Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 979

 

186/2020/0247/Э

 

 

 

 

     2020           8              6                                         2020/ДШМ/979    

 

Н.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/605 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Н.Э-д холбогдох эрүүгийн 2011000150070 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Н.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Orange” төвийн хашаан дотор иргэн Ц.Уламбаяртай маргаан үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа бүрэн биш хийсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ." гэж заасан. Гэтэл хавтас хэргийн 57 дугаар хуудаст байгаа хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд хохирогч Ц.Уламбаяр нь гарын үсэг зурсан атлаа 58 дугаар хуудаст хохирогчид танилцуулаагүй талаарх тэмдэглэл үйлдсэн байгаа нь хуулийн дээрх шаардлага хангасан эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлсөн, баримт байгаа гэж мэдүүлж байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос холбооны хэрэгсэл ашиглаж тодруулахад холбогдоогүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх байдлуудыг хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хэргийн 57 дугаар хуудаст, хохирогч Ц.Уламбаярт 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн материалыг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Харин 58 дугаар хуудаст, мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган яллагдагч Н.Э-д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлсэн боловч Н.Э- нь прокурорын шатанд танилцах тухай илэрхийлсэн тул мөрдөгч энэ талаар тэмдэглэл болгон үйлдсэн.

Дээрх байдлаас дүгнэвэл, хохирогчид хэргийн материал танилцуулсан эсэхэд эргэлзээ төрхүйц үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Хохирогч Ц.Уламбаяраас мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг авсан. Тэрээр 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “...585.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнээс 300.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн...” гэж,  2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “...цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирол болох 580.000 төгрөгийг нөгөө талаас гаргаж өгсөн. Одоо нэмж гаргаж өгөх баримт байхгүй...” гэж тус тус мэдүүлэг өгснөөс үзэхэд, хохирогчоос гаргаж өгсөн баримтын дагуу хохирлыг бүрэн төлсөн болох нь баримтаар тогтоогдсон гэж үзэхээр байхад үүнийг хөдөлбөргүй тогтоох гэж шүүх үзэж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.

3. Мөн шүүх хэргийг хүлээн аваад дээрх байдлуудыг тогтоох шаардлагатай гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар ...хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу /өөрийн санаачилгаар/ урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2020/ШЗ/517 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэл болгож яллагдагчийн шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шүүгчийн захирамжинд заасан “...хохирогчид хэргийн материал танилцуулсан эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн эсэхийг тодруулах шаардлагатай. ...” гэх асуудлын тухайд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчид хэргийн материал танилцуулж, гарын үсэг зуруулсан /хх 58/, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцах талаар утсаар мэдэгдсэн /хх 57-58/ баримтууд тус тус хэрэгт авагдсан байна. Мөн шүүгдэгч Н.Э- нь 580.000 төгрөг төлсөн /хх 45-46/ талаар, хохирогч Ц.Уламбаяр нь 580.000 төгрөг авсан /хх 21-22/ талаар тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шүүгчийн захирамжийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр прокурорт, 5 дугаар сарын 4-ны өдөр шүүгдэгч Н.Э-д гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заасныг, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН