| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0188/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/235 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0188/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000181 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Түшиг-Уул ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оспо автомашины граж агуулахын хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Барс Менежмент группийн Оспо нэршилтэй автомашины зогсоол, агуулахын харуулаар ажиллаж байхдаа, 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд, автомашины зогсоолын болон агуулахын түрээсийн төлбөрт төлсөн 19,687,300 төгрөгийг завшсан, хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь:
Хохирогч Барс менежмент группийн хууль ёсны төлөөлөгч А.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би өөрөө Барс группт ерөнхий менежерээр ажилладаг юм. Барс группийн охин компани болох Барс менежмент ХХК-ийн эзэмшлийн үйлчилгээний болон гараажийн зориулалттай 787 мкв талбай бүхий объект Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багт байрладаг. Уг объектод манаачаар 2019 оны 11 дүгээр сараас ******* овогтой *******г гэр бүлийн хамтаар буюу нөхөр *******ын хамтаар байлгасан юм. Анх ажилд авахад сарын цалинг 400,000 төгрөгөөр тохирсон, ... *******, ******* нарын цалин одоо болтол өөрчлөгдөөгүй, учир нь манай байгууллага нь манаач хийлгэж байгаа гээд хашаанд буулгасан төлбөр тооцоо, тогны мөнгө гэж авдаггүй тэр болгон шингэж байгаа. ... *******, ******* нар нь байгууллагын объектын манаач хийхийн хажуугаар тухайн объектын гражид машин тавиулж мөнгийг захирал******* Голомт банкин дахь ******* тоот данс руу хийдэг байсан. Манай байгууллагын гарааж нь яг хэдэн машины багтаамжтайг сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 200 орчим машин орох боломжтой байдаг. Том машин хоногийн 2,000 төгрөг, жижиг машин 1,000 төгрөгөөр хонуулдаг юм. ...орлого буураад ирэхээр нь би Дархан-Уул аймагт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирээд гараажид байсан машин тоолоход 124 ширхэг машин байсан, мөн 2 ширхэг агуулахыг 150,000 болон 300,000 төгрөгөөр түрээсэлсэн байсан. Тийм болохоор би ******* хандаж энэ машинууд яагаад мөнгөө өгөөгүй байгаа юм бэ гэж асуухад 124 машин гардаггүй юм гарахаараа мөнгөө өгдөг гэж хэлсэн. Энэ байгууллагын гражийн төлбөрийн мөнгийг ******* өөрийн дансаар авч байгааг би мэдсэн. Тийм учраас анхааруулж хэлээд захирал******* Голомт банкин дахь ******* тоот данс руу хийж байгаарай гээд дансыг нь бичиж үлдээгээд явсан. Хэрэв бэлнээр тооцоо хийсэн тохиолдолд шилжүүлж бай гэдгийг бас хэлсэн. Энэ үед ******* байгууллагын мөнгө идсэн нь нэгэнт ойлгомжтой байсан учраас манай байгууллагаас дутагдал юмыг тооцож гаргаагүй нэг удаадаа сануулаад өнгөрөөсөн. Ингээд 2022 оны цалинг олгоогүй.
Мөн 2022 онд ******* ******* нар нь тайлан гаргаж өгөөгүй. Би *******, ******* нарт тайлан гаргаж чадахгүй бол өдөр бүрийн гараажид байгаа машины зургийг явуулж бай гэсэн боловч явуулахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10/,
Сэжигтэн ******* гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны орлого дутуу тушаасан. Би хэдэн төгрөг тушаасан гэдгээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан агуулахын орлогыг огт тушаагаагүй. 2024 он гараад граж болон агуулахын тооцоо мөн тушаагаагүй. Би байгууллагын мөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө Хаан банкин дахь дансаар авдаг байсан. Зарим цөөхөн тохиолдолд би бэлнээр авчихдаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174/,
******* гийн эзэмшлийн “ Хаан банк ” дахь дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 75-111/,
Гэрч : “Би өөрөө тухайн гражид машинаа тавьдаг болоод ойролцоогоор 3 жил болж байна. Намраас хавар хүртэл ажилдаа явахдаа тавьдаг. Би 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. Ажилд явсан 20 хоногтоо өдрийн 2,000 төгрөгөөр тавиад явчихдаг. Төлбөр тооцоог ******* гэдэг хүн дансаараа авдаг. Мөн хаалга үүд нээж хаахдаа ******* эгч онгойлгодог. Зарим тохиолдолд бэлнээр тооцоо авах үе байдаг. Зөвхөн *******ий данс руу шилжүүлдэг өөр хүний данс руу шилжүүлж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116/,
Гэрч : “Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг 12 дугаар сараас эхлээд дулаан ортол өдөр бүр тавьдаг байсан тооцоог сарын сүүлээр 60 төгрөг өгдөг байсан. Би санахдаа нэг удаа 60,000 төгрөг, нэг удаа 50,000 төгрөг ******* гэдэг хүн рүү шилжүүлсэн. Би бэлнээр тооцоо өгч байгаагүй. Дандаа дансаар өгдөг байсан. Төлбөр тооцоог ******* гэдэг хүн авдаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118/,
Гэрч П.*******ын : “Би Архангай аймгаас эхнэрийн хамтаар Дархан- Уул аймагт нүүж ирээд ОСПО гражийн манаачаар эхнэрийн хамт ажиллах болоод хашаанд нь гэр барьж амьдарсан. Ингээд би Түшиг-Уул ХХК-д харуул хийж харин манай эхнэр граж, агуулах бүх зүйлийг хариуцаж машины төлбөр тооцоог өөрийнхөө дансаар авдаг байсан. Би машины төлбөр тооцоо юманд оролцдоггүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122/,
“ Цэсб-Аудит ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн: “Байгууллагад өгөх өглөг буюу дутуу тушаасан гараажийн болон складын түрээсийн төлбөр 19,687,300 төгрөгийн хохирол учруулсан зөрчил илэрлээ. Сахиул ******* гийн гарааж сахиул хийсэн, түрээсийн төлбөр хураан авч төвлөрүүлсэн цалинг олгоогүй 28 сарын цалин болох 11,760,000 төгрөг зөрчил илэрлээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 128-133/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос ******* г 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд автомашины зогсоолын төлбөр болон агуулахын түрээсийн төлбөрийг хувьдаа завшиж Барс Менежмент групп-т 19,687,300 төгрөгийн хохирол учруулсан буюу “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж яллах дүгнэлт үйлджээ.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгийг зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авсныг завших гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ******* нь Барс менежмент ХХК-ийн Дархан-Уул аймагт байрлах “Оспо” гэх нэршилтэй объектын гарааж, агуулахын зориулалтаар ашиглуулсны төлбөрийг хураан төвлөрүүлж, тус компанийн захирал******* дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй хувьдаа өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь агуулах, гараажийн орлогыг зөвхөн хувийн дансаар болон бэлнээр авдаг байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Шинжээч шүүгдэгчийн дансны хуулгаас зөвхөн автомашины дугаар, гараажийн төлбөр, түрээс гэх мэт утгаар буюу гарааж агуулахын төлбөрт орсон мөнгөн дүнг нэмж нэгтгэн дүгнэлт гаргасан байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж хуульчилсан ба гэмт хэргийн улмаас 19,687,300 хохирол учирсан нь үлэмж хэмжээний хохиролд хамаарч байна.
Иймд шүүгдэгч ******* г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Энэ талаар хохирогч байгууллагын төлөөлөгч маргаагүй байна.
Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 19,687,300 төгрөгийн хохирол учруулсан байна.
Барс менежмент ХХК нь шүүгдэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй харуул хамгаалалтын ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон боловч 28 сарын цалин болох 11,760,000 төгрөгийг олгоогүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “цалин хөлс олгох ёстой байсан боловч орлогыг төвлөрүүлээгүй тул цалин олгоогүй” гэж тайлбарлажээ.
Шинжээч дүгнэлтдээ учруулсан хохирлоос гадна шүүгдэгчид олгох ёстой байсан цалинг тооцож гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар маргаагүй байх тул 19,687,300 төгрөгөөс шүүхийн шатанд төлсөн 2,000,000 төгрөг, цалин хөлс 11,760,000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс 5,927,300 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 5-8 тоотод байрлах /РД:, утас:/-д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн хуульд зааснаар цалин хөлс олгоогүй, нягтлан бодох бүртгэлийн хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан бүртгэлгүй, албан байгууллагын тооцоог хувийн дансаар гүйцэтгэдэг, бэлэн мөнгөтэй ажиллаж буй ажилтанд тавих хяналтгүй байсан зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт хайхрамжгүй ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, цалингаас өөр орлогогүй, өндөр настай ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* ******* ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ээс 5,927,300 /таван сая есөн зуун хорин долоон мянга гурван зуун/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ***** дүгээр хороо, Зайсангийн гудамж **** тоотод байрлах /РД:, утас:/-д олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД