Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1982

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/02320 дугаар шийдвэртэй, Б.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Пд холбогдох, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3 654 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргаар 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ямар нэгэн алдаа зөрчилгүй, улсад хийж бүтээсэн зүйлтэй ажилласан. Гэтэл times.mn, news.mn, wikimon.mn олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл, с1 телевиз, ийгл телевизээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга Б.Нг залилангийн хэргээр цагдаад өгчээ” гарчигтай мэдээлэл цацагдсан. Уг мэдээллийг хэн тараасан талаар олж мэдээд холбогдох хүмүүсийг цагдаагийн газар өгч шалгуулсан. Хэрэгт гэрч Х.Ган-Ялалтын цагдаагийн байгууллагад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пгийн үүрэг даалгаврын дагуу мэдээллийг times.mn-ийн сэтгүүлч Н.Цэндбатад мэдээллийн эхийг бэлтгэж, засаг даргад танилцуулж хэвлэл мэдээллээр цац гэснээр өгсөн гэх тайлбар, гэрч буюу дүүргийн хэвлэл мэдээллийн албаны дарга нь тамгын дарга болон засаг даргын өгсөн үүрэг даалгавраар мэдээлэл бэлддэг гэх тайлбараар тогтоогддог. Миний бие бодит байдалд нийцэхгүй мэдээллийн улмаас маш их хохирч, сэтгэл санаагаар унаж, гутарснаас болж даралт ихсэх, үс бууралтах гэх зэргээр өвдөж, эмчилгээ хийлгэж, 3 654 300 төгрөгийн зардал гаргасан. Би, Ж.Буянтогтох, Х.Ган-Ялалт, Н.Цэндбат нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэр төр, ажил хэргийн нэр төрийг сэргээж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3 654 300 төгрөгийг хариуцагч Д.Пгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан этгээд үнэн зөвийг хариуцаж нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч Д.П times.mn, news.mn, wikimon.mn гэх олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд уг мэдээллийг нийтэлсэн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар Нарлаг-Өргөө 5 сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогтохын мэдүүлэгт дурьдснаар нэхэмжлэгч Б.Нг албан тушаалдаа хайнга хандсан гэсэн агуулгатай гомдлыг тус сууц өмчлөгчдийн холбоо гаргасан байхад яагаад залилангийн хэрэгт холбогдсон гэх гарчигтай нийтлэл гарсныг мэдэхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээлэл тараасан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогох нь сэтгүүлч Н.Цэндбаттай уулзаагүй бөгөөд тэдгээрийн хооронд мэдээллийн эхийг бэлтгэсэн, цагдаа, засаг даргад өгсөн гомдлыг и-мэйл хаягаар явуулсан болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд уг мэдээллийг байршуулж, тараасан гэх асуудлыг хариуцагч Д.П мэдэхгүй. Иргэний хуульд зааснаар бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тухайн тараасан этгээд хариуцах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан хариуцагч Д.Пд холбогдох нэр төр, ажил хэргийн нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3 654 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15 хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж, тус хороог алдаа дутагдалгүй үйл ажиллагааг хэвийн авч явсан. Гэтэл тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.П ажиллаж байхдаа дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан болох Х.Ган-Ялалтад үүрэг даалгавар өгч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Н залилангийн хэрэгт холбогдож, иргэдийг хохироож 19 000 000 төгрөгийн хохирол учруулж байна хэмээх утга бүхий мэдээлэл цац гэж, times.mn, news.mn, wikom.mn цахим мэдээллийн хэрэгсэл болон С1, Ийгл тв-ээр цацаж, эдийн засгийн асуудлыг нь шийдэж олон нийтийн хэрэгслээр цацуулсныг сэтгүүлчээр ажиллаж байсан Х.Ган-Ялалт гэрчээр мэдүүлсэн. Уг мэдээллийг олон нийтэд ил цацсанаар миний хувь хүний нэр хүнд, ажил хэргийн нэр төр, сэтгэл санааны хохирол 3 654 300 төгрөгийн хохирол учирч баримтаар шүүхэд өгсөөр байхад шүүх үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг бичгээр өг гэхэд тэрээр “би энэ хурлын асуудлыг ерөөсөө ойлгохгүй, юу бичихээ мэдэхгүй байна” гэж хариулахад нь  шүүгчээс, Д.Пгийн зөв үү буруу юу гэх асуулт тавьж, энэ хэрэгт Д.П буруугүй гэснээ бичиг өг гээд дүгнэлт бичүүлж авсан. Иймд шүүх илт нэг талд үйлчилж, хоёр гэрч мэдүүлсээр байхад үнэлэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач, холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Пд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, сэтгэл санаанд учирсан хохиролд 3 654 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр www.times.mn олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд “Засаг дарга Б.Нг залилангийн хэргээр цагдаад өгчээ” гарчигтай “Хорооны Засаг дарга эмэгтэй хуурамч материалд тамга даран баталгаажуулан оршин суугчдын залилсан гэмт хэрэгт холбогджээ. ... Тус хорооны Засаг дарга Б.Н гэгч нь хуурамч материал ашигласан Д.Солонго гэгчид “хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгснөөр 26 дугаар хороонд байрлах Нарлаг өргөө хотхоны иргэдэд 19 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ” гэх агуулгатай “Нарлаг өргөө-5” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогтохоос тодруулсан тухай ярилцлага /хх5-7/ гарсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.П нь олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд нэхэмжлэгч Б.Нг “залилан хийсэн тухай” агуулгатай мэдээлэл нийтлэхийг үүрэг болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хор учруулсан этгээдийг уруу татсан, дэмжин тусалсан, гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил гэм хорын хохирлыг хариуцан арилгах учиртай.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Х.Ган-Ялалтын “...Тухайн үед би хэвлэл мэдээллийн дарга байсан, СӨХ-ны дарга байсан нэг хүн Засаг даргыг иргэдтэй уулзаж байхад гомдол гаргаад, түүний дагуу надтай уулзуулж, мэдээлэл бэлтгэсэн, ... мэдээлэл өгсөн хүн өөрөө байсан учир энэхүү эх сурвалжийн дагуу бэлтгэсэн, ... хорооны засаг дарга хууль бус ажиллагаа хийгээд байна, 19 000 000 төгрөгийн залилангийн асуудал гэсэн гомдол өгсөн, ... өөрөө боловсруулсан болон өөр хүний өгсөн мэдээллийг Засаг дарга, Тамгын газрын дарга зөвшөөрвөл тавина. Таймс.мн сайтын мэдээллийг манайх өгсөн, Засаг дарга түгээ гэсэн” гэх тайлбартай мэдүүлэг /хх118-120/-ийг гаргажээ.

 

Гэрчийн дээрх мэдүүлгийг, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр www.times.mn олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд гаргасан “Засаг дарга Б.Нг залилангийн хэргээр цагдаад өгчээ” гарчиг бүхий мэдээлэл /хх5-7/, уг баримтыг тухайн сайт дахь мэдээлэлтэй нь тохирч буй эсэхэд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх157-189/ зэрэгтэй харьцуулан үзвэл хариуцагч Д.П уг мэдээллийг гаргахад дээрх хуульд зааснаар гэм хор учруулахад мэдээллийн хэрэгслийг “уруу татсан”, “дэмжин тусалсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх мэдээллийн оршил хэсэгт “Нарлаг өргөө-5” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогтохоос тодруулав гэж тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүний сэтгүүлч нь мэдээний эх сурвалжаа заасан байна. Энэ тохиолдолд хариуцагч Д.Пг бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд шууд халдсан, уг мэдээлэл тараахаар уруу татсан, дэмжин тусалсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн цахим болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, тодорхой мэдээ мэдээллийг түгээхдээ түүний үнэн зөвийг нягталж хариуцах бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, хариуцагч Д.П нь тухайн мэдээлэлд дурдсан албан тушаалтныг залилангийн хэрэгт холбогдсон гэх агуулгаар мэдээлэл нийтэд түгээхийг үүрэг болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1662 тоот тогтоол /хх63/ авагдсан бөгөөд үүгээр Ж.Буянтогтох, Х.Ган-Ялалт, Н.Цэндбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаад Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пгаас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Б.Нг залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэх үндэслэл муутай мэдээллийг Х.Ган-Ялалт нь дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу гаргасан нь тогтоогдсон талаар дурдсан байх боловч уг баримт нь тухайн эрүүгийн хэргийн хувьд нотолгооны хэрэгсэл болох бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цуглуулсан нотлох баримт биш болно.

 

Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо иргэдийн төлөөлөгч нь өөрийн ойлголтгүйгээр, шүүгчийн асуултад хариулах байдлаар дүгнэлт гаргасан гэх боловч тухайн хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Өлзийбаяр нь тангаргийн бичиг /хх56/ болон хууль сануулсан баримтад /хх59/ гарын үсэг зурж, хэргийн материалтай /хх56/ танилцаж, шүүх хуралдаанд биечлэн оролцож, бичгээр дүгнэлт гаргасан байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүгчийн асуултад хариулт хийж, дүгнэлт гаргасан гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/02320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 144 618 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА