Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2008

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02176 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Л.Ад холбогдуулан гэрээнээс татгалзсаны хохиролд 53 250 000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх,

Хариуцагч Л.А нь Б.Эд холбогдуулан 20 346 122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө байрыг Л.Ад 120 000 000 төгрөгөөр худалдахаар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Л.А нь байрны урьдчилгаа 60 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөр бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны нэрийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 3 жил гаруй хугацаанд байрыг эзэмшиж амьдарч байгаад худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, өөрийн төлсөн 69 000 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00164 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, надаас 69 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Л.А нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцанд 3 жил 9 сар буюу 45 сарын хугацаанд үнэ төлбөргүй оршин сууж байна. Хэрвээ би энэ байраа бусдад түрээслүүлсэн бол 1 сарын түрээсийн төлбөр 650 000х45 сар=29 250 000 төгрөг олох байсан. Мөн 2014 оны 9 дүгээр сард тухайн 3 өрөө орон сууц 120 000 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түүнээс хойш байрны ханш унаж орон сууц маань өнөөдрийн байдлаар 1 м.кв нь 1 600 000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд ханшийн зөрүүд 1 м.кв-аас 400 000 төгрөг буюу 24 000 000 төгрөгийн хохирол надад учраад байгаа тул Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд нийт 53 250 000 төгрөг гаргуулна. Мөн хариуцагч нь одоо хүртэл миний орон сууцыг эзэмшиж, ашиглаад суллаж өгөхгүй байгаа тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Л.А миний бие 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Этай тохиролцож гэрээ байгуулж, урьдчилгааны  60 000 000 төгрөгийг бэлнээр өгч, графикийн дагуу 9 000 000 төгрөгийг нэмж төлсөн. Ингээд 2016 оны дунд үеэс эхлэн Б.Эыг бидэнд банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүй, өөрөөр хэлбэл бид байр ч үгүй, мөнгө ч үгүй болох юм байна гэж мэдсэн. Бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандах гэж байгааг тэрээр мэдээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрөө хандаж байсан. Шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа Б.Э надтай эвлэрье гэж гуйсныг би зөвшөөрч, шүүхээс бидний зөвшөөрлийг баталгаажуулсан. Одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Түүнд гэрээний дагуу өгсөн 69 000 000 төгрөгийг би арилжааны банкинд хугацаатай байршуулбал жилийн 15.6 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 20 346 122 төгрөгийн орлого олох байсан тул энэ хохирлыг Б.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд 53 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх зааснаар хариуцагч Л.Аын “... олох ёстой байсан орлого 20 346 122 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эаас гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 200 төгрөгийг, хариуцагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 429 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд “Капитал банкны зээлийн барьцаанд орон сууц байгаа. Худалдагч тал зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх үүрэг хүлээнэ. Төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд гэрчилгээг Л.Аын нэр дээр шилжүүлж өгнө. Гэрээг 2 тал цуцлахгүй” гэжээ. Гэтэл хариуцагч Л.А нь гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 11 дүгээр сард “Б.Э байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй байна, гэрээний урьдчилгаанд төлсөн 69 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг тухайн иргэний хэргийн хариуцагч Б.Э зөвшөөрсөн тул шүүгчийн 102/ШШ2017/00164 дүгээр захирамжаар “...Л.Аын нэхэмжилсэн 69 000 000 төгрөгийг хариуцагч Б.Э 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Хариуцагч Л.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа өөрөө гэрээнээс татгалзсан нь дээр дурдсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул гэрээнээс татаглзсанаас нэхэмжлэгч Б.Эд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна” гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь 2017 ооны 1 дүгээр сарын 09-ний өдөр зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж бүхий иргэний маргаанаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахтай холбоотой асуудлыг хоёр тал харилцан зөвшилцөж шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн болно.

Өөрөөр хэлбэл, тухайн маргаан шийдвэрлэж байх үед Б.Э Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хангалттай нотлогддог. Тийм учраас Б.Э худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад шүүх хэт нэг талыг барьсан үнэнд үл нийцэх шийдвэр гаргасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Л.Ад холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу хохиролд 53 250 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, хариуцагч нь олох ёстой байсан орлого гэх 20 346 122 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг, талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх5/ байгуулж, үүгээр Л.А нь Б.Эын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн урьдчилгаа 50 хувь буюу 60 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэгдэл төлбөрийг 5 жилийн хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах, худалдагч тал орон сууцыг  Капитал банкны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь урьдчилгаа 60 000 000 төгрөгөөс гадна үлдэгдэл төлбөрт 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, орон сууц түүний эзэмшилд байгаа, худалдагч тал буюу нэхэмжлэгч орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлөөгүйн улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр худалдан авагч буюу хариуцагч тухайн гэрээнээс татгалзсан үйл баримт хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна. Тодруулбал, талуудын хоорондын гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаварт хамаарах маргааны талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШШ2017/00164 дугаар захирамж /хх9/ хэрэгт авагдсан. Уг захирамжаар нэхэмжлэгч Л.Аын гэрээний дагуу шилжүүлсэн 69 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн тухайн хэргийн хариуцагч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг захирамж бодитой биелэгдээгүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүргийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зохицуулжээ.

 

Талууд нэгэнт гэрээнээс татгалзсан байх боловч хариуцагч Л.Ад нэхэмжлэгч Б.Э орон сууцны үнэд авсан төлбөрөө буцаан төлөөгүй байхад уг орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй. Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэн чөлөөлөх шийдвэр гаргасныг хариуцагч зөвшөөрсөн буюу давж заалдах гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр уг байдлаа батлан тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн энэ хэсгийг хөндөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй. 

 

Талууд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу авсан зүйлээ буцаах үүрэг хэн алинд нь үүссэн байхад нэхэмжлэгч Б.Эын хувьд дээрх 69 000 000 төгрөгийг Л.Ад буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, хариуцагч Л.А нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарч байгаа буюу орон сууцны эзэмшлийг буцаах үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу болон шүүхийн хүчин төгөлдөр захирамжид заасан 69 000 000 төгрөгийг хариуцагч Л.Ад төлөх мөнгөн төлбөрийн үүргээ захирамжид заасан хугацаандаа төлөөгүй байх тул Б.Э өөрөө хугацаа хэтрүүлсэн байна.

 

Нэг тал нь гэрээнээс татгалзсаны үр дагаварт мөнгийг буцаах үүргээ биелүүлээгүй байхад нөгөө тал орон сууцны эзэмшлийг буцаах үүргээ гүйцэтгэхээс Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар саатуулж болно.

 

Нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад хариуцагчийг орон сууц чөлөөлөөгүй буруутай байсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн олох байсан орлогод 53 250 000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байхд уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс татгалзсаны хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагч Л.Аын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 53 250 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 200 төгрөгийг, хариуцагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 203 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА