| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/237 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0199/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418001080260 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 14-ний Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******лол,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр, 238 дугаар гэрлийн шонгийн хажуугаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабисын төрлийн ургамлыг хэрэглэх зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоотод байх өөрийн гэртээ хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5/,
*******гийн биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1666 дугаартай: “... Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ ******* ” гэсэн хаягтай, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “ ******* ” гэсэн хаягтай, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 4,2 грамм, цэвэр жин нь 2,4 грамм байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-28/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1667 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “******* дээж” гэж хаягласан зиплок гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. дельта-9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн зиплок уутны хамт жин нь 2,4362 грамм, цэвэр жин нь 0,3858 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1672 дугаартай: “...Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-40/,
Яллагдагч ******* гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2023 оны 12 дугаар сард каннабис өвсний талаар интернэтээс мэдээд сонирхож байгаад анх удаа түүгээд гэртээ авч ирсэн, тамхи шиг хэрэглэдэг гэхээр нь гэртээ байхдаа Е баримтын цаасанд ороогоод тамхи шиг татаж үзсэн, энэ үедээ ганцаараа хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “... энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Цаашид ажил хөдөлмөрөө эрхэлж, дахин ийм үйлдэл гаргахгүй. Мөн мансууруулах бодис, ургамлыг сонирхохгүй гэдгээ амлаж байна. Намайг хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж канабиссын төрлийн ургамал түүсэн гэх газраа сайн дураараа зааж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, “дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэж амлалт өгсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, цаашид хөдөлмөр эрхлэх бүрэн чадамжтай байх тул эрүүгийн хариуцлагын “нийгэмшүүлэх” зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ ******* ” гэж хаягласан, уутны хамт 4,2 грамм, ногоон өнгөтэй, ургамал мэт зүйл, “ ******* ” гэж хаягласан 0.3858 грамм ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Оросоогийн г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 248” гэж хаягласан, уутны хамт 4,2 грамм, ногоон өнгөтэй, ургамал мэт зүйл, “*******” гэж хаягласан 0.3858 грамм, ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД