Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/00745

 

 

 

 

 

                        2021        03          09

     101/ШШ2021/00745

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “П” ХХК -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,702,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах, 22,140,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т/Ү-2471/, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б/Ү-1026/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Манай “М” ХХК  нь гадаад худалдаа, компьютерийн худалдаа, мэдээлэл, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “П” ХХК-тай 2019 оны 12 сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Уг гэрээний дагуу манай компани нь гэрээний хавсралт 1-т заасан компьютер, дэлгэц, сканнер, камер, зурагт, утасны аппарат, зарлан мэдээлэх программ, лед самбар, цаас хэвлэгч машин, ухаалаг дэлгэц, тайзны эйр кондишн, утасны дотуур холбоо программ зэрэг бараа, бүтээгдэхүүнүүдийг “П” ХХК-д нийлүүлэх, “П” ХХК нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу бараа, бүтээгдэхүүний нийт үнэ болох 142.280.000 төгрөг /НӨАТ багтсан/-ийн 34 хувь болох 47.430.000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр , 33 хувь буюу 47.425.000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 7 дахь хоногт багтаан төлөх, үлдсэн 33 хувь буюу 47.425.000 төгрөгийг бараа, бүтээгдэхүүнийг 100 хувь нийлүүлсний дараа төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн билээ. Ингээд гэрээгээр тохиролцсон ёсоор манай компани нь гэрээний хавсралт 1-д заасан компьютер, дэлгэц, сканнер, камер, зурагт, утасны аппарат, зарлан мэдээлэх программ, лед самбар, цаас хэвлэгч машин, ухаалга дэлгэц, тайзны эйр кондишн, утасны дотуур холбоо программ зэрэг бараа, бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-аас захиалж авчраад 2020 оны 01 сарын 17-ны гэхэд “П” ХХК-д гэрээнд заасны дагуу 100 хувь нийлүүлж дуусгасан. Гэрээнд заасан бараа, бүтээгдэхүүнүүдийг бүрэн хүлээлцэж дуусгасан тухай “П” ХХК-ын захирал Ц.Ц, “М” ХХК-ийн захирал Д.М нар Бараа, материал хүлээлцсэн акт үйлдэж хүлээлцсэн. Харин “П” ХХК нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 12 сарын 12-ны өдөр 47.430.000 төгрөгийг, 2019 оны 12 сарын 19-ний өдөр 41.000.000 төгрөгийг, 2020 оны 1 сарын 07-нд 20.000.000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны 5175153440 тоот дансанд тус тус шилжүүлж төлсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,702,000 төгрөгийг төлөөгүй.

Манай компанийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,702,000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардаж байгаа боловч “П” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,702,000 төлөөгүй, Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Иймд “П” ХХК-иас 2019 оны 12 сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,702,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

            Манай компани нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Баянхошуу дэд төв, И Март гэсэн хоёр дэд төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор нийлүүлэхээр болсон. Ингээд хугацааны хувьд давчуу байсан тул бас найдвартайг нь бодоод гадаадаас захилгүй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа найдвартай газраас үнэтэй ч гэсэн худалдан авалт хийхээр болж танилаараа дамжуулан “MB” гэх дэлгүүрийг олж очин Ч.М гэх залуутай уулзаж шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийнхөө үзүүлэлт, жагсаалтыг үзүүлсэн. Тэгэхэд эдгээр бараа бүтээгдэхүүн манайд байгаа, найдвартай хурдан хугацаанд нийлүүлж чаднаа гээд үниин саналаа явуулъя, гэрээгээ хийгээд урьдчилгаа төлбөрөө шилжүүлэх юм бол бараа нийлүүлнэ, яаралтай төлбөрөө хийж гэрээгээ хийхгүй бол манайд бэлэн байгаа компьютерүүд зарагдчихна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь удахгүй манай компанид өмнө хийсэн 2 ажлын маань санхүүжилт орж ирнэ. Тэгэхээр нь бид урьдчилгаагаа өгч, гэрээгээ хийе, танайд яг 46 ширхэг компьютер зайгаа биз дээ гэхэд бэлэн байгаа гээд салсан.

            Тэгээд тохиролцсоноороо 2019 оны 12 дугаар сарын 12-нд тус компанийн захирлууд гэх нэг хятад залуу, нэг монгол эмэгтэйтэй танилцаж уулзсан. Гэтэл манайд байсан компьютероос 20 гаруйг нь орон нутгаас худалдаж авахаар болоод яаралтай аваад явсан байгаа гэхдээ санаа зоволтгүй бидэнд одоо 25 компьютер бэлэн байна. Бусад бараа, бүтээгдэхүүнийг би хятад захиралтайгаа өөрөө явж авчирч өгнө. Танай барааг захихаар яаралтай маргааш урагшаа явах гэж байна, иймд яг одоо л урьдчилгаагаа өгмөөр байна, бид явахаасаа өмнө мөнгө төгрөгөө солиулна гэж Монгол захирал гэгдэх М гэдэг эмэгтэй бидэнд /манай компанийн ажилтан бид хоёрт/ хэлсэн. Нэгэнт орой болчихсон байсан тул банк хаачихсан, маргааш өглөө шилжүүлж болохгүй юу гэхэд Д.М нь яг одоо л хэрэгтэй байна, өглөө эрт орж ирэнгүүт нь банк орж мөнгөө авах хэрэгтэй байнаа гээд байхаар нь Ц.Ц миний бие 41.430.000 төгрөгийг компанийнх нь данс руу шилжүүлж, 6.000.000 төгрөгийг өөрийн картаа уншуулан нийт 47.430.000 төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн юм. Тэр хооронд Д.М гэх захирал эмэгтэй арын өрөөндөө орж ёс төдий гэрээ хийлээ, завгүй байгаа учир та энэ гэрээн дээр гарын үсгээ зурчих, манайх найдвартай. Нийлүүлэлт их удлаа гэхэд 2019 оны 12 дугаар сарын 25 гэхэд бүрэн нийлүүлнэ. Гэхдээ саад тотгор гарч магад яг 12 сарын 27-ны өдөр гэхэд 100% нийлүүлнэ гэж амлалт өгөөд дараа завтай болохоороо гэрээгээ тухтай шинэчлэе гэж хэлээд бид залсан. Тэгээд төд удалгүй биднийг дахин дараагийн төлбөрөө хий гэсэн. Тэгэхээр нь 41.000.000 төгрөг шилжүүлсэн. Дахиад нээх удалгүй дахиад төлбөрөө шилжүүлэхийг шаардсан. Тэгэхэд бараагаа бүрэн хүлээн авч байж үлдэгдэл төлбөрөө шилжүүлнээ гэхэд бараа чинь ирэх гээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Учир нь бараг төлбөрийн 70 гаруй хувиа төлчихөөд байхад нэг ч бараа нийлүүлэлгүй үнэн, худал нь мэдэгдэхгүй юм яриад байхаар нь манай бараа хэзээ ирэх вэ? Бид бараг 70 гаруй хувийн мөнгөө төлчөөд нэг ч бараа авалгүй удлаа ядаж нөгөө бэлэн байгаа 25 компьютерээ өгөөч ээ гэхэд бидэнд бэлэн байхгүй ээ бүгдийг нь зарчихсан, танай бараануудыг захиалцан одоо эхнээсээ гарч байгаа гэсэн.

            2020 он гарснаас хойш бараа бага багаар нохойн баас шиг цуварч ирсэн. Хамгийн эхлээд 24 компьютер, дэлгэц ирсэн. Тэгэхээр нь бид та нар ядаж бүгдийг нь өг л дөө нөгөө төвд нийлүүлэх компьютер яасан бэ гэхэд наашаа Монгол руу явсан, хятадын цагаан cap гээд саатаад байнаа гэж өдөр хоногийг аргацаасан. Би “М” ХХК  дээр удаа дараа очиж манай мөнгийг авчихаад бараагаа нийлүүлээч ээ. Энүүгээрээ дүүрэн камер тавьчихаад ядаж камернуудаа нийлүүлээч ээ гэж байн байн өөрийн биеэр шаардахад маргааш, маргааш гэж олон маргаашийг аргацааж эцэст нь үлдэгдэл 22 компьютерыг Баянхошуу дэд төвд аваачиж өгөхдөө бүгд бидний захиалснаас өөр компьютер авчирч өгч тэрийгээ манай ажилтан андуураад өгчихжээ гэж худлаа ярин дахин хоног өдөр алдуулахад би дахин очиж танай компанийн юм зарах маркетинг чинь худлаа байж болно, үйлчилгээ чинь худлаа баймааргүй байнаа гэдгийг хэлсэн. Манай компани энэ хугацаанд байнга Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шахалтанд орж өдөр болгон 2 төв дээрээ очиж “М” ХХК -иас бараа, тоног төхөөрөмж бүрэн гүйцэд ирэхийг хүлээж ажлаа алддаг байсан. Тэгээд дараа нь нийлүүлсэн дэлгэцнүүд нь иртэл давхар ажиллах боломжгүй нэмэлтээр заавал нэмэлт залгуур хосоор нь авах шаардлагатай гээд бид дахиж мөнгө нэмээд залгуур захиалсан. Нийлүүлсэн дэлгэцүүд нь цараптай, бас залгуур нь удаж удаж ирчээд таарахгүй, унтарч асаад сайн ажиллахгүй байсан. Тэгээд камер нь маш том, урсдаг дэлгэц дээр тогтооход хэцүү камер ирээд за яахав одоо хугацаа байхгүй гээд арай гэж тогтоогоод бүх утсаа сүвэгчлээд камеруудаа асаах гэтэл хайрцаган дээрээ ”РОЕ” дэмжинэ гэчээд бас л худлаа бичигтэй, хуурамч, гаралтандаа хүрэхгүй муу камер нийлүүлсэн байсан.

            Тэгэхээр нь бид дэлгүүр дээр нь очоод хятад, монгол бүх захирлыг нь дуудаад та нар маш их удаасан дээрээс нь эрт камераа нийлүүлсэн бол бид холболт, сувагжилтын ажлаа эрт хийгээд цаг алдахгүй байх байсан, 2 cap гаруй болж нийлүүлсэн камер чинь ажиллахгүй байна гэтэл бид ашиг харахгүй, алдагдал хүлээгээд танайд найдвартай өөр сайн камер бэлэн худалдаж аваад нийлүүлнээ гэхэд бидэнтэй байнга харилцаж байсан менежер Ч.Мөнх-Очир маш их уурлаж тийм юм гэж байхгүй ээ. Бид нар тэгж компаниа хохироож, алдагдал хүлээж чадахгүй өөр аргаар шийднэ гэхэд нь бид аль болох болох талаас нь хурдан шийдвэрлэхгүй бол маш их цаг, мөнгө алдлаа, ямар ч байсан өөрсдийгөө хохироохгүй гарц байвал тэр гарцаараа шийдвэрлээрэй гээд биднээс уучилалт гуйгаад салсан. Тэгээд бас л шинээр “РОЕ” дэмжигч гээд холбогч авчирсан. Тэр нь бас л салж нийлээд зарим холбогч нь ажиллахгүй байсан ч бид арга буюу өөрсдөө засаж сэлбээд 2, 3-ыг ч бас солиулсан. Тэгээд дуудагч төхөөрөмж ирсэн. Тэгэхэд программыг нь бичиж өгнө гэсэн залуу буруу дуудагч төхөөрөмж ирсэн байна. Хугацаа их орно, гэхдээ болно гээд бараг cap гаран болсон. Сүүлдээ нөгөө залуу нь олдохоо больж бид өөр газраар программаа хийлгэхээр болсон. Тэр үеэр нийслэлийн үйлчилгээний дэд төвийн нээлт болох гээд бидэнд хугацаа маш чухал байсан. Тэгээд 3 хоногт программ ч бэлэн болж, программ бэлэн болохоор дуудагч машин ажиллаж лед дэлгэцүүд асна гэсэн. Тэгээд нийлүүлсэн лед дэлгэцийг нь асаах гэтэл бас л буруу лед, дотор нь асаах юу ч байгаагүй, зөвхөн хоосон корпус байсан. Бид яагаад ийм юм ирж байгаа юм бэ гэхэд харин алдаатай үйлдвэрлэчихжээ бурууг нь захиалчихжээ манай захирал гэсэн. Тэгээд дотор нь дахиад нэмэлтээр чип шиг зүйл сайн санахгүй байна, бас л нилээн зардал гаргаж манай компани өөрсдөөсөө мөнгө гаргаж авсан. Тэгсэн ч дуудагч машинтайгаа холбогдож ажиллахгүй л байсан. Бас л манай хятад захирал бурууг нь захиалчихжээ гэж хэлсэн. Тэгээд хятад захиралтай нь хоорондоо ойлголцчих гээд л тэдний үгээр л явж байлаа. Гэсэн ч программ нь хэлсэн хугацаанаасаа хоцроод бөөн хэл ам үүсч нааш цаашаа их л явсан. Удалгүй коронавирусын халдвар гарч, наашаа бараа бүтээгдэхүүн ирэх ч боломжгүй боллоо гээд. Нийслэлээс ч хоёр дэд төвийн нээлтийг коронавирусын халдвар, хорио цээрийн дэглэм тогтоосон гээд хойшлуулчихав. 2 сарын дараа “М” ХХК -ийн нийлүүлсэн утасны аппаратуудын зарим нь асахгүй, зарим нь Монголд ажиллахгүй программтай байсан. Үүнийг цаг тухайд нь хэлэхэд за сольж өгнөө, эхлээд юу ч гэсэн бүх юмаа бүрэн ажиллуулаадхаач гэдэг байсан. Тэгэхэд нь би камер чинь ажиллахгүй байгаа, утасны аппаратууд, программ, лед самбар, дэлгэцүүдээ солиод өгөө тэгээд танай үлдэгдэл мөнгийг төлнөө гэхэд Д.М захирал нь за гэсэн юм. Хэсэг хугацааны дараа яасан бэ гэсэн чинь танайх эхлээд үлдэгдэл мөнгөө өгчихөө бид өөрсдийн мөнгөөр захиалах боломжгүй байнаа гэж Д.М захирал нь хэлсэн. Тэгэхэд нь би одоо та нарт итгэхгүй ээ. Эхлээд бараануудаа соль тэгээд үлдэгдэл төлбөрийн чинь талаар ярилцъя гэж хэлсэн болно.

            Хэсэг хугацааны дараа Д.М захирал нь би харин хятад захиралдаа хэлсээн, одоо юмнуудаа солиод өгвөл танайхыг үлдэгдэл мөнгөө өгөхгүй байх гээд сольж өгөхгүй гэсээн. Тэгэхээр нь би: танайхыг зөндөө хүлээгээд харж үзсээр байхад ингээд байхдаа яахав дээ. Одоо тэгээд ч угаасаа танайд мөнгө өгөх боломжгүй болсон. Ямар ч байсан эвдэрхий бараа материалаа солио тэгээд би удахгүй ажлын гүйцэтгэлүүдээсээ бага багаар үлдэгдэл мөнгийг чинь төлье гэж тохироод надаар бараа хүлээлцсэн зарлагын баримт дээр гарын үсэг зуруулаад салсан. Тэгээд Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаа нээлтээ хийх гээд байнаа гээд 2020 оны 5 дугаар сард дуудаж, асуудалтай байгаа зүйлсийг харуулж солиод л янзлаад л өгвөл би танай үлдэгдэл төлбөрийг төлнөө гэдгээ дахин хэлээд бас танайх албан байгууллага байж надад зарлагын баримт, падаан нэгийг ч өгөөгүй гэдгийг хэлээд өгөөрэй гэдгийг ч бас шаардсан. Д.М захирал нь ч эвдэрхий, ажиллахгүй байгаа зүйлийн тоо, хэмжээг гаргаад сольж өгнөө гэж хэлсэн ч Хятад захирал нь солихгүй ээ гээд байнаа гээд уулзаад салсан. Харин тэрний дараа шүүхээс дуудахад нь би Д.М рүү утасдаад одоо би танайд нэг ч төлбөр төлөхгүй, бүх зардал, алдагдал, хохирлоо танайхаар төлүүлнэ гэдгээ хэлсэн. Иймд “М” ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

 

 

            Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

            Иргэний хуулийн 225, 227 дугаар зуйлийг үндэслэн “П” ХХК нь “М” ХХК -тай байгуулсан 2019.12.12-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж учирсан хохирол болох 22.140.000 төгрөгийг нэхэмжилж байна. Худалдагч тал болох “М” ХХК -тай байгуулсан гэрээний дагуу худалдан авагч тал болох “П” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Харин худалдагч тал болох “М” ХХК  нь гэрээний үүргээ зөрчиж /хугацаа хэтрүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй/ тэдний нийлүүлсэн зарим бараа нь гэрээний 1.3.3-д заасан биет байдлын доголдолгүй байх шаардлагыг хангахгүй байсан бөгөөд энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020.07.01-ний өдрийн 04-01/3523 дугаар албан бичгээр нотлогдсон болно. Энэхүү биет байдлын доголдолтой 5 нэр төрлийн /Албан хаагчийн дэлгэц, Утасны аппарат, Албан хаагчийн IP камер, Дараалал зарлан мэдээлэх программ, 50x20 лед самбар/ бараа, тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ нь 22 140 000 ? /хорин хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн дүнтэй байгаа бөгөөд энэхүү биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй байгаа барааг сольж өгөхийг удаа дараа шаардсан боловч үүрэг гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцно гэсний дагуу Иргэний хуулийн 227.5-д “... үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэсний дагуу хохирлоо арилгуулахыг “М” ХХК -иас шаардаж байна.”гэжээ.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 

            М.Х би хариуцагч “П” ХХК-ийн гаргасан “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 22 140 000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбар, татгалзлалыг гаргаж байна. Үүнд: Манай компани нь хариуцагч “П” ХХК-тай 2019 оны 12 сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 142.280.000 төгрөгний үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Анх 2019 оны 12 сарын 10-ны өдөр “П” ХХК-ийн захирал Цэрэнханд манай компани дээр ирж уулзахдаа яаралтай эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх шаардлагатай байна гэсэн шалтгаанаар ирж шаардлагатай тоног төхөөрмжүүдийнхээ жагсаалтыг үзүүлсэн. Тэгэхээр нь эдгээр тоног төхөөрөмжүүд манай дэлгүүр дээр бэлэн байхгүй БНХАУ- аас захиалж авчирна гэж тодорхой хэлсэн ба тэгээд бид тохиролцоонд хүрч 2019 оны 12 сарын 12-ны өдөр гэрээгээ байгуулж “Профешнал сивил инженеринг констракшн” ХХК-иас гэрээний урьдчилгаанд 41.430.000 төгрөг төлсөн.

            Анх бид брендийн дэлгэц, камер, төхөөрөмжүүдийг санал болгосон боловч “П” ХХКнь илүү хямд, адил хэмжээтэй дэлгэц, тоног төхөөрөмжүүд дээр брендийн шошго наалгуулан захиалсан ба зөрүү мөнгөнд 2 иж бүрэн компьютер манайхаас хувьдаа гаргуулж авсан. Ингээд тэдний захиалгын дагуу БНХАУ-аас тоног төхөөрөмжүүдийг захиалж авчруулсан ба 2020 оны 1 сарын 17-ны өдөр гэхэд гэрээнд заасан бүх барааг бүрэн нийлүүлж дуусгасан бөгөөд Гэрээний 3.3.2-т заасанчлан барааг 100 хувь бүрэн нийлүүлж хүлээлгэж өгсний дараа гэрээний үлдэгдэл төлбөрийг хийхээр тохирсон боловч Цэрэнханд нь үлдэгдэл төлбөрөө өгөхгүй доголдолтой гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж төлбөрийг хойшлуулж оайсан. Гэхдээ яг ямар ямар тоног төхөөрөмжинд доголдол илэрсэн болохыг асуухаар яг тодорхой юм хэлэхгүй, очиж шалгая гэхэд шалгуулахгүй, хариу хэлэхгүй, доголдолтой барааг солиулах, засуулах эсхүл гэрээнээс татгалзах зүйл огт ярихгүй харин үлдэгдэл төлбөрөө өгөхгүй л хойшлуулаад байсан. Харин зарим нэг компьютер, камераа асааж, ажиллуулж чадахгүй байна гээд хамт очиж шалгаж үзэхэд залгуурын ч залгаж холбоогүй байж асахгүй байна гэсэн ингээд залгуурыг нь залгаж асааж өгсөн. Үүнийг тухайн газар ажиллаж байгаа ай ти менежрүүд Цэрэнханд ч мөн мэдэж байгаа. Гэтэл барааг хүлээж авснаас хойш 8 cap болж байхад ямар бараа, тоног төхөөрөмжинд доголдол илрээд байгаа тухай тодорхой хэлэхгүй, доголдолтой барааг сольж өг гэж биечлэн ирээгүй байсан хирнээ одоо гэнэт доголдолтой бараа нийлүүлсэн учраас гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч “П” ХХК-ийн манай компаниас нэхэмжилсэн гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 20 702 000 төгрөг гаргуулахаар шаардсан үнийн дүнг харахад манай компанийн нэхэмжилсэн үнийн дүнтэй ижил байна. Үүнээс үзэхэд “П” ХХКнь бүр анхнаасаа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх бодолтой байсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх зорилгоор ийм үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бидний зүгээс асуудалд эв зүйгээр хандаж дэлхий дахинд үүсээд буй цар тахлын халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрөө төлөхийг хүлээсээр ирсэн. Иймд хариуцагч “П” ХХК-ийн гаргасан “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 22 140 000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“гэжээ.

 

            Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

           

            Сөрөг нэхэмжлэл (өөрчилсөн)-ийн үндэслэл: Манай компани нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд дээр дурьдсанаар өөрчилж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 256.2 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү сөрөг нэхэмжлэл /өөрчилсөн/-ийн үндэслэлээ тодорхойлж байна.

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэпгэй”, 256.2 “Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно” гэж заасны дагуу худалдагч тал болох “М” ХХК -тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г худалдагчийн нийлүүлсэн эд хөрөнгийн доголдолтой хэсгээр нь буюу гэрээг доголдолтой хэсгээр нь цуцлахтухай шаардлага гаргаж байна. Худалдан авагч тал болох “П” ХХК нь Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн гүйцэтгэж ирсэн. Харин худалдагч тал болох “М” ХХК  нь гэрээний үүргээ зөрчиж (биет байдлын доголдолтой бараа, тоног төхөөрөмж нийлүүлэх, хугацаа хэтрүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг) тэдний нийлүүлсэн зарим бараа нь гэрээний 1.1-д заасан “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, зориулалтын дагуу ашиглах бүрэн боломж бүхий бараа материал хэрэгслийг Худалдан эвагчийн өмчлөлд шилжүүлэх ...” гэрээний 1.3.3-д заасан биет байдлын доголдолгүй байх (гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанарыг хангасан зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байхыг ойлгоно) шаардлагыг хангахгүй байсан бөгөөд энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020.07.01-ний өдрийн 04-01/3523 дугаар албан бичгээр нотлогдож байгаа болно. Энэхүү биет байдлын доголдолтой 5 нэр төрлийн /Албан хаагчийн дэлгэц, Утасны аппарат, Албан хаагчийн IP камер, Дараалал зарлан мэдэзлэх программ, 50x20 лед самбар/ бараа, тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ нь 22.140.000 төгрөгийн дүнтэй байгаа бөгөөд энэхүү биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй байгаа барааг сольж өгөхийг удаа дараа шаардсан боловч үүрэг гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцно гэсний дагуу Иргэний хуулийн 227.5-д “... үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэсний дагуу хохирлоо арилгуулахыг “М” ХХК -иас шаардаж байна. “гэжээ.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

            “М” ХХК -ийн нэхэмжлэлтэй, “П” ХХК-д холбогдох иргэний хэрэгг М.Х би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Манай компани нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Манай “М” ХХК  нь “П” ХХК-д 2019 оны 12 сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,702,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Тодруулбал “П” ХХК-д 2019 оны 12 сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани нь 142.280.000 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргийг хүлээсэн. Ингээд бараа захиалж нийлүүлэх явцад зарим барааны үнэд өөрчлөлт орж, зарим барааг нэмж авч нийтдээ 132.132.000 төгрөгний барааг нийдүүлсэн байдаг. Тодруулбал,

            -Гэрээгээр 18,5 инч дэлгэцийг 1 ширхэгийг нь 205,000 төгрөгөөр тооцож нийт 72 ширхэгийг 14,760,000 төгрөгөөр нийлүүлэх байснаас бид харилцан тохиролцож 1 ширхэг дэлгэцийн үнийг 50,000 хямдруулж 1 ширхэгийг нь 155,000 төгрөгөөр тооцож нийтдээ 72 ширхэг 18,5 инч дэлгэцийг 11,160,000 төгрөгөөр,

            -Гэрээгээр 1 ширхэг камерийг 115,000 төгрөгөөр тооцож нийт 48 ширхэгийг 5,520,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирсон байснаас бид харилцан тохиролцож 1 ширхэгийн үнийг 30,000 төгрөгөөр хямдруулж 1 ширхэгийн нь 85,000 төгрөгөөр тооцож нийтдээ 48 ширхэг камерыг 4,080,000 төгрөгөөр,

            -Гэрээгээр 2 ширхэг утасмы холбоог 1 ширхэгийг нь 3,000,000 төгрөгөөр тооцож нийт 6,000,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг утасны холбоог нийлүүлэх байсан боловч Монголд уг утасны холбоог ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр авахаа больсон,

            Ингээд бид дээрхийг тооцож нийтдээ 7,660,000 төгрөгний зөрүүг гэрээний үнэ 142,280,000 төгрөгөө хасахаар болсон бөгөөд уг зөрүүндээ гэрээнд заагаагүй 3 төрлийн барааг нэмж авахаар болсон байдаг. Үүнд: wifi 1 ширхэгийг нь 60,000 төгрөгөөр нийтдээ 36 ширхэг wifi- ийг 2,160,000 төгрөгөөр, холбогчууд 72 ширхэгийг 1 ширхэгийг нь 6,000 төгрөгөөр нийтдээ 432,000 төгрөгөөр, huawai брендийн нөүтбүүк 1 ширхэгийг 1,920,000 төгрөгөөр нэмж авсан.

            Ингээд бид харилцан тохиролцсоны үндсэн дээр анх гэрээгээр 142,280,000 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүиийг нийлүүлэхээр тохирсон байснаас манай компани хариуцагч “П” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд нийтдээ 139,132,000 төгрөгний барааг нийлүүлж дуусгасан байдаг. /Энэ нь хэрэгт авагдсан бараа хүлээлцсэн баримтаар тогтоогдоно./

            Хариуцагч компани нь үүнээс 2019.12.12-ны өдөр 41,430,000 төгрөгийг дансаар, мөн тус өдөр 6,000,000 төгрөгийг карт уншуулж төлсөн, мөн 2019.12.20-ны өдөр 41,000,000 тегрөгийг дансаар, 2020 оны 01 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг дансаар, 2020.01.22-ны өдөр 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж нийтдээ 139,132,000 төгрөгний төлбөрөөс 118,430,000 төгрөгийг төлж үлдэгдэл 20,702,000 төгрөгийг өнеөдрийг хүртэл төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа юм. Иймд манай компани “П” ХХК-иас 2019 оны 12 сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,702,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа билээ.”гэжээ.

 

            “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

 

            Манай “П” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нйислэлийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр “М” ХХК -тай гэрээ байгуулсан байдаг.

            Энд тэдний гаргасан шаардлага тодруулах тухайд бичихдээ зарим нэг зүйлийн үнийг хоорондоо харилцан тохиролцож үнэ буулгасан гэж ойлгогдохоор бичсэн байна. Үүнийг тодруулж хариу тайлбарлахад

            -Анх гэрээ байгуулах өдөр 18,5 инчийн Dell брэндийн дэлгэцийг нэг ширхэгийг 205,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон байсан бөгөөд “М” ХХК -ийн бараа нийлүүлэх хугацаа өнгөрөөд дэлгэцээ яаралтай авмаар байна гэж манайхыг нэхэхэд уучлаарай манай цаад нийлүүлдэг үйлдвэрт энэ нийлүүлнэ гэсэн дэлгэц маань 72 ширхэг яаралтай ирэх боломжгүй болчихоод байна. Оронд нь харин үзүүлэлт нягтрал нь яг ижилхэн дэлгэц манайд ирж байгаа. Энэ дэлгэц нэг ширхэгийн үнэ нь 155,000 төгрөг гээд бид яарч байсан учраас тэр санал болгосон дэлгэцийг үзүүлэлт яг ижил гэхээр нь сайн лавлаж байгаад авахаар болсон ба тэр дэлгэцнүүд нь яг тэдний баталж хэлсэн шиг Dell брэндын дэлгэцийн нягтаршлыг гүйцэхгүй байсан бөгөөд дундаа тунадастай юм шиг барзгар царапуудтай байсан.

            -Анх бид гэрээ байгуулахдаа болон тэрний өмнөх анхны уулзалтанд камерныхаа үзүүлэлт шаардлагыг сайн үзүүлж нийлүүлж чадах эсэхийг лавлахад яг танай наад үзүүлэлтээр чинь нийлүүлнэ гээд тохирсон боловч мөн л камер нь хугацаа хоцорч ирснээс гадна бидний тавьсан хамгийн чухал үзүүлэлт болох РОЕ / дуу хураагчтай/ -той камерыг авна гэсэн боловч “М” ХХК  гадна хайрцаган дээрээ РОЕ -той гэсэн бичигтэй хэрнээ суурьлуулаад ашиглах гэхээр POE дэмждэггүй камер байсан. Ингэхдээ бүр 48 ширхэгийг 3 удаа манай туслан гүйцэтгэгч камер холбоо дохиололын бригадын ажилчид суурьлуулж үзэхэд дандаа РОЕ дэмждэггүй камер явуулсан байсан. Ингээд бид цаг хугацаа болон эдийн засгийн хувьд маш их алдагдалд орж, уулзалт хийхэд бидэнд зүгээр түр аргаацаасан арга хэрэглэж нэмээлтээр РОЕ дэмжигч залгуур өгсөн. Уг нь залгуураар биш өөрөөсөө РОЕ дэмждэг байвал ажиллагаа хэвийн байх бөгөөд харагдах байдал нь бичигдэж байгаа бичлэг нь тод чанартай байх байсан. Бидний шаардлагын дагуу камер нийлүүлээгүй угаасаа хямд камер байсан учраас үзүүлэлтэнд тааруулж нэг бүрийн үнийг 85,000 тооцож 48 ширхэг камерийг бидэнд худалдсан байдаг бөгөөд энэ камерний залгуур байнга салж нийлж эсвэл шатаж эвдрээд хэдийн ажиллагааны шаардлага хангахгүй байгаа.

            Утасны програм авна гэж анх тохирсон байсан боловч “М” ХХК  нь бидэнд шаардлагатай байгаа програмаас өөр үзүүлэлттэй програм нийлүүлэх гэж байгааг ярилцаж ойлголцоод Монголд ашиглах боломжгүй гээд авахаа больсон.

            Бид энэ wifi болон холбогчийг мөн л М-ийн нийлүүлсэн урсдаг LED дэлгэц нь тогонд залгах залгуур байхгүй яаж асах нь тодорхойгүй дуудагч машиндаа холбогдох боломжгүй дан хоосон ирсэн учраас өөрсдөө нэмж мөнгө төлөхөөр болж нэг ширхэгийн 60,000 төгрөгөөр нийт 36 ширхэгийг авсан. Холбогчуудыг бас л “М” ХХК -ийн алдаатай нийлүүлсэн дэлгэц нь залгуур нь таарахгүй байсан учраас нэг бүрийг нь  6,000 төгрөгөөр нийт 72 ширхэгийг нэмж авсан. Одоо нийлүүлсэн гэх бараа нь бүгд доголдолтой ажиллагаатайгаас гадна мэргэжлийн компани гэж анх гэрээ байгуулчихаад нэг удаа мэргэжлийн үүднээс хандаж засвар болон үйлчилгээ үзүүлээгүй. Энэ байдал нь дээр дурдагдаж байгаа үзүүлэлт зөрсөн гэх талбайрт залгах залгуураа мэдэхгүй ирсэн бараа бүтээгдэхүүнийхээ үзүүлэлтийг мэдэхгүй байгааг харахад илүү ойлгомжтой харагдаж байна. Иймд бид энэ доголдолтой байгаа тоног төхөөрөмжүүдйиг хэвийн ажиллагаанд оруулж хэвийн ажиллагаанд оруулах үүргийг төрийн өмнө манай компани хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлж байж манай компаний дараа дараагийн төслүүд хэвийн үргэлжлэх бөгөөд одоо “М” ХХК -ийн чадавхийг нэгэнт мэдсэн учир бид өөр мэргэжлийн чаввартай компаниар тоног төхөөрөмжийнхөө доголдлыг арилгаж зарим бараа тоног төхөөрөмжүүдйиг сольж шинэчлэн засварлах болно.” гэжээ.

             

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,702,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч  “П” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах, 22,140,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд хавсаргасан үнийн санал гэх баримтын дагуу 13 нэр төрлийн 142,280,000 төгрөгийн бараа нийлүүлэх, бараа худалдан авсан тал үнийг төлөхөөр тохиролцсон ба бараа нийлүүлэх явцад зарим барааны нэр төрөл, хэмжээ, үнэ зэрэгт өөрчлөлт орох, үнийн саналд тусгагдаагүй бараа нэмж авах зэргээр 139,132,000 төгрөгийн бараа нийлүүлсэн, худалдан авагч нь барааны үнэд 118,430,000 төгрөгийг төлж, 20,702,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргаангүй байна. 

Харин хариуцагч тал гэрээний зүйл доголдолтой байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, гэрээний зарим хэсгийг цуцалж, доголдлыг арилгаж засварлахад гарсан болон гарах зардалд 22,140,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. 

 

“М” ХХК-д нь “П” ХХК-д Бараа материал хүлээлгэн өгсөн актын дагуу,

-18.5 инчийн дэлгэц 72 ширхэг,

-компьютер иж бүрэн 48 ширхэг,

-сканер 40 ширхэг, камер 48 ширхэг,

-55 инч зурагт 2 ширхэг,

-утасны аппарат 44 ширхэг,

-зарлан мэдээлэх программ 2 ширхэг,

-50х20 лед самбар 34 ширхэг,

-цаас хэвлэгч машин 2 ширхэг,

-2м*40 см лед самбар 2 ширхэг,

-ухаалаг дэлгэц 65 инч 2 ширхэг,

-таазны эйр кондишн 2 ширхэг,

-утасны дотуур холбоо програм ip bpx 2 ширхэг,

-wifi 36 ширхэг,

-холбогчууд 72 ширхэг,

-Huawai notebook 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн байна. /хх-12 тал/

 

Талууд уг актанд огноо тавиагүй ба шүүх хуралдаанд зохигчоос энэ талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 20-нд бараа хүлээлгэн өгөөд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр акт үйлдсэн гэж, хариуцагчийн төлөөлөгч нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бараа хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр Худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлж, бараа материал хэрэгслийг худалдан авах, Худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, зориулалтын дагуу ашиглах бүрэн боломж бүхий бараа материал хэрэгслийг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбогдон талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна гэж заасан ба, 1.3.3-т Биет байдлын доголдолгүй байх гэдэгт худалдан авч буй бараа материал хэрэгсэл нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанарыг хангасан, зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байхыг ойлгоно гэж заажээ.

 

Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэж маргаж байгаа ба Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04-01/3523 дугаар албан бичгээр “П” ХХК-д ирүүлсэн албан бичигт ...Тус гэрээний дагуу компьютер тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлж ажилласан бөгөөд тоног төхөөрөмжийг суурилуулан бүрэн ажиллагаанд оруулж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд эвдрэл, гэмтэлтэй тоног төхөөрөмж илэрч, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна. Иймд тендер шалгаруулалтад ирүүлсэн 1 жилийн баталгаат хугацаа дуусаагүй учир доголдолтой байгаа тоног төхөөрөмжийг яаралтай засварлаж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана уу гэсэн байна.

 

Уг төвийн шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Б.М-ийн гаргасан Баянхошуу дэд төв болон Е-март салбарт байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд солих шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт”-нд;

1. Албан хаагчийн дэлгэц, 20 ширхэг, дотор талдаа олон жижиг тунадастай, зурагдсан мэт цараптай,

2. Утасны аппарат, 24 ширхэг, Усанд норсон байсан, Монголд ашиглах программ суугдаагүй ашиглах боломжгүй,

3. Дэлгэцний хувиргагч залгуур, 46 ширхэг, Хүний хөдөлгөөн болон доргилтоос болж байнга салж нийлдэг, зарим нь контакт өгдөггүй,

4. Албан хаагчийн IP камер, 48 ширхэг, POE дэмждэггүй, хувиргагч хийсэн боловч байнга салж камер ажиллахгүй доголддог. Хувиргагч нь шатдаг.

5. Дараалал зарлан мэдээллэх программ, иж бүрдэл, 2 ширхэг, Горимын дагуу ажиллаж дарааллыг зохицуулдаггүй, хэвийн бус ажиллагаатай.

6. 50*20 лед дэлгэц, 34 ширхэг, Газар хэлтсүүдийн нэрийг бүрэн урсгадаггүй алдаа зааж байнга асч унтарч дундаа үсэг нь тасалддаг. Лед самбарууд асахаа больсон гэж тус тус заажээ.

 

Хариуцагч “П” ХХК нь шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20/335 дугаартай албан бичгээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй тоног төхөөрөмж илэрсэн тул 3 талт уулзалтанд ирж, доголдолтой байгаа тоног төхөөрөмжөө үзэж, шаардлагатай арга хэмжээ авах талаар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 талт уулзалт хийсэн боловч тохиролцоонд хүрээгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20/342 дугаартай албан бичгээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй байгааг мэдэгдэж, сольж өгөөгүй байгаа тул гэрээнээс татгалзаж байгаа талаар тус тус мэдэгджээ. /хх-128, 129 тал/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба талуудын байгуулсан гэрээнд эд хөрөнгийн чанар байдлын талаар тусгаагүй, барааны нэрийн хэсэгт үзүүлэлт тусгагдсан байна.

 

Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба уг эд хөрөнгүүд зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Учир нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс гаргасан солих шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа ба уг баримт нь гэрээний талууд байлцаж, техник хэрэгслийг шалгаж, эвдрэл гэмтлийг тогтоосон баримт биш байна.

 

Иймээс талууд доголдлын талаар маргаж байхад шүүх уг баримтыг үндэслэн доголдолтой гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй юм.

 

Хариуцагчийн зүгээс эд хөрөнгийн доголдлыг бүхий л боломжит хэлбэрээр нотлосон, нэхэмжлэгч тал эд хөрөнгийн доголдлын талаар нотлох үүрэгтэй гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг эд хөрөнгийн доголдолтой холбон тайлбарлаж байгаа тохиолдолд эд хөрөнгийн доголдолтой холбоотой үйл баримтыг хариуцагч тал өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд, нэхэмжлэгч буюу худалдагч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу гэрээгээр тохирсон эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч буюу худалдан авагч тал эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохирол шаардах эрхтэй байна.

 

Зохигчийн тайлбар, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ч.М-ын өгсөн мэдүүлгээс үзэхэд хариуцагч Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн гаргасан жагсаалтад байгаа доголдолтой гэж үзсэн техник хэрэгслийн доголдлыг арилгуулах, доголдолтой эд хөрөнгийг солиулах талаар тодорхой үйлдэл хийхгүй доголдолтой эд хөрөнгийг үйлдвэрлэсэн газарт буцаан өгч солиулах бололцоог хангаагүй зэргээс үзэхэд эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээний зарим хэсгийг цуцлах үндэслэл үүссэн гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “П” ХХК-иас 20,702,000 /хорин сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар “М” ХХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар 12-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах, 22,140,000 төгрөг гаргуулах тухай “П” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,500 төгрөг, хариуцагчийн төлсөн 339,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 262,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ