Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2009

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01862 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Хд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Х нь тус компанийн худалддаг ИВапор 3000 /EVapor3000i/ уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үнэ 5 950 000 төгрөг ба худалдан авагч урьдчилгаа 1 000 000 төгрөгийг төлж, үүнээс хойш сар бүрийн 25-ны өдөр 500 000 төгрөгөөр тооцоо хийж 11 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүн хүлээн авсан болно. Хариуцагч нь урьдчилгаа болон сар бүрийн төлөлтөөр нийт 4 850 000 төгрөг төлсөн боловч 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай уулзах гэхээр гэртээ байхгүй, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэх хариу өгдөг болсон. Харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй. Гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болж, 941 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-д заасны дагуу алданги шаардана. Үндсэн төлбөр 1 100 000 төгрөг, алданги 550 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Уг шаардлагын 550 000 төгрөгөөс татгалзаж байгаа тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Р.Хгаас 1 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 550 000 төгрөгийн алдангиас татгалзсаныг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан. Тухайн үед хөдөө орон нутагт байсан учир хариу тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах боломжгүй байгаагүй. Шүүхээс надад тайлбар өгөх хугацаа олгосон боловч нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод ирж чадаагүй. Миний бие хуулийн ямар ч мэдлэггүй учир өмгчөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан ч хүсэлтийг хүлээн авалгүй, мэтгэлцэх эрхийг хангахгүй, намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч компани нь “EV” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч уг компанийн бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад уг компанийн нэрийг барин албан ёсны төлөөлөгч гэж тодорхойлон иргэдийн хууран мэхэлж байна. Нэхэмжлэгч нь “EV” компанийн албан ёсны төлөөлөгч байгууллага мөн бол түүнийгээ нотлох ёстой, биш бол төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Р.Хд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангид тооцсон 550 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 1 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч Р.Х 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд эрх ашгаа хамгаалуулж, өмгөөлөгчтэй оролцох тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт /хх20/ ирүүлсэн байна. Анхан шатны шүүх хариуцагчийг “өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой болжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх хариуцагчид нэхэмжлэл 1 хуудас баримт гардуулсан /хх12/ боловч түүнд хавсаргасан 7 хуудас баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна. Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй юм.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА