| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2021/00594/И |
| Дугаар | 101/ШШ2021/01067 |
| Огноо | 2021-04-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/01067
| 2021 04 05 | 101/ШШ2021/01067 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б -т холбогдох,
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д.Н-ийг хэсгийн ахлагч албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гэрч Н.Б, Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Д.Н нь 2016 оны 03 сарын 08-ны өдрөөс хойш Баянзүрх дүүргийн 24-р хорооны 10 дугаар хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт амаар илэрхийлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргаж манай хорооны 10 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт “Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250 орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно” гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бегөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм.
2. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд;
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай” гэж заасан байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй.
Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно.
3. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд;
Хэсгийн ахлагч нь 7 хоногт нийтдээ 40-н цаг ажилдаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Н хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.”гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Д.Н-ийн нэхэмжпэлийг хүлээн авч танилцлаа.
Нэхэмжлэгч талаас: “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажпын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажпын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг.” байнгын ажпын байр биш бөгөөд Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдахгүй болохын хувьд.
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30- ны өдрийн 30/24 дугаар тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2-т “Хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан нь шууд утгаараа тухайн дэмжлэг шаардлагатай үед ажиллах үүргийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл ажлын тогтмол өдөр, ээлжийн давтамжайгаар гүйцэтгэх ажил үүрэг биш ба хэсгийн ахлагч нар нь дэмжлэг шаардлагатай үед тодорхой аль нэг өдөр ирж ажилладаг /цагийн бүртгэл байхгүй/ юм.
Хэсгийн ахлагч нарт тогтоосон горим, хөдөлмөрийн багаж хэрэгсэл байхгүй бөгөөд баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч ажилддаггүй болно.
Дээрх журмын 2.1-т заасан “Дүүргийн нэгхороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно” гэсэн нь ажпын байранд заасан тогтоосон горим, удирдлагаас баталсан хийж гүйцэтгэвэл зохих норм, үнэлгээ биш бөгөөд тухайн хэсгийн ахлагч хүрч ажиллах тоон хязгаар юм.
Мөн журмын 1.4 дэх хэсэгт “Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллана” гэж, 2.3-т “Энэ журмын 2.5-д заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар журмын 1.4-д заасан гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна” гэж тус тус заасан байна.
Д.Нийг томилсон болоод чөлөөлсөн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар “иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр” болж иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон.
Мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.”, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.” гэж заажээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн А/01 дугаар тушаалаар “Хэсгийн ахлагч сонгон шалгаруулах журам”, “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний загваруудыг шинэчлэн баталсан байх ба хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Нтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон байна.
Иймд гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Д.Н-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэрэг хянан хэлэлцэгдэж байна.
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Н хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар буюу хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор тогтоосон байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх 30/24 тоот тогтоол түүний хавсралт “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-аар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, Хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрх айлын тоонд тулгуурлан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 2.1-д заасны дагуу “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д зааснаар гурван тал /Иргэн, хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газар/ харилцан тохиролцож, хүсэл зоригийн үндсэн дээр гурван талт гэрээг байгуулсан. Дээрх “Хөлсөөр ажиллах гэрээ” нь хугацаатай бөгөөд “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 2.3-д зааснаар нэг жилийн хугацаатай байгуулж, 6.6-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сард “Хөлсөөр ажиллах гэрээ”-г дүүргийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байсан.
“Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулах үед иргэн Д.Н нь гэрээтэй холбоотой ямар нэгэн санал, татгалзал, гэрээний нэр, төрлийг өөрчлөх санал гаргаж байгаагүй, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан.
Төр, Төрийн байгууллага, албан тушаалтан, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний ажлын алба, албан тушаалтанд хууль, тогтоомж, журам, дээд шатны байгууллагын шийдвэр, Захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхгүй хязгаарласан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоол, “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-д зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хэсгийн ахлагч нартай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31- ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаж Хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 1 дүгээрт “Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахъ хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.” гэж Хэсгийн ахлагчийн ажил нь байнгын ажлын байр, Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хуулийн зохицуулалтаар зохицуулагдах харилцаа биш гэж маргаж байна.
Дээрх нөхцөл байдал нотлох баримтуудаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш гэдэг нь нотлогдож байна. Байнгын ажлын байр биш тул Хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй.
Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 2 дугаарт “Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б/03 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан, Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна.” гэж маргаж байна.
1. Төр, Төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, ажлын байрны жагсаалтыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал тогтоон баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр биш тул бүтэц, ажлын байрны орон тоонд байхгүй. Тухайн дүүрэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэнийг хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаарч ажиллуулдаг. Хэрэв тухай хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх айлуудын тоо цөөрч эсвэл тухай хороонд өрх айл оршин суухаа больсон тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай байна.
2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/82 тоот, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/236 тоот “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамжаар тус тус Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрыг тогтоосон байдаг. Дээрх захирамжуудад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, “10.4.Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчдын жагсаалтыг гаргасан байдаг энэ жагсаалтад хэсгийн ахлагчийн албан тушаал байхгүй.
3. Хэсгийн ахлагчийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйл, “57.5. Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тоот “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой гэтэл хэсгийн ахлагчийн урамшууллыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор тогтоосон байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д.Нтэй байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул “Иргэний хуулийн 364 дүгээр зүйл 364.1.Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно. ” гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгч талын маргаж байгаа Хөдөлмөрийн харилцаатай төсөөтэй харилцаа боловч зарим нэг нарийн ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1-д заасан 4-н шаардлагыг хангасан байхыг шаарддаг хэрэв 21.1 -д заасан 4-н шаардлагаас аль нэг нь байхгүй бол хөдөлмөрийн гэрээ гэж үздэггүй. Хөдөлмөрийн тухай хууль 21 дүгээр зүйл, 21.1.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулсан байдаг.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл, 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д.Нийг хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулгатай байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 тушаалаар тус дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан хавсралтад дурдагдсан хэсгийн ахлагч нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-5-6 тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан...” гэжээ.
Хариуцагч нь “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоол, “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-д зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хэсгийн ахлагч нартай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаж Хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон...” гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот “Журам батлах тухай” тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталж, 2016 оноос оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр, хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоосон байна.
Уг тогтоолын хавсралтаар баталсан “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 1.4-т Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллана гэж заасан байна.
Нэхэмжлэгч Д.Н нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 10-р хэсгийн ахлагчаар 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс ажилласан гэж нэхэмжлэлд дурдсан боловч хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тушаалын хавсралтаас үзэхэд Д.Н нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 12 дугаар хэсгийн ахлагч гэж тусгагдсан байна. /хх-5-6 тал/
Түүнчлэн хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 12 дугаар саруудад цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ба ажил олгогч хэсэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар гэж бичигдсэн байна. /хх-4 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийн хэсгийн ахлагчаар ажилласан хугацааг тодруулахад нэхэмжлэлд нэхэмжлэгчийн хэлснээр тусгасан гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч тал тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Н нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 12 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь хууль бус үндэслэлээр ажлаас халсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийн 6.1, 6.2-т гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ, албан тушаалын жагсаалтыг заасан ба үүнд; “Эмч /байгууллагын/, үйлчлэгч, зөөгч, түгээгч, зарлагач, ердийн хөсөгчин, хувцас өлгөгч, билет шалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, амьтан маллагч, хувцас хадгалагч, лифтчин, ариутгах, шатаах зуухны ажилчин, мужаан, хэвлэлийн форм бэлтгэгч /байгууллагын/, сантехник, слесарь, малчин, жолооч /сургууль/, жижүүр, манаач, сахиул, галч, моторчин, бусад.” гэж заасан ба хорооны хэсгийн ахлагч нь “бусад” гэсэн хэсэгт хамаарч байна гэж үзлээ.
Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулах тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот “Журам батлах тухай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо батлагдаагүй, “Хэсгийн ахлагчийн ажиллуулах журам”-ийн 2.1-т заасны дагуу дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно, 2.3-т Энэ журмын 2.5-д заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй дүүргийн Засаг даргын тамгын газар журмын 1.4-т заасан гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна гэж тус тус заажээ.
Иймээс хорооны хэсгийн ахлагчийн ажлын байр байнгын ажлын байр тул хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч Ц.Наранчимэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хооронд хөлсөөр ажиллах гэрээ бичгээр байгуулагдсан байдал нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа боловч зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэж, ажил үүрэг гүйцэтгэж, хөлс авч байсан болох нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Н.Батсүх, Л.Сувд-Эрдэнийн мэдүүлэг, ажлаас чөлөөлсөн тушаал, хавсралтын хуулбар баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын хооронд үүссэн харилцаа хуулийн энэ шаардлагыг хангасан байна.
Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй ба хөлсөөр ажиллах гэрээний хугацааг талууд харилцан тогтоох ба тохирсон хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болох талаар Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т заасан байна.
Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-т Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүйцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох боловч нэхэмжлэгч нь гэрээний хугацааг сунгах талаар бичгээр мэдэгдсэн гэж нэхэмжлэлд дурдсан боловч энэ тайлбараа нотлоогүй, нөгөөтэйгүүр гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан нь гэрээ сунгагдсанд тооцох үндэслэлийг үгүйсгэж байгаа юм.
Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэгч Д.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамааруулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д.Нийг хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ