамсаж байна. Тэр хүмүүс буруу ойлгож Хятадын хөрөнгө оруулалттай гэж бодож удаа дараа ийм асуудал гаргаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73/

 

Гэрч Билэгсайханы Буянтогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...машинаас 4 залуу бууж ирэхээр нь манай дүү Сүхбаатар та нар манай уургыг авч явсан юм уу гэхэд өндөр бүдүүн биетэй нүдний шилтэй шар залуу бид уурга аваагүй уурга авчихмаар хүн шиг харагдаад байна уу? гээд хоорондоо хэрэлдээд бужигналдаад дүү Сүхбаатарын гэр рүү орох гээд дайраад байсан. ...Нөхөр Дагвасамбуу дээр очиход нөхөртэй хамт байсан залуу намайг хутгалчихлаа гээд бөгс халуун оргиод байна гээд Ланд-80 машин руу явсан. …Тэдгээр залуус Сүхбаатарын гэрийн хаалгыг өшиглөж гэрийн цагаан бүрээс, үүдний дулаалга, нарны зай зэргийг нь эвдчихээд манай гэр рүү ирж манай хаалгыг балбаж, хаалганы самбарыг цөм өшиглөж орж ирээд төмөр зуухыг маань өшиглөж танхайраад байсан ба бүдүүн биетэй нүдний шилтэй залуу нь манай нөхөр рүү дайраад цохих гээд байсан тэр үед би тэр бүдүүн залууг гэрээс авч гарахад манай нөхөр нэг ногоон хувцастай залуутай хамт гэрт үлдсэн. ...Хашаа захирал намайг чи машиндаа сууж бай гээд машинд суулгаад гэрлүү очиж манай нөхөр Дагвасамбууг авчирч машинд суулгахад тэр бүдүүн нүдний шилтэй залуу Хашаа захирлыг толгой руу нь гараараа цохиж хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд зодоод байсан.Тэдгээр залуус кэмп дээр ирээд кэмпийн гэрийн гадаа байсан 2 том машины цонхыг хагалж та нарыг ална, шатаана, дэлбэлнэ гээд бид хэдийг эрээд яваад байсан. Манай нөхөр миний хажууд ирээд хань нь хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь би нөхрөө аваад гэр лүүгээ ороод хаалгаа дотроос нь түгжээд байж байхад тэдгээр залуус манай гэрийн хаалгыг цөм өшиглөөд 3 хэсэг болгож салгаад манай гэрт орж ирсэн. Гэрийн хаалгаа зах зээлийн үнээр үнэлүүлнэ. Зүгээр байж байгаад дарамтлуулж, гэр орноо сандаалгасандаа гомдолтой байна..” гэх мэдүүлэг. /хх-ийн 74-76/ 

 

Гэрч Балжиннямын Баттөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...орой Сүхбаатар залгаад хүмүүс ирээд дарамтлаад байна гэж утсаар ярьсан. Тэгээд бид Сүхбаатарын гэр лүү явах гэж байхад захирлууд ирээд бид Сүхбаатарын гэр лүү явсан. Тэгээд буцаж ирээд 22 цагийн орчимд застав руу явсан. Араас Ланд-80 маркийн машинтай хүмүүс ирэхэд бид бүгдээрээ нуугдсан юм. Харин тэр хүмүүсийн нэг нь гартаа юм барьчихсан байж байгаад машины шил хагалаад байсан. Тэр хүн бүдүүн залуу байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 77/

 

Гэрч Энхсайханы Нямцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 21 цагийн орчимд тэр машинтай хүмүүс буцаж ирээд Сүхбаатар, Дагвасамбуу хоёрыг зодох гээд байсан. Тэгсэн Дагвасамбуу ах уурга яасан гэхэд уургыг чинь авчихаар харагдаад байна уу? гээд цохиод авсан. Тэгтэл Сүхбаатарыг бид хоёр Дагвасамбуу ахын хүүхдийг аваад кэмпрүү явсан юм. Сүхбаатар Хашаа захиралтай буцаад гэр лүүгээ явсан. Тэгтэл тэр машинтай хүмүүс кэмп рүү ирж байхаар нь Буянтогтох хүүхдийнхээ хамт кэмпийн гадна нойлд нуугдсан юм. Харин тэр хүмүүс нилээн удаан орилж байгаад яваад өгсөн юм. Тэр хүмүүсийг явсны дараа нь бид гарч ирээд байж байхад 2 том машины цонхнуудыг хагалчихсан байсан. Мөн манай гэрийн нарны зайн дэлгэцийг хагалсан, Дагвасамбуу ахын гэрийн хаалгыг эвдсэн байсан.Тэр хүмүүс бага зэргийн согтуу байх шиг байсан…”гэх мэдүүлэг /хх-ийн 78/

 

Гэрч Батдэлгэрийн Чулуунболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Бид нарыг очиход гэрэл нь асаалттай Ланд-80 маркийн машин байсан. Тэр машины хажууд холхилдсон хүмүүс явж байсан. Тэнд тарган халзан толгойтой нүдний шилтэй залуу та нар хүн хутгалдаг яасан овоо юм бэ? гээд орилоод яваад байсан. Тэгтэл тэр халзан залуу Хашикаваг цохиход би очоод тэр залууг салгасан юм. Намайг Хүрлээ ах  дуудахаар нь очиход танай хүн манай хүнийг хутгалчихлаа яаж байгаа юм бэ? гэхэд нь би хутгалуулсан хүн нь хаана байгаа юм бэ? гэхэд Ланд-80 маркийн машины гэрэлд нэг хүн хэвтэж байсан. Харин тэр халзан толгойтой залуу Хашикавагийн араас цохих гээд яваад байсан...Хүрлээ ах бид хоёр хутгалуулсан залууг өөрсдийнхөө ирсэн машинд суулгах гээд явж байхад тэр халзан залуу манай машины хажууд очоод машины цонхыг цохиод байсан. Тэгтэл манай машин урагшаа хөдлөөд зогсохоор нь би машин руугаа гүйж очоод суугаад кэмпрүү явж байхад араас Ланд-80 маркийн машин хөдөлж байсан. Тэр машин бидний сууж байсан машины ард ирээд мөргөчих гээд яваад байсан. Бид нилээн хурдтай явж байгаад тэр машинаас холдоод кэмп дээр ирсэн. Бид шууд цагдаад дуудлага өгсөн. Тэр машин кэмп рүү ирж байгааг хараад бид бүгдээрээ тарж зугтаасан...тэр хүмүүс кэмп дээр гэр рүү орчихоод гарж ирээд тэр хавиар хашигачиж байгаад явсан...тэр хүмүүс буцаж ирээд та нарыг нуугдаж байгааг мэдэж байна гараад ир гээд орилоод яваад малчин кабелийн тавгийг өшиглөөд хажууд нь байсан уныг авч машины цонхыг цохиод дараа нь газарт хураалттай байсан армотурын төмөр аваад машинуудын цонхыг хагалаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 224-225-р хуудас/

Гэрч Пүрэвийн Лхагвадаш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... орой 21 цагийн орчимд кэмпийн гэрт байж байхад Сүхбаатар кэмпийн утас руу залгаад манай гэрт хүмүүс ирээд дарамтлаад байна хурдан ир гэж хэлсэн. Сүхбаатар болон Дагвасамбуу хоёрын гэр рүү явж очиход Ланд-80 маркийн машин болон нүдний шилтэй халзан толгойтой залуу орилоод яваад байсан. Мөн хажууд нь 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс байсан. Хашикава Дагвасамбуугийн гэр лүү ороод Дагвасамбуу, Буянтогтох хоёрыг гаргаад машиндаа суулгаад кемп рүү зугатаасан. ...Кэмп дээр явж очиход 2 том машины шилнүүдийг хагалаад гэрт байсан гал тогооны шүүгээг унагаасан байсан. Бид нарыг очиход ажилчид бүгдээрээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 227/

Гэрч Хоролсайханы Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ. “... 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 22 цагийн орчимд “Ашид арвижих үндэс” ХХК-ний Монгол талын захирал Цэвэлмаа, Хашикава Сатоши, 2 хятад хүний хамт манай застав дээр ирээд манай малчин Сүхбаатарын гэрт Ланд-80 маркийн автомашинтай 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс ирж согтуугаар агсам тавиад байна. Та очиж тэдгээр хүмүүстэй учраа олоход туслаач гэж ирсэн. Бид анги руу мэдэгдэж удирдлагаас чиглэл авсны үндсэн дээр шийдвэр гаргадаг учир энэ тухайгаа тайлбарлан хэлж шуурхай жижүүр рүү мэдэгдэхэд шуурхай жижүүрээс “эндээс цагдаагийн байгууллагад мэдэгдье та нар битгий оч” гэсэн үүрэг өгсөн учир бид очоогүй юм...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 1-2/

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 13-15/

Гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-21/

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 22,23,24,25/

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл,түүний  гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 26-27/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 33,37,45/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 34,38, 46/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 53/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын шүүгдэгч  Н.Хүрэлтулгын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон  тодорхойлолт /хх-ийн 169/

  Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Засаг даргын шүүгдэгч Э.Энхтайвангийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 170/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын шүүгдэгч Т.Бат-Очирын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 171/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179,182, 183/

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “шүүгдэгч нараас хохирогч нарт хохирлын мөнгө төлсөн” тухай баримт 2 ширхэг зэрэг нотлох баримтууд болно.

      

Шүүгдэгч Дарьганга овогт Энхбатын Энхтайван нь согтуугаар 2016 оны 05  сарын 04-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Давгасамбуугийн эзэмшлийн дөрвөн ханатай гэрийн хаалгыг хөлөөрөө өшиглөн эвдэн орж, гэр доторхи тавилга, эд хогшлийг унагаж, 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн, мөн Б.Сүхбаатарын гэрийн гадна  байрлах нарны зайн дэлгэцийг эвдэж, 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн, мөн тус газарт үйл ажиллагаагаа явуулдаг “Ашид арвижих үндэс” ХХК-ний кэмп дээр гэрийн унь болон армортурын төмрөөр “Ашид арвижих үндэс” ХХК-ний эзэмшлийн 17-65 УНХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хоёр талын шил, хаалганы дотор бариул, малчин DDISH тогооны дуран, шил арчигч зэргийг эвдэлж, 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 99-73 ДОА улсын дугаартай Dong Feng маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хаалганы хоёр шил, зүүн талын хаалганы гурвалжин шил, хаалганы гадна талын толь зэргийг хагалж, 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг, мөн согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Дагвасамбуу, Б.Сүхбаатар нарын гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, Япон улсын иргэн Х.Сатошид хүч хэрэглэн шалтгаангүйгээр цохиж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч Мянгат овогт Нэргүйн Хүрэлтулга нь согтуугаар Т.Бат-Очиртой бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Дагвасамбуу, Б.Сүхбаатар нарын гэрийн гадаа Г.Дагвасамбууд хүч хэрэглэн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Балга ус овогт Төмөрийн Бат-Очир нь согтуугаар Н.Хүрэлтулгатай бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт оршин суух иргэн Т.Дагвасамбуу, Б.Сүхбаатар нарын гэрийн гадаа Т.Дагвасамбууд хүч хэрэглэн, нүүрэн тус газарт нэг удаа цохиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Цэвэлмаа, хохирогч Т.Давгасамбуу, Б.Сүхбаатар, Д.Мягмарсүрэн, гэр Х.Сатоши, Б.Буянтогтох, Б.Баттөмөр, Э.Нямцэцэг, Б.Чулуунболд, П.Лхагвадаш, Х.Гантулга нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 13-15/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-21/, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 22,23,24,25/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл,түүний  гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 26-27/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Э.Энхтайван, Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шүүгдэгч Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нар нь бүлэглэж үйлдэж, бусдад нийт 1638080 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулжээ.

Шүүгдэгч  нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар, шүүгдэгч Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

             Шүүгдэгч Э.Энхтайван, Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нар  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох “Ашид арвижих үндэс” ХХК-ний хохирол 1008080 төгрөгийг, хохирогч Т.Дагвасамбуугийн хохирол 100000 төгрөгийг, хохирогч Б.Сүхбаатарын хохирол 250000 төгрөгийг, хохирогч Д.Мягмарсүрэнгийн хохирол 260000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “шүүгдэгч нараас хохирогч нарт хохирлын мөнгө төлсөн” тухай баримт 2 ширхэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Энхтайван, Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хэсэг хугарсан улбар шар өнгөтэй, 57,5 см-ийн урттай, 75,5 см-ийн урттай гэрийн унь, 115 см урттай армотурын төмөр 1 ширхэг зэргийг устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Энхтайваны ЖЯ85100313 регисирийн дугаартай, шүүгдэгч Н.Хүрэлтулгын ЖИ80012519 регисирийн дугаартай иргэний үнэмлэх, шүүгдэгч Т.Бат-Очирын КК78101814 регисирийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Энхтайваны эзэмшлийн эд хөрөнгөнөөс 20000000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Цэнхэрийн баруун талд байрлах 72 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн, шүүгдэгч Н.Хүрэлтулгын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4550000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Жаргалантын 30-35 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн, шүүгдэгч Т.Бат-Очирын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4550000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Эрхэтийн 19-42 тоотод  байрлах 700 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Энхтайван, Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх, шүүгдэгч нар нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын анх удаагаа хорих ялаар шийтгүүлж байгаа, нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгч нарын хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж үзэж, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дарьганга овогт Энхбатын Энхтайванг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Мянгат овогт Нэргүйн Хүрэлтулга, Балга ус овогт Төмөрийн Бат-Очир нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Энхбатын Энхтайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-т зааснаар шүүгдэгч Нэргүйн Хүрэлтулга, Төмөрийн Бат-Очир нарыг тус бүр  3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын  хорих  ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан Э.Энхтайванд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 4 жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар ялтан Э.Энхтайвангийн эдлэх 4 /дөрөв/ жилийн хорих ялыг,  ялтан Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нарын эдлэх  3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын  хорих  ялыг  тус бүр жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан  Э.Энхтайванд оногдуулсан 4 жилийн хорих ялыг, ялтан Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нарт оногдуулсан  3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, ялтан Э.Энхтайван, Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нарыг тус бүр 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжил нь хяналт тавихыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

6. Ялтан Э.Энхтайван Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Э.Энхтайваны ЖЯ85100313 регисирийн дугаартай, Н.Хүрэлтулгын ЖИ80012519 регисирийн дугаартай иргэний үнэмлэхийг, Т.Бат-Очирын КК78101814 регисирийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хэсэг хугарсан улбар шар өнгийн  57,5 см-ийн урттай, 75,5 см-ийн урттай гэрийн унь, 115 см урттай армотурын төмөр зэргийг устгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн  134.10-т зааснаар ялтан Э.Энхтайваны эзэмшлийн эд хөрөнгөнөөс 20000000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Цэнхэрийн баруун талд байрлах 72 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн, шүүгдэгч Н.Хүрэлтулгын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4550000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Жаргалантын 30-35 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн, шүүгдэгч Т.Бат-Очирын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4550000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Эрхэтийн 19-42 тоотод  байрлах 700 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус  хүчингүй болгосугай.

 

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Энхтайван Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Энхтайван Н.Хүрэлтулга, Т.Бат-Очир нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ