Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар       109/ШШ2021/0034

 

 

 

 

 

 

                                                                                 109/ШШ2021/0034

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан тоот бичгийг илт хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийг ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Б, хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж-гийн Б би “А” ХХК-ийг үүсгэн байгуулан өөрийн мэргэжлийн хүрээнд мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж аймгийн Мал эмнэлэгийн газарт бүртгүүлэх хүсэлтээ 2 удаа өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 17-нд хандахад бичиг баримтын бүрдэл дутуу гээд буцаасан. Дараа нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хандсан боловч уг байгууллагаас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан тоот бичгээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол улсын хуульд “Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль гэж байхгүй бөгөөд байдаггүй хуулийн нэр томьёо, зүйл заалтыг иш татсан, Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илтэд буруу хэрэглэн иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, миний урьд нь эрхэлж байсан ажлыг удирдах албан тушаалтан мэтээр андуурч эсвэл хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгох үүднээс намайг хууль бусаар хавчин гадуурхаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална гэсэн байх юм. Гэтэл би Эрдэнэбулган суманд тархвар зүйчээр \ТЗ-5\ ажиллаж байхад авилгалтай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөггүй байсан ба ямар нэгэн удирдах албан тушаалтай байгаагүй болно. Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 21.1.1.-д “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах”, 21.1.2.-т “урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх” гэж заасан. Албан тушаалтан гэдэгт тархвар зүйч гэсэн нэр томъёог дурдаагүй байх юм. Харин тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлэгч нар” гэж заасан байх юм.

Уг албан тоотын утга агуулга нь илэрхий алдаатай байна гэж үзсэн. Монгол Улсын хуульд “Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байхгүй бөгөөд байдаггүй хуулийн нэр томёо зүйл заалтыг эш татсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илтэд буруу хэрэгсэн байна.

Иймд Архангай аймгийн мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан тоот бичгийг илт хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийг ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  “А” ХХК-ийн мал эмнэлэг үйлчилгээний нэгж байгуулах хүсэлтийн хариуг тус аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан бичгээр дамжуулан 2023 оныг хүртэл хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан бичигт заасан “Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэж Монгол улсын хуулийн нэрийг буруу бичсэн нь бичилт техникийн алдаа бөгөөд энэ нь уг нэхэмжлэл, гомдлыг хүлээн авч, хариу тайлбар хүргүүлэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх болон хууль бусаар хавчин гадуурхаж буй асуудлын үндэслэл болохгүй.

“А” ХХК-ийн захирал Ж.Б-ийн Эрдэнэбулган суманд “Тархвар зүйч” (ТЗ-5) албан тушаалын ангилал зэрэглэлийг авч үзвэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын Төрийн захиргааны төв байгууллагын гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл ТЗ-5 (Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын мэргэжилтэн), Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын  3-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын хавсралт Нутгийн захиргааны байгууллагын асуудлын хүрээний нутгийн байгууллагын мэргэжилтэн) гэх хуулийн заалтуудад тус тус багтах тул төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан тушаалд аль алинд нь хамаарна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 21.1.1-д “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах”; 21.1.2-т  “урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх” заалтуудыг тус тус зөрчсөн байх тул холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Архангай аймгийн Мал эмнэлгийн газар нь “А” ХХК-тай 2023 оныг хүртэл хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

“А” ХХК-иас Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан тоот бичгийг илт хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийг ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, “А” ХХК-иас Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэл бүртгүүлэх хүсэлт гаргажээ.[1]

Дээрх өргөдлийн дагуу Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” 86 дугаар албан бичгээр “ ... “А” ХХК-ийн захирал Ж.Б нь тус газрын харьяа Эрдэнэбулган сумын Мал эмнэлгийн тасагт “Тархвар зүйч эмч” (ТЗ-5) албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2020 онд албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Дээрх нөхцөл байдал нь Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, 21 дүгээр зүйлийн 21.1 “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 21.1.1 “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах”; 21.1.2 “урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн “А” ХХК-тай Архангай аймгийн Мал эмнэлгийн газар нь 2023 оныг хүртэл хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэх хариу хүргүүлсэн байна.[2]

Улмаар “А” ХХК-иас Архангай аймгийн Мал эмнэлгийн газар нь хүсэлтийг бүртгэхээс татгалзсан хариу өгөхдөө хуулийн нэрийг буруу бичсэн байна, энэ нь уг албан бичиг илт хууль бус болж байна гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 28, 30 дугаар зүйлийн 30.4. дэх хэсэгт “Итгэмжлэлтэй малын эмч дангаараа, эсхүл итгэмжлэлтэй малын эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуулийн этгээд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байгуулж, харьяалах аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлснээр мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй болно.” гэж зааснаар тус аймгийн  Мал эмнэлгийн газар нь хуулийн этгээдээс гаргасан мал эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.

Мал эмнэлгийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь иргэн Ж.Б болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000182493 дугаартай гэрчилгээ, тус компаний албан бичиг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.[3]

“А” ХХК-ийн зүгээс Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт мал эмнэлгийн ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хүсч бүртгүүлэхээр 2020 оны 8 дугаар сарын 17, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр ханджээ. Улмаар  Архангай аймгийн Мал эмнэлгийн газраас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан бичгээр бүртгэхээс татгалзсан хариуг өгчээ.[4]

Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын зүгээс тус компанийн гаргасан хүсэлтийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ: “А” ХХК-ийн захирал Ж.Б нь тус газрын харьяа Эрдэнэбулган сумын мал эмнэлгийн тасагт “Тархвар зүйч эмч” /ТЗ-5/ ангилалын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2020 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Б-гийн тухайд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр, Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Эрдэнэбулган сумын Мал эмнэлгийн тасгийн хяналтын улсын байцаагчаар, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Эрдэнэбулган сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчээр томилогдон ажиллаж байгаад мөн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажлаас чөлөөлөгджээ.[5]

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Б-гийн ажиллаж байсан Эрдэнэбулган сумын Мал эмнэлгийн тасгийн “Тархвар зүйч” гэх албан тушаал нь ТЗ-5, дэс түшмэлийн ангилалд хамаарч байгаа болох нь түүний албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна.[6]

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэг “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Б-гийн ажиллаж байсан  нь Эрдэнэбулган сумын мал эмнэлгийн тасагт “Тархвар зүйч эмч” /ТЗ-5/ ангилалын албан тушаал нь дээрх хуулийн үйлчилэлд хамаарах нийтийн албан тушаал мөн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэг Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8.-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал”, гэж зааснаар, мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 тогтоолын хавсралт Нутгийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн гэх ангилалын дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Б-гийн ажиллаж байсан  нь Эрдэнэбулган сумын мал эмнэлгийн тасагт “Тархвар зүйч эмч” /ТЗ-5/ ангилалын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 21.1.2.-т “урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгүүлэх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А-12 дугаар тушаалд зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Мал эмнэлгийн тасаг нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын харьяанд хамаардаг бүтцийн нэгж мөн байна. [7] Тиймээс Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын харьяа Эрдэнэбулган сумын Мал эмнэлгийн тасаг, тус тасагт “Тархвар зүйч” /ТЗ-5/ ангилалын албан тушаалд ажиллаж /урьд ажиллаж/ байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалтад хамаарч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А” ХХК-ийн Архангай аймгийн мал эмнэлгтийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон уг албан бичгээр хүсэлтийг бүртгэхээс татгалзсан хариу өгөхдөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэрийг буруу бичиж /Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх/ илэрхий алдаа гаргасан гэж үзэж маргаж буй боловч тус албан бичигт хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг бүртгэхээс татгалзсан үндэслэлдээ хуулийн зохих зүйл, хэсэг, заалтыг зөв бичиж, захиргааны байгууллага хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хариуг өгсөн байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий 86 дугаартай албан бичигт хариуцагчийн татгалзлын үндэслэл, түүний хүсэлт зориг хангалттай ойлгомжтой илэрхийлэгдсэн байх бөгөөд хуулийн нэрийг буруу бичсэний улмаас тухайн албан бичгийн утга, агуулга илэрхий алдагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.

Маргаан бүхий 86 дугаартай албан бичиг нь илт хууль бус гэж үзэх шинжгүй байх тул “А” ХХК-ийг ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхийг Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт даалгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасныг тус тус үндэслэн “А” ХХК-иас Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 86 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийг ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] Хавтаст хэргийн 61 дэх тал

[2] Хавтаст хэргийн 6 дахь тал

[3] Хавтаст хэргийн 4

[4] Хавтаст хэргийн 6, 7, 61 дэх тал

[5] Хавтаст хэргийн 46, 105-107 дахь тал

[6] Хавтаст хэргийн 55-60 дахь тал

[7] Хавтаст хэргийн 128-132 дахь тал