| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0179/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2418000000230 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан сум, *******т байрлах,******* тоотод иргэн ******* эзэмшлийн I Рhоnе 11 загварын гар утсыг авах зорилгоор 2 цаг ашиглаж байгаад өгье гэж худал хэлж, хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг /хэргийн 28-30 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг /хэргийн 32 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хэргийн 38 дугаар тал/, ХХК-ий 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 47-52 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 06-20 дугаар тал/, яллагдагч ******* ын мэдүүлэг /хэргийн 56, 63-64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сум, *******,,******* тоотод иргэн ******* эзэмшлийн I Рhоnе 11 загварын 2 цаг ашиглаж байгаад өгье гэж худал хэлж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Насанд хүрээгүй хохирогч ******* “...Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн орчим найз гэрт буюу Дархан-Уул аймгийн, Дархан сумын *******, айлын байранд ороход төрсөн ах , түүний найз нар байсан. Энэ өдөр гар утсаа 2 цаг хэрэглүүлчих 2 цагийн дараа буцаагаад өгье гэж хэлэхээр нь түр хэрэглэх юм чинь гэж бодоод итгээд түүнд өөрийн эзэмшлийн iphопе 11 гар утсыг өөрийн дугаарын хамт өгсөн. Ингээд нь 2 цаг болсны дараа гар утсыг маань өгөлгүй миний дугаарыг унтраагаад алга болсон, үүний дараа би түүнтэй фейсбүүк чатаар удаа дараа холбогдоход удахгүй өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаа. Би гар утсаа өгөхдөө түүнд өөрийн гар утасны дэлгэцийн нууц кодыг хэлсэн юм. Ингээд цагаан сарын битүүний өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэх дугаарын утаснаас над руу залгаад эмэгтэй хүн би гар утсыг чинь ломбардаас худалдан авсан юм. Гар утсан дээр байсан мессенжерээр чинь чамайг оллоо. Id code оо гаргаад өгчих гэж хэлэхээр нь би түүнд гаргаж өгөөгүй. Зав чөлөө болохгүй байж байгаад Цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний утсыг худалдан авсан хүнтэй дахин холбогдоогүй. Ямар ломбардаас авсан талаар асуугаагүй. Тухайн хүн нь өөрийнхөө нэрийг хэлээгүй ээ.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30 тал/,
- Насанд хүрээгүй гэрч ******* “..., түүний төрсөн дүү , бид гурав ын гэрт байсан. Гаднаас ганцаараа орж ирсэн. Ингээд хэсэг хугацааны дараа нь гар утсаа 2 цаг хэрэглүүлчих ах нь удахгүй буцаагаад аваад ирье гэж хэлэхэд нь iphопе 11 загварын гар утсаа т өгсөн. Ингээд бид хоёр гэрээс нь гараад би давтлагадаа явсан. Давтлагадаа очиход тарчихсан байсан учир Лхагва- Очирын хамт гэр рүү нь явсан. Ингэхэд болон нар нь гэрээс нь гарч байсан. Ингээд би оос салаад гэртээ харьсан. нь надтай хамт явж байхад түүнд ын гар утас байсан. гар утсыг өгөхдөө нууц үгээ хэлээд өгч байсан. Тухайн өдрийн орой нь той таарахад ын гар утсыг ломбардад тавьчихсан, мөнгөөр нь тоглоод алдчихлаа гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 тал/,
- Гэрч “...зээлийн гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусаад холбогдохоор бичсэн утасны дугаар луу залгахад орох ярианы эрх хаагдсан гэх хариу өгч байсан тул тэмдэглэл бичсэн. Миний санаж байгаагаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 690,000 төгрөгөөр хүнд зарсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 тал/,
- “ ” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “...Эд зүйлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар 1,200,000 төгрөг байна...” гэх дүгнэлт / ХХ-ийн 47-52 тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 06-14, 15-20 тал/,
- Яллагдагч ******* ын “... надад гар утсаа нууц үгийн хамт хэлээд өгсөн. Ингээд би тэй хамт явж байгаад гэр рүүгээ орсны дараа ын гар утсыг 18 дугаар буудлын дэлгүүртэй ломбардад ээжийн иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглаад хүнээс нь гуйж байгаад 500,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан ба 2 хоногийн дараа гэж санаж байна 100,000 төгрөг нэмж авсан санагдаж байна. Гар утсыг ломбардад тавихад ээж Улаанбаатар хотод байсан. Харин 100,000 төгрөг нэмж авахад ээж Дарханд ирчихсэн байсан. дугаараас яриулаад мөнгө нэмүүлж авсан. Ломбардын мөнгө хүлээн авсан хүн нь гарын үсэг зурах хэрэгтэй гэхээр нь би өөрийнхөө нэр дээр тавьсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд гэж гарын үсэг бичсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56, 63-64 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь шүүгдэгчийн насанд хүрээгүй хохирогч ******* эзэмшлийн I Рhоnе 11 загварын гар утсыг “2 цаг ашиглаж байгаад өгье” гэж худал хэлж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 68/-аар, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-82/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай “Төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт” зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч ******* нь өмнө оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан байгаа нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, түүний эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс түүний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.Хохирол, хор уршиг:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.од 1,200,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь эд зүйлийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч ******* ыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* т оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ