| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/01616/И |
| Дугаар | 101/ШШ2021/01738 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/01738
2021 06 08 101/ШШ2021/01738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Д.Ө-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, өөрийн байранд байрлах, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар дунд сургуульд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,476,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Ө,
Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирал Ч.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ө миний бие Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдаж, уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 101/ШШ2020/04136 дугаартай шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоолгож, мөн хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өмнө гомдлоосоо татгалзаж, Д.Ө намайг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б/08 тоот тушаал гаргаж ажилд маань эгүүлэн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
Иймд Д.Ө миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байна.
Иймд Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 3,476,333 төгрөгийг гаргуулж өгнө үү, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн талаарх бичилт холбогдох дэвтэрт хийгдээгүй болно гэв.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирал Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн хариуг илгээж байна.
Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захиргаа нь нэхэмжлэгч Д.Ө-ийн ажилд эгүүлэн томилох тухай иргэний анхан шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 101/ШШ2020/04136 шийдвэрийг биелүүлж 2020.08.24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020.12.19-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан ажлын 86 хоногийн хөлс болох 3,064,254 төгрөгийг олгосон.
Д.Ө-ийг 2021.03.09-ний өдрөөс биологийн багшийн үндсэн ажилд томилсон. Нэхэмжлэгч Д.Ө нь 2020.12.19-ний өдрөөс 2021.03.09-ний өдрийг хүртэлх 3,476,333 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Түүний цалин хөлсийг тус сургуулийн нягтлан бодогч бодсон байх тул уг бодолтын талаар маргах зүйлгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрээр Д.Ө-ийг ажлаас халагдахаас өмнө түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хөлс, албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТҮБД-3-3 байсан ба сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ТҮБД-3-5 байхаар тохиролцсон. Нэмэгдэл 35 хувь нь улирлын амралттай байсан ч нэмэгдэж тооцогдоно.
Иймд Д.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэнэ биз гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар дунд сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,476,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/04136 дугаар шийдвэрээр Д.Ө-ийг “Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургууль”-ийн биологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,064,254 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 17,926 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/хх-ийн 9-13 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 тоот “Д.Ө-ийг ажилд авах тухай” тушаалаар түүнийг тус сургуулийн биологийн багшийн ажилд эгүүлэн томилсон байх ба ингэснээр дээрх шүүхийн шийдвэр биелэгдсэн болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 38-39 тал/
Дээрх тушаал гарснаар Нийслэлийн Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль нь тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/04136 дугаартай шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д: “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй,
36.1.2-т: “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогч нь ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь ажил олгогчийн хүлээх үүрэг болно.
Дээрх байдлаас дүгнэхэд Д.Ө-т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ө-ийг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас түүнийг ажилд эгүүлэн авсан тушаал гарах хүртэлх хугацаа хамаарах юм.
Хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 тоот “Д.Ө-ийг ажилд авах тухай” тушаалд түүний сарын үндсэн цалинг төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийн дагуу ТҮБД-3-5 шатлал 850,717 төгрөг, холбогдох нэмэгдлийг сар бүр зохих журмын дагуу тооцож олгохоор шийдвэрлэсэн байна.
Д.Ө-ийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 53 хоногийн цалин хөлсийг түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаалаар тогтоосон сарын үндсэн цалин 825,717 төгрөгөөр тооцож, дээрх хугацааны цалин, хөлсийг 2,147,083 төгрөг, мөн хугацааны урамшуулал, нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл 35 хувийг 1,233,535 төгрөг, нийт 3,380,618 төгрөг гэж тооцох үндэслэлтэй.
Иймд Д.Ө-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,380,618 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргаагүй боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагч болон ажил олгогч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх учиртай тул Д.Ө-т холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 0 дугаар дунд сургуулиас 3,380,618 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 0 дугаар сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 0 дугаар дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 69,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ