Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2024/0149/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Г.Уянга,

Хэлмэрч Х.Сэлэнгэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000620159 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б*******,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө согтуугаар ******* улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвийн орчим замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай: Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад жолооч ******* гийн амьсгал дахь спиртийн агууламж 1.08% гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 07-09/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа, зохицуулагчаар ажилладаг. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагаас 192 дугаар станцаар 16 цагаар үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд орой 00 цагийн орчимд Дархан сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төв дээр хөдөлгөөнт эргүүлийн машинтай үүрэг гүйцэтгээд явж байхад ******* улсын дугаартай Nissan advan маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд буферны баруун талын хэсэгт хагарч унасан байхаар нь уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь хэл ярианы бэрхшээлтэй жолооч байсан ба уг жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан болохоор тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж заасан болохоор нь уг жолоочийг цагдаагийн газар дээр авч ирж согтуурлын зэрэг хэмжих стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын 0615 дугаарын гэрчилгээтэй 7510 драйгер багажаар үлээлгэж шалгахад 1.08% согтолттой гарсныг өөрийн гар утсаар дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлэн авч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл үйлдсэн. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хойд аав гэр нь Дархан-Уул аймгийн *******, тоотод байдаг юм. Манай хойд аав төрсөн дүү болох ******* гийн гэр хамт нэг хашаанд байдаг юм. Миний хоёр хүү хойд аав , ээж нар дээр байдаг болохоор би хүүхдүүд дээрээ хэсэг хамт амьдарч байгаа юм. Манай хойд аав төрсөн дүү ******* ах хэл ярианы бэрхшээлтэй хэлгүй юм. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ахтай хамтран амьдардаг эгчийн ах дүү нар нь тэднийд ирсэн. Тэгээд тэд нар гэртээ архи дарс уугаад хоол унд идэж уугаад явцгаасан. эгч мөн л хэлгүй хүн байдаг. ах, хоёр дундаасаа хүүхэдгүй хоёулхнаа хамт амьдардаг хүмүүс байдаг юм. Тэгээд би орой 2 цагийн орчимд ахын гэрт аав, ээж, 2 хүүхэд, найз бүсгүй нартай хамт орсон. Тэгэхэд тэднийх бууз жигнэж өгсөн. Тэгээд хоолоо идчихээд Тайга нэртэй нэг шил архи задлаад бид нарт өгсөн. тухайн архинаасаа хэд хэдэн хундага архи уусан. Би аав, ээж хоёр байгаа болохоор ганц татаад нэмж уугаагүй. Тэгээд орой 00 цагийн орчим аав, ээж хоёр гэр рүүгээ унтлаа гээд орсны дараагаар ах дэлгүүр ороод ундаа авч ууя гэхээр нь , манай хоёр хүүхэд /14 нас, 6 настай/, эгч бид нар гэрээс гарахад ах өөрийн ******* улсын дугаартай Nissan advan маркийн авто машинаа асаагаад явахад бэлэн болоод зогсчихсон байсан. Тэгээд ах машинаа барьж яваад Дархан сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төвийн хойд талд очиж зогсчхоод алхаж яваад дэлгүүр орж ундаа, нэг шил "Агар" нэртэй архи авчхаад машинаа бариад Үйлчилгээний төвийн ар талаас хөдлөөд явж байгаад зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхдээ машин нь бөгсөө хаяж гулгаад Голомт банкны урд талд байх ногоон байгууламжийн ногоон өнгөтэй төмөр хайсан хашааг шүргээд зогссон. Тэгэхэд цагдаа нар ирээд шалгаад ахыг тандагч багажаар шалгачхаад архи уусан гэж хэлээд машиныг нь ачуулаад өөрийг нь цагдаагийн газар руу аваад явсан. Тухайн үед хайсан хашаанд ямар нэгэн эвдрэл гараагүй. Ахын машины урд буферны баруун тал нь хуучин хагархайтай байсан юм. Ах урд нь өөрөө өөр юм мөргөөд хагалчихсан байсан юм. ах 2023 оны 11 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодож яваад жолоодох эрхээ хасуулчихсан байсан юм байна лээ. Би уг нь ахыг архи бага зэрэг уусан байх гэж бодоод машиныг бариулаад хамт явсан. Тэгэхэд согтуурал хэмжигч багажаар архи уусан байсан гээд гараад ирсэн. Тэгээд ч ******* өөрийнхөө машиныг хэн нэгэн хүн бариулаад байдаггүй. Сүүлийн хэдэн сар машинаа огт унахгүй хашаандаа хучаад хаячихсан байгаад байсан нь жолоодох эрхээ хасуулчхаад машинаа унахгүй байгаад байсныг нь сүүлд цагдаа нарт баригдахад нь мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Боржигон овогт 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрх хасуулсан” гэх лавлагаа /хавтаст хэргийн 24/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай ******* г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэд жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 25/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* “...давтан үлээлгэж байж согтуу гэсэн үзүүлэлт гаргасан” гэж маргаж байх боловч согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгах үед 1.08 хувь согтолттой байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дүрс бичлэгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд Боржигон овогт г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй тул шүүгдэгч *******гаас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэргийн холбогдлыг ойлгож ухамсарлахгүй байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч ******* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн Nissan advan маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* г Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай..

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, Nissan advan маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД