Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2021/0011/З |
Дугаар | 109/ШШ2021/0033 |
Огноо | 2021-09-09 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 109/ШШ2021/0033
109/ШШ2021/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Л
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Г, Б.А нар
Нэхэмжлэлийн шаардлага: С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Л нь Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх тухай хуулийн дагуу 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу шимтгэл төлж, цэргийн алба хаасан хугацааг оруулан тооцож өндөр насны тэтгэвэр олгох тухай хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож авсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сард С.Л-ийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс та өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл дээрээ малчнаас өөр ажил эрхэлж байснаа бичсэн байна, тийм учраас тэтгэврийг зогсооно гэсэн шаардлага тавьсан байдаг. С.Л-ийг малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж орсон байна гэж тэтгэврийг нь зогсоосон байдаг. Ийнхүү тэтгэврийг зогсоож буй цаг хугацаанд бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, үүнд холбогдох баримт авагдаагүй байдаг. Нийгмийн даатгалын байгууллага нь С.Л-ийн 2014 онд бичиж өгсөн гэх гар өргөдлийг үндэслэн тэтгэврийг зогсоосон, гэтэл уг өргөдөл нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст л хадгалагдсан байсан, тэтгэвэр тогтоосон байгууллага нь мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс л байгаа. Ингээд тэтгэвэр зогсоосны дараа 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай актаар 3.500.000 төгрөг төлөхөөр тогтоосон байдаг. Энэ актыг С.Л-д өөрт нь гардуулж өгөөгүй, сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргээс танилцаж, нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байгаа. С.Л-ийн тэтгэврийг тогтоосон материалыг тухайн байгууллага өөрөө хянан шалгаж тэтгэврийг тогтоосон атлаа өөр ажил хийж байсан тул энэ талын баримтаа авчир гэсэн шаардлага тавьж С.Л-д олгож байгаа тэтгэврийг зогсоосон нь хууль бус, нөхцөл байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л-д өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр С.Л-ийн тэтгэврийг зогсоосон байдаг. Ингэж тэтгэврийг зогсоохоосоо өмнө хуурамч гэдгийг заавал шалгаж, тогтоох ёстой. Хуулийн энэ заалтын дагуу бол зөрчлийг эхэлж шалгаж тогтоох ёстой. Гэтэл эхэлж актаа тогтоочхоод араас нь хөөж баримтаа цуглуулж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолт, олголтонд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тэтгэвэр авагч С.Л-ийн материалыг шалгахад 2014 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд ажилласан жилээ нэг бүрчлэн жагсааж бичсэн өргөдөлд 1994 он хүртэл тоо бүртгэгч, ажилчин, нягтлан бодогчоор ажилласан байна. 1994 оноос хойш Өндөр-Улаан суманд малчнаар ажилласан байна. Гэтэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиар тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс 1990-2000 оны ажилласан жилийг авч эдгээр жилүүдээ малчнаар оруулсан гэж үзэж байна.
Иймд Улсын байцаагчийн 16 тоот актыг тус тус үндэслэн тэтгэвэр зогсоох мэдэгдлийг иргэн С.Л-д хүргүүлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу тэтгэврийг түр зогсоосон. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлтэст дуудан ирүүлж “Тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл” хөтөлж, нотлох баримтаа 12 дугаар сард багтаан авчирч өгөхийг зөвлөж өргөдлийг өөрт нь үзүүлэхэд миний бичиг мөн гэж зөвшөөрсөн юм. Малчнаар ажилласан жил хүрэхгүй тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж үзэж байгаа тул С.Л-ийн 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авсан 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг буцаан төлүүлж, Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор улсын байцаагчийн акт тавиад байна гэв.
Хариуцагчийн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Б.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Л-ийн материалыг шалгахад 2014 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд нөхөн тооцуулахаар бүрдүүлж өгсөн материалд ажилласан жилээ нэг бүрчлэн жагсааж бичсэн өргөдөлд 1994 он хүртэл тоо бүртгэгч, ажилчин, нягтлан бодогчоор ажилласан байна. 1994 оноос хойш Өндөр-Улаан суманд малчнаар ажилласан байна. Гэтэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиар тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс 1990-2000 оны ажилласан жилийг авч эдгээр жилүүдээ малчнаар оруулсан гэж үзэж байна.
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлтэст дуудан ирүүлж “Тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл” хөтөлж, нотлох баримтаа өгөхийг зөвлөж өргөдлийг өөрт нь үзүүлэхэд миний бичиг мөн гэж зөвшөөрсөн юм. Мөн энэ үеэр акт тогтоох талаар мэдэгдсэн.
Аймгийн архивын тасгаас С.Л -той холбоотой 1988 оны Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол, 1989 оны Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын тушаал, 1990 оны Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг гаргуулан авсан. Мөн Орхон аймгийн Архивын тасгаас Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харъяа бөөний бараа баазын даргын 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 74 дүгээр тушаал, мөн газрын даргын 1992 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн б/69 дүгээр тушаал, Эрдэнэт хотын боловсролын хэлтсийн даргын 1993 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаар тушаалууд гарсан байдаг. Малчнаар ажилласан жил нь хүрэхгүй тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж үзэж байгаа тул С.Лийн 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс авсан 3.500.000 төгрөгийг буцаан төлүүлэх улсын байцаагчийн акт тавьсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Л-ийн хувьд анх удаа тэтгэврийн даатгалын сангаас шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар тооцуулахдаа материал бүрдүүлж өгөхдөө 1990-1994 оны асуудал болоод байгаа нь би малчин байсан гээд багийн Засаг даргын тодорхойлолт гаргаж өгсөн. Хэрэв 1990-1994 онд малчин байсан бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авах боломжоо хангачхаад байдаг, хэрвээ 1990-1994 онд малчин биш байсан бол одоо хүртэл өндөр насны тэтгэвэр авах болзол нь хангахгүй нөхцөл үүссэн. Энэ нөхцөл байдал нь шалгалтын явцад гарч ирсэн, өөрөөр хэлбэл мэдэгдээгүй байсан. Малчин байсан юм байна гээд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоогоод шалгалтын явцад тухайн жилүүдэд малчин биш өөр төрлийн ажил хийж байсан нь гарч ирсэн. Тэгээд ирэхээр Нийгмийн даатгалын улсын байцаагч нар өөрсдөө хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолт нь буруу байна гэх 4 жилийн хугацааны баримт гарч ирсэн. Тэр 4 жил нь 1990-1991 онд Эрдэнэт хотод нягтлан бодогч, ногооны ажил зэрэг хийж байсан тушаалаар гарч ирсэн. Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харъяа бөөний бараа баазын даргын 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 74 дүгээр тушаал, мөн газрын даргын 1992 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн б/69 дүгээр тушаал, Эрдэнэт хотын боловсролын хэлтсийн даргын 1993 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаар тушаал гарч ирсэн байдаг. Ийм баримт гараад ирэхээр нийгмийн даатгалын улсын байцаагч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тэтгэвэр тогтоосон үйл явдлыг шалгаад тэтгэвэр тогтоосон нь буруу байна гэдгийг гаргаж ирсэн. Ийнхүү хуурамч нотлох баримт гэдгийг шалгаж тогтоож, тэтгэврийг зогсоосон байна. Хоёрдугаарт тэтгэвэр зогсоосны дараа хийсэн ажиллагааны үр дүнд нь илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт тавигдсан байгаа. Актыг гаргахдаа өөрт нь мэдэгдсэн, ирж уулзсан болохоо хариуцагч нар сая хэллээ. Бүх юм хуулийн дагуу явагдсан байна. Тэгэхээр монгол улсын хууль бол хуурамч нотлох баримт бүрдүүлсэн юм уу, ашиг олж байгаа юм уу энэ бүхний эсрэг л байх ёстой. Тийм ч учраас төрийн хяналт шалгалт байгаа ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын байцаагч нар нь 16 дугаартай актыг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримталж тогтоосон. Энэ нөхцөл байдлыг заавал цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нийгмийн даатгалын байгууллага, байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд уг нөхцөл байдлыг хяналт шалгалтын үед илрүүлэх юм бол, мөн энэ нөхцөл байдлыг өөрсдөө тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна. Хуулиар заавал цагдаагийн байгууллагаар тогтооно гэсэн шаардлага байхгүй, тогтоогдсон байхыг шаардаж байгаа, энэ нь нийгмийн даатгалын байцаагч өөрөө тогтоох боломжтой нөхцөл байдал гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Л нь 1990-2000 оныг дуустал малчнаар ажилласан жилээ нөхөн тооцуулсан, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар малчнаар ажилласан жилээ тооцуулахад малын А данс, багийн Засаг даргын тодорхойлолтыг бүрлүүлж өгөхөөр заасан. Үүний дагуу С.Л-ийн малын А данс, Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслээд энэ хүний 1990-2000 онд малчнаар ажилласан болохыг нөхөн тооцсон байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын ажлын хэсэг томилогдоод нэр бүхий хүмүүсийн материалд үзлэг шалгалт хийсэн. Энэ шалгалтаар нэхэмжлэгч С.Л нь 1990-1994 онд малчнаар ажиллаж байгаагүй, өөр ажил эрхэлсэн байх боломжтой гэх нөхцөл тогтоогдсон. С.Л нь энэ хугацаанд Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харъяа бөөний бараа баазад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдал нь С.Л-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлээд 1990-1994 оноо малчнаар тооцуулсан юм байна гэдэг илэрхий нөхцөл байдал тогтоогдсон учраас акт тогтоосон. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Анх иргэн С.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн байна.
Иргэн С.Л нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.П-д тус шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.[1]
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч С.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
Иргэн Д овогт С-ын Л нь 1963 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 58 нас, 7 сартай эрэгтэй байна.
Нэхэмжлэгч С.Л нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дахь хэсгийн 2/, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн жинхэнэ алба хааж 3 жил 2 өдөр байх бөгөөд дээрх хуулийн дагуу 4 жил 6 сар 2 өдрөөр тооцогдох, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 11 жил, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүүгээр зүйлийн 4.1 дэх хэсагт зааснаар 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 4 жил, 3 сар, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг оруулан нийт 20 жил /үүнээс малчнаар 15 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн/ гэх үндэслэлээр 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.[2]
Гэтэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “ ... иргэн С.Л нь 2014 онд тус хэлтэст гаргасан өргөдөлдөө 1994 он хүртэл тоо бүртгэгч, ажилчин, нягтлан бодогчоор ажилласан гэж нэг бүрчлэн бичсэн байна ... хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна ...” гэх үндэслэлээр 2021 оны 1 дүгээр сараас эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоож, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай улсын байцаагчийн акт тогтоосон байна.[3] Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
Хоёр. С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л-д өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагын тухайд:
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалт хийхээр баталжээ. Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн хувийн хэрэг шалгах шалгалтын удирдамжийг баталсан байна.[4]
Ийнхүү дээрх хяналт шалгалтын үр дүнд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/635 дугаар албан бичгээр “ ... нэр бүхий тэтгэвэр авагч нарын бичиг баримт хуурамч болох магадлалтай байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоох болсоныг мэдэгдье ...” гэж сумдын Нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсний хавсралт 2 дугаарт С.Л бичигджээ.[5]
Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр “ ... С.Л-ийн тэтгэврийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс түр зогсоохыг мэдэгдэж байна ...” гэх албан бичиг гарсан байна.[6]
Ийнхүү Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн С.Л-ийн өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зогсоосон болох нь Төрийн банкны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 35/147 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан иргэн С.Л-ийн тэтгэврийн харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.[7]
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2. дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Лийн өндөр насны тэтгэврийг олгохоос татгалзсан буюу тэтгэврийг зогсоосон үйлдэл нь захиргааны акт мөн байна.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс: “ .... Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалттай холбогдуулан дотоодын хяналт, шалгалт зохион байгуулан тэтгэвэр авагч С.Л-ийн материалыг шалгахад 2014 онд Нийгмийн даатгалын хэлтэст Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд ажилласан жилээ нэг бүрчлэн жагсааж бичсэн өргөдөлд 1994 он хүртэл тоо бүртгэгч, ажилчин, нягтлан бодогчоор ажилласан байна. Гэтэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиар тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс 1990-2000 оны ажилласан жилийг авч эдгээр жилүүдээ малчнаар оруулсан байна. Малчнаар ажилласан жил хүрэхгүй тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж үзэж байгаа ...” гэх тайлбар гаргажээ.[8]
Нэхэмжлэгч С.Л-ийн тухайд, анх тэтгэвэр тогтоолгоходоо Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7. дахь хэсгийн 1/-д зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн гол зорилт, агуулга нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлж ажилласан жилээ баталгаажуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхийг малчдад олгож тэдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн үндсэн зорилт нь хуульд заасан нөхцөлөө хангасан иргэдийн эдлэх эрх болох тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг аль болох ухаалаг, чадварлаг зохион байгуулж, эдлүүлэх явдлыг хангахад чиглэсэн байна.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын үндсэн гол зорилт нь иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д заасан эрхийг нь эрх бүхий захиргааны байгууллагаас хязгаарлах бус аль болохоор баталгаажуулан, нөхөж тооцсон бол эдлүүлэх нь төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн илрэл болохоор зохицуулагдсан байна.
Дээрх хуулийн зорилтын агуулгаас үзвэл нэхэмжлэгч С.Л нь хуулийн дээрх шаардлага, нөхцөлийг хангаж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор нөхөн төлж, ажилласан хугацаагаа тооцуулсан байна. Үүнийг нь ч хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн зөвшөөрч, шимтгэл төлсөн хугацаанд холбогдох тодорхойлолт, малын А данс зэрэг баримтад үндэслэн баталгаажуулж малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон байна.[9]
Ийнхүү иргэн хуульд заасан шаардлагын дагуу холбогдох баримтын бүрдлийг хангаж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, ажилласан хугацаагаа ч мөн хуулийн дагуу захиргааны байгууллагаас тооцуулан баталгаажуулсан байх бөгөөд иргэний зүгээс тэтгэвэр тогтоолгохдоо хууль бус үйлдэл хийсэн, хууран мэхэлсэн гэх зүйл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас дээрх байдлаар тэтгэвэр тогтоолгох болзол, шаардлагыг хангасан болохыг баталгаажуулан өндөр насны тэтгэврийг нь тогтоосноор иргэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэврээ цаашид авна гэсэн хууль ёсны итгэлийг бий болсон байна.
Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзол, шаардлагын дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор тооцуулж, эрх бүхий захиргааны байгууллагаас үүнийг нь ч хүлээн зөвшөөрч тогтоосон мөртлөө, хожим өөр баримтаар нэгэнт захиргааны байгууллага өөрөө тогтоож, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлаа үгүйсгэж, үүндээ иргэнийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлахаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, иргэний тэтгэвэр буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх, цаашид үргэлжилж буй захиргааны байгууллагын уг үйл ажиллагаанд иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих учиртай.
Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс анх 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч иргэний өндөр насны тэтгэврийг тогтоон хуулийн дагуу тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцож, түүнд холбогдох баримтыг хянан шалгаж тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан гэж үзэн тэтгэвэр олгож байсан мөртлөө хожим уг шийдвэрээ үгүйсгэн иргэнийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж заасан.
Ийнхүү тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргагчийн анхлан тэтгэвэр тогтоолгохдоо хууль болон журмын дагуу бүрдүүлэн өгсөн баримт баримт, тэтгэвэр тогтоолгоход хуулийн заалт зөрчигдөх нөхцөл байдал байгаа эсэхийг шалган тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүйгээр тэтгэвэр тогтоох /олгох/ шийдвэрийг захиргааны байгууллага гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Б.А нар 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх заалтыг тус тус зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон зөрчил илэрлээ гэж хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон С.Л-оор 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.[10]
Дээрх актыг гаргахын өмнө 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Лтой хийсэн уулзалтын тэмдэглэлд “ ... Шийдвэрлэсэн нь: Таны үндэслэлгүй авсан тэтгэврийн тооцооллыг хийж танд мэдэгдэнэ ... та 3.500.000 төгрөг төлнө ...” гэх тэмдэглэл хийсэн байх бөгөөд маргаан бүхий 16 дугаартай улсын байцаагчийн актыг нэхэмжлэгчид танилцуулсан, гардуулсан эсэх нь тодорхойгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.[11]
Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс... үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэврээс суутгал хийж үндэслэлээр суутгал хийж болно гэж заажээ.
Хариуцагч Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” маргаан бүхий дээрх актыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь заалтыг зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн мөн хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/-д заасныг үндэслэн маргаж буй боловч тэтгэвэр авагчийн хууль болон журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж тооцуулсан, нийгмийн даатгалын байгууллага өөрөө зөвшөөрч нөхөн тооцсон баримт болон хууль зүйн тодорхой үр дагавар бүхий үйлдлээ үгүйсгэж буй мэтээр тайлбарлан маргах нь хуульд нийцэхгүй байна.
Түүнчлэн иргэн С.Л-ийн хууль болон журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулан тооцуулсны үндсэн дээр бүрдүүлсэн өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг хэрхэн, яаж тогтоосон талаар баримт байхгүй, бүрдүүлэн өгсөн баримтууд хуурамч байх нөхцөлгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байх тул хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх актын үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Л-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлсэн баримт /нийгмийн даатгалын дэвтэр, баталгаажилтийн хуудас, цэргийн алба хаасан лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, малын А данс, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол г.м/-ын аль хэсгийг хуурамч гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар “...нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, .. даатгуулагчийн .. хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчмыг баримтлах ёстой.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх нөхцөлийг шаарддаг.
Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохдоо хуулийн дагуу бүрдүүлэн өгсөн аль баримтыг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт гэж үзэж буй үндэслэл нь бодитой бус, хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч С.Л-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн баримтад нотлох баримтын шаардлага хангаагүй, дуураймал, хуурамч гэж үзэх баримт тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн бүрдүүлэн өгсөн аль баримтыг хуурамч гэж үзэж байгаа талаар тодруулахад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч С.Лийн тэтгэврийн хувийн хэрэг, түүнд холбогдох баримт болох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, тэтгэвэр тогтоолгосон нөхцөлийн талаар маргаагүй гэж тайлбарласан болно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн З-т “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно” гэж заасан. Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгохоор бүртгэгдсэн даатгуулагчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6 дахь хэсэгт заасан буюу дор дурдсан баримт бичгийн бүрдэлт, баталгаажилтыг урьдчилан хянаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулна.”, 4.1.1. Сум/хороо/-ын нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1, 3.2, 3.3, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж “тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан” гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг /НД№15/ нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна” гэж заажээ.
Захиргааны байгууллага буюу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс анх 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч иргэний өндөр насны тэтгэврийг тогтоон хуулийн дагуу тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцож холбогдох баталгаажуулалтыг хийж өгч улмаар урьдчилан хянаж тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан гэж үзэн 10 сарын турш олгож байсан мөртлөө хожим буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн актаар “... хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон” гэж үзэн иргэнийг буруутгаж өмнө олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж буй нь ойлгомжгүй байна.
Хариуцагч захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай актыг гаргасны дараа буюу хожим актынхаа үндэслэлийг дэмжиж буй үйл баримтад холбогдох нотлох баримт /Эрдэнэт хотын худалдаа удирдах газрын харъяа бөөний бараа баазын даргын 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 74 дүгээр тушаал, мөн газрын даргын 1992 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн б/69 дүгээр тушаал, Эрдэнэт хотын боловсролын хэлтсийн даргын 1993 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаар тушаал/-ыг гаргаж актын үндэслэлээ зөвтгөн маргаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж зааснаар тэтгэврийг зогсоохоосоо өмнө “хуурамчаар бүрдүүлсэн болохыг тогтоосон байх” урьдчилсан нөхцөлийг заасан.
Гэтэл хуулиар тогтоосон дээрх урьдчилсан нөхцөл бий болоогүй буюу “хуурамч” баримт бүрдүүлснийг тогтоогоогүй атлаа тэтгэвэр зогсоосон, акт тогтоосон нь дээрх хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд захиргааны байгууллагаас уг үйлдэлдээ нэхэмжлэгчийг буруутган тэтгэврийг нь зогсоож, урьд авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, даатгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
Хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлээр: “... тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сараас зогсооно. 3500000 төгрөг төлнө гэсэн байх хэдий ч маргаан бүхий 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай актыг хаяглагдсан этгээд болон эрх ашиг нь зөрчигдсөн этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасны дагуу мэдэгдээгүй, гардуулаагүй ийнхүү мэдэгдэж гардуулснаа баримтжуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг актыг мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С.Л-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 16 дугаартай актыг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
[1] Хавтаст хэргийн 6 дахь тал
[2] Хавтаст хэргийн 21 дэх тал
[3] Хавтаст хэргийн 76 дахь тал
[4] Хавтаст хэргийн 69-71 дэх тал
[5] Хавтаст хэргийн 72-73 дахь тал
[6] Хавтаст хэргийн 81 дэх тал
[7] Хавтаст хэргийн 91-92 дахь тал
[8][8] Хавтаст хэргийн 17 дахь тал
[9] Хавтаст хэргийн 20-60 дахь тал
[10] Хавтаст хэргийн 76 дахь тал
[11] Хавтаст хэргийн 79-80 дахь тал