| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/01602/И |
| Дугаар | 101/ШШ2021/01749 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/01749
2021 06 08 101/ШШ2021/01749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Н овогт Ж.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Д.Т-д холбогдох,
57,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,
Хариуцагч Д.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Г-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Б миний бие 2014 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Зүүн хараа тосгонд эмнэлгийн өргөтгөлийн барилгын туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллахаар Д.Т-тай тохиролцсон.
Уг барилгын сантехник агаар сэлгэлтийн ажлыг хийж дуусгасан. Тухайн үед Д.Т нь энэ ажлыг хийснээр нь бодож цалинг олгоно, ажлаа хийж бай гэж хэлээд гэрээ хийгээгүй бөгөөд ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэрээ хэлцэл хийх гэхээр өнөөдөр маргааш болно гээд хойшлуулсаар өдийг хүрсэн. Би тухайн үед ажилчдынхаа цалинг өөрийн мөнгөөр өгч барагдуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, хоорондоо амаар ярилцаж тохиролцсон.
Энэ ажлын хөлсийг 28,000,000 төгрөг гэж тохирсон, Д.Т нь ажлын хөлс 5,000,000 төгрөг өгсөн, гэтэл үүнээс тэр өдөрт нь буцаагаад 2,000,000 төгрөгийг өөрийн инженер Л-н хамт ирээд авсан. Үүний үлдэгдэл 25,000,000 төгрөг болсон.
2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороололд 0 дүгээр байрны сантехник агаар сэлгэлтийн ажлыг 15,000,000 төгрөг байхаар тохирсноос 3,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг өгөөгүй. Энд мөн адил гэрээ хэлцэл хийгээгүй, ажлыг дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн.
3. Дараа нь 13 дугаар хороололд хувь хүний орон сууцны засварын ажлыг 1,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн боловч уг хөлсийг өгөөгүй.
Энэ 13 дугаар хороололын хувь хүний барилга дээр ажиллаж байхад Д.Т нь н.О гэдэг хүний барилгын ажлыг хийх гэтэл материал дутуу, авах гэхээр мөнгөгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би найзын хувьд надаас зээлж авах уу гээд би түүнд банкнаас зээл авч өгсөн. Ингээд түүнд 5,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг зээлдүүлсэн. Энэ талаар зээлдүүлсэн гэх баримт байхгүй ч гэсэн миний банкнаас авсан зээлийн баримт байдаг.
4. Д.Т нь 100 ширхэг цахилгааны далд монтажны хоолойг 2,500,000 төгрөгөөр бодож авчихаад мөнгийг нь төлөөгүй, түүнээс биш “ТК” ХХК-д худалдсан зүйл байхгүй. Харин би өөрөө “ТК” ХХК-д 10 ширхэг цахилгааны далд монтажны хоолойг зээлээр өгсөн. Тэр надад өглөгтэй гэдэг тооцоо нь энэ Д.Т-д худалдсан 100 ширхэг хоолойтой огт хамааралгүй юм.
5. Д.Т нь дээрх ажлынхаа хөлсийг төлөхгүй байснаас ажилчдын цалинг банкнаас хүүтэй мөнгө зээлж аваад тавьж байсан. Үүнд зарцуулсан 5,425,000 төгрөг зарцуулсан. Тэрээр ажлын хөлсийг цаг хугацаанд нь өгөөгүйгээс болоод би бусдын өмнө үүрэг хүлээсэн болохоор төлөхөөс өөр аргагүй нөхцөл үүссэн болно.
Дээрх төлбөрүүдийг Д.Т төлөхгүй байсан тул бид бүх тооцоогоо нийлээд 57,425,000 төгрөг болохыг баталгаажуулж, 2018 оны 03 сарын 01-ний өдөр тэрээр төлбөртэй болохыг баталгаажуулсан баталгаа гэх баримтыг үйлдсэн. Энэ барримтыг үйлдэхэд түүнийг дарамталсан, шахсан, сүрдүүлсэн зүйл огт болоогүй. Өөрсдийнхөө хоорондын өглөг, авлагаа тооцоод баримт үйлдсэн. Хэрэв тийм нөхцөл байдалд түүнийг хүчээр гарын үсэг зуруулсан бол өдий болтол хугацаанд яагаад чимээгүй байсныг ойлгохгүй байна.
Эдгээр төлбөрийг нэгтгээд 57,425,000 төгрөг болсныг Д.Т нь 2019 оны 06 сард багтаан төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.
Түүнтэй утсаар холбоотой байдаг боловч тэрээр одоо барилгын ажил эхлэх гэж байна, тэгэхээр төлбөрийг төлнө гэж хэлсээр өдийг хүрсэн. Хамгийн сүүлд 2021 оны 03 сарын 15-ны өдөр утсаар холбогдоход хөрөнгө оруулагчтайгаа хувь тохироод барилга барих гээд байна гэж байсан, үүнээс хойш утсаар холбогдоогүй.
Иймд Д.Т-с 57,425,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 10 сарын 13-ны өдөр Зүүн Хараагийн эмнэлгийн өргөтгөлийн барилга дээр “ТГ” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр, манай “ЭА” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Уг гэрээний үнийн дүн 35,000,000 төгрөг байсан.
Ингээд уг барилгын ажил дээр Ж.Б-тай 25,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Бид харилцан бие биедээ итгэж байсан учир гэрээ байгуулаагүй, энэ талаар хэн аль нь яриагүй. Уг ажлын гүйцэтгэлийн хувьд Ж.Б ажлыг маш сайн хийж гүйцэтгэсэн.
Энэ ажлын гүйцэтгэлд 5,200,000 төгрөгийг Ж.Б-д бэлнээр өгсөн, үүнээс 2,000,000 төгрөгийг инженерийн хамт очоод буцааж авсан тул үлдэгдэл 21,800,000 төгрөгийг түүнд өгөөгүй байна.
-0 байрыг 15,000,000 төгрөгийн хөлстэйгөөр засварлахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон. 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөд үлдэгдэл 12,000,000 төгрөгийг өгөөгүй юм.
-Дараа нь 13 дугаар хороололд хувь хүний орон сууцны засварын ажлыг 1,500,000 төгрөгийн цалинтайгаар хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсон. Гэхдээ 1,500,000 төгрөгийг өгөөгүй.
-Намайг нэхэмжлэгч өөрөөс нь мөнгө зээлсэн гэж байна, гэхдээ би мөнгө зээлээгүй. Энэ талаарх баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Цахилгааны далд монтанжны 100 ширхэг хоолойны хувьд “ТГ” ХХК-тай нэхэмжлэгчийн өөрийнх нь хийсэн наймаа болохоос би худалдаж авсан зүйл байхгүй.
Уг нь Ж.Б өөрөө надаас 100 ширхэг цахилгааны далд монтажны хоолой зарна, авах хүн байна уу гэхээр нь л “ТК” ХХК-ийг санал болгосон. Тухайн үед “ТК” ХХК нь Зүүнхараад барилгын ажилд 100 ширхэг хоолой авна гэхээр нь Ж.Б-д өөрт нь хэлээд хашаанаас нь авсан, түүнээс биш би айлын хашаанаас дур мэдэн авахгүй шүү дээ. Ингээд Ж.Б нь тэр хоолойгоо “ТК” ХХК-д худалдсан, бөгөөд мөнгийг нь өөрөө авсан, үүнээс 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тус компанид ерөнхий инженерээр ажилладаг байсан учир мэдэж байна.
Миний ажлын хөлсөнд “ТК” ХХК-иас 1 өрөө байр 3 ширхэгийг өгсөн. Тэгэхээр нь нэхэмжлэгч Ж.Б-ы ажлын хөлсөнд тооцож 1 өрөө байр 1-ийг түүнд өгсөн. Тухайн үед байрны 1 м.кв-ын үнэ 1,100,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Тэгсэн нэхэмжлэгч энэ байр чинь төлбөрт хүрэхгүй байна гэхээр нь 2 байр түүнд өгсөн. Уг байрыг нэхэмжлэгч, эхнэрийнхээ хамт очиж үзсэн боловч эхнэр нь: ”Манайх ийм байранд амьдрах хүмүүс биш” гээд төлбөрт тооцож авахаас татгалзсан.
Үүнээс хойш би санхүүгийн хүнд байдалд ороод төлбөр мөнгийг нь төлөх боломжгүй болсон.
2018.03.01-ний өдрийн баталгааны хувьд нэхэмжлэгч, өмгөөлөгчийнхөө хамт ирээд уг баримтад гарын үсэг зуруулаад нотариатаар батлуулсан. Энэ баримтад би балмагдаад, дарамт шахалтад ороод гарын үсэг зурсан юм. Дээрх баримтыг үгүйсгэх баримт байхгүй.
Иймд Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагаас Зүүнхараагийн эмнэлэгийн өргөтгөлийн барилгын ажлын хөлс 21,800,000 төгрөг, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, “Г” СӨХ-ны засварын ажлын 12,000,000 төгрөг, 13 дугаар хороололын хувь хүний барилгын ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 35,300,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Т-д холбогдуулан 57,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч 35,300,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ж.Б нь 2014 оны 10 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг, Мандал сум, Зүүнхараагийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын сантехник агаар сэлгэлтийн ажлыг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны сантехник агаар сэлгэлтийн ажлыг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороололд хувь хүний орон сууцны засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэх, хариуцагч Д.Т хөлс төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Зүүнхараагийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын сантехникийн ажлын хөлс 28,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг авсан, үлдэх 25,000,000 төгрөгийг, 0 дүгээр байрны сантехникийн ажлын хөлс 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг авсан, үлдэх 12,000,000 төгрөгийг, 13 дугаар хороолол дах орон сууцны засварын ажлын хөлс 1,500,000 төгрөгийг, дээрх ажлын хөлсийг төлөөгүйгээс ажиллагсдын цалин, хүүд 5,425,000 төгрөгийг бусдад төлсөн, н.О-н барилгын засварт шаардагдах материал худалдан авахад зориулж зээлсэн 11,000,000 төгрөгийг эргүүлэн төлөөгүй, 100 ширхэг цахилгааны далд монтажны үнэ 2,500,000 төгрөг, нийт 57,425,000 төгрөгийг хариуцагч Д.Т-аас шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Талууд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Баталгаа” гэх баримт үйлдсэн байх ба уг баримтад: “Д.Т миний бие Ж.Б-тай барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээгээр ажлын хөлсний үлдэгдэл 57,425,000 төгрөгийг 2019 оны 06 сард багтааж өгөх болно” гэж тусгажээ.
Энэхүү баримтын баталгаа гаргасан хэсэгт Д.Т 89011234, зөвшөөрсөн хэсэгт Ж.Б 96005136 гэж гарын үсэг зурсан, уг баримтын талаар зохигч маргаагүй болно.
/хх-ийн 3 тал/
Үүнээс үзэхэд талууд ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дүгнэсэн, ийнхүү дүгнэх явцдаа гэрээ хэрэгжих явцад гарсан зардал, зээл, болон худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэгтгэсний үндсэн дээр хариуцагч Д.Т нь 57,425,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ 2019 оны 06 сард төлөх талаар нэхэмжлэгч Ж.Б-тай тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Зохигчийн тайлбар, талуудын хооронд хийгдсэн дээр дурдсан “Баталгаа” гэх баримтаар хариуцагч Д.Т нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57,425,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д төлөх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ 2019 оны 06 сард биелүүлэх талаар баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь Зүүнхараагийн эмнэлэгийн өргөтгөлийн барилгын ажлын хөлс 21,800,000 төгрөг, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, Г СӨХ-ны засварын ажлын 12,000,000 төгрөг, 13 дугаар хороололын хувь хүний барилгын ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 35,300,000 төгрөгийг зөвшөөрч,
11,000,000 төгрөг зээлж аваагүй, 100 ширхэг цахилгааны далд монтаж худалдаж аваагүй тул 2,500,000 төгрөг, өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул ажиллагсдын цалин, түүний хүү, алданги 5,425,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Тэрээр дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зээл 11,000,000 төгрөг, 100 ширхэг цахилгааны далд монтажны үнэ 2,500,000 төгрөг, ажиллагсдын цалин, хүүд төлсөн 5,425,000 төгрөг, нийт 22,125,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх, түүнчлэн дээрх гэрээг нэгтгэсэн үлдэгдэл болох 57,425,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон баримт үйлдэхдээ дарамт, шахалтанд орсон гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа байдлаа баримтаар няцаагаагүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж баримтаар нотлох, ийнхүү няцаасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Т-аас 57,425,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Д.Т-аас 57,425,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 445,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ