Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0136/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Д.,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2318000000569 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвд сургагч багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, *******, 1 дүгээр  хороо,******* тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

*******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар багт байрлах “Монгол алт”-ны дөрвөн замын уулзвар дээр, улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн .3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 15.7 “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ  дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч мэдүүлэг /ХХ-ийн 21-23 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 '0 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 131-134 тал/, Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 99 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 83 тал/, Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 65-71 тал/, гэрч мэдүүлэг /ХХ-ийн 210 тал/, яллагдагч *******ийн мэдүүлэг /ХХ-ийн 58-59, 144 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /ХХ-ийн 03-15 тал/, хяналтын камер зассан талаарх илтгэх хуудас, фото зургийн үзүүлэлт, албан бичиг /ХХ-ийн 211,17 тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед урд талын уулзвар дээр баруун талаасаа зүүн тийш чиглэлтэй явж байсан. Тухайн үед бороо ороод харанхуй болж байсан. Намайг уулзвараас 100 метрийн ойролцоо очих үед үндсэн ногоон гэрэл ассан. Миний өмнө 20 орчим метрийн зайтай байсан нэг машин уулзвараас баруун тийш эргэдэг хэсэгт баруун тал руу эргээд явсан. Тэр үед уулзварын хажууд талд явган хүмүүс зөвшөөрөгдсөн гэрлээ хүлээгээд зогсож байсан. Миний урд талд нэг машин явж байсан. Намайг уулзвар дээр ирэх үед өөдөөс хоёр машин зөрсөн. Энэ үед явган хүний гарц дээр нэг ч хүн байгаагүй. Миний өөдөөс ирж байсан машин гэрлээрээ дохисон. Энэ үйл явдалтай зэрэгцээд гэх хүн урдуур орсон. Би гарцыг дөнгөж даваад мөргөсөн. Би харангуутаа шууд тооромзоо гишгэсэн. Би машинаас буугаад энэ хүн дээр очих үед газарт сууж байсан. Намайг өргөсөн гэж мэдүүлсэн. Би өргөх үйлдэл хийгээгүй. Харин надад мөнгө, архи байвал өгчих, тэгээд тохиръё гэж хэлсэн. Намайг эмнэлгийн дугаар асуух үед нэг охин дуудлага өгсөн. Намайг буцаад машин руугаа очих үед баруун талын эгнээнээс цагдаагийн албан хаагчид ирсэн. Тэгээд удаагүй нэг ахмад ирээд хэмжилтээ хийсэн. Тухайн өдрөө байцаалтаа өгсөн. Би Дарханд гурав хоносон. Амралтын өдрүүд таарсан. Миний машиныг журмын хашаа руу ачаад явсан. Техникийн шинжилгээгээр миний тээврийн хэрэгсэлд бүрэн бүтэн бус байдлаас осол гараагүй гэх дүгнэлт гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн шинжилгээ хийхэд надад мэдэгдээгүй. Надад тухайн үед хажууд нь байлцах эрх байсан. Энэ талаар надад танилцуулаагүй. Энэ уулзвар нь нийтдээ чиглэлийн хөдөлгөөний зохицуулдаг. Нэг талаас ирж буй тээврийн хэрэгслүүд дунджаар 2 минут зогсдог. Явган хүний зөвшөөрөгдсөн ногоон гэрлийн өмнө миний очиж явсан буюу чигээрээ явах хөдөлгөөнийг бүрэн хориглодог. Тийм учраас энэ үед надад чигээрээ явах боломж байхгүй. Энэ уулзварын гарц нь 10 метр юм. Энэ явган хүний гарцын ногоон гэрэл 30 секунд асдаг. Хүн 30 секундэд дунджаар 20 метр замыг туулдаг. Замын хөдөлгөөний дүрэмд эргэж, буцах, удах гэх мэт үйлдлийг хориглосон байдаг. Энэ явган зорчигчийн ногоон гэрэл унтарч улаан гэрлээр солигдоно. Энэ үед ч миний явж байсан чигээрээ урсгалыг хориглосон хэвээр байна. Энэ явган зорчигчийн ногоон гэрэл унтарснаас хойш 20 секундийн дараа чигээрээ явах боломжийг нээж байна. Тэгэхээр нийтдээ 50 секундийн турш миний хөдөлгөөнийг хориглосон. Энэ үед явган хүн улаан, ногоон гэрлээр гарсан ч миний хувьд дүрэм зөрчиж ороод хохирогчийг мөргөх боломжгүй юм. Энэ нөхцөл байдлыг техникийн шинжээч газар дээр очоод ажиглалт, судалгаа, хэмжилт хийгээгүй. Би өөрөө хэрэг мөрддөг хүн учраас мэргэжлийн хүрээнд ажилладаг учраас зарим ажил адилхан гэж бодож байна. Олон Улсын фактад стандарт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг баримт гэж үздэг. Баримт нь ажиглалт,  судалгаа, хэмжилтээс бүрддэг. Гэтэл энэ шинжээчийн хувьд ажиглалт, судалгаа, хэмжилт хийхгүйгээр зөвхөн аль нэг талын аман мэдүүлэг, бүдүүвч зургийг хараад дүгнэлт гаргасан. Шинжээчийн анхны дүгнэлт нь зохицуулдаг, зохицуулдаггүй уулзвартай холиод гаргасан. Энэ нь зохицуулдаг уулзвар байна гэж хэлэхэд хассан. Би тухайн үед мөрдөгчид нь мэргэжлийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг гаргасан. Миний нэмэлт мэдүүлэгт дурдагдсан байгаа юм. Тийм учраас миний бие дээрх нөхцөл байдлын улмаас өөрийн гэм буруудаа эргэлзэж  байна. Шүүхээс үнэхээр миний буруутайг нотлох баримтаар тогтоовол үгүйсгэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

    1. “Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар багт байрлах Монгол алтны дөрвөн замын уулзвар дээр улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч Д.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Хохирогч “...Би өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд байхдаа өглөө 09 цагийн орчим найз ахынд буюу Дархан-Уул аймаг, Дархан сумын хойд хэсэгт би яг хаягийг нь мэдэхгүй байна гэр хороололд оччихоод тэндээ байж байгаад орой 18 цагийн орчимд найз хаана гэдгээ хэлж мэдэхгүй байна. Би өөрөө Дархан-Уул аймагт байдаггүй учир газар сайн мэдэхгүй байна. Ингээд би уулзаж 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад орой 20 цаг 30 минутын орчим би ганцаараа өөрийн байрлаж байгаа газар буюу Шинэ Дархан руу явж байх замдаа Монгол алтны 4 замын уулзварыг ертөнцийн зүгээр баруун талаар нь хойноос урагш чиглэлтэй явган хүний гарцаар гараад замын нөгөө талд гарах гээд дөхөж байтал саарал өнгийн тээврийн хэрэгсэл ирээд миний биеийн баруун талаас мөргөж намайг газар унагасан. Би тухайн үед архи уусан хэдий ч өөрийн гэсэн ухаантай байсан. Тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөхдөө намайг нэлээд хүчтэй мөргөсөн ба би уг машинд мөргүүлээд явж байсан газраас хэсэг зайнд шидэгдсэн ба уг тээврийн хэрэгсэл зогсохдоо миний хажууд ирж зогссон. Би тухайн тээврийн ойролцоогоор хэдэн км цагийн хурдтай явсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг гарцаар зам гарах үед явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан. Мөн намайг мөргөсний дараа уг тээврийн хэрэгслийн жолооч болох 50 орчим нүдний шилтэй эрэгтэй хүн бууж ирж цагдаад мэдэгдсэн. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслээс жолоочоос өөр хэн нэгэн хүн бууж ирээгүй. Дотор нь өөр хүн зорчиж явсан талаар би мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл гарцаар зам гарахад ирж байгаа нь харагдаагүй их л хурдтай явсан байх. Мөн осол болоход тухайн газар өөр хэн нэгэн болон ямар нэгэн тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Би үг тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас одоо миний зүүн хөлийн өвдөгний тойг яс хуралтай мөн зүүн хөлийн тойгны хажуу талд мах тасарсан мөн зүүн хөлийн шагай хэсэг янгинаж өвдөх баруун хөлийн өвдөг зулгарсан, хамар хүрэхээр их хөндүүр зовуурьтай байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23 тал/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “... зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, тойгны шөрмөсний шаант ясанд бэхлэгдэх хэсгийн суналт, зүүн өвдөг, шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 131- 134 тал/,

 

- Шинжээчийн  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 99 дугаартай “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.3-д зааснаар ...гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ.. гэсэн заалтын дагуу зохицуулдаг уулзвар мөн байна. Явган зорчигч Д. нь явган хүний гарцаар гарч байсан байна. Тухайн уулзвар дээр осол гарах үеийн камерын бичлэг байхгүй, хэргийн газар хийсэн хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад явган зорчигч гарцын ихэнх хэсгийг өнгөрч дуусах үед мөргүүлсэн байна. Иймд жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Урд гарсан №86 дугаартай дүгнэлтийн 2.5-д Тусгаснаар осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Д. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, .3, 15.7 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна гэсэн эдгээр заалтуудаас 16.1 гэсэн заалт нь хасагдаж өөрчлөгдсөн...” гэх дүгнэлт /ХХ-ийн 83 тал/,

 

- Шинжээчийн  2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай ‘... D5 маркийн Мөнгөлөг өнгийн Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны системийн шингэн болон эд ангиуд нь хэвийн хэмжээнд байгаа тул тоормозны МNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд стандартын шаардлага хангаж оролцсон тул осол гарахад техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 65-71 тал/,

 

- Гэрч    “...цахилгааны гэмтэл тус Монгол алтны 4 замын арын хяналтын камерын вольтын тэжээлийн блок шатсаны улмаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шөнийн 03 цаг 40 минутаас хойш хяналтын камерын бичлэг ажиллаагүй байсан. Уг гэмтлийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус 4-н замын уулзвар дээр өөрийн биеэр очиж тэжээлийн блокийг сольж тавьснаар хэвийн ажиллагаатай болсон. Уг тэжээлийн блок шатсанаар уулзварын тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 210 тал/,

 

- Яллагдагч *******ийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотоос өөрийн хүү г хүргэж өгөхөөр Delica D5

маркийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн юм. Манай хүү нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах "" сургуульд дугаар ангид суралцдаг. Ингээд би хүүгээ сургуулийн дотуур байранд хүргэж өгчхөөд тус сургуулийн гаднаас 19 цаг 50 минутын орчимд ганцаараа өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөөд төмөр замын авто вокзалын хажуу талаар явж Дархан сумын Монгол Алтны гэх нэршилтэй дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чигээрээ зорчих ногоон гэрэл ассан байсан учир зогсолгүй уулзвар гарах гэхэд явган зорчигчийн гарц дөнгөж өнгөрөөд л машины зүүн урд хэсгээс эрэгтэй хүн орж ирээд би тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээрээ уг хүнийг мөргөөд зогссон. Миний хувьд уг явган зорчиж явсан эрэгтэй хүнийг хараагүй. Харин миний урд талаас явж байсан би улсын дугаар номерыг нь хараагүй ямар маркийн авто машин байсныг нь ч мэдэхгүй байна гэрлээрээ дохисон уг машин гэрлээрээ дохихтой зэрэгцээд л би уг хүнийг мөргөчихсөн юм. Миний хувьд тухайн иргэнийг мөргөчхөөд эмнэлэг дуудчихаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаагийн алба хаагч ирэхэд би тээврийн хэрэгслээ хөдөлгөөгүй осол болсон байдлаар нь л зогсоож байсан. Мөн уг эрэгтэй хүн надад мөргүүлсний улмаас газар унаад намайг тээврийн хэрэгслээсээ буугаад ирэхэд газар сууж байсан юм. Би уг эрэгтэйг мөргөснөөс болж миний  Delica D5 маркийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн урд шил зүүн доод хэсэгтэй бяцарч цуурсан мөн зүүн талын их гэрэл хөдөлж дотогш орсон байсан мөн урд копудны зүүн урд талын ирмэг хонхойж гэмтсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59, 144 тал/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хяналтын камер зассан талаарх илтгэх хуудас, фото зургийн үзүүлэлт, албан бичиг /ХХ-ийн 03-15, 211, 17 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн .3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, 15.7-д заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаар дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 99 дүгээр дүгнэлтүүд /хх-ийн 75, 83 дугаар тал/-ээр тогтоогдсон.

 

Хэдийгээр шүүгдэгч ******* нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд “зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор уулзварт нэвтэрсэн” гэх тайлбарыг өгч байгаа боловч хохирогч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд шинэчлэн өгсөн мэдүүлэгтээ “явган хүний гарцаар зам хөндлөн гарах үйлдлээ дуусгаж байсан, ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан” талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хууль сануулан авсан хохирогчийн мэдүүлгийг шүүхээс ямар нэгэн байдлаар үгүйсгэх, үнэн зөв эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсантай шууд шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагч: “Шүүгдэгч *******т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна.” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Эхнэрийнхээ нэр дээр банкны зээл аваад 10,000,000 төгрөгийн зээл авсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд цаашдын нөхцөл байдалд тохирохгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч Монгол Улсын 21 аймагт сургалт орж, багшлах ажил хийдэг. Сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, сайжруулах ажил эрхэлдэг. Мөн гадаад улсын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг зэрэг нөхцөл байдал байна. Ажил, хөдөлмөрөө эрхлэх боломжгүй бол цаашид хохирол төлбөрийг төлөхөд хүндрэл үүснэ. Миний хувьд өмгөөллийн хөлс авахгүйгээр өмгөөлж байгааг хэлэх нь зүйтэй. Учир нь хүн амьдралдаа ийм болгоомжгүй нөхцөл байдалд ордог. Ял шийтгэлийн тухайд торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялаас сонгож оногдуулахыг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан. 

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 151/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 161/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хууль тогтоогчоос баталсан 2023 оны дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, оногдуулах ялыг хүндрүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч ******* т ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх үеийн буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3-т “.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанд хохирогч Д. нь баримтаар гаргаж өгсөн эмчилгээ, шатахууны зардал, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардалд нийт 11,243,690 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд ,644,500 төгрөг, нийт 23,888,190 төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжилсэн байна.

 

Шүүх уг нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 4,000,000 төгрөгийг төлсөн талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг буюу баримтаар нэхэмжилсэн 7,243,690 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *******оос гаргуулан хохирогч Д. т олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заагдсанаар сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг түүнд танилцуулж, зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 24/-ийг үйлдсэн байна.

 

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8, 4 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх зардалд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлж, нийт 8,250,000 төгрөгөөр тогтоож, хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 7,243,690 төгрөгийг нэмж,  шүүгдэгчээс нийт 15,493,690 төгрөгийг гаргуулж хохирогч Д. т олгох нь зөв байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч Д. т 10,000,000 төгрөгийг төлж барагдуулжээ.  

 

Иймд шүүгдэгч *******оос 5,493,690 төгрөгийг гаргуулж хохирогч Д. т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-т зааснаар  Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 6,384,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч  *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос нийт  5,493,690 төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч Д. /Улаанбаатар хот, ,, тоот, , утас:/-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-т зааснаар шүүгдэгч *******оос 6,384,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ГЭРШИХБӨРТЭ