Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 53

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Б.Догмиддорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч В.Сүхбаатар нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Ваниушкагийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201711000089 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 02 сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Өртөө даваа” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЛ84022418 регистрийн дугаартай, Цагаангууд овогт Ваниушкагийн Сүхбаатар.

Шүүгдэгч В.Сүхбаатар нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өртөө даваа” гэх газарт оршин суух иргэн М.Гансүхийн эзэмшлийн адуун сүргээс 5 настай 1 тооны ухаа зүсмийн гүүг хулгайлж, бусдад 600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2017 оны 01 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хайчин нуур” гэх газарт оршин суух иргэн Ц.Ганбаатарын эзэмшлийн адуун сүргээс нас бие гүйцсэн 1 тооны хүрэн зүсмийн бүдүүн гүүг хулгайлж, бусдад 700000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэг гаргахгүй гэв. 

     Шүүгдэгч В.Сүхбаатар мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…Хайчин нуур гэх газар явж байгаад би хүрэн азаргатай 20 гаран тооны адуунуудтай таарсан юм. Тэр үед надад “Уг адуун сүргээс нэг адууг нь хулгайлж заран өрөө дарья” гэсэн бодол төрсөн юм. Тухайн үед би уургатай явж байсан учраас хүрэн азаргатай адууг хөөж сартай хүрэн гүүг уургалан барьж авсан. Би тэр гүүг морьтойгоо хөтлөөд орой 16 цагийн орчимд сумын төвд ирсэн юм. Сумын төвд Одхүү гэх залуугийн хашаанд нь очсон. Би Одхүүтэй уулзаад “Би 400000 төгрөгнийхөө оронд энэ гүүг өгье, миний гүү байгаа юм” гэж хэлсэн. Одхүү зөвшөөрч 400000 төгрөгөндөө суутгаж авсан. Би Одхүүгээс зөрүү ямар нэгэн мөнгө аваагүй” гэжээ.  /хх-ийн 42-43/

    Шүүгдэгч В.Сүхбаатар мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017.01.20-ны өдөр иргэн Гансүхийн адуунаас 1 тооны ухаа зүсмийн гүүг хулгайлж аваад гэрийнхээ гадаа уяан дээрээ уяж байгаад өөрийнхөө адуу гэж  хэлээд Цагаан-Овоо суманд мал мах худалдаж авдаг Б.Энхчимэгт өгсөн“ гэжээ. /хх-ийн 45/

Хохирогч  М.Гансүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…1 сарын 23-ны өдрийн орчим хүрэн азаргатай адуугаа хураахад 25 адуу байсан ба миний ухаа зүстэй 5 настай гүү маань дутуу байсан. …тэгээд би Балданчимгээгийн саравчинд байсан хоёр адууг үзэхэд миний ухаа зүсмийн гүүг маань цохиж унагаагаад арьсыг нь өвчиж байхад нь би таньсан юм. Би тэр гүүг зүүн ташаан дээр байгаа “Цо” тамга болон баруун ташаан дээр байгаа Буйл загасан тамгаар нь таньсан. Сүхбаатар надад 5 настай гүүний маань оронд нас бие гүйцсэн бүдүүн гүү өгсөн” гэжээ. /хх-ийн 10-11/

     Хохирогч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 01 сарын 24-ний өдөр адуугаа хураахад миний эзэмшлийн адуунаас 1 тооны хүрэн зүсмийн нас гүйцсэн гүү хулгайд алдагдсан байсан. Гүүгээ алдсанаас хойш 2 сарын сүүл орчмоор манай хэсгийн төлөөлөгч хулгайд алдсан гүүг маань хулгайлсан хүнийг нь олсон гэж надад хэлсэн. Миний гүүг хулгайлсан В.Сүхбаатар надад орон адууг нь төлж өгсөн” гэжээ. /хх-ийн 35-36/

     Гэрч Б.Энхчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…Тэр орой манай нөхөр В.Сүхбаатар гэрийнхээ гадаа уяатай байсан ухаа зүсмийн гүүгээ өгсөн гээд ачаад ирэхээр нь хашаандаа буулгасан. Би 2 хонуулаад бой хийдэг хүнээр ажиллуулсан. Тэгэхэд Гансүх гэх залуу над руу залгаад та хоёрдугаар багаас адуу худалдаж авсан уу гэхээр нь би 2 тооны адуу авсан, ирээд хар гэж хэлсэн. Гансүх ирж ажиллаж байсан ухаа зүсмийн гүүг хараад миний гүү мөн гэж хэлсэн. …манай нөхөр Д.Эрдэнэтулгыг В.Сүхбаатарын гэрт очиход уяан дээр нь надад өгсөн ухаа зүсмийн гүү уяатай байсан” гэжээ /хх-ийн 13/

     Гэрч Д.Эрдэнэтулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Би Сүхбаатарын гэр рүү адууг нь авахаар очиход В.Сүхбаатар гэрийнхээ гадна уяан дээр уяатай байсан ухаа зүсмийн гүүгээ миний гүү, та энийг аваад яваа гэж хэлэхээр нь ачаад сумын төвд авч ирсэн. …би хулгайн адуу гэж мэдээгүй” гэжээ. /хх-ийн 14/

     Гэрч Б.Одхүү мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Сүхбаатар гэх хүн 2017 оны 01 сарын орчимд намайг Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд гэртээ байж байхад нэг тооны адууг хөтөлж ирээд надад худалдсан. Саран хүрэн зүсмийн үрээ адуу байсан, ямар нэгэн тамгагүй байсан. Би Сүхбаатар нь өөрөө малтай хүн болохоор хулгайн адуу зарж байна гэж бодоогүй” гэжээ. /хх-ийн 38/

   - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8, 27, 32/

- Хохирогч М.Гансүхийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 9-12/

- Гэрч Б.Энхчимэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 13/

- В.Сүхбаатарыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 17-19, 42-43/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 30/

- Хохирогч Ц.Ганбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-36/

- Гэрч М.Цэрэнбямбааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 39/

- Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн Засаг даргын  тодорхойлолт /хх-ийн 49/      

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч В.Сүхбаатар нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Өртөө даваа” гэх газарт оршин суух хохирогч М.Гансүхийн эзэмшлийн адуун сүргээс 5 настай ухаа зүсмийн гүүг хулгайлж, бусдад 600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2017 оны 01 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Хайчин нуур” гэх газарт оршин суух хохирогч Ц.Ганбаатарын эзэмшлийн адуун сүргээс нас бие гүйцсэн хүрэн зүсмийн бүдүүн гүүг хулгайлж, бусдад 700000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Гансүх, Ц.Ганбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эдгээрийг давхар нотолсон гэрч Б.Энхчимэг, Р.Эрдэнэтулга, Б.Одхүү  нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Сүхбаатарт холбогдох   хэргийг   Прокурорын   газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

     Иймд шүүгдэгч В.Сүхбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Сүхбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна.

Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Шүүгдэгч В.Сүхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт баримт бичгээр ирүүлсэн ЖЛ84022418 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс “Сони” маркийн 24 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Ваниушкагийн Сүхбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Сүхбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан В.Сүхбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан В.Сүхбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Ялтан В.Сүхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй ба хэрэгт баримт бичгээр ирүүлсэн ЖЛ84022418 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан В.Сүхбаатарын эзэмшлээс “Сони” маркийн 24 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан В.Сүхбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2017 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Ж.ДОЛГОРМАА