Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/02431

 

 

 

 

 

 

 

  2021           08           18

                 101/ШШ2021/02431

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А холбогдох,

 

22,149,628.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Р.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Аби 2010 онд хариуцагч Б.Атай танилцаж, 2011 оноос 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болно. Ийнхүү хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Тамир, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Сүлд, А.Соёмбо нар төрсөн. Улмаар хоорондын таарамжгүй харилцаанаас болж бид 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тусдаа амьдрах болсон ба Б.А надад холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01412 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн. Танай шүүхэд иргэн би дараах асуудлаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж хандаж байгаа юм. Тодруулбал, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.А нь миний хөлслөн түр хугацаагаар амьдарч байсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон 504 дүгээр байр, 91 тоотод байрлах орон сууцанд намайг гэртээ байхгүй хойгуур надад мэдэгдэлгүйгээр түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч, уг орон сууцанд байсан бүх тавилга, хувцас, эд хогшлыг дур мэдэн нүүлгэн авч явсан үйл явдал болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад тулгуурлан өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж, шаардлагын хэмжээг ихэсгэх хүсэттэй байна. Тодруулбал, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.А нь миний хөлслөн түр хугацаагаар амьдарч байсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон 504 дүгээр байр, 91 тоотод байрлах орон сууцанд намайг гэртээ байхгүй хойгуур надад мэдэгдэлгүйгээр, түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч, уг орон сууцанд байсан бүх тавилга, хувцас, эд хогшил зэргийг дур мэдэн нүүлгэ авч явсан үйл явдал болсон билээ.

Хөрөнгө

Үнэ /төгрөгөөр/

1

49 инчийн LG smart TV /телевизор/

1,549,900

2

2 хаалгатай хөгрөгч /Samsung/

750,000

3

Угаалгын машин /rotenzo/

259,900

4

Будаа агшаагч /ухаалаг/

228,780

5

Плитка

80,000

6

Буйдан

4,880 юань буюу 1,829,072.80

7

Зочны өрөөний ширээ

360,000

8

Гал тогооны ширээ

150,000

9

Унтлагын өрөөний ком тавилга /ор болон орны хажууд байрлах 2 ширхэг шүүгээ, шкаб, гоо сайхны толь болон шүүгээ/

13,500 юань буюу 5,059,935

10

Гал тогооны хэрэгсэл /сав суулга/

500,000

11

Индүү /phlips/

139,990

12

Үнэртэй ус /loreal/

646,020

13

Хайруулын таваг /happycall/, хутганы ком /bass/

188,150

14

Дэр /хос/, индүүний суурь

60,000

15

Ус буцалгагч

34,848

16

Зурагтын тавиур

3,250 юань буюу 1,218,132.50

17

Хөөрөг

1,500,000

18

Уран зураг

500,000

19

Цахиур гар буу /хуучны 3 ширхэг/

300,000

20

Ном /30 ширхэг/

300,000

21

Аяны ширээ, сандал

100,000

22

Майхан

250,000

23

Аяны сандал, гудас, хөнжил

150,000

24

Юнивишний төхөөрөмж

70,000

25

Булган малгай /шинэ/

350,000

26

Монгол дээл /шинэ/

350,000

27

Монгол гутал /хос/

230,000

28

Гутал /7 хос/

500,000

29

Аялалын пүүз

269,100

30

Костюм /шинэ/

2,390,000 төгрөг буюу 1,000 америк доллар

31

Куртик /шинэ/

350,000

32

Тоос сорогч

250,000

33

Цамц /сорочка/, пальто /ноолууран/

876,000

34

Цамц /ноолууран/

359,800

 

Нийт

22,149,628.30

Дээрх хүснэгтэд үзүүлсэн хөрөнгүүдийг бий болгоход хариуцагч Б.Агийн ямар ч оролцоо байхгүй бөгөөд зөвхөн би өөрийн мөнгөөр түүнээс тусдаа амьдарч эхэлсэнээс хойш хугацаанд худалдан авч, бий болгосон болно. Хариуцагчийн эд хөрөнгө болох нотлогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч өөрийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Р.Ань Б.Агаас салаад явахдаа хувцсаа аваад гарсан, энэ эд хөрөнгийг би тусдаа амьдарснаас хойш бий болгосон гэдэг тайлбарыг надад өгсөн. И-баримтын хугацаа, огноог харвал 2016 он 5, 7 дугаар сарын үед худалдан авалт хийсэн нь харагдах болно. Тийм учир Р.Агийн тайлбар үндэслэлтэй гэж би үзэж байна.

Иймд хариуцагчаар түүний авч явсан хөрөнгүүдийн үнийг нөхөн төлүүлэх буюу түүнээс нийт 22,149,628.30 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Р.Агийн төрсөн хүү А.Хишигтөгс өргөдөл гомдол гаргасан. Хэргийг эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч ахмад н.Гандөл шалгаад уг эд зүйлсийг Б.Агийн өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхээр байна. Иймд А.Хишигтөгсийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзээд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсаныг прокурор хянаад 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор хэрэг нээхээс татгалзаж тогтоолыг хүргүүлсэн юм. Р.Ань төрсөн 3 хүүгийнхээ тэтгэлгийг төлж чадахгүй хураагдсаар өнөөдрийн байдлаар 10,128,746 төгрөгийн өртэй болсон байна. Энэ хэрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 203 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Батмөнх ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхээс бүх дансыг нь хааж гадагш гарах эрхийг нь хаасан байгаа. И-баримтыг үзэхээр бүгд А.Хишигтөгсийн нэр дээр байсан ба Р.Агийнх гэдгийг яаж нотлоод байгааг мэдэхгүй байна. А.Хишигтөгс ч гэсэн өөр хүний баримтыг уншуулсан байж болно. Р.Абол хамгаалагчаар ажилладаг хүн юм. Хятад санхүүгийн баримтын хувьд ямар ч хятад хүнээр хийлгэх боломжтой. Би Р.Атай хамт амьдарч байхдаа бий болгосон өөрийн хөрөнгийг авч явсан.

Иймд Р.Ань өөрөө өрөнд оронгуутаа намайг ямар ч үндэслэлгүй гүтгэж ор мөргүй өөрт нь хамаагүй эд зүйлсийг ямар ч үндэслэлгүй өндөр үнийн дүнгээр нэхэмжлэлд байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Ань хариуцагч Б.Ад холбогдуулан нийт 27 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 19,855,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 34 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,149,628.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж хэрэг нээхээс татгалзсан, Р.Агаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, одоо 10,128,746 төгрөгийн өртэй байгаа, би өөрийн хөрөнгөө авч явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Р.А, Б.А нар нь 2010 онд танилцаж, хамт амьдарч байгаад тэдний дундаас 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Тамир, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Сүлд, А.Соёмбо нар төрсөн, улмаар 2016 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн шийдвэрийн дагуу Р.А3 хүүхдийн тэтгэлэг төлдөг болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01412 дугаартай шийдвэр, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 504 дүгээр байрны 91 тоот түрээсийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.А нь хууль бусаар нэвтэрч гэрийн тавилга, эд зүйлийг хулгайлан авч явсан гэх гомдол, мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаад Б.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй буюу түүний авч явсан гэх эд зүйлс нь Б.Агийн өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхээр байна гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн А.Хишигтөгсөөс гаргасан бүртгэлийн 6119 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1448 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

 

Мөн Р.Агийн гомдлын дагуу дээрх хэргийг прокуророос хянаж, дээрх 1448 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. 

 

Нэхэмжлэгч нь 49 инчийн LG smart TV - 1,549,900 төгрөг, 2 хаалгатай хөргөгч Samsung- 750,000 төгрөг, угаалгын машин /rotenzo/– 259,900 төгрөг, будаа агшаагч /hitachi, ухаалаг/-228,780 төгрөг, плитка-80,000 төгрөг, буйдан-4880 юань буюу 1,829,072.80 төгрөг, зочны өрөөний ширээ -360,000 төгрөг, гал тогооны ширээ-150,000 төгрөг, унтлагын өрөөний ком /ор болон орны хажууд байрлах 2 ширхэг шүүгээ, шкаб, гоо сайханы толь болон шүүгээ/- 13,500 юань буюу 5,059,935 төгрөг, гал тогооны хэрэгсэл /сав суулга/-500,000 төгрөг, индүү /philips/-139,990 төгрөг, үнэртэй ус /Loreal/-646,020 төгрөг, хайруулын таваг /Happycall/, хутганы ком /Bass/-188,150 төгрөг, дэр /хос/, индүүний суурь-60,000 төгрөг, ус буцалгагч -34,848 төгрөг, зурагтын тавиур -3250 юань буюу 1,218,132.50 төгрөг, хөөрөг-1,500,000 төгрөг, уран зураг-500,000 төгрөг, цахиур гар буу /хуучны 3 ширхэг/-300,000 төгрөг, ном /30 ширхэг/-300,000 төгрөг, аяны ширээ, сандал -100,000 төгрөг, майхан-250,000 төгрөг, аяны сандал, гудас, хөнжил-150,000 төгрөг, юнивишний төхөөрөмж-70,000 төгрөг, булган малгай /шинэ/-350,000 төгрөг, монгол дээл /шинэ/-350,000 төгрөг, монгол гутал /хос/-230,000 төгрөг, гутал /7 хос/-500,000 төгрөг, аялалын пүүз /эрэгтэй/-269,100 төгрөг, костюм /шинэ/-2,390,000 төгрөг буюу 1000 ам.доллар, куртик /шинэ/-350,000 төгрөг, тоос сорогч -250,000 төгрөг, цамц /сорочка/, пальто /ноолууран/-876,000 төгрөг, цамц /ноолууран/-359,800 төгрөгийн нийт 34 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,149,628.30 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Б.А нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Р.Агийн түрээсэлж байсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 91 тоот байрнаас нэр бүхий эд хогшлыг авч явсан болох нь дээр дурдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

 

А.Хишигтөгсийн гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж, тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Буйдан, Хананы тавилга, аавын хувцаснууд аавын юм байгаа бусад нь миний эд зүйлс ...” гэж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...эд хогшлууд аавын өмч, бас миний өмч байсан, яаж яаж авсан бэ гэхээр 2017 оноос хойш хамт амьдарснаас эхлээд хөргөгч, зурагт гээд авсан байж байгаад Вива ситигээс явахад зөвхөн электрон бараануудаа аваад Хангай хотхонд ирсэн. 2018 оны 01 дүгээр сар билүү 2019 оны 01 дүгээр сард аавтай би Эрээн явсан, ... жижиг өрөөний ком, шкаф, стенк, унтлагын комнуудыг хятадад захиалдаг юм шиг байна лээ... Цахилгаан барааг би өөрөө авсан, бүгдийг нэг дор аваагүй, жишээ нь LG зурагт авсан, би өөрөө аавтай явж авсан, 1,500,000 төгрөгөөр, ...ер нь эндээс авсан электрон барааны ибаримт байгаа учраас он, сар, үнийг харах боломжтой, тэгээд зурагт, будаа агшаагч, хутганы ком, Их дэлгүүрийн 1 давхраас ноолууран цамц зэргийг авч байсан ...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Мөн дээрх хохирогчийн мэдүүлэгт А.Хишигтөгс нь зарим эд хогшил буюу индукцэн плитка, хайруулын таваг, ротензо хагас автомат угаалгын машин зэргийг 2015, 2016 онуудад авсан гэж мэдүүлсэнээс үзэхэд нэхэмжлэгч Р.А, Б.А нарын хамтран амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгүүд гэж үзэхээр байна.

 

Татварын Ерөнхий газрын ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд А.Хишигтөгсийн /хэрэглэгчийн дугаар 1176563/ бүртгүүлсэн ибаримтын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны бүртгүүлсэн баримтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхэд цахилгаан бараа зэргийг авсан баримтуудыг бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх А.Хишигтөгсийн мэдүүлэг, ибаримтын бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч Р.Ань дээр дурдсан хөрөнгүүдийг өөрийн орлогоор хариуцагч Б.Агаас тусдаа амьдарсан 2016 оны 01 дүгээр сараас хойш бий болгосон хөрөнгүүд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл А.Хишигтөгсийн хувьд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна.

 

Нэхэмжлэгч Р.Ань 2018 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд Замын-Үүд авто замын боомтоор хилээр орсон, гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2-5а/124 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх боловч хятад хэл дээрх орлогын баримтын орчуулгаас үзэхэд “унтлагын өрөөний орны ком, буйдан, зурагтын тавиур, хоолны ширээ”-г Р.Аавсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу хувцас, аяны хэрэгсэл зэрэг бусад эд зүйлийн үнэлгээг хэрхэн тооцсон зэрэг нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Аг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх боловч Р.Аболон Б.А нарын хооронд үүрэг үүсээгүй, Б.А нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2,294,628.3 /22,149,628.30-19,855,000/ төгрөгөөр нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 11,470 төгрөгийг төлсөн байх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хувь хэмжээнээс багаар төлсөн буюу зүй нь уг нэхэмжлэлд 51,665 төгрөг төлөх ёстойгоос 40,195 төгрөгийг дутуу төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Р.Агийн “эд хөрөнгийн үнэ 22,149,628.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Агаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 40,195 /дөчин мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ